Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2025/00635

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 04 18 210/МА2025/00635

 

 

*******, ******* нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ч.Цэнд, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 192/ШШ2025/01530 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******, *******

Хариуцагч: *******

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээг цуцалж, автомашиныг буцаан өгч, автомашины үнэ, засварын зардалд нийт 12,815,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 ******* нь 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр fit маркийн автомашиныг *******гаас 12,000,000 төгрөгөөр худалдан авсан. Худалдан авснаас хойш 3 хоногийн дараа автомашин араандаа орохгүй болж зогссон. Засварын газар оношлуулахад ...1 дүгээр араандаа гэмтэлтэй юм байна, тос масло солиод үз гэсэн. Зөвлөсний дагуу тос масло 815,000 төгрөгөөр солиулсан боловч засвар аваагүй тул авто засварын газарт очиход ...мотор үндсээрээ л солигдоно, араандаа ч орохгүй байна, аюултай байна гэж хэлсэн.

1.2 ******* нь анхнаасаа доголдолтой автомашиныг худалдсан. Мөн Smart car сайтаас автомашины гүйлтийг 357,000 км байгааг сүүлд нь мэдсэн. Иймд энэ мэдээллийг үнэн зөв гаргаж өгөөгүй, доголдолтой автомашиныг худалдсан байх тул худалдах, худалдан авах гэрээг цуцалж, автомашиныг буцаан өгч, автомашиныг худалдан авсан үнэ 12,000,000 төгрөг, засварлуулахад гарсан зардал 815,000 төгрөг, нийт 12,815,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 ******* нь 2024 оны 09 дугаар сарын 19-ний өдөр fit маркийн автомашиныг *******д 12,000,000 төгрөгөөр худалдсан. Эхлээд 12,800,000 төгрөг гэсэн боловч 800,000 төгрөгөөр засвар хийлгэнэ гэж байсан тул 800,000 төгрөгийг хасаж өгсөн. Анх худалдаж авахад нь *******тай хамт авто засварын газар очиж автомашиныг үзүүлсэн бөгөөд сальник тос болсон байна гэхээр нь солиулсан. Тэрээр автомашиныг унаж үзээд болно гэж авсан. Гэтэл автомашиныг худалдан авснаас хойш 10 хоногийн дараа залгаж автомашин эвдрэлтэй байна 1,000,000 төгрөг өгчих гэсэн. Иймд автомашиныг буцаан авах боломжгүй, өөрсдөө унаж хэрэглэсэн.

2.2 Автомашины эвдрэлтэй гэдэг боловч энэ талаарх баримтгүй, эвдрэл гэмтлийг 815,000 төгрөгөөр засуулсан гэх боловч юуг, хэзээ засуулсан нь тодорхойгүй. 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 26-ны өдөр техникийн улсын үзлэгт ороод тэнцсэн гэсэн байна.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1 Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар хариуцагч *******гаас автомашины доголдлыг арилгахад гарсан зардалд 815,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******, ******* нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас худалдах, худалдан авах гэрээг цуцлах, автомашины үнэ 12,000,000 төгрөгийг буцаан гаргуулахыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******, ******* нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******, ******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 173,040 төгрөгийг нөхөн төлүүлж, улсын төсвийн орлогод оруулж, хариуцагч *******гаас 24,110 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******, ******* нарт олгож шийдвэрлэсэн.

 

4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 Би автомашиныг 12,800,000 төгрөгөөр худалдахаар нийтэд нээлттэй зарыг фэйсбүүкт байршуулсан бөгөөд нэхэмжлэгч нар автомашиныг ирж үзэн, өөрсдөө унаж шалгаж үзсэн. Ингээд бид хэн нэгнийхээ хамааралгүй засварын төвд очиж ямар нэгэн эвдрэлтэй зүйл байгаа эсэхийг мэргэжлийн засварчнаар шалгуулж үзүүлэхэд тухайн үед хойд талын редуктрын ризен нь муу байна гээд шууд тэр дор нь солиулсан. Өөр ямар нэгэн эвдрэл гэмтэлтэй гэх зүйлийг засварчин хэлээгүй. Ийнхүү би автомашины доголдлыг тухайн үед шууд арилгаж ямар нэгэн байдлаар автомашинд эвдрэл гэмтэлтэй гэх зүйлгүй, доголдолгүй болгосон. Үүнийг нэхэмжлэгч нар сайтар мэдэж байсан учир худалдах худалдан авах гэрээг байгуулж автомашиныг авахаар болсон.

4.2 Харин би анх автомашинаа 12,800,000 төгрөгөөр зарах гэж байсан боловч үнийг багасгаж 12,000,000 төгрөгт өгөөч гэж гуйсны дагуу 800,000 төгрөгөөр үнийг бууруулж 12,000,000 төгрөгөөр худалдсан. Шүүхийн тайлбарлаж байгаа, дүгнэж байгаачлан автомашиныг эвдрэл гэмтэлтэй учир 800,000 төгрөгийг хасаж зараагүй зөвхөн наймаа хийж байгаагийн хувьд дээрээс нь нэхэмжлэгч нар гуйгаад байсан болохоор үнийг хямдруулсан.

4.3 Мөн шүүхээс дүгнэж байгаачлан 815,000 төгрөгийн засвар үйлчилгээ хийсэн талаараа нэхэмжлэгч нар тайлбарласан бөгөөд үүнд нь эвдрэл гэмтэлтэй засвар үйлчилгээ байгаагүй зөвхөн уг автомашинд зайлшгүй хийгдэх үйлчилгээ байсан. Өөрөөр хэлбэл, мотор, хропны тос солиулах нь автомашиныг эвдрэлтэй байна гэж үзэх үндэслэл биш юм. Шүүхээс 815,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтад өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч *******ы тайлбарын агуулга:

5.1 ******* би эхнэрийн хамт *******гаас fit автомашин худалдан авсан бөгөөд 7 хоногийн дараа кроп эвдрэлтэй болох нь тогтоогдсон. Нотолгоо баримтыг анхан шатны шүүхэд хавсаргасан болно.

5.2 Тухайн автомашин нь хилээр орж ирэхдээ 357,000 км явсан гүйлттэй байсан бөгөөд авахад хянах дээр нь 201,000 км байсан. Машин 2021 оноос 2024 он хүртэл *******гийн нэр дээр байсан. Худалдан авагч машины талаарх хамгийн чухал мэдээллийг үнэн зөв мэдээлэх үүрэгтэй боловч үүргээ биелүүлээгүй нуун дарагдуулсан. Иймд автомашины худалдан авах гэрээг цуцалж машиныг буцаан авах бүрэн үндэслэлтэй байсан.

5.3 357,000 км явсан автомашин орж ирээд багадаа 100,000 км явсан байх үндэстэй. Иймд машин худалдан авах үед жинхэнэ гүйлт нь 450,000 км-ээс багагүй байх нь тодорхой. Иймд автомашин эвдрэл гэмтэл хэр байх нь ойлгомжтой. Бид 357,000 км гүйлттэй орж ирсэн мэдээллийг мэдсэн бол автомашиныг 12,000,000 төгрөгөөр авахгүй байсан гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч *******, ******* нар нь хариуцагч *******д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээг цуцалж, автомашиныг буцаан өгч, автомашиныг худалдан авсан үнэ 12,000,000 төгрөг, засварын зардал 815,000 төгрөг, нийт 12,815,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. *******, ******* нар нь *******гаас 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 12,000,000 төгрөгөөр fit маркийн, улсын дугаартай, арлын дугаартай автомашиныг худалдан авахаар амаар тохиролцсон. Нэхэмжлэгч нар нь уг автомашины үнэд 12,000,000 төгрөгийг хариуцагчид төлсөн, автомашин нэхэмжлэгч нарын эзэмшилд шилжсэн үйл баримтад зохигч маргаагүй.

3.1 Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэжээ.

4. 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Оношилгоо, засварын хуудас гэх баримтад /хх 10/ маргааны зүйл болж буй автомашины кроп 1-р араа асуудалтай, кроп солих гэж тусгасан байгаагаас үзвэл хариуцагчийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар биет байдлын доголдолгүй автомашиныг нэхэмжлэгч нарт шилжлүүлэх үүргээ биелүүлсэн гэж үзэхгүй. Учир нь, талууд гэрээг бичгийн хэлбэрээр байгуулаагүй, автомашины чанарын талаар заагаагүй байх тул тухайн автомашиныг зориулалтаар ашиглах боломжтой нөхцөлд биет байдлын доголдолгүй гэж үзнэ. Гэтэл хэрэгт авагдсан дээрх нотлох баримтаар автомашины хурдны хайрцаг эвдрэлтэй болох нь тогтоогдсон байна.

4.1 Нэхэмжлэгч нар гэрээг цуцлахаар шаардсан нь үндэслэлгүй гэж шүүх дүгнэж худалдах, худалдан авах гэрээг цуцалж, автомашиныг буцаан өгч, автомашиныг худалдан авсан мөнгийг буцаан гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч нар давж заалдах гомдол гаргаагүй.

5. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй.

5.1 Анхан шатны шүүх хэргийн 7 дугаар талд авагдсан авто засварын баримтаар доголдлыг арилгуулахад нэхэмжлэгч нараас 815,000 төгрөгийн зардал гарсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ. Учир нь, тухайн баримтад амартизатор 2 ш, илгэвчний, кроп, а/таваг, босоо гэж тэмдэглэсэн байгааг автомашины хурдны хайрцгийг засварлахтай холбоотой гэж үзэхээргүй байна. Өөрөөр хэлбэл, тухайн баримтаар нэхэмжлэгч нараас автомашины хурдны хайрцагны доголдлыг арилгуулахад 815,000 төгрөгийн зардал гаргасан гэх байдлыг эргэлзээгүй нотлохгүй байна.

Тодруулбал, нэхэмжлэгч нар нь автомашины хурдны хайрцагтай холбоотой доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэхээр хариуцагчаас шаардах эрхтэй боловч тийм хэмжээний зардал гарсан болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүрэгтэй. Гэтэл авто засварын 2024 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн баримтад заасан үнийн дүнг автомашины хурдны хайрцгийг засварлахтай холбоотой гарсан зардал гэж үзэх үндэслэл бусад баримтаар тогтоогдохгүй байна. Иймд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарт 815,000 төгрөгийн хохирол учирсан буюу зардал гарсан гэж үзэх үндэслэл нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул уг мөнгөн хөрөнгийг хариуцагчаас шаардах эрхгүй. Энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлтэй.

6. Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 192/ШШ2025/01530 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч *******д холбогдох, худалдах, худалдан авах гэрээг цуцалж, автомашиныг буцаан өгч, автомашины үнэ, засварын зардалд нийт 12,815,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******, ******* нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24,110 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гом дол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

М.БАЯСГАЛАН