Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 444

 

 

 

 

 

 

 

    2019         06          19                                    2019/ШЦТ/444                            

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж, шүүгч С.Базарханд, П.Туяат нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал хөтөлж,

иргэдийн төлөөлөгч Э.Одгэрэл,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Эрдэнэтуяа,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Х-, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг,

шүүгдэгч Э.Г-, түүний өмгөөлөгч Г.Ганцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт Э-ийн Г-д холбогдох эрүүгийн 1910000000116 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн,

 

 

 

 

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч Э.Г- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Арцатын 3 дугаар гудамжны ... тоотод өөрийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч С.С-г хэвлийн тус газар нь хутгалж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, амь насыг нь хохироож, хүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.Г- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2019 оны 02 дугаар сарын 08-ны өглөө талийгаач ажил руугаа яваад би гэртээ үлдсэн. Би найзындаа золголт хийхээр очсон ба талийгаач араас ирсэн. Бид хоёр манай найзынхаас гараад Нисэх рүү аавын эгчийн хүүхдийн гэр рүү золголт хийхээр явсан. Талийгаач бид хоёр гэртээ нилээн согтуу ирсэн. Нэг мэдэхэд л С- бид хоёр маргалдаад талийгаачийг хутгалсан байсан гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Х- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2019 оны 02 дугаар сарын 08-ны оройн 22 цагийн үед ажлаа тараад эгчийнхээ гэрт очсон. Би гэртээ ирээд 10 гаруй минут болж байсан. Орой 22 цаг 08 минутад ээж эгч рүү залгаад “Г- ах чинь намайг хутгалчихлаа, миний охин түргэн дуудаарай” гэж хэлээд утсаа тасалсан. Эгч бид хоёр орой 22 цаг 09 минутад түргэн дуудсан. Намайг Яармагт очиход түргэн тусламж ирсэн ээжийн шарханд боолт хийгээд, дусал залгасан байсан. Гэрийн шал цус болчихсон, газар цустай халад, нэг хутга газар хэвтэж байсан. Харин Г- ах өөрөө байхгүй байсан. Манай ээж ухаангүй байсан. Шарх нь маш гүн гол судсыг нь тасалсан, элгийг нь 2 хуваачихсан байсан. Манай ээж эмнэлэгт хүргэгдэж байхдаа маш их цус алдсан. Түргэн тусламжийн эмч ээжийг Цэргийн госпиталь эмнэлэг рүү явч явсан. Цэргийн госпиталь дээр очиход “яаралтай хагалгаа хийх хэрэгтэй” гээд ээжийг хагалгааны өрөө рүү авч орсон. Ээжийн маань зүрх нь муу байсан болохоор зүрх зогсох аюултай гэсэн. Хагалгаа эхлэхэд ээжийн зүрх нь зогсож 12 цаг 08 минутын үед нас барсан. Тэр үед Г- ах зугтсан байсан ба Цагдаагийн байгууллага оройн 00 цаг 30 минутын үед Г-ыг барьсан гэсэн.Манай дүү хөгжлийн бэрхшээлтэй асрах шаардлагатай тул би ажлаасаа чөлөө авсан. Дүү бид хоёр Улаанбаатар хотод байрлах орон гэргүй тул Багануурт эмээ, өвөө дээрээ байгаа. Маш их гомдолтой байна. Шүүгдэгч болон түүний ар гэр ах дүү нараас нэг ч удаа холбогдож уучлалт гуйгаагүй. Оршуулгын зардал болон цалингийн зээлд нийт 10.000.000 төгрөг нэхэмжилж байгаа. Ээж маань амьд байсан бол тухайн цалингийн зээл сар сардаа төлөгдөх ёстой байсан. Хавтаст хэрэгт авагдсан хохирлын баримтуудад тооцооны алдаа гарсан байгаа тул шүүхээс тогтоосон хохиролд маргах зүйл байхгүй гэв.

 

Эрүүгийн 1910000000116 дугаартай хэргээс:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Х- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...Бид эх С-гаас гурвуулаа юм. Том нь П- 23 настай, би 21 настай, манай дүү Т- 12 настай. Би 2019 оны 02 дугаар сарын 08-ны орой ажлаа тараад төрсөн эгч П-ын гэрт 21 цаг өнгөрч байхад очсон. Орой 22 цаг 09 минутын үед эгч П-ын утас руу ээж С- залгаад “Г- ах чинь намайг хутгалчихлаа, ээж нь цус алдаад байна, түргэн дуудаарай” гэж хэлээд утас нь тасарсан. Эгч түргэн тусламжид дуудлага өгөөд надад ээжийг хутгалуулсан талаар хэлэхээр нь би хувцсаа өмсөөд Арцатын ..... тоот гэрт очиход түргэн тусламжийн эмч ирсэн ээжийн гэдсэнд боолт хийж, дусал залгасан байсан. Ээж ямар ч ухаангүй байсан. Ээжийг түргэн тусламжийн машинаар Госпиталь эмнэлэг рүү авч явж байхад ээж “бие засмаар байна, баамаар байна” гэснээс өөр зүйл хэлээгүй. Ээж хагалгаанд ямар ч ухаангүй орсон. Хагалгаанд орсон эмч ирээд “ээж чинь чинь хагалгааг дийлсэнгүй, зүрх нь зогсчихлоо, нас барсан” гэж хэлсэн. Ээж С- Г-тай 2016 оны 10 дугаар сараас хойш хамтран амьдарч байгаа. Г- нь эгч бид хоёрыг байхаар ээжтэй сайхан харьцаад байхгүй болохоор өөр харьцдаг юм шиг байна лээ. 2018 оны 06 дугаар сард Г- ах орой гэрт согтуу ирээд архи нэхэж агсам тавихаар нь би “та архи уухгүй байж болдоггүй юм уу” гэхэд “би амьдарч чадахгүй” гэж хэлснээ ээжийн гар руу цохиж, ор руу түлхэж унагааж байсан. Мөн шөнө унтаж байхад ээжийг цохиж, чимхэж унтуулдаггүй байсан. Ээж юу ч болоогүй юм шиг бид нараас нуудаг байсан. Ээжийн гар хөл байнга хөхөрсөн байдалтай явж байдаг байсан. 2018 оны 12 дугаар сарын дундуур байх ээжийн нүд хөхөрсөн, хар нүдний шил зүүсэн явж байхаар нь яасан талаар асуухад “ажил дээрээ хальтирч унаад” гэж хэлсэн. 2018 оны 09 дүгээр сард ээж эгчийн хуримын бэлтгэлийг хийхэд ирээгүй мөртлөө хуримын өдөр ирэхэд баруун хацар нь шалбарч тав тогтсон байдалтай байсан. Г- нь ээжээс архи нэхэж, өгөхгүй бол зоддог юм шиг байсан. Ээжийн цалин буухаар архи нэхэж авч уудаг байсан. Архийг өөрөө уухаас гадна ээжийг “уу” гэж шахаж шаарддаг байсан. Хоёр ч удаа миний нүдэн дээр архи нэхэж агсам тавьж байсан. Би Г-д маш их гомдолтой байна. Дүү бид хоёр орон гэргүй болсон. Багануурт өвөө эмээ дээрээ амьдарч байгаа. Оршуулгын зардалд нийт 6.523.779 төгрөг нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 37-41-р хуудас/,

 

Гэрч Ү.М- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би 2019 оны 02 дугаар сарын 08-ны орой гэртээ байж байтал 21 цагийн үед эмнэлгийн түргэн тусламжийн машин гадаа ирээд дуут дохио дуугаргаад байхаар нь гараад уулзахад “танай хаяг дээр дуудлага өгсөн байна” гэхээр нь “манайхаас дуудлага өгсөн хүн байхгүй байх” гэхэд 103-н жолооч “танай хашаанд хэдэн айл байдаг юм бэ” гэхээр нь “манай хашаанд 6-н айл байранд түрээсээр амьдардаг” гэхэд “тэгвэл тэр 6-н айлаасаа дуудлага өгсөн эсэхийг асуучих” гэхээр нь ганц эзэнтэй байсан айлд ороход нэг эгч орон дээрээ амьсгаа нь давчидсан байдалтай байхаар нь “та 103-т дуудлага өгсөн үү” гэж асуухад “дуудлага өгсөн” гэж хэлэхээр нь гараад эмчид хэлсэн. Эмч гэрт нь ороод нөгөө эгчийг /С-/ харчихаад “хэнд хутгалуулсан бэ” гэхэд “манай нөхөр хутгалсан” гэхээр нь “нөхөр чинь хаачсан юм бэ” гэхэд “гараад зугтаачихсан” гэж хэлсэн. Тэгтэл эмч “чи гараад манай жолоочийг дуудчих” гэхээр нь жолоочийг дуудчихаад гэртээ орсон. Тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна. ...Би эмчтэй тухайн гэрт орох үед хутгалуулсан гэх эгч /С-/ гэрийн ертөнцийн зүгээр зүүн талд байсан орон дээр хэвтчихсэн байсан, мөн орны урд шал ус болчихсон, шаланд байсан цусыг халаадаар арчсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 42-44-р хуудас/,

 

Гэрч Ж.П- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...2019 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 12 цаг 29 минутанд ээж С.С- над руу залгаж манай охины биеийн байдлыг асуучихаад “өнөөдөр ирж цай уугаарай” гэхээр нь “очих гээд явж байна. Бараг гэрийнх нь гадаа ирчихлээ” гэж хэлээд утсаа салгасан. Орой 16 цаг 23 минутын үед над руу залгахад нь би дуудлага ирснийг мэдээгүй тул утсаа аваагүй. Орой 22 цаг 09 минутанд над руу өөрийнхөө 80770735 гэсэн дугаараас залгаад “Г- ээжийг нь хутгалчихлаа, ээж нь цус алдаад байна, миний охин хурдан түргэн дуудаарай” гэж хэлсэн. Би 103-т дуудлага өгөхөд “яг аль хэсэгт нь хутгалсан талаар мэдэх хэрэгтэй байна” гэхээр нь ээж рүү буцаж залгаад асуухад “миний хэвлий хэсэгт хутгалсан” гэхээр нь “Г- ах наана чинь байна уу” гэхэд ээж юм дуугараагүй, цаана нь Г- дуугараад байх шиг байсан. Гэхдээ юу гэж хэлж байгаа нь сонсогдохгүй байсан. Тэгээд утас салсан. Би буцаагаад ээж рүү залгатал утас нь холбогдох боломжгүй байхаар нь Г- ах руу залгахад мөн л холбогдохгүй байсан. Би дүү Х-д “ээжийг Г- хутгалчихсан юм шиг байна, чи очоодох” гэж хэлээд явуулсан. Орой 22 цаг 31 минутанд ........ гэсэн дугаараас “дуудлагаар очиж байгаа эмч байна, хаяг чинь яг хаана байдаг юм бэ” гэж асуухаар нь хаягийг хэлж өгсөн. Орой 22 цаг 33 минутанд нөгөө эмч над руу дахин залгаад “чи охин нь юм уу” гэхээр нь “тийм байна” гэхэд “ээж чинь маш их цус алдсан, биеийн байдал нь их муу байна, одоо бид нар эмнэлэг рүү авч явж байна” гэж хэлсэн. Тэгээд би араас нь эмнэлэг дээр ирэхэд ээж өнгөрсөн гэж эмч хэлсэн. Манай ээж “Номин юунайт” ХХК-нд үйлчлэгч хийдэг байсан. Сүүлийн үед Г- гэх хүнтэй хамт амьдрах болсноос хойш архи уудаг болсон. Ээж урьд нь архи амсдаггүй байсан. Г-тай хамт амьдраад 2 жил болж байна. Г- нь манай ээжийг хэд хэдэн удаа зодсон талаар ээж надад 2018 оны 10 дугаар сарын дундуур хэлж байсан. Тухайн үед ээжийн зүүн талын гарын булчин, зүүн нүд хөхөрсөн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 45-47-р хуудас/,

 

Гэрч Д.С- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...Би талийгаач С-гийн ээжийнх төрсөн дүү буюу нагац эгч нь байгаа юм. Би хамаатан садангийн хүрээнд С-г өөрөөсөө ах хүнтэй суусан талаар 2 жилийн өмнө сонсож байсан. ...Би 2019 оны 02 дугаар сарын 08-ны орой хадам дүү Ч-гийнд шинэлээд сууж байхад орой 23 цаг 56 минутанд манай охин Ц- над руу залгаад “С- эгчийг хамт амьдарч байсан хүн нь хутгалчихсан юм шиг байна, та ирэх болж байна уу” гэхээр нь 00 цаг 20 минутын үед охин Ц-, нөхөр Ц- нарын хамт Цэргийн төв эмнэлэг дээр очиход С- нас барчихсан, 2 охин нь уйлаад сууж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 48-р хуудас/,

 

Гэрч Ж.Ц- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...2019 оны 02 дугаар сарын 08-ны орой 21 цагийн үед хүү М- орж ирээд “гэрийн гадаа түргэний машин ирчихсэн хажуу айл руу эмч орж байна” гэхээр нь би хажуу айл руу ортол түргэний эмч С-д дусал залгачихсан байсан. Би С-гаас юу болсон талаар асуухад надад юм хэлээгүй, тэрээр согтуу байсан. Эмчээс “С- ямар бэртэл авсан” талаар асуухад “хэвлий хэсэгт хутгалуулсан байна” гэж хэлж байсан. Эмч С-г гэрээс аваад эмнэлэг рүү явах гэж байхад охин нь ирсэн. Охин нь хэлэхдээ “хамтран амьдрагч намайг хутгалсан гэж ээжийг утсаар ярихаар нь ирлээ” гэж хэлсэн. Тэгээд хашааны гадаа зогсож байхад С-гийн нөхөр гудамжинд согтуу байхаар нь “чи яагаад эхнэрээ хутгалж байгаа юм бэ” гэхэд “би эхнэртэйгээ архи уучихаад маргалдаж байгаад хутгалсан нь үнэн” гэж хэлсэн. Удалгүй цагдаа ирээд Г-ыг аваад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 49-50-р хуудас/,

 

Гэрч Д.Б- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 17 цагаас 18 цагийн хооронд Г- нь халамцуу, түүний хамтран амьдрагч С- нь жаахан архи үнэртүүлсэн байдалтай манайд ирсэн. Г- нь “хүнтэй уулзах гэсэн чинь байхгүй байна, тэгээд танайд ирлээ” гэж хэлсэн. Тэгээд гэрт байсан 0.5 литрийн “Экс” архи нэг шилийг задалж уугаад, бууз жигнэж идээд ярьж хөөрч сууж байгаад орой 19-20 цагийн үед манайхаас гарцгаасан. Нэг шил архийг Г-, С- бид гурав хувааж ууж дуусгасан. С- ганц, хоёр хундага л татсан. Манайхаас гарахдаа Г- согтоод муудсан байсан. Харин С- гайгүй байсан. Дараа нь юу болсныг мэдэхгүй. Тэрнээс хойш огт уулзаагүй, холбогдоогүй. Өнөөдөр Г-ын ээжээс С-г нас барсныг мэдсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 52-р хуудас/,

 

Гэрч Н.П- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...С- надад хоёр удаа “Г- намайг зодсон” гэж ярьж байсан. С-гийн доод эрүү хөхөрсөн байсан. Хэзээ гэдгийг санахгүй байна. С-гийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд нь “сургуульд явахгүй” гээд уйлахад Г- загнаад түүнээс болж маргаан үүссэн гэсэн. 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдөр С- над руу залгаад “намайг хутгалчихлаа” гэж хэлэхээр нь “хажуу талын айлдаа хэл, түргэн дууд, бид танай хаягийг яаж мэдэх вэ” гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 53-54-р хуудас/,

 

Гэрч Н.Б- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Г-, С- хоёртой уулзаагүй, тааралдаагүй. Битүүний өдөр Г-, С-гийн гэрт эхнэр бид хоёр очиж бууз хийж өгчихөөд орой нь явсан. 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 16 цаг өнгөрч байхад Г- над руу залгаад “чи ирж золгохгүй юм уу” гэхээр нь “өнөөдөр ажилтай, маргааш буучихаад очиж золгоё” гэж хэлснээс өөр зүйл яриагүй. Орой 20 цагийн үед С- над руу залгаад “юу байна, чи юу хийж байна, хаана байна” гэхээр нь “өнөөдөр ажилтай байна” гэж хэлсэн. Дараа нь С- дахин залгаад “Г- /Г-/ намайг хутгалчихлаа” гэхээр нь “юу гэнээ” гэхэд С-гийн утас тасарсан. Би буцааж залгаагүй, тэр ч над руу залгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 55-56-р хуудас/,

 

Гэрч Э.Н- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Г-, С- нартай уулзаагүй. Харин шинийн нэгний өдөр Г-, С- нар ээжийн гэрт ирж золгох үед тааралдсан. Түүнээс хойш уулзаагүй. 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдөр манай нөхөр манаачаар ээлжинд гарч хоноод маргааш өглөө нь ирэхдээ “өчигдөр шөнө С- над руу залгаад чи хүрээд ирээч, Г- намайг хутгалчихлаа” гэхээр нь “би ажилтай байна” гээд очоогүй. Тэд согтуу байхаар нь худлаа байх гэж бодсон...гэх мэдүүлэг /хх-ийн 57-58-р хуудас/,

Гэрч М.Б- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Нийслэлийн түргэн тусламжийн төвд ээлжийн эмчээр гарч байсан. Орой 22 цагийн үед байх “Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 3-... тоотод хүн хутгалуулсан байна” гэсэн дуудлага ирэхээр нь хаягийг тодруулахад “Арцатын ..... тоот” гэж хэлсэн. Дуудлагын дагуу хашааны гадаа ирээд дуут дохио өгөхөд 20 орчим насны эрэгтэй хүн гарч ирээд “хэн дуудлага өгсөн юм бол асууя” гээд орсон. Удалгүй гарч ирээд “хажуу талын айл дуудсан байна” гэхээр нь тэр айл руу ороход зүүн талын орон дээр дээшээ харсан, хэвлийгээ дарсан, гарын хажуугаар цус асгарсан, шалан дээгүүр цус болсон, цус болсон хэсгийг халаадаар арчсан байдалтай хар бараан өнгийн даашинз маягийн цамц, өмдтэй эмэгтэй хүн /С-/ хэвтэж байсан. Тэр эмэгтэйн /С-/ ухаан санаа бүдэг байсан. Би “хэн хутгалсан бэ” гэхэд “нөхөр хутгалчихаад гараад явсан” гэж хэлсэн. Шалан дээр цус болсон 30-40 орчим см урттай, 4-5 см өргөнтэй хутга байсан. Хутганы өнгийг хараагүй. Эмэгтэйн биед үзлэг хийхэд хэвлийн зүүн дээд хэсэгт 10 см орчмын урт, хөндлөн шархтай, сэмж дотор гэдэс ил гарсан байдалтай байсан. Өвчний шарханд боолт хийж, эмчилгээ хийж, машинаар тээвэрлэж Цэргийн төв эмнэлэгт хүргэж өгсөн. Би 103 руу дуудлага өгсөн дугаар руу залгахад охин нь дуудлага өгсөн байсан. Дуудлага өгсөн охинд  утсаар “ээжийг нь Цэргийн төв эмнэлэг рүү аваад явж байна” гэдгийг мэдэгдсэн. Биднийг эмнэлгээс гарах гэж байхад охин нь орж ирсэн. Өвчтөн эмэгтэйг /С-/ Цэргийн төв эмнэлэгт хүргэх үед амьд байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 63-64-р хуудас/,

 

Гэрч Д.Д- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Хайлаастад байдаг найз Ч-ын гэрт 11-12 цагийн үед ах Даваасамбуугийн хамт очсон. Бид нарыг очоод удаагүй байхад Г- ирсэн. Сүүлд нь С- ирсэн. Бид нар “Хараа” архи 2 шилийг уусан. Г-, С- нар архи уусан боловч тийм их согтоогүй. Ч-ын гэрээс 14 цагийн үед гарсан. Г- С- бид гурав Шар хад руу найз Б-ын ээжтэй золгохоор очоод тэднийд 0.5 билүү 0.75 билүү тал шил архи уусан. Бид Б-ын гэрээс гарахад Г- С- хоёр “С-гийн хамаатны гэрт очно” гээд явсан. ...Ч- над руу залгаад “Г- С-г алсан байна” гэж хэлсэн. 2018 оны 09 дүгээр сарын 10-ны шөнө Арцатын ..... тоотод Г- С- нарын гэрт болсон. Миний баруун гарын булчинд нэг удаа, зүүн гарын булчинд нэг удаа, зүүн гарын мөрөнд нэг удаа, нийт гурван удаа хутгалсан. Намайг яагаад хутгалсныг мэдэхгүй, би согтуу байсан. Дараа нь С-гаас асуухад “Г- бид хоёрыг маргалдах үед чи дундуур ороход Г- “дундуур орлоо” гэж хутгалсан” гэж хэлсэн. Цагдаа дээр ирэхэд С-гийн хацар дээр халцарсан байхаар нь юу болсон талаар асуухад “ширээ мөргөсөн” гэж хэлсэн. Би тухайн үед “Г-д гомдолгүй” гээд шүүх эмнэлэгт үзүүлэхээс татгалзсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 65-66-р хуудас, 2-р хавтас 55-р хуудас/,

 

Гэрч Т.Б- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...Би Г-, С- хоёрыг таарамж муутай гэж сонссон. Шинийн нэгний өдөр Г-ын гэрт золгохоор очиход С-гийн духны баруун дээд хэсэгт хөхөрсөн байсан. Юу болсон талаар асуухад “ажил дээрээ юм мөргөсөн” гэж хэлсэн. Үүний дараа манай эхнэр надад “талийгаачийг Г- нь архи уугаад зоддог байсан” талаар ярьсан. Би өөрөө харж байгаагүй. Өнгөрсөн 2018 онд дулаан цаг агаартай cap байсан. Талийгаач С- манайд ирэхдээ нүдний шил зүүгээд ирсэн. Мэдээж нөхөр Г-д зодуулсан гэдэг нь тодорхой...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 69-70-р хуудас/,

 

Гэрч С.С- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:...Би С.С-гийн нагац ах нь юм. Би хааяа хотод ирэхдээ С-тай уулздаг байсан. Тэр үед С- надад “Г- надад гар хүрдэг болсон” гэж хэлэхээр нь “та хоёр хамтдаа архи уугаад байгаа юм уу” гэхэд “хааяа архи авч ирээд хамт ууя гээд уулгадаг” гэж ярьж байсан. 2019 оны 02 дугаар сард цагаан сараар С- манайд ирэхдээ түүний нэг талын нүд билүү, санчигны тэнд билүү өнгөц хөхөрсөн шиг зүйл харагдсан...гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 51-52-р хуудас/,

 

Гэрч Д.Б- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...С- манайд хааяа ирэхдээ нүд, гарын энд тэнд хөхөрсөн байдалтай ирдэг байсан. С- надад “Г- хааяа намайг зодоод байдаг” гэж ярьдаг байсан. С- нь “намайг сална гэхээр намайг ална шулна, хоёр охиныг чинь янз бүр болгоно шүү гэж хэлдэг. Би айгаад хэлж чаддаггүй юм” гээд айсан байдалтай хэлж байсан. С- нь Г-тай сууснаас хойш архи уудаг болсон. Г- нь шахаж архинд оруулсан болов уу гэж боддог. ...2017 оны намраас хойш С- манайд ирэхдээ хөхрөлттэй байсан. С-гийн биед хөхрөлт байсныг гурван удаа харсан. Эхнийх нь 2017 оны зуны улиралд С-гийн гэрт очиход нүүр нь хөхөрсөн, хоёр гарын шуу нь хөхөрсөн байсныг харсан. С- надад Г- зодсон гэж хэлээгүй. 2 дахь удаад 2017 оны намар С-гийн нэг талын нүд нь хөхөрсөн байсан. Аль талын нүд хөхөрсөнийг санахгүй байна. С-гаас “нүд, ам чинь яасан юм бэ” гэхэд “Г- намайг цохисон” гэхээр нь яагаад зодсоныг асуухад “бид хоёр муудалцаад зодсон, намайг ажил хийлгүүлдэггүй” гэж хэлж байсан. Миний бодлоор хуучин нөхрөөс нь болоод хардаад зодсон байх. 3 дахь удаад 2017 оны 12 дугаар сард С-гийн нүд, дух нь бас л хөхөрсөн байсан. С- мөн л “Г-д зодуулсан” гэж хэлж байсан. Яагаад зодсоныг, юу болсныг хэлээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 53-54-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээний №488 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Талийгаачид хэвлийн зүүн дээд хэсгээр нэвтэрч үүдэн вен, элэгийг нэвт гэмтээн баруун 9-10-р хавирга хоорондын булчин гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх тогтоогдлоо. Энэ шархыг 21.5см-с доошгүй урттай 3.0см-с дээш өргөнтэй зүйлийн нэг удаагийн үйлдлээр үүсгэсэн байна.

2. Дээрх гэмтлийг босоо, суугаа, хэвтээ байрлалд үүсгэж болно.

3. Нас барах үедээ хүчтэй согтолттой байжээ.

4. Шинжилгээгээр үхэлд хүргэх өвчин үгүй байна.

5. Цус нь 3-р бүлэг байна.

6. Талийгаач нь хэвлийн хөндийн нэвтэрч үүдэн вен, элэгийг гэмтээсэн шархны улмаас цус алдаж нас баржээ.

7. 2019 оны 02 дугаар сарын 09-ний 00 цаг 05 минутанд нас барсан байна. /хх-ийн 1-р хавтас 74-77-р хуудас/,

Шинжээч эмч Ц.Ганболд мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...Талийгаач С.С-гийн цогцост үзлэг хийх үед духны баруун хэсэгт 5смх4см, хоёр хөлний өвдөг шилбэнд 2.5смх1.5см, зүүн гуяны гадна дунд хэсэгт 10смх10см хэмжээтэй хуучин бүдгэрч арилж буй цус хуралт гэмтэл байсан. Эдгээр гэмтэл нь шинэ биш, хуучин гэмтэл байсан. Үхэлд хүргэсэн хэвлий рүү нэвтэрсэн гэмтэл нь шинэ гэмтэл байсан. Дээрх хуучин гэмтлүүд нь нас барахаас 7-10 хоногийн өмнө үүссэн байж болно. Чухам хэдний өдөр үүссэнийг тогтоох боломжгүй. Эдгээр цус хуралт гэмтлүүд нь нэг болон ойролцоо цаг хугацаанд үүссэн байж болно. Гэмтлийн шинж байдлаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Талийгаачийн үүдэн вен судас гэмтсэн учир амь насыг аврах боломжгүй. Зохих эмчилгээ хийгдсэн байна. ...Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүний биеэ хамгаалах чадвартай байдал нь хүний биеийн онцлог, архи даах чадвараас шууд хамаардаг. Хүчтэй зэргийн согтолттой хүн нь нарийн ур чадвар шаардсан үйлдлийг хийх боломжгүй байсан ч аюулаас зугтаах, халдлагын эсрэг үйлдэл хийх эсэргүүцэх зэрэг үйлдэл хийх боломжтой байдаг. Иймээс биеэ хамгаалах чадвартай эсэх нь тухайн хувь хүний биеийн онцлогоос хамаардаг. Амь хохирогч С.С-гийн согтолтын байдал нь хүнд зэргээс бага буюу хүчтэй зэргийн согтолттой байсан. Иймд нас барах үедээ биеэ хамгаалах чадвартай байсан байна...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 141-142-р хуудас, 2-р хавтас 47-48-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Биологийн №1153 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

Шинжилгээнд ирүүлсэн сэжигтэн Э.Г-ын гэх хувцаснууд дээр цус илрээгүй. /хх-ийн 1-р хавтас 82-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн №922 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн 1, 2а, 2б, 2в, 3а, 3б, 3в дугаартай 7 ширхэг гарын мөр, харьцуулах загварт ирүүлсэн Э.Г-, талийгаач С.С- нарын гарын дардас адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн 4 дугаартай гарын мөр адилтгалын шинжилгээнд тэнцэхгүй.

2. Шинжилгээнд тэнцэж буй 3б дугаартай гарын мөр харьцуулах загварт ирүүлсэн Э.Г-ын баруун гарын дунд хуруугаар үүсгэгдсэн байна.

3. Шинжилгээнд тэнцэж буй За дугаартай гарын мөр санд MN0000БГД01805 дугаараар бүртгэгдсэн Түмэндэмбэрэлийн Б-ийн зүүн гарын эрхийн хуруугаар үүсгэгдсэн байна.

4. Шинжилгээнд тэнцэж буй 1, 2а, 2б, 2в, 3в дугаартай гарын мөрүүд харьцуулах загварт ирүүлсэн Э.Г-, талийгаач С.С- нарын гарын дардас болон санд бүртгэлтэй гарын мөр, дардсуудтай тохирохгүй. /хх-ийн 1-р хавтас 89-93-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн №921 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

Шинжилгээнд ирүүлсэн хутганаас гарын мөр илрээгүй болно. /хх-ийн 1-р хавтас 99-101-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн №919 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн ногоон даашинзын энгэрт 57мм, 57мм хэмжээтэй зүсэгдэлт ир, мөртэй зүйлийн үйлчлэлээр гарсан шинэ зүсэгдэлт байна. Ягаан үстэй богино цамцны зүүн энгэрт зүсэгдэлт хурц иртэй зүйлийн үйлчлэлээр шинээр гарсан байна. Ногоон даашинзны баруун ханцуй, захны баруун дээд ирмэгээс хормойн доод ирмэг хүртэл, захны зүүн ирмэгээс зүүн ханцуйн ирмэг хүртэл, бор өнгийн хөхний даруулга зүүн мөр, хоёр хөхний аяганы холбоос, баруун аяганы хажуу хэсгээр таслагдсан байна. Уг тасралууд шинээр гарсан байна. Шинжилгээнд ирүүлсэн бусад хувцас гэмтэлгүй байна.

2. Хэмжээ байрлалыг үзлэг ба шинжилгээний хэсгээс үзнэ үү.

3. Дээрх нэр бүхий хувцаснуудад гарсан зүсэгдэлт, тасралт, товчны тасралт шинээр гарсан байна. Цаг хугацааг тогтоох боломжгүй.

4. Гэмтэл тус бүр ямар хүчин зүйлийн үйлчлэлээр гарсан болохыг шинжилгээний хэсгээс үзнэ үү. Яаж үүссэн байж болохыг мөрдөн байцаалтын туршилтаар тогтооно уу.

5. Ногоон даашинзны энгэрт гарсан 57мм, 57мм хэмжээтэй зүсэгдэлт ир, мөртэй байх тул шинжилгээнд ирүүлсэн хутгаар гарсан  байж болно. /хх-ийн 1-р хавтас 105-108-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Биологийн №1155 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн С.С-гийн гэх хувцаснууд дээр цус илэрсэн.

2. С.С-гийн гэх хувцаснууд дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцооороо эмэгтэй хүний цус байна. Уг цус нь ДНХ-ийн тогтцоороо С.С-гийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. /хх-ийн 113-114-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Биологийн №1152 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн хутган дээр цус илэрсэн.

2. Хутганаас илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо эмэгтэй хүний цус байна. Уг цус нь ДНХ-ийн тогтцоороо С.С-гийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. /хх-ийн 1-р хавтас 118-119-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Биологийн №1154 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн орны бүтээлэг, даавууны хэсэг дээр цус илэрсэн.

2. Орны бүтээлэг, даавууны хэсэг дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо эмэгтэй хүний цус байна. Уг цус нь ДНХ-ийн тогтцоороо С.С-гийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. /хх-ийн 1-р хавтас 124-125-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Газрын ДНХ-ийн №1291 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1.  Шинжилгээнд ирүүлсэн марльд шингээсэн улаан хүрэн өнгийн толбонд цус илэрсэн.

2. Марльд шингээсэн цусны улаан хүрэн өнгийн толбонд илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо эмэгтэй хүний цус байна.

3. Уг цус нь ДНХ-ийн тогтцоороо С.С-гийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. /хх-ийн 1-р хавтас 129-131-р хуудас/,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын №438 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1. Э.Г- нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

2. Э.Г- нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Э.Г- нь хэрэг учрал болох үед болон хэрэг учрал болохоос өмнө сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. Э.Г- нь хэрэг учрал болсны дараа сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчлөөгүй байна.

3. Э.Г- нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

4. Э.Г- нь юмыг зөвөөр тусган ойлгох, зөвөөр мэдүүлэх чадвартай байна.

5. Э.Г- нь өөрийн үйлдлийн нийгмийн хор аюулыг ухамсарлан ойлгох, өөрийн үйлдлийг удирдан жолоодох хянах чадвартай байсан байна.

6. Э.Г- нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

7. Э.Г-д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. /хх-ийн 1-р хавтас 137-138-р хуудас/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн, мөн нөхөн үзлэг хийсэн тэмдэглэлд: Хэрэг учрал болсон гэх газар нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 3 дугаар гудамжны ... тоотод ирэхэд машин орох зориулалттай хөх өнгийн гүйдэг голдоо жижиг төмөр хаалгатай, хаалганы дээд талд ... гэсэн тоо байлаа. Хашааны хойд xэсэгт байх саарал байшин, байшингийн ертөнцийн зүгээр баруун талд байрлах хаалгаар орж үзлэгийг хийхэд зүүн талын хананд ор байх бөгөөд уг орны бүтээлэг хөнжил нь цус мэт зүйлээр бохирлогдсон байв. Орны урд цус мэт зүйлээр бохирлогдсон цэнхэр өнгийн халаад байсныг нэг гэж дугаарлан шинжээч гэрэл зургийн  аргаар бэхжүүлэн авав. Мөн хажууд нь хутга байсан гэх газрыг 2 гэж дугаарлан гэрэл зургийн аргаар бэхжүүлж хурааж авав.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 1-р хавтас 9-18-р хуудас/,

Эд зүйлд тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 1-р хавтас 19-21-р хуудас/,

Амь хохирогч С.С-гийн цогцост үзлэг хийсэн тэмдэглэлд: 162см урттай, толгойдоо 60см хар үстэй, биеийн галбир зөв, эрхтэн бүрэн, 42 настай гэх эмэгтэй хүний цогцос байлаа. Цогцос хөрөөгүй, хөшилт эрүү дагзны булчинд тод үүссэн. Мөчдийн булчинд үүсээгүй. Хүүрийн толбо хүрэн ягаан өнгөөр бүдэг үүссэн. Хүүхэн хараа жигд өргөссөн. Хамрын яс бүрэн. Хоёр талын дээд хоёрдугаар шүд хиймэл. Зүүн талын 3-4-р шүд ёзоортой, бусад үзэгдэх шүд бүтэн. Духны баруун хэсэгт 5х4см орчим, хоёр хөлийн өвдөг шилбээр 2.5х1.5см хүртэл хэмжээний, зүүн гуяны гадна дунд хэсэгт 10х10см хуучин бүдгэрч арилж буй цус хуралттай. Зүүн хавирганы нумнаас хэвлийн голын шугам хүрч доош хүйс өнгөрсөн мэс заслын шархтай” гэсэн /хх-ийн 1-р хавтас 22-24-р хуудас/,

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 1-р хавтас 25-27-р хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-ийн 1-р хавтас 32-р хуудас/,

Хүүхдийн эрсдлийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-ийн 1-р хавтас 171-173-р хуудас/,

Хохирлын баримтууд /хх-ийн 1-р хавтас 202-236-р хуудас, 2-р хавтас 32-34-р хуудас/,

Амь хохирогчийн хувийн байдалтай холбоотой баримтууд гэрч С.Н-ийн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 71-72-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 1-р хавтас 159-р хуудас/, “Номин тав трейд” ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 1-р хавтас 168-р хуудас/, Хэнтий аймгийн Цэнхэр мандал Ерөнхий боловсролын сургуулийн тодорхойлолт /хх-ийн 1-р хавтас 169-р хуудас/, хүүхэд Ц.Т-гийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 1-р хавтас 175-190-р хуудас/,

Шүүгдэгч Э.Г- мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: ...2019 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Арцатын ..... тоотод С-гийн хэвлий, гэдэс рүү нэг удаа хутгалсан нь үнэн. Ямар шалтгааны улмаас хутгалсанаа санахгүй байна. 2019 оны цагаан сараас өмнө, 1 дүгээр сарын сүүлээр С-тай маргалдаад би хальт С-гийн зүүн билүү тэр хөлний булчин руу өшиглөсөн. Би С-гийн дух руу мөргөсөн гэсэн. Би бас л согтуу байсан. Гуя руу нь өшиглөсөн явдал болон дух руу нь мөргөсөн явдал хоёр нэг цаг хугацаанд болсон...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 153-157-р хуудас, 2-р хавтас 86-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд гэрч Б.Н-ийн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 51-р хуудас/, гэрч Э.О-ын мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 59-р хуудас/, гэрч Б.Ч-ын мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 61-р хуудас/, гэрч Б.Б-ын мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 67-68-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 1-р хавтас 158-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотлогдвол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Э.Г-ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Гэм буруугийн талаар.

 

Шүүгдэгч Э.Г- нь 2019 оны 02 дугаар сарын 08-ны орой 22 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 3 дугаар гудамжны ... тоот гэртээ хамтран амьдрагч С.С-гийн хэвлийн тус газар хутгалж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан болох нь:

           - Хэргийн газарт /Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 3 дугаар гудамжны ... тоот/  үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 9-13 хуудас/,

 - Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 3 дугаар гудамжны ... тоот/ /хэргийн 1-р хавтас 15-18-р хуудас/,

           - Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, хураан авсан эд зүйлийг эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах мөрдөгчийн тогтоол, хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон прокурорын 08, 09 дугаартай тогтоолууд /хэргийн 1-р хавтас 19, 28-30-р хуудас/,

 Амь хохирогч С.С-гийн цогцост үзлэг хийсэн тэмдэглэлд: ...Духны баруун хэсэгт 5х4см орчим, хоёр хөлийн өвдөг шилбээр 2.5х1.5см хүртэл хэмжээний, зүүн гуяны гадна дунд хэсэгт 10х10см хуучин бүдгэрч арилж буй цус хуралттай. Зүүн хавирганы нумнаас хэвлийн голын шугам хүрч доош хүйс өнгөрсөн мэс заслын шархтай” гэжээ. /хх-ийн 1-р хавтас 22-24-р хуудас/,

 

 Хохирогч Ж.Х-ын ...Би 2019 оны 02 дугаар сарын 08-ны оройн 22 цагийн үед ажлаа тараад эгчийнхээ гэрт очсон. Би гэртээ ирээд 10 гаруй минут болж байсан. Орой 22 цаг 08 минутад ээж эгч рүү залгаад “Г- ах чинь намайг хутгалчихлаа, миний охин түргэн дуудаарай” гэж хэлээд утсаа тасалсан. Эгч бид хоёр орой 22 цаг 09 минутад түргэн дуудсан. Намайг Яармагт очиход түргэн тусламж ирсэн ээжийн шарханд боолт хийгээд, дусал залгасан байсан. Гэрийн шал цус болчихсон, газар цустай халад, нэг хутга газар хэвтэж байсан. Харин Г- ах өөрөө байхгүй байсан. Манай ээж ухаангүй байсан. Шарх нь маш гүн гол судсыг нь тасалсан, элгийг нь 2 хуваачихсан байсан. Манай ээж эмнэлэгт хүргэгдэж байхдаа маш их цус алдсан. Түргэн тусламжийн эмч ээжийг Цэргийн госпиталь эмнэлэг рүү явч явсан. Цэргийн госпиталь дээр очиход “яаралтай хагалгаа хийх хэрэгтэй” гээд ээжийг хагалгааны өрөө рүү авч орсон. Ээжийн маань зүрх нь муу байсан болохоор зүрх зогсох аюултай гэсэн. Хагалгаа эхлэхэд ээжийн зүрх нь зогсож 12 цаг 08 минутын үед нас барсан. Тэр үед Г- ах зугтсан байсан ба Цагдаагийн байгууллага оройн 00 цаг 30 минутын үед Г-ыг барьсан гэсэн.Манай дүү хөгжлийн бэрхшээлтэй асрах шаардлагатай тул би ажлаасаа чөлөө авсан. Дүү бид хоёр Улаанбаатар хотод байрлах орон гэргүй тул Багануурт эмээ, өвөө дээрээ байгаа. Маш их гомдолтой байна. Шүүгдэгч болон түүний ар гэр ах дүү нараас нэг ч удаа холбогдож уучлалт гуйгаагүй. Оршуулгын зардал болон цалингийн зээлд нийт 10.000.000 төгрөг нэхэмжилж байгаа. Ээж маань амьд байсан бол тухайн цалингийн зээл сар сардаа төлөгдөх ёстой байсан. Хавтаст хэрэгт авагдсан хохирлын баримтуудад тооцооны алдаа гарсан байгаа тул шүүхээс тогтоосон хохиролд маргах зүйл байхгүй гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээний №488 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Талийгаачид хэвлийн зүүн дээд хэсгээр нэвтэрч үүдэн вен, элэгийг нэвт гэмтээн баруун 9-10-р хавирга хоорондын булчин гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх тогтоогдлоо. Энэ шархыг 21.5см-с доошгүй урттай 3.0см-с дээш өргөнтэй зүйлийн нэг удаагийн үйлдлээр үүсгэсэн байна.

2. Дээрх гэмтлийг босоо, суугаа, хэвтээ байрлалд үүсгэж болно.

3. Нас барах үедээ хүчтэй согтолттой байжээ.

4. Шинжилгээгээр үхэлд хүргэх өвчин үгүй байна.

5. Цус нь 3-р бүлэг байна.

6. Талийгаач нь хэвлийн хөндийн нэвтэрч үүдэн вен, элэгийг гэмтээсэн шархны улмаас цус алдаж нас баржээ.

7. 2019 оны 02 дугаар сарын 09-ний 00 цаг 05 минутанд нас барсан байна. /хх-ийн 1-р хавтас 74-77-р хуудас/,

Шинжээч эмч Ц.Ганболдын ...Талийгаач С.С-гийн цогцост үзлэг хийх үед духны баруун хэсэгт 5смх4см, хоёр хөлний өвдөг шилбэнд 2.5смх1.5см, зүүн гуяны гадна дунд хэсэгт 10смх10см хэмжээтэй хуучин бүдгэрч арилж буй цус хуралт гэмтэл байсан. Эдгээр гэмтэл нь шинэ биш, хуучин гэмтэл байсан. Үхэлд хүргэсэн хэвлий рүү нэвтэрсэн гэмтэл нь шинэ гэмтэл байсан. Дээрх хуучин гэмтлүүд нь нас барахаас 7-10 хоногийн өмнө үүссэн байж болно. Чухам хэдний өдөр үүссэнийг тогтоох боломжгүй. Эдгээр цус хуралт гэмтлүүд нь нэг болон ойролцоо цаг хугацаанд үүссэн байж болно. Гэмтлийн шинж байдлаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Талийгаачийн үүдэн вен судас гэмтсэн учир амь насыг аврах боломжгүй. Зохих эмчилгээ хийгдсэн байна. ...Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүний биеэ хамгаалах чадвартай байдал нь хүний биеийн онцлог, архи даах чадвараас шууд хамаардаг. Хүчтэй зэргийн согтолттой хүн нь нарийн ур чадвар шаардсан үйлдлийг хийх боломжгүй байсан ч аюулаас зугтаах, халдлагын эсрэг үйлдэл хийх эсэргүүцэх зэрэг үйлдэл хийх боломжтой байдаг. Иймээс биеэ хамгаалах чадвартай эсэх нь тухайн хувь хүний биеийн онцлогоос хамаардаг юм. Амь хохирогч С.С-гийн согтолтын байдал нь хүнд зэргээс бага буюу хүчтэй зэргийн согтолттой байсан. Иймд нас барах үедээ биеэ хамгаалах чадвартай байсан байна...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 141-142-р хуудас, 2-р хавтас 47-48-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн №919 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн ногоон даашинзын энгэрт 57мм, 57мм хэмжээтэй зүсэгдэлт ир, мөртэй зүйлийн үйлчлэлээр гарсан шинэ зүсэгдэлт байна. Ягаан үстэй богино цамцны зүүн энгэрт зүсэгдэлт хурц иртэй зүйлийн үйлчлэлээр шинээр гарсан байна. Ногоон даашинзны баруун ханцуй, захны баруун дээд ирмэгээс хормойн доод ирмэг хүртэл, захны зүүн ирмэгээс зүүн ханцуйн ирмэг хүртэл, бор өнгийн хөхний даруулга зүүн мөр, хоёр хөхний аяганы холбоос, баруун аяганы хажуу хэсгээр таслагдсан байна. Уг тасралууд шинээр гарсан байна. Шинжилгээнд ирүүлсэн бусад хувцас гэмтэлгүй байна.

2. Дээрх нэр бүхий хувцаснуудад гарсан зүсэгдэлт, тасралт, товчны тасралт шинээр гарсан байна. Цаг хугацааг тогтоох боломжгүй.

3. Ногоон даашинзны энгэрт гарсан 57мм, 57мм хэмжээтэй зүсэгдэлт ир, мөртэй байх тул шинжилгээнд ирүүлсэн хутгаар гарсан байж болно. /хх-ийн 1-р хавтас 105-108-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Биологийн №1155 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн С.С-гийн гэх хувцаснууд дээр цус илэрсэн.

2. С.С-гийн гэх хувцаснууд дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцооороо эмэгтэй хүний цус байна. Уг цус нь ДНХ-ийн тогтцоороо С.С-гийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. /хх-ийн 113-114-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Биологийн №1152 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн хутган дээр цус илэрсэн.

2. Хутганаас илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо эмэгтэй хүний цус байна. Уг цус нь ДНХ-ийн тогтцоороо С.С-гийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. /хх-ийн 1-р хавтас 118-119-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Биологийн №1154 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн орны бүтээлэг, даавууны хэсэг дээр цус илэрсэн.

2. Орны бүтээлэг, даавууны хэсэг дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо эмэгтэй хүний цус байна. Уг цус нь ДНХ-ийн тогтцоороо С.С-гийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. /хх-ийн 1-р хавтас 124-125-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Газрын ДНХ-ийн №1291 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1.  Шинжилгээнд ирүүлсэн марльд шингээсэн улаан хүрэн өнгийн толбонд цус илэрсэн.

2. Марльд шингээсэн цусны улаан хүрэн өнгийн толбонд илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо эмэгтэй хүний цус байна.

3. Уг цус нь ДНХ-ийн тогтцоороо С.С-гийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. /хх-ийн 1-р хавтас 129-131-р хуудас/,

 

Гэрч Ж.П-ын ...Ээж орой 22 цаг 09 минутанд над руу өөрийнхөө 80770735 гэсэн дугаараас залгаад “Г- ээжийг нь хутгалчихлаа, цус алдаад байна, миний охин хурдан түргэн дуудаарай” гэж хэлсэн. Би 103-т дуудлага өгөхөд “яг аль хэсэгт нь хутгалсан талаар мэдэх хэрэгтэй байна” гэхээр нь ээж рүү буцаж залгаад асуухад “миний хэвлий хэсэгт хутгалсан” гэж хэлсэн. Би дүү Х-д “ээжийг Г- хутгалчихсан юм шиг байна, чи очоодох” гэж хэлээд явуулсан. Орой 22 цаг 33 минутанд түргэн тусламжийн эмч над руу дахин залгаад “чи охин нь юм уу” гэхээр нь “тийм байна” гэхэд “ээж чинь маш их цус алдсан, биеийн байдал нь их муу байна, одоо бид нар эмнэлэг рүү авч явж байна” гэж хэлсэн. Тэгээд би араас нь эмнэлэг дээр ирэхэд ээж өнгөрсөн гэж эмч хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 45-47-р хуудас/,

 

Гэрч Ү.М-ын ...Түргэн тусламжийн эмч гэрт нь ороод нөгөө эгчийг /С-/ харчихаад “хэнд хутгалуулсан бэ” гэхэд “манай нөхөр хутгалсан” гэхээр нь “нөхөр чинь хаачсан юм бэ” гэхэд “гараад зугтаачихсан” гэж хэлсэн. Хутгалуулсан эгч /С-/ ертөнцийн зүгээр гэрийн зүүн талд байсан орон дээр хэвтчихсэн шал нь цус болчихсон, шаланд байсан цусыг халаадаар арчсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 42-44-р хуудас/,

 

Гэрч Д.С-ын ...Манай охин Ц- над руу залгаад “С- эгчийг хамт амьдарч байсан хүн нь хутгалчихсан юм шиг байна, та ирэх болж байна уу” гэхээр нь 00 цаг 20 минутын үед охин Ц-, нөхөр Ц- нарын хамт Цэргийн төв эмнэлэг дээр очиход С- нас барчихсан, 2 охин нь уйлаад сууж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 48-р хуудас/,

 

Гэрч Ж.Ц-ийн ...Би эмчээс “С- ямар бэртэл авсан” талаар асуухад “хэвлий хэсэгт хутгалуулсан байна” гэж хэлж байсан. ...Охин нь “хамтран амьдрагч намайг хутгалсан гэж ээжийг утсаар ярихаар нь ирлээ” гэж хэлсэн. С-гийн нөхөр гудамжинд согтуу байхаар нь “чи яагаад эхнэрээ хутгалж байгаа юм бэ” гэхэд “би эхнэртэйгээ архи уучихаад маргалдаж байгаад хутгалсан нь үнэн” гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 49-50-р хуудас/,

 

Гэрч Н.П-ийн ...С- надад хоёр удаа Г- намайг зодсон гэж ярьж байсан. С-гийн доод эрүү хөхөрсөн байсан. ...2019 оны 02 дугаар сарын 08-ны өдөр С- над руу залгаад “намайг хутгалчихлаа” гэж хэлэхээр нь “хажуу талын айлдаа хэл, түргэн дууд, бид танай хаягийг яаж мэдэх вэ” гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 53-54-р хуудас/,

 

Гэрч Н.Б-ын ...С- над руу залгаад “Г- /Г-/ намайг хутгалчихлаа” гэхээр нь “юу гэнэ” гэхэд С-гийн утас тасарсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 55-56-р хуудас/,

 

Гэрч Э.Н-ийн ...2019 оны 02 дугаар сарын 08-ны өдөр манай нөхөр манаачаар ээлжинд гарч хоноод маргааш өглөө нь ирэхдээ “өчигдөр шөнө С- над руу залгаад чи хүрээд ирээч, Г- намайг хутгалчихлаа” гэхээр нь “би ажилтай байна” гээд очоогүй гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 57-58-р хуудас/,

 

Гэрч М.Б-ын ...Би 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Нийслэлийн түргэн тусламжийн төвд ээлжийн эмчээр гарч байсан. Орой 22 цагийн үед байх “Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 3-... тоотод хүн хутгалуулсан байна” гэсэн дуудлага ирэхээр нь хаягийг тодруулахад “Арцатын ..... тоот” гэж хэлсэн. Дуудлагын дагуу хашааны гадаа ирээд дуут дохио өгөхөд 20 орчим насны эрэгтэй хүн гарч ирээд “хэн дуудлага өгсөн юм бол асууя” гээд орсон. Удалгүй гарч ирээд “хажуу талын айл дуудсан байна” гэхээр нь тэр айл руу ороход зүүн талын орон дээр дээшээ харсан, хэвлийгээ дарсан, гарын хажуугаар цус асгарсан, шалан дээгүүр цус болсон хэсгийг халаадаар арчсан байдалтай хар бараан өнгийн даашинз маягийн цамц, өмдтэй эмэгтэй хүн /С-/ хэвтэж байсан. Тэр эмэгтэйн /С-/ ухаан санаа бүдэг байсан. Би “хэн хутгалсан бэ” гэхэд “нөхөр хутгалчихаад гараад явсан” гэж хэлсэн. Шалан дээр цус болсон 30-40 орчим см урттай, 4-5 см өргөнтэй хутга байсан. Хутганы өнгийг хараагүй. Эмэгтэйн биед үзлэг хийхэд хэвлийн зүүн дээд хэсэгт 10 см орчмын урт, хөндлөн шархтай, сэмж дотор гэдэс нь ил гарсан байдалтай байсан. Өвчний шарханд боолт хийж, эмчилгээ хийж, машинаар тээвэрлэж Цэргийн төв эмнэлэгт хүргэж өгсөн. Би 103 руу дуудлага өгсөн дугаар руу залгахад охин нь дуудлага өгсөн байсан. Дуудлага өгсөн охинд нь утсаар “ээжийг нь Цэргийн төв эмнэлэг рүү аваад явж байна” гэдгийг мэдэгдсэн. Биднийг эмнэлгээс гарах гэж байхад охин нь орж ирсэн. Өвчтөн эмэгтэйг /С-/ Цэргийн төв эмнэлэгт хүргэх үед амьд байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 63-64-р хуудас/,

 

Гэрч Д.Д-ын ...Ч- над руу залгаад “Г- С-г алсан байна” гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 65-66-р хуудас, 2-р хавтас 55-р хуудас/,

 

Гэрч Т.Б-ийн ...Шинийн нэгний өдөр Г-ын гэрт золгохоор очиход С-гийн духны баруун дээд хэсэгт хөхөрсөн байсан. Юу болсон талаар асуухад “ажил дээрээ юм мөргөсөн” гэж хэлсэн. Үүний дараа манай эхнэр надад “талийгаачийг Г- нь архи уугаад зоддог байсан” талаар ярьсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 69-70-р хуудас/,

 

Гэрч С.С-ийн ...С- надад “Г- надад гар хүрдэг болсон” гэж хэлэхээр нь “та хоёр хамтдаа архи уугаад байгаа юм уу” гэхэд “хааяа архи авч ирээд хамт ууя гээд уулгадаг” гэж ярьж байсан. 2019 оны 02 дугаар сард цагаан сараар С- манайд ирэхдээ түүний нэг талын нүд билүү, санчигны тэнд билүү өнгөц хөхөрсөн шиг зүйл харагдсан...гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 51-52-р хуудас/,

 

Гэрч Д.Б-ийн ...С-гийн биед хөхрөлт байсныг гурван удаа харсан. Эхнийх нь 2017 оны зуны улиралд С-гийн гэрт очиход нүүр нь хөхөрсөн, хоёр гарын шуу нь хөхөрсөн байсныг харсан. 2 дахь удаад 2017 оны намар С-гийн нэг талын нүд нь хөхөрсөн байхаар нь “нүд, ам чинь яасан юм бэ” гэхэд “Г- намайг цохисон” гэхээр нь яагаад зодсоныг асуухад “бид хоёр муудалцаад зодсон, намайг ажил хийлгэдэггүй” гэж хэлж байсан. 3 дахь удаад 2017 оны 12 дугаар сард С-гийн нүд, дух нь бас л хөхөрсөн байсан. С- мөн л “Г-д зодуулсан” гэж хэлж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 53-54-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

            Шүүгдэгч Э.Г- болон түүний өмгөөлөгч Г.Ганцэцэг нар “С.С-гийн амь насыг хохироосон” талаар маргаагүй боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдлыг зөвшөөрөхгүй. Хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү гэсэн санал гаргаж мэтгэлцэв.

 

            Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч Э.Г- болон амь хохирогч С.С- нар нь согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэн, согтуурсан үедээ маргасан хувийн таарамжгүй харилцаа зэргээс гэмт хэрэг гарсан байх бөгөөд шүүгдэгч Э.Г- нь хутга барьж амь хохирогчид халдсан үйлдлийн улмаас хохирогчид хэвлий хөндий нэвтэрч үүдэн вен, элэгийг нэвт гэмтээн баруун 9-10-р хавирга хоорондын булчинг гэмтээж хатгагдаж зүсэгдсэн шарх учруулж цус алдсны улмаас нас барсан ба хохирогчийн амь насанд гэм хор учруулсан арга, ашигласан багаж хэрэгслийн онцлог, учруулсан шарх, илэрсэн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл, гэмт хэрэгтэн, хохирогч нарын хоорондын харилцааны шинж чанар зэргийг дүгнэхэд шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү гэх саналыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

 

            Шүүгдэгч Э.Г-, амь хохирогч С.С- нар нь 2016 оны 10 дугаар сараас хамтран амьдарч байсан тул Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээд байна.

  

            Хүнийг алах гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдал болох “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэдгийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд зааснаар ойлгоно. Өөрөөр хэлбэл хуульд зааснаар “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор хуульчилсан.

 

            Шүүгдэгч Э.Г- нь гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох хамтран амьдрагч С.С-гийн бие махбодид халдан, хутгалж амь насыг нь хохироосон байх тул хүнийг алах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан байна.

            Иймд прокуророос шүүгдэгч Э.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар зүйлчилсэн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч Э.Г-ыг  хүнийг алах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

           Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчөөс  “шүүгдэгч Э.Г- нь талийгаачийг хутгалсан тул гэм буруутай” гэсэн дүгнэлт гаргасныг дурдах нь зүйтэй.

 

            Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

            Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

            “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд “хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус заасан. 

 

            Тус гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон байх бөгөөд хохирогчийн хууль ёсны Ж.Х- нь амь хохирогч М.С-г оршуулахтай холбоотой зардалд 8.428.412 төгрөг нэхэмжилсэн баримт, цалингийн зээлийн үлдэгдэл 1.599.021 төгрөг, нийт 10.027.433 төгрөг нэхэмжилсэн баримт, хохирлын тооцоог хэрэгт гаргаж өгсөн байна. /хх-ийн 1-р хавтас 202-236-р хуудас, 2-р хавтас 32-34-р хуудас/

           Хэрэгт авагдсан баримтуудыг нягталж судлахад: хэргийн 1-р хавтас 210-р хуудас 15000 төгрөг, 216-р хуудас ар 72.380 төгрөг, 225-р хуудас 19530 төгрөг, 225-р хуудас-...0 төгрөг, 225-р хуудас 8462 төгрөг, 230-р хуудас 10.000 төгрөг, 232-р хуудас 50.000 төгрөг, 236-р хуудас 1.085.500 төгрөг, 213-р хуудас 6650 төгрөг, 229-р хуудас 35.800 төгрөг, нийт 1.304.522 төгрөгийн Зарлагын баримт нь НӨАТ баримттай давхцсан тул нэхэмжлэлээс хасч тооцох нь зүйтэй.

            Амь хохирогчийг оршуулахтай холбоотой зардалд нийт 8.428.412 төгрөгийн баримт авагдснаас зарлагын баримт болон НӨАТ баримтаар давхцуулж нэхэмжилсэн 1.304.522 төгрөг, амь хохирогчийг оршуулснаас хойш 21 хоногт буян үйлдсэн 118.928 төгрөгийг тус тус хасч тооцоход 7.004.962 төгрөгийн зардлыг хангах үндэслэлтэй гэж үзлээ. Харин амь хохирогчийн 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр “Голомт” банкнаас авсан 2.000.000 төгрөгийн Цалингийн зээлээс төлөгдөөгүй үлдсэн 1.599.021 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт тооцохгүй тул хангах үндэслэлгүй байна.

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-т зааснаар шүүгдэгч Э.Г-ас амь хохирогчийг оршуулахтай холбоотой зардалд 7.004.962 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Х-д олгохоор шийдвэрлэв.

 

          Эрүүгийн хариуцлагын талаар.

 

   Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших ба тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлах нь зүйтэй.

 

            Шүүгдэгч Э.Г- нь сэтгэцийн ямар нэг өвчин эмгэггүй, өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгож удирдан жолоодох чадвартай, эрх зүйн бүрэн чадамжтай болох нь 1 дүгээр хавтаст хэргийн 137-138-р хуудсанд авагдсан Шүүх сэтгэц эмгэг судлалын 438 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.

 

                        Шүүгдэгч Э.Г- нь хүнийг алах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

            Эрүүгийн хариуцлагын хуралдаанд: улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д зааснаар шүүгдэгч Э.Г-д 18 жил хорих ял оногдуулах, хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт гаргасан ба,

шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “миний үйлчлүүлэгч нь үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, анхнаасаа хэргээ үнэн зөвөөр мэдүүлсэн, хохирол төлөх боломжгүй нөхцөл байдлыг харгалзан “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн санал гаргав.

           

           Шүүх хуралдаанд хэлэлцсэн баримтуудаар шүүгдэгч Э.Г-д оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж хорих ялыг хөнгөрүүлэх саналыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

 

            Шүүгдэгч Э.Г-д ял оногдуулахдаа хохирогчийн амь насанд гэм хор учруулсан арга, учруулсан шархны хэмжээ, ашигласан багаж хэрэгслийн онцлог зэрэг гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хохирол төлөөгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д зааснаар 18 жил хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

 

         Шүүгдэгч Э.Г-ыг 2019 оны 02 дугаар сарын 09-ний өдөр шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчилж /хх-ийн 1-р хавтас 191-р хуудас/, 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба /хх-ийн 1-р хавтас 191-р хуудас/ шийтгэх тогтоол гарсан энэ өдрийн байдлаар нийт 130 хоног цагдан хоригдсон хугацааг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутга 1 ширхэг, хохирогчийн өмсөж байсан хувцас болох цайвар өнгийн халад, цамц 1 ширхэг, урт түрийтэй хар өнгийн гутал нэг хос, хар өнгийн дотуур өмд 1 ширхэг, цайвар өнгийн хөхөвч 1 ширхэг, ногоон өнгийн эмэгтэй унтлагын хувцас 1 ширхэг, цайвар өнгийн дотоож 1 ширхэг, ногоон өнгийн оймс 1 хос, цагаан өнгийн урт даавуу 1 ширхэг, улаан өнгийн орны бүтээлэг 1 ширхэг, цэнхэр алаг өнгийн хөнжлийн хэсэг, дээж авсан марль 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгав.

 

             Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

1. Д овогт Э-ийн Г-ыг хүнийг алах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д зааснаар шүүгдэгч Э.Г-ыг 18 /арван найм/ жил хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г-д оногдуулсан 18 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г-ын цагдан хоригдсон 130 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г-ас 7.004.962 /долоон сая дөрвөн мянга есөн зуун жаран хоёр/ төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Х-д олгосугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутга 1 ширхэг, хохирогчийн өмсөж байсан хувцас болох цайвар өнгийн халад, цамц 1 ширхэг, урт түрийтэй хар өнгийн гутал нэг хос, хар өнгийн дотуур өмд 1 ширхэг, цайвар өнгийн хөхөвч 1 ширхэг, ногоон өнгийн эмэгтэй унтлагын хувцас 1 ширхэг, цайвар өнгийн дотоож 1 ширхэг, ногоон өнгийн оймс 1 хос, цагаан өнгийн урт даавуу 1 ширхэг, улаан өнгийн орны бүтээлэг 1 ширхэг, цэнхэр алаг өнгийн хөнжлийн хэсэг, дээж авсан марль 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Э.Г-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Х.ОДБАЯР

    

                          ШҮҮГЧИД                                            С.БАЗАРХАНД

 

                                                                                       П.ТУЯАТ