Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 446

 

 

 

 

 

 

 

   2019          06          19                                    2019/ШЦТ/446

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Эрдэнэтуяа,

шүүгдэгч Ц.М-, түүний өмгөөлөгч Ц.Ганчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И овогт Ц-ийн М-т холбогдох эрүүгийн 1910000000397 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн,

 

 

 

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч Ц.М- нь 2019 оны 05 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа “VIP PESIDENS” хотхоны барилгын талбай дээр байсан иргэн Б.А-гийн эзэмшлийн “DOOSAN 480” загварын эксковаторын тосон агаар шүүгчийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 1.760.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч Ц.М- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй, гэм буруугийн талаар маргахгүй гэв.

 

           Эрүүгийн 1910000000397 дугаартай хэргээс:

 

Хохирогч Б.А- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би “Таван Булаг Эрдэнэ” ХХК-ний захирал албан тушаалтай бөгөөд барилгын суурь ухах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм. Миний эзэмшлийн ........ улсын дугаартай “Doosan 480” загварын эксковатор нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүннү молл” худалдааны төвийн замын эсрэг талд баригдаж буй “VIP RESIDENS хотхоны барилгын суурийг ухаж байсан. 2019 оны 05 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө тухайн барилгын талбай дээр орхисон эксковаторын нүүрсэн яндан буюу агаар шүүгч хулгайд алдагдсан байсан. Цагдаагийн байгууллагаас миний алдагдсан эд зүйл болох тосон агаар шүүгчийг олж өгсөн. Уг тосон агаар шүүгч нь хэвийн ажиллаж байгаа тул гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 8-р хуудас/,

 

Гэрч Э.Ц- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...М- 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 19 цагийн үед 22-ийн товчоо явах замд байх Моносын уулзвар дээр уулзахдаа надад эксковаторын агаар шүүгчийг өгөөд “минийх байгаа юм. Ганц, хоёр хонуулаад авна” гэж хэлсэн. Тэгснээ М- над руу утсаар залгаад “нөгөө агаар шүүгчээ Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэс дээр аваад ирээч” гэж хэлсэн. Би цагдаа дээр ирээд хулгайн зүйл гэдгийг мэдсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 15-р хуудас/,

 

Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтэд: Эксковаторын агаар шүүгчийг хохирогчид хүлээлгэн өгсөн. /хх-ийн 5-6-р хуудас/,

“Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайланд: агаар шүүгчийг 1.760.000 төгрөгөөр үнэлсэн. /хх-ийн 19-20-р хуудас/,

Шүүгдэгч Ц.М- мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ “... Би тухайн өдөр “Хүннү молл” худалдааны төвийн харалдаа уулзвараар буцаж эргээд уулын зам руу орохоор эргэхэд замын ертөнцийн зүгээр урд талд барилга баригдаж байсан. Уг барилгын хашаанд зогсож байсан эксковаторын нүүрсэн янданг шөнийн 02 цагийн үед хулгайлж авсан. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 50-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд гэрч Б.А-ийн мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 27-р хуудас/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 28-29-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 32-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 33-р хуудас/, Төв аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 40-42-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотлогдвол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ц.М-ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Гэм буруугийн талаар.

 

Шүүгдэгч Ц.М- нь 2019 оны 05 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “VIP PESIDENS” хотхоны барилгын талбай дээр байсан хохирогч Б.А-гийн эзэмшлийн “DOOSAN 480” загварын эксковаторын тосон агаар шүүгчийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 1.760.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч Б.А-гийн ....Миний эзэмшлийн ........ улсын дугаартай “Doosan 480” загварын эксковатор Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүннү молл” худалдааны төвийн замын эсрэг талд баригдаж буй “VIP RESIDENS хотхоны барилгын суурийг ухаж байсан. 2019 оны 05 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө тухайн барилгын талбай дээр орхисон эксковаторын нүүрсэн яндан буюу агаар шүүгч хулгайд алдагдсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 8-р хуудас/,

 

Гэрч Э.Ц-ын ...М- 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 19 цагийн үед 22-ийн товчоо явах замд байх Моносын уулзвар дээр уулзахдаа надад эксковаторын агаар шүүгчийг өгөөд “минийх байгаа юм. Ганц, хоёр хонуулаад авна” гэж хэлсэн. Тэгснээ М- над руу утсаар залгаад “нөгөө агаар шүүгчээ Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэс дээр аваад ирээч” гэж хэлсэн. Би цагдаа дээр ирээд хулгайн зүйл гэдгийг мэдсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 15-р хуудас/,

Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтэд: Эксковаторын агаар шүүгчийг хохирогчид хүлээлгэн өгсөн. /хх-ийн 5-6-р хуудас/,

“Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайланд: агаар шүүгчийг 1.760.000 төгрөгөөр үнэлсэн. /хх-ийн 19-20-р хуудас/,

Мөрдөн байцаалтанд Ц.М- яллагдагчаар өгсөн ... Би тухайн өдөр “Хүннү молл” худалдааны төвийн харалдаа уулзвараар буцаж эргээд уулын зам руу орохоор эргэхэд замын ертөнцийн зүгээр урд талд барилга баригдаж байсан. Уг барилгын хашаанд зогсож байсан эксковаторын нүүрсэн янданг шөнийн 02 цагийн үед хулгайлж авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 50-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Иргэний эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрх болон орон байрны халдашгүй дархан байдал нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний баталгаатай эдлэх үндсэн эрх, эрх чөлөө болохын хувьд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан.

“Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” шууд санаатай гэмт үйлдлийг “Хулгайлах” гэмт хэрэг гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд хуульчилжээ.

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Ц.М-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан ба, шүүгдэгч Ц.М- болон түүний өмгөөлөгч Ц.Ганчимэг нар нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

Шүүгдэгч Ц.М- нь хохирогч Б.А-гийн эзэмшлийн “DOOSAN 480” загварын эксковаторын 1.760.000 төгрөгийн үнэтэй тосон агаар шүүгчийг Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “VIP PESIDENS” хотхоны барилгын талбайгаас хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан тул гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

                  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан ба шүүгдэгчийн үйлдсэн дээрх хулгайн гэмт хэргийн улмаас:

                Хохирогч Б.А-гийн эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээг 1.760.000 төгрөгөөр үнэлсэн Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн үнэлгээний тайлан хэрэгт авагдсан /хх-ийн 19-20-р хуудас/ ба хохирогч нь “тосон агаар шүүгчээ хүлээж авсан, одоо хэвийн ажиллаж байгаа тул гомдолгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-ийн 8-р хуудас/ гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн байх шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдав.

 

   Эрүүгийн хариуцлагын талаар.

           

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М-т 01 жил хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт гаргасан ба, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Ганчимэгээс “Ц.М- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлж гэм хорыг арилгасан, мөн хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэсэн санал гаргав.

 

Шүүгдэгч Ц.М-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо биет байдлаар төлж барагдуулсан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, үйлдсэн хэрэгтээ гэмшиж гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг /жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахыг шүүгдэгч Ц.М-т мэдэгдэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Ц.М- нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас гаргуулах зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

1. И овогт Ц-ийн М-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.М-т хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахыг шүүгдэгч Ц.М-т мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Ц.М- нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас гаргуулах зардалгүй болохыг дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ц.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Х.ОДБАЯР