| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жалцаны Цэнгэл |
| Хэргийн индекс | 182/2016/00226/и |
| Дугаар | 0368 |
| Огноо | 2016-07-28 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 0368
| 2016 оны 07 сарын 28 өдөр | Дугаар 182/ШШ2016/00368
| Улаанбаатар хот
|
Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Цэнгэл би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу 19 дүгээр байрны 17 тоотод байрлах, “Түмэн-Эрхэс ББСБ” ХХК /РД:5001676/-ийн нэхэмжлэлтэй,
Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Ганчимэг /РД:ЖЯ90031184/-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Түмэн-Эрхэс ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“Могул скай” ХХК-ийн нягтлан бодогч ажилтай Б.Ганчимэг нь 2011 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр манай компанитай 25-1/2011 тоот зээлийн гэрээ байгуулж, 15 000 000 төгрөг, 20-2/2011 тоот гэрээгээр 35 000 000 төгрөг нийт 50 000 000 төгрөгийг сарын 2,8 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай тус тус зээлсэн. Зээлийн барьцаанд Д.Уранчимэгийн өмчлөлийн 2 өрөө болон 3 өрөө орон сууцуудыг барьцаалсан.
Б.Ганчимэг нь эхний саруудад хүүг тогтмол төлж байсан ба 2014 оны 10 дугаар сараас хойш зээлийн хүү болон зээлээ огт төлөөгүй. Тус компанийн зүгээс Б.Ганчимэгийн оршин суух хаягаар очсон боловч тухайн хаягт амьдардаггүй болох нь тогтоогдсон. Мөн гар утас нь холбогдох боломжгүй болсон. Бид өөрсдийн боломжоороо хайсан боловч, түүний оршин суугаа газар, хаяг мэдэгдэхгүй, олох боломжгүй байна. Иймд Б.Ганчимэгийг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч “Түмэн-Эрхэс ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Буянжаргал шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Тус шүүхэд Б.Ганчимэгийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан юм. Б.Ганчимэгийн оршин суугаа газар тогтоогдсон учраас нэхэмжлэлийн шаардлагаасаа сайн дураар татгалзаж байна. Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Түмэн-Эрхэс ББСБ” ХХК нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Ганчимэгийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.Ганчимэгийн оршин суугаа газар нь тогтоогдсон үндэслэлээр нэхэмжлэгч “Түмэн-Эрхэс ББСБ” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд бичгээр гаргасан хүсэлт, Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа, Баянгол дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлалыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх заалтыг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Ганчимэгийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нэхэмжлэгч “Түмэн-Эрхэс ББСБ” ХХК-ийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч “Түмэн-Эрхэс ББСБ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийн 50 хувь болох 35 100 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас 35 100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Түмэн-Эрхэс ББСБ” ХХК-д олгосугай.
3. Шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.ЦЭНГЭЛ