Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 226/МА2025/00002

 

 

 

 

 

 

 2025        01           17                                           226/МА2025/00002

 

 

 

Х-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Х-т

холбогдох иргэний хэргийн талаар

 

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж, ерөнхий шүүгч Г.Болормаа, О.Баатарсүх нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,  

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.С ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Д ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.М  нарыг оролцуулан

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан  шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 156/ШШ2024/00476 дугаар шийдвэртэй Х-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Х-т холбогдох учирсан хохирол зардал 73 791 890 төгрөг гаргуулах тухай  иргэний хэргийг хариуцагч Т.Х , түүний өмгөөлөгч Г.Б  нарын гаргасан давж заалдах гомдлоор 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч ерөнхий шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.С нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:   Т.Х  нь 2011 оны 12 дугаар сарын 05-нд Мэдээлэл, технологийн ажилтнаар орж 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдөр эрүүл мэндийн байдал нь тухайн албан тушаалд тэнцэхгүй үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн. 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдөр тухай албан тушаалд ахин томилогдож, 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс Нярав, 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс Архив бичиг хэргийн эрхлэгч, нярав, 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс Архив, няравын ажилтнаар тус тус ажиллаж байсан бөгөөд 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр сарын хугацаанд ажил тасалсан, архивын байгууллагаас хийсэн төлөвлөгөөт хяналт шалгалтын үеэр зориудаар ажил хаян зугтсан, хяналт шалгалтын үр дүнгээр хангалтгүй үнэлгээ авсан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан. Иргэн Т.Х-ын Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн /Нийгмийн ухааны/ D200409626 дугаартай диплом нь хүчингүй болохыг Хэнтий аймгийн Прокурорын газрын шийдвэрээр тогтоосон тул тухайн ажилтны ажиллаж байсан хугацааны цалингийн дүнг нэхэмжилж байна.

 

Иргэн Т.Х  2011 оноос эхлэн манай байгууллагын Мэдээлэл технологийн асуудал хариуцсан мэргэжилтэн, мэдээллийн сан техник программ хариуцсан мэргэжилтэн, нярав, жижүүр 2018 оноос архив, бичиг хэргийн эрхлэгч, 2023 оноос албан хэрэг хөтлөлт, архивын асуудал хариуцсан ажилтан, нярав гэсэн ажлын байранд ажилласан. Т.Х  хариуцсан ажилдаа хайхрамжгүй, сэтгэлгүй хандаж, зөрчил дутагдал гаргаж байсан учраас 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр сахилгын шийтгэл ногдуулж байсан. Эрхэлсэн ажилдаа үр дүнгүй, зөрчил алдаа дутагдалтай, өгсөн үүрэг даалгавар биелүүлэхгүй байсан учраас нэлээд олон удаа ажилдаа хариуцлагатай, үр дүнтэй, сэтгэлтэй ажиллах үүрэг чиглэл өгч байсан...Т.Х-ыг ирэхийг нь нэг сар гаруй хугацаанд хүлээгээд ажлаас нь чөлөөлсөн. Аймгийн архивын шалгалтаар архивын ажил маш муу гэдэг дүгнэлт гарсан. Энэ талаар Архивын тасгийн шийдвэр байгаа. Яагаад ажил төрлөө хийхгүй яваад байгаа юм бол гээд хувийн хэргийг нь үзтэл диплом нь хавсралтгүй дутуу бичиг баримт байсан. Ингээд мэргэжил эзэмшээгүй юм болов уу гээд би учрыг нь олуулахаар Боловсролын газарт хандахад боловсролын байцаагч надад энэ хүнтэй утсаар ярихад очиж чадахгүй, би газрын даргатайгаа тохиролцсон учраас шалгуулах шаардлагагүй гэх мэт тайлбар өгөөд ерөөсөө уулзахгүй байна, бүр сүүлдээ утсаа хаагаад үл ойшоогоод байна гэхээр нь Цагдаагийн байгууллагад хандсан. Цагдаагийн байгууллагаас шалгаад хуурамч дипломтой юм байна гэсэн шийдвэрийг гаргасан. Прокурорын газартай уулзахад тухайн шалгалтад Боловсролын ерөнхий газар, Хүмүүнлэгийн их сургуулийн тодорхойлолтод Т.Х гэдэг хүн Хүмүүнлэгийн их сургуулийг төгсөөгүй гэж бичсэн байдаг.

Миний хувьд хуурамч диплом ашиглаж төрийн байгууллагад ажилласан, мөн төрийн байгууллагын ажлыг унагааж сэтгэл зүрхгүй байсан учраас ажилласан жилийн цалинг нэхэмжлээд нийт 73 791 890 төгрөгийг гаргуулахаар шүүхэд хандсан. Байгууллагад хохирол учруулсан тул цалин хөлсийг буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна” гэв.

 

Хариуцагч  Т.Х  шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2011 оноос хойш мэдээллийн технологи, нярав, архив, бичиг хэргийн ажилтан зэрэг албан тушаалд тус тус томилогдон ажиллаж байсан. Энэ хугацаанд төрийн үйлчилгээний ажилтнаар ажиллаж байсан ба тухайн мэргэжлээр мэргэшүүлэх сургалт, семинарт удаа дараа хамрагдаж няравын мэргэжлийн үнэмлэх 2018 онд авсан. Мөн Архивын ерөнхий газарт 45 хоногийн курс төгссөн. Мэргэшүүлэх сургалтад дээд агентлаг болох Газрын харилцаа, геодези зураг зүйн газарт удаа дараа хамрагдаж байсан. Ажилд ороход дээд сургууль төгссөн эсэхээс үл хамаарч миний өөрийн спортын авьяас чадварыг харгалзан үзэж ажилд авч байсан билээ.

Тус байгууллагад ажиллаж байх хугацаандаа сагсан бөмбөгийн дэд мастер авч байснаас гадна аймгийн аваргаас 3 алт, 3 мөнгө, 4 хүрэл медалийг тус тус хүртэж байсан. Мөн салбарын улсын аварга шалгаруулах тэмцээнээс сагсан бөмбөгийн төрлөөр 2 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль, гар бөмбөгийн төрлөөр 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медалийг тус тус хүртэж байгууллагынхаа нэр хүндийг өргөж байсан билээ. Хүмүүнлэгийн ухааны их сургуульд 2000 онд элсэн ороод 3-р курс хүртлээ суралцаад 2008 онд дипломоо худалдаж авсан хэдий ч өдийг хүртэл диплом хуурамч байсныг мэдээгүй байсан. Үүнтэй холбоотойгоор прокурорт хэрэг үүсгүүлэн шалгагдсан хэдий ч 2024 оны 04 сарын 24-ний өдрийн 325 дугаар шийдвэрээр тухайн газарт ажилд орохдоо диплом ашиглаагүй, тухайн албан тушаал нь дээд сургууль төгссөн байхыг шаардаагүй бөгөөд тухайн мэргэжлээрээ мэргэшүүлсэн сургалтад сууж мэргэжлийн үнэмлэх аван ажиллаж байсан болох нь тухайн үед тус газрын даргаар ажиллаж байсан гэрч Д.Ба , дотоод ажил хариуцсан мэргэжилтэн Д.У , гэрч Т.Х  нарын мэдүүлгээр тогтоогдож байна гэсэн. Эрүүгийн хуульд заасан 23 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хуурамч баримт бичиг ашиглах гэмт хэрэг буюу хуурамч диплом ашиглан ажилд орж, тухайн мэргэжлээр ажилласан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэсэн шийдвэр гарсан. Иймд дээрх хэрэг бүртгэлийн хэргийг эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжгүй гэж үндэслэн хааж шийдвэрлэсэн билээ. Мөн энэхүү хуурамч бичиг баримт үйлдэгдсэн хугацаа 16 жил өнгөрсөн тул гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдолд хамаарч байна гэж үзсэн байна. Иймд дээрх миний тайлбар, Прокурорын газрын шийдвэр, үндэслэлүүдийг үзэхэд танай байгууллагад ирүүлсэн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Б.С-ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд төлбөр төлөх үндэслэлгүй гэж үзэж байна.

 Би тус байгууллагад 2011 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс мэдээлэл технологийн мэргэжилтнээр ажилд орсон. Ажилд ороход миний ур чадвар, өмнө ажиллаж байсан туршлагыг харгалзан үзээд авсан. Би тус байгууллагад ажиллаж байх хугацаандаа ажил албан тушаалтай холбоотой мэргэжлийн сургалтад хамрагдаж байсан. 2022 онд удирдлагын академийн сургалтад хамрагдаж гэрчилгээ олгогдсон. Нярав эд хариуцагчийн мэргэжил олгох сургалтад сууж 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр дотоод санхүүгийн удирдлагын академийн мэргэжлийн үнэмлэх авч байсан. 2011 оноос хойш ажиллах хугацаандаа байгууллагын уралдаан тэмцээнд өөрийн ур чадвараа ашиглан оролцож, 2023 он хүртэл сагсан бөмбөг, гар бөмбөгийн спортоор хичээллэдэг байсан. Удирдлагууд миний ур чадварыг харгалзан ажилд авч байсан болохоор түүний дагуу спортоор хичээллэж, амжилт гаргаж байсан. Хэнтий аймгийн Цагдаагийн газарт намайг хуурамч бичиг баримт ашигласан байж болзошгүй талаар гаргасан гомдлыг шалгасныг Прокурорын газар хянаад Хэнтий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт мэдээлэл технологийн мэргэжилтэн, няраваар ажилд орохдоо тухайн дипломыг ашиглаагүй, тухайн албан тушаалд дээд сургууль төгссөн байхыг шаардаагүй бөгөөд тухайн мэргэжлээр мэргэшүүлэх сургалтад сууж мэргэжлийн үнэмлэх аван ажиллаж байсан болох нь тухайн газрын даргаар ажиллаж байсан гэрч Д.Б , Т.Х  нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Иймд Т.Х-ыг Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлд заасан хуурамч баримт бичиг ашиглах буюу бүртгэлийн хэргийг хуульд заасан гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хааж шийдвэрлэсэн тухай 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 325 тоот хариу мэдэгдэх хуудсыг Б.С  даргад хүргүүлсэн байдаг.

Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуульд заасан эрхийн дагуу бодитоор ажиллаж, гүйцэтгэсэн ажлын үр дүнг үнэлүүлэн хөдөлмөрийн гэрээний дагуу цалин хөлс авч байсан тул тухайн байгууллагад гэм хор учруулсан гэж үзэх боломжгүй. 2023 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Б/10 дугаар тушаалаар намайг төрийн байгууллагад ажиллаж байсан ажлыг маань үнэлж ур чадварын нэмэгдлийг 20 хувиар олгож эхэлсэн. 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Б/8 тоот тушаалаар 2015 оны үр дүнгийн гэрээний биелэлтээр 10 хувиар урамшуулж шагнаж байсан. 2013 оноос 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх цалингийн сан татах, байгууллагын зүгээс үр дүнгийн гэрээгээр А, В үнэлэгдэж, ур чадварын нэмэгдэл олгогдож байсан. Түүнээс би зүгээр сууж байгаад цалин хөлс аваад хохируулсан зүйл байхгүй. Сүүлд ажлаа хаяж явсан гэдэг шалтгаан нь хөдөлмөр эрхлэлтийн хугацааг дуусгавар болгуулсан. Би энэ хүнтэй хамтарч ажиллахыг бодож байсан, гэхдээ өөрөө хамтарч ажиллахад асуудалгүй, гэхдээ чи өмнө ажиллаж байсан Д.Б  даргын хүн шүү дээ, эртхэн ажил төрлөө хайж байгаарай хамтарч ажиллах бодолгүй байгаа гэж хэлэхэд би сэтгэл санаагаар унаж, гутраад ажил төрлөөсөө хөндийрч цалгардсан” гэжээ.

 

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар хариуцагч Т.Хосбаяраас 25 814 982 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 47 976 908 төгрөгийг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. 

 

Хариуцагч Т.Х, түүний өмгөөлөгч Г.Б  давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Хариуцагч Т.Х-ын өмгөөлөгч Г.Б би Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.09.23-ний өдрийн 156/ШШ2024/00476 шийдвэрийг 2024.11.20-ний өдөр гардан аваад эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Учир анхан шатны шүүх....хариуцагч нь тухайн цаг хугацаанд ажил хөдөлмөр эрхэлж ажил үүргээ гүйцэтгэж байсан болох нь тогтоогдож байх тул тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалин хөлс авах эрхтэй тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний цалинг хасаж үлдэх цалинг гаргуулж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 2.1-т "Гүйцэтгэсэн ажил үүрэгт нь тохирсон цалин хөлсийг тогтоосон хугацаанд ажилтанд олгох" гэж заасныг зөрчиж байна. Өөрөөр хэлбэл тухайн үед Т.Х  нь өөрийн ажлыг сайн гүйцэтгээд хийснийхээ дагуу цалингаа авч байсан. Хариуцагч нь тухайн үед ажилд орохдоо өөрийн дипломийг хуурамч гэдгийг мэдээгүй, ажлаас халагдсаны дараа сүүлд хуулийн байгууллагаас шалгах үед л хуурамч байсныг мэдсэн. Ийм байхад хууль бус үйл ажиллагаа гэж дүгнэж гэм хорыг нөхөн төлүүлнэ гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.С  давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн шийдвэр дээр нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс ямар нэгэн маргаан гаргаагүй, хүндэтгэлтэй хандаж байгаа. Хариуцагч талаас гомдол гаргасан учраас өнөөдөр шүүх хуралдаан болж байна. Өмнөх шүүх хурал дээр болсон процессын асуудлыг одоо ярих шаардлагагүй. Анхан шатны шүүх хуралд хариуцагчийг баримт мэдээ тайлангаар хангах бүх л тал дээр  хүндэтгэлтэй хандаж ирсэн. 2019-2023 оны цалинг хөдөлмөрийн хэмжээний доод хэмжээгээр тооцоод өөрт нь үлдээсэн. Үүнийг хүнлэг байх үүднээс дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрт маргаан байхгүй. Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

Нэхэмжлэгч өмгөөлөгч О.Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хууль ёсны шаардлагыг хангасан. Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна. Хариуцагч Х-ын хувьд хуурамч диплом ашиглан төрийн албанд томилогдож, эдлэх ёсгүй байсан эрхийг эдэлж, авах ёсгүй байсан цалин хөлсийг авсан учраас түүний ажиллаж байсан хугацааны цалинг төрд буюу байгууллагад учирсан хохирол гэж нэхэмжилсэн байгаа. Түүний анх төрийн албанд ажиллахдаа ашигласан диплом нь хуурамч байсан гэдэг нь Боловсрол соёлын газар, Хүмүүнлэгийн ухааны их сургууль болон Хэнтий аймгийн прокурорын газрын мэдэгдэх хуудас зэргээр нотлогддог. Мөн Х нь тухайн диплом хуурамч байсан гэдгийг мэдэж байсан. Мэдэх боломжтой байсан нөхцөл байдал анхан шатны шүүхэд өгсөн тайлбараас нь тодорхой харагддаг. Түүний эрхэлсэн албан тушаалыг дээд боловсролтой буюу бакалавр түүнээс дээш мэргэжилтэй хүн хийхийг шаардсан албан тушаал байсан. Х-ын хувьд дээд боловсролтой байгаагүй учраас тухайн албан тушаалыг эрхлэх эрхгүй байсан, хууль болон ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангаагүй мөртлөө хангасан мэт нөхцөл байдлыг үүсгэж, өөртөө давуу байдлыг бий болгож, хууль бус үйлдэл хийсэн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл хуульд заасан албан тушаалыг эрхлэх үндэслэлгүй байсан учир Монгол улсын Үндсэн хууль, Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулиудад зааснаар хариуцагчийн гүйцэтгэсэн ажилдаа тохирсон цалин хөлс авах эрх ашиг хамгаалагдахгүй. Х-ыг шударгаар хөдөлмөрлөсөн гэж үзэхгүй учраас түүний хуульд заасан шударгаар цалин хөлс авах эрх нь үүсэхгүй гэж үзэж байна. Хариуцагч Х  болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдолд дурдагдсан Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т заасан эрх ашиг хамгаалагдах үндэслэл болохгүй юм. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-д зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь  хянан хэлэлцэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч Х  нь хариуцагч Т.Х-т холбогдуулан хохирол 73 791 890 төгрөг гаргуулахаар шүүхэд  нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй  гэж маргасан байна.

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлж,  нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох  25 814 982 төгрөгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба анхан шатны шүүхийн уг шийдвэрт нэхэмжлэгч тал давж заалдах журмаар гомдол гаргаагүй байна. 

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Хариуцагч Т.Х  нь Хэнтий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт

-2011 оны 12 сарын 05-ны өдрөөс 2013 оны 10 сарын 31-ны өдөр, 2015 оны 6 сарын 24-ны өдрөөс 2016 оны 07 сарын 04-ны өдрийг  хүртэлх хугацаанд мэдээлэл технологийн мэргэжилтэнгээр, 

- 2016 оны 07 сарын 04-ний өдрөөс 2018 оны 07 сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд  няраваар,

           - 2018 оны 07 сарын 04-ний өдрөөс 2023 оны 01 сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд архив бичиг хэргийн ажилтан, няраваар,

           - 2023 оны 01 сарын 10-ны өдрөөс 2024 оны 03 сарын 04-ны өдрийг хүртэлх хугацаанд  архивын ажилтан, няраваар  ажилласан  үйл баримт тогтоогджээ.

 

Т.Х-ын Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн /Нийгмийн ухааны/ D200409626 дугаартай диплом нь хүчингүй, хуурамч болох  нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байх ба түүний эрхэлж байсан мэдээлэл технологийн мэргэжилтэнгийн албан тушаал нь төрийн үйлчилгээний албан тушаал ба дээд боловсролтой байхыг шаардана.  

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ:   

- Х-ын ажилласан мэдээлэл технологийн мэргэжилтэн, архив бичиг хэргийн ажилтны ажлын байр нь дээд боловсролтой байх шаардлагатай ба  Т.Х   ажилд орохдоо өөрийгөө дээд боловсролтой гэж ажилд орсон, ажилласан хугацаандаа цалин хөлс авч байсан байх тул энэ хугацааны буюу 2015 оны 6 сарын 24-ний өдрөөс 2016 оны 7 сарын 04, 2018 оны 7 сарын 04-ний өдрөөс 2024 оны 3 сар хүртэлх хугацааны цалинг гаргуулах үндэслэлтэй. Ингэхдээ хариуцагч Т.Х   нь тухайн цаг хугацаанд ажил хөдөлмөр эрхэлж, ажил үүрэг гүйцэтгэж байсан тул дээрх хугацаанд авсан нийт цалин хөлснөөс тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалин хөлсийг бодож 30 624 000 төгрөгийг хасч  тооцон, үлдэх 25 814 982 төгрөгийг  гаргуулахаар,

- нэхэмжлэгч тал 2011-2013 онуудад хариуцагчийн авсан цалинг нэхэмжлэхдээ нотлох баримтыг ирүүлээгүй, хуульд заасан нотлох үүргээ хэрэгжүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсэг нотлогдоогүй үндэслэлээр,

- 2016 оны 7 сараас 2018 оны 7 сарын 04-ны хугацаанд ажилласан няравын ажил нь  дээд боловсролтой байхыг шаардахгүй албан тушаал байх тул энэ хугацааны цалин, хөлсийг гаргуулах үндэслэлгүй гэж дүгнэж, нэхэмжлэгчийн гаргасан 73 791 890 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 25 814 982 төгрөгийг хангаж, үлдэх 47 976 908 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн, шүүхийн шийдвэр  үндэслэлтэй, шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1,40.2-т заасан шаардлагад нийцсэн байна.

 

Хариуцагч нь ажилд орохдоо өөрийн дипломийг хуурамч гэдгийг мэдээгүй, ажлаас халагдсаны дараа сүүлд мэдсэн, гэм хорыг нөхөн төлүүлж байгаа нь үндэслэлгүй талаар гаргасан давж заалдах гомдол нь дээрх байдлаар үгүйсгэгдэж байгаа тул  “шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох” агуулга бүхий хариуцагч, түүний өмгөөлөгч  нарын давж заалдах гомдлыг хангах  үндэслэлгүй гэж үзлээ.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Т.Х , түүний өмгөөлөгч Г.Б  нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Хариуцагч Т.Х , түүний өмгөөлөгч Г.Б нарын давж заалдах гомдлыг хангаагүй тул давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 287 024 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 156/ШШ2024/00476 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Т.Х , түүний өмгөөлөгч Г.Б нарын гаргасан “шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох” агуулга бүхий давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг баримтлан хариуцагч Т.Х-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 287 024 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 167.4, 167.5 дахь хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Д.ГАНЗОРИГ

 

                               ШҮҮГЧИД                                      О.БААТАРСҮХ

                                                                                                            

                                                                                      Г.БОЛОРМАА