Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 467

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул,  улсын яллагч Ц.Хашбаатар, шүүгдэгч С.П түүний өмгөөлөгч Я.Энхжаргал, иргэний хариуцагч Ц.Баясгалан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Мөнгөншагай нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,  

            Нийслэлийн Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайчууд Самбуугийн Пүрэв-Очирт холбогдох эрүүгийн “1903002330178” дугаартай, 186/2019/0418/Э хэргийг 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  Монгол улсын иргэн, 1971 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, автомашины техникч, механикч мэргэжилтэй, Зорчигч тээврийн нэгтгэл 2 дугаар баазад жолооч ажилтай, ам бүл 6, ээж, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөөний 62 дугаар байрны 06 тоотод оршин суух бүртгэлтэй,  ял шийтгүүлж байгаагүй,

Тайчууд овогт Самбуугийн Пүрэв-Очир /РД:ХМ71092813/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Пүрэв-Очир нь 2019 оны 03 дугаар сарын 06-ны өглөө 08 цаг 40 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо,11 дүгээр сургуулийн уулзвар дээр “Дэү Би Эс 106” маркийн 03-54 УБЧ улсын дугаартай автобусыг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.9 дүгээр зүйл ”Гэрэл дохио нь дараах утгатай байна. г/улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно.” гэснийг зөрчсөний улмаас явган хүний гарцаар зам хөндлөн гарч байсан Б.Нэргүйг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт холбогджээ.

                                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нараас мэдүүлсэн  мэдүүлэг:

 

1.1.Шүүгдэгч С.Пүрэв-Очир нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..Би 2019 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн өглөө 7 цагт 03-54 УБЧ улсын дугаартай автомашины бүрэн бүтэн байдлыг шалгуулж ажилдаа гарсан. Улаанчулуутаас Монголын үндэсний их сургуулийн чиглэлийн автобус жолоодож байсан. 08 цаг 30 минутад 1 дүгээр дунд сургуулийн арын замаар 20 км цагийн хурдтай 2 дугаар эгнээгээр зорчиж байсан. Шүгэл дуугарахаар нь зүүн талын толиндоо хараад  эргээд урагшаа харахад баруун талын салхины шилний орчим хүн мөргөгдөж унасан. Тэгээд автобусаа зогсоогоод бууж түргэн тусламж дуудаад хохирогчийг түшээд хашлага нь дээр суулгаж духнаас нь гарч байсан цусыг нь гараараа дарсан .Тэгээд удалгүй түргэн тусламж ирээд хохирогчийг аваад явсан. Дараа нь Цагдаагийн бүрэлдэхүүн ирж хэргийн газрын үзлэг хийсэн, хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

1.2.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Мөнгөншагай нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..Баримтаар гаргаж өгсөн зардлууд нөхөн төлөгдсөн. 3.649.000 төгрөгийн нөхөн төлбөр эмчилгээний зардалд авсан. Эрүүл байсан ээжийг маань ногоон гэрлээр гарч байхад мөргөж, эрүүл мэндэд нь хүнд гэмтэл учруулсанд гомдолтой байгаа. Манай ээжийн даралт байнга унадаг, бие нь муу байгаа. Ээж маань эмнэлгээр байнга явдаг. Байнгын асаргаа шаардлагатай учраас ээжийг асрахын тулд эгч маань ажлаасаа чөлөө авсан байгаа. Би өөрөө оюутан. Гавал тархины гэмтлээс болж цаашид ээжийн маань биед ямар үр дагавар үүсэх нь мэдэгдэхгүй байгаа. Гэмтлээс үүдэн ээжийн маань хараа муудсан. Байнгын сэтгэл зовнилтой байгаа. Солонгос улсад эмчилгээ хийлгэхээр виз мэдүүлсэн байгаа. Сэтгэл санаа, санхүүгийн хувьд цаашдаа хэцүү байдалтай байна гэв.

Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

 

2.1. Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Б.Нэргүйн:..Би тухайн үед өглөө 08 цаг 40 минутын үед “Компьютер ланд”-ын баруун тал 28 дугаар байрнаас гараад зам гарахаар явган хүний гарцаар гарч байсан. Уг гарц нь гэрлэн дохиотой явган хүний гарц байсан. Би ногоон гэрлээр гарч байтал ирээд л автобус мөргөөд, ухаан алдсан гэх мэдүүлэг. /хх-н 38-39/,

2.2. Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч Б.Хишигмаагийн:.. С.Пүрэв-Очир нь манай нөхөр, анх 1996 онд танилцаад 2006 онд гэр бүл  болж, гэрлэлтээ батлуулсан. Анхны хүү П.Төвшинтөгс 1998 онд, хүү П.Саруул 2000 онд, охин П.Энхжин 2002 онд төрсөн. Манай нөхөр миний мэдэхийн 17 жил автобусны жолооч хийж байна. Урьд нь зам тээврийн осол, хэрэг гаргаж байгаагүй. Тэрээр зан төлөвийн хувьд бусадтай нийтэч, цайлган сэтгэлтэй, шудрага, энэрэнгүй, гэр бүлдээ халамжтай, сайхан сэтгэлтэй хүн, хорт зуршил болох архи, тамхи хэрэглэдэггүй гэх мэдүүлэг. /хх-н 65/, 

2.3. Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч А.Амгаланбаатарын:..Тухайн үед Чингэлтэй дүүргийн 11 дүгээр сургуулийн уулзвар дээр үүрэг гүйцэтгэж байсан. Осол болох үед ойролцоогоор өглөөний 08 цаг 30 минут болж байсан. Би уулзварын голд зогсоод машинуудыг гэрлэн дохиогоор явуулаад хяналт тавиад зогсож байтал төв замын ногоон гэрэл асч байгаад шар астал зүүнээс баруун тийш явж байсан автобус гэрэл дохио зөрчөөд ороод ирэхэд нь дохиур модоороо зогс гэсэн дохио өгтөл шууд явж орж ирээд явган хүний гарцаар ногоон гэрлээр гарч байсан хүнийг мөргөсөн. Би яг явган хүний гэрэл дохиог бол харсан, ар талаас нь харж байгаа болохоор хүн яаж мөргүүлж байхыг хараагүй гэх мэдүүлэг. /хх-н 66/,

      2.4.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрэлэнгийн №3257 тоот актын:

     1.Б.Нэргүй-н биед дух ясны цөмөрсөн, баруун чамархай,суурь ясны хугарал,баруун нүдний ухархайн гадна ханын шаантагласан хугарал, баруун хоншоор ясны бүх ханын хугарал, баруун хацар ясны нумын хоёрлосон зөрөөтэй хугарал, баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, тархины баруун тал бөмбөлгийн духны дэлбэнгийн няцрал,дарагдал, баруун дух,чамархай, суурийн хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа гэмтэл тогтоогдлоо.

 

     2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

     3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

     4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна. Шинжээч эмч Б.Даваасүрэн гэх дүгнэлт./хх-н 69/,

     2.5. “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ техникийн хяналтын үзлэгийн төв 012676 тоот актын:

      1. DAEWOO маркийн BS106 загварын 0354 УБЧ улсын дугаартай автобус нь техникийн бүрэн бүтэн байдал стандартын шаардлага хангахгүй байна.

      2. Урд салхины шил баруун буландаа цуурч хагарсан  эвдрэл гэмтэлтэй байна.

      3. Зам тээврийн осолд нөлөөлөх эвдрэл гэмтэл байхгүй.

      4. Осолд нөлөөлөхгүй.

      5. Уг машин нь хийн тоормосны системтэй.

      6. Daewoo маркийн BS106 загварын 0354 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн тоормосны систем хэвийн ажиллагаатай стандартын шаардлага хангаж байна. Монгол Улсын зөвлөх инженер С.Соёл-Эрдэнэ, Автотээврийн мэргэшсэн инженер П.Баясгалан, Автотээврийн мэргэшсэн инженер И.Алтансүх гэх дүгнэлт./хх-н 80-84/,

     Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

3.1.Улсын яллагч хавтаст хэргээс:..5-11 дүгээр хуудас хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, ослын хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт, 21-22 дугаар хуудас СиДи-ний бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлүүд, 38-39 дүгээр хуудас хохирогч Б.Нэргүйн мэдүүлэг, 66 дугаар хуудас гэрч А.Амгаланбаатарын мэдүүлэг, 46 дугаар хуудас Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 3257 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав. 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хавтаст хэргээс тусгайлан шинжлэн судлуулах зүйлгүй гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч хавтаст хэргээс 14 дүгээр хуудас С.Пүрэв-Очирын согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан хуудас, 43-57 дугаар хуудас хохирлын баримт, 65 дугаар хуудас гэрч Б.Хишигмаагийн мэдүүлэг, 91 дүгээр хуудас хөрөнгийн үнэлгээний тайлан, 122-124 дүгээр хуудас хохирлын баримт, 128 дугаар хуудас ял шалгах хуудас, шинээр гарган өгсөн 2 хуудас нотлох баримтыг шинжлэн судлав.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтуудыг тогтоов.

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй  болно.

Шүүгдэгч С.Пүрэв-Очир нь 2019 оны 03 дугаар сарын 06-ны өглөө 08 цаг 40 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо,11 дүгээр сургуулийн уулзвар дээр “Дэү Би Эс 106” маркийн 03-54 УБЧ улсын дугаартай автобусыг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.9 дүгээр зүйл ”Гэрэл дохио нь дараах утгатай байна. г/улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно.” гэснийг зөрчсөний улмаас явган хүний гарцаар зам хөндлөн гарч байсан Б.Нэргүйг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч С.Пхохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Мөнгөншагай, иргэний нэхэмжлэгч Ц.Баясалан нарын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлж байгаа мэдүүлэг, хэрэгт хураагдсан 2 ширхэг сиди , зам тээврийн осол , хэргийн газрийн үзлэг, бүдүүвч зураг,үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон  хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Нийслэлийн Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч С.Пүрэв-Очир хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.    

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч гаргасан дүгнэлтэндээ шүүгдэгч Д.Батмөнхийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 1 жил 6 сарын хугацаагаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан болно.

Харин шүүгдэгчийн өмгөөлөгч саналдаа гэм буруу, зүйлчлэлийн хувьд маргахгүй, хүлээн зөвшөөрч байгаа, урьд ял шийтгэл эдлэж байгаагүй, хохирол төлбөргүй, болгоомжгүйгээр үйлдсэн зэрэг гэмт хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж миний үйлдлүүлэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар тэнсэж өгнө үү гэсэн санал гаргасан болно.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч С.Птүүний өмгөөлөгч нь гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.

Шүүх Эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих боломжтой гэж үзэж хорих ял оногдуулахгүйгээр тэнсэхдээ түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршигийг арилгасан зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч хохирол нэхэмжлээгүй зэргийг  хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож үзлээ.

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогч болон иргэний нэхэмжлэгч нар нэхэмжлэх  зүйлгүй, цаашид гарах хохирол нэхэмжлэнэ гэсэн зэргийг харгалзан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/  жилийн хугацаагаар тэнсэх нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                                                                    

                                                                                                                     ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Тайчууд овогт Самбуугийн Пүрэв-Очирыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэгсийн 2.3-д  зааснаар шүүгдэгч С.Пүрэв-Очирыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 1/нэг/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

            3.Шүүгдэгч С.Пүрэв-Очир нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, , хохирогч болон иргэний нэхэмжлэгч нар нь хохирол нэхэмжлээгүй  болохыг тус тус дурдсугай.

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Пүрэв-Очир нь шүүхээс тэнссэн хугацаанд   энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг СД-ийг хэргийн хугацаа дуусах хүртэл хугацаагаар хадгалсугай.

 

6.Хохирогч нь цаашид эмчлүүлэхэд гарсан баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулинд зааснаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

7.Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Пүрэв-Очирт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр  үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.РЕНЧЕНХОРОЛ