Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 0378

 

         

 

 

 

 

 

2016 оны 07 сарын 29 өдөр

      Дугаар 182/ШШ2016/00378

          Улаанбаатар хот

  

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Цэнгэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу 7/1 тоотод байрлах, “Төрийн банк” ХХК /РД:5341469/-ийн нэхэмжлэлтэй,

Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ч.Отгонбаяр /РД:ЖЮ84030816/-ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Болор-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мишээл нар оролцов.         

                                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Болор-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Ч.Отгонбаяр нь тус банктай 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 13/764 тоот лизингийн зээлийн гэрээг байгуулж, 1 378 000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар, 2013 оны 09 дүгээр сарын11-ний өдөр 2/24070 тоот цалингийн зээлийн гэрээ байгуулж, 7 000 000 төгрөгийг жилийн 19,2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар тус тус зээлж авсан.

 Зээлдэгч Ч.Отгонбаяр зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээл эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, улмаар 2014 оны 08 дугаар сараас эхлэн зээлийн төлбөрийг төлөхгүй байгаа болно. Тус банкны зүгээс Ч.Отгонбаярын оршин суух газрын хаягаар очсон боловч тухайн хаягт амьдардагүй болох нь тогтоогдсон. Мөн Ч.Отгонбаярын гар утас нь холбогдох боломжгүй болсон байгаа. Бид зээлийн төлбөрөө шаардах зорилгоор, өөрсдийн боломжоороо хайсан боловч, түүний оршин суугаа газар, хаяг мэдэгдэхгүй, олох боломжгүй байна. Иймд Ч.Отгонбаярыг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү гэв.        

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шнжлэн судлаад

                                                                      ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч “Төрийн банк” ХХК нь зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах зорилгоор иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ч.Отгонбаяр /РД:ЖЮ84030816/-ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д “Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа  газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно” гэж заажээ.

           Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох  Ч.Отгонбаяр нь Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, 2Б хэсэг, Төмөр зам 126 тоотод  оршин суудаггүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 9/020933 тоот лавлагаа, Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд хариуцагч Ч.Отгонбаярыг эрэн сурвалжлах ,түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэсээр гүйцэтгүүлэх нь зүйтэй.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 155.4 дэх заалтыг баримтлан Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, 2Б хэсэг, Төмөр зам 126 тоотод оршин суух /хаягийн бүртгэлтэй/ Ходоодон овгийн Чулуунбаатарын Отгонбаяр /РД:ЖЮ84030816/-ыг эрэн сурвалжилсугай.

2. Ч.Отгонбаярыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.