Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2025/00069

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Т.Гандиймаа, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2024/04994 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч: ******* иргэн ******* /*******/, ******* /*******/

Нэхэмжлэлийн шаардлага: 255,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 ******* нь ******* иргэн ******* /*******/, ******* /*******/ нартай 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, ,,,,,т байрлах, 156 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 700,000,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцсон. ******* нь гэрээний үнийг бүрэн төлж, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр шилжүүлж, ******* өмчлөгч болсон.

1.2 Дээрх үл хөдлөх эд хөрөнгийг үйлчилгээний зориулалтын дагуу ашиглаж байтал хариуцагч нар нь хана өрөн хааж, хоёроос дээш давхарт орц нээж өгөх үед би хана өрсөн хэсгээс үйлчилгээ явуулж байсан хэсгээ татан авсан. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнд талбайг 156 м.кв гэсэн боловч бодит байдал дээр хана өрөн тусгаарласнаас болж би өөрийн хөрөнгөө бүрэн хэмжээгээр ашиглаж чадахгүй байна.

1.3 Иймд хариуцагч талын эзэмшилд байгаа 37.89 м.кв талбайн 1 м.кв талбайн үнийг 4,487,179 төгрөгөөр тооцож нийт 170,000,000 төгрөг, гэрээний 3.5-д зааснаар 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх алданги 85,000,000 төгрөг, нийт 255,000,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч нарын тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Хариуцагч нар 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр *******тай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, өөрийн өмчлөлийн ,,,,,т байрлах, 156 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 700,000,000 төгрөгөөр худалдсан. Хариуцагч нар нь гэрээнд заасан үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчийн эзэмшил, ашиглалтад хүлээлгэн өгч, гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн ба нэхэмжлэгч нь ямар нэгэн гомдол шаардлага гаргаагүй.

2.2 ******* нь анх үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахаас өмнө нийтийн эзэмшлийн талбай болох угтах үйлчилгээний хэсэг буюу хариуцагч талын эзэмшилд байгаа гэх талбай нь хана өрөн тусгаарлагдсан байсныг мэдэж байсан. Үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээг худалдан авагч шалгаж авах эрхтэй, тухайн үед энэ эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан. Мөн үл хөдлөх эд хөрөнгийн дутуу гэх 37.89 м.кв талбайг ямар баримтаар хэрхэн, яаж тогтоосон нь тодорхойгүй байна.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1 Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан нөхцөл бүрдээгүй тул ******* иргэн *******, ******* нарт холбогдох, *******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,590,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын агуулга:

4.1 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нотлох баримтаар гаргаж өгсөн тусгай зөвшөөрөлтэй компанийн хэмжилтээр *******гийн ашиглаж байгаа тайлбай 117,57 м.кв байх бөгөөд гэрээнд заасан 156 м.кв хүрэхгүй байгаа нь тогтоогддог. Мөн хариуцагч хариу тайлбартаа ...******* нь эзэмшиж байгаа талбай нь хана өрөгдөн тусгаарлагдсан байсныг мэдэж байсан. Гэтэл ******* нь нэхэмжлэлдээ тухайн үл хөдлөх эд хөрөнгийг ашиглаж байтал хана өрөн хаасан мэтээр бодит байдалд нийцээгүй тайлбар гаргасан байна гэж гэрээнд заасан хэмжээгээр талбайг шилжүүлээгүй, энэхүү маргаан бүхий талбайг шилжүүлэн өгөх санаа зорилго анхнаасаа байгаагүйг хүлээн зөвшөөрдөг.

Мөн гэрчүүдийн мэдүүлгээр *******гийн өмчилж байгаа талбай баруун талдаа төмөр торон ханатай хаалга гаргасан, энэ хаалгаар *******гийн дэлгүүрээр үйлчлүүлэгч нар орж гарч үйлчлүүлдэг байсан боловч сүүлд битүү ханатай болсноор ******* өмчлөх эрхээ хэрэгжүүлж чадахгүй болсон нь тогтоогддог. Гэтэл анхан шатны шүүх Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Хариуцагч нар худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн 156 м.кв талбайг шилжүүлэх үүргээс гэрээнд заасан ёсоор гүйцэтгээгүй, гэрээний үүрэг зөрчигдсөн тул ******* гэрээний зарим хэсгээс татгалзах нь үндэслэлтэй.

4.2 Хариуцагч нар *******д 117,57 м.кв талбай шилжүүлсэн бөгөөд талбайн баруун хэсэг дундаа хаалгатай төмөр торон ханатай энэ хаалгаар үйлчлүүлэгч нар орж гардаг байсан. Гэтэл хариуцагч нар битүү хана барьж, хаалгыг битүүлсэн. Өөрөөр хэлбэл ******* нь нарт нэмэлт хугацаа тогтоох буюу урьдчилан сануулах шаардлагагүй тэднээс ямар нэгэн үр дүн гарахгүй нь илт болсон.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

5.1 Талуудын хооронд 2022 оны 01 дүгээр сард худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Хариуцагч өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг 700,000,000 төгрөгөөр худалдсан.

5.2 Гэрээний дагуу эзэмших, ашиглах эрх нэхэмжлэгчид шилжсэн. Өмчлөгч болсон өдрөөс хойш эд зүйлийг ашиглах боломжгүй болсон тул гэрээнээс татгалзах саналыг шүүх хуралдааны явцад гаргасан. Нэхэмжлэгч гэрээний зарим хэсгээс татгалзаж, 170,000,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан болох нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан.

Иймд гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаав.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* иргэн ******* /*******/, ******* /*******/ нарт холбогдуулан үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн 37.89 м.кв талбайн үнэ 170,000,000 төгрөг, алданги 85,000,000 төгрөг, нийт 255,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

2.1 Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...Үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж авсны дараа хариуцагч нар хана өрөн тусгаарласнаас болж би өөрийн хөрөнгөө бүрэн хэмжээгээр ашиглаж чадахгүй байна. Иймд хариуцагч талын эзэмшилд байгаа 37.89 м.кв талбайн үнэ 170,000,000 төгрөг, гэрээний 3.5-д зааснаар алданги 85,000,000 төгрөг гаргуулна гэж тодорхойлсон.

2.2 Хариуцагч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг ...******* нь анх үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахаас өмнө нийтийн эзэмшлийн талбай болох угтах үйлчилгээний хэсэг буюу хариуцагч талын эзэмшилд байгаа гэх талбай нь хана өрөгдөн тусгаарлагдсан байсныг мэдэж байсан. Мөн үл хөдлөх эд хөрөнгийн дутуу гэх 37.89 м.кв талбайг ямар баримтаар хэрхэн, яаж тогтоосон нь тодорхойгүй гэж үгүйсгэн маргажээ.

3. 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 0076 дугаартай худалдах, худалдан авах гэрээ /үл хөдлөх эд хөрөнгө/-ээр хариуцагч нар нь улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, ,,,,, тоот хаягт байршилтай, 156 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчид 700,000,000 төгрөгөөр худалдахаар заажээ. /хх 19-20/

3.1 Хэрэгт авагдсан баримтаар гэрээний зүйл болох дээрх үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх үед тухайн үл хөдлөх эд хөрөнгийн талбайн хэмжээ хэд байсан үйл баримт тодорхойгүй байна. Улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 8/ болон гэрээнд талбайн хэмжээг 156 м.кв гэж, харин -ийн хэмжилтэд 117.57 м.кв гэж заасан. /хх 131-135/ Уг нөхцөл байдлаас үзвэл, тухайн үл хөдлөх эд хөрөнгийг улсын комисс хүлээн авах үед дээрх талбайн хэмжээний талаарх үйл баримтыг тодруулах шаардлагатай байх бөгөөд энэ талаар хэрэгт баримт авагдаагүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгийн талбайн хэмжээнээс дундын өмчлөлд буцаан шилжүүлэгдсэн эсэх үйл баримтыг тодруулах нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой.

3.2 Түүнчлэн, нэхэмжлэлийн шаардлага нь үл хөдлөх эд хөрөнгийн биет байдлын доголдолтой, эсхүл өмчлөгчийн шаардах эрхтэй холбоотой эсэхийг шүүх тодруулаагүй нь учир дутагдалтай болжээ.

4. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг болон хэргийн үйл баримтыг бүрэн тодруулаагүй байхад давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд үйл баримтын талаар дүгнэлт өгч, хэргийг шийдвэрлэх, мөн уг ажиллагааг нөхөн гүйцэтгэх, зөвтгөх боломжгүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт заасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байна.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2024/04994 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,591,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

М.БАЯСГАЛАН