Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 0383

 

 

 

 

 

 

2016 оны 07 сарын 29 өдөр

       Дугаар 182/ШШ2016/00383

 

 Улаанбаатар хот

 

 

 

                           Зохигчдын эвлэрлийг баталж,

                         хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Цэнгэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 24 дүгээр хороо, Хоршоолол 1 гудамж 20 тоотод оршин суух, 25 настай, эмэгтэй, Боржигин овгийн Зоригтбаатарын Энхбаяр /РД:СЮ91042308/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, “Пийс тауэр” 10 дугаар давхар 1003 тоотод байрлах, “Баянзууч Проперти” ХХК /РД:5761735/-д холбогдох

Гэрээний үүрэг болох 350 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З.Энхбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Бат-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мишээл нар оролцов.                                                                                               

  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч З.Энхбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянзууч”  ХХК-иар зуучлуулан Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Тээвэрчдийн гудамж, 56А байрны 2 давхрын 8 тоотын хоёр өрөө орон сууцыг 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай, сарын 700 000 төгрөгөөр түрээслэхээр болсон. Урьдчилгаа мөнгө болон барьцааны мөнгө 700 000 төгрөгийг тус тус “Баянзууч Проперти” ХХК-ийн дансанд хийсэн.

Гэрээний хугацаа дуусч, “Баянзууч Проперти” ХХК-иас барьцааны 700 000 төгрөгийг буцаан олгохдоо 350 000 төгрөгийг өгч, “үлдэгдэл 350 000 төгрөгийг өгнө” гэсээр байгаад өнөөдрийг хүрлээ. Иймд хариуцагч “Баянзууч Проперти” ХХК-иас 350 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан юм.

Шүүх хуралдаанаар хэрэг хэлэлцэх явцад нэхэмжлэгч З.Энхбаяр миний бие хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Бат-Эрдэнэтэй харилцан тохиролцсоны дагуу нэхэмжлэлийн шаардлага болох 350 000 төгрөгийг 2 хувааж төлж /2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 175 000 төгрөгийг, 2016 оны 08 дугаар сарын 26-ны 175 000 төгрөгийг тус тус төлөхөөр/ барагдуулахаар эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулж байна. Иймд бидний эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Бат-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч З.Энхбаяртай харилцан тохиролцсон хуваарийн дагуу барьцаа төлбөрийн үлдэгдэл 350 000 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд  төлж барагдуулахаар эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулж байна. Иймд бидний эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг  шинжлэн судлаад

                                                                                                                     ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч З.Энхбаяр нь хариуцагч “Баянзууч Проперти” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэг болох болох 350 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх хуралдаанаар хэрэг хэлэлцэх явцад нэхэмжлэгч З.Энхбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Бат-Эрдэнэ нар харилцан тохиролцож, нэхэмжлэлийн шаардлага болох 350 000 төгрөгийг

- 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 175 000 төгрөг,

- 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 175 000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрч байгаа болох нь зохигчдын тайлбар, тэдний хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээ, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна. /х.х-ийн 28 тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд эвлэрэх эрхтэй тул зохигчдын хүсэлтийг хүлээн авах боломжтой гэж үзлээ.

 

Хариуцагч “Баянзууч Проперти” ХХК-ийн захирал С.Үүрцайх нь шүүхэд төлөөлөх, хүлээн зөвшөөрөх, эвлэрэх эрхийг О.Бат-Эрдэнэд итгэмжлэлээр олгосон байх бөгөөд итгэмжлэл хүчин төгөлдөр байна. /х.х-ийн 26 тал/

 

Зохигчид эвлэрлийн гэрээг хуульд заасан журмаар бичгээр байгуулж, талууд гарын зурсан ба эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч З.Энхбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Бат-Эрдэнэ нарын гэрээгээр тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3 дах заалтыг удирдлага болгон

                                                                                                       ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч З.Энхбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Бат-Эрдэнэ нар нь харилцан тохиролцож, нэхэмжлэлийн шаардлага болох 350 000 /гурван зуун тавин мянган/ төгрөгийг

- 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 175 000 төгрөг,

- 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 175 000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн, зохигчдын эвлэрлийг батлаж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 106 дугаар зүйлийн 106.6 дах заалтуудыг баримтлан нэхэмжлэгч З.Энхбаяраас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11 150 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч “Баянзууч Проперти” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 11 150 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч З.Энхбаярт тус тус олгосугай.

 3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.