| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 181/2024/03169/И |
| Дугаар | 210/МА2025/00070 |
| Огноо | 2025-01-08 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 210/МА2025/00070
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Т.Гандиймаа, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2024/04322 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: *******
Хариуцагч: *******
Нэхэмжлэлийн шаардлага: 21,250,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1 ******* нь Дархан-Уул аймгийн сумын төвийн 8 дугаар багийг 1 дүгээр багтай холбох авто замын гүүрэн гарц ажлын хоёр дахь үе шатны ажилд *******-тай 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гэрээ байгуулан ажилласан. Гэрээний дагуу урьдчилгаа төлбөрт 25,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Гэрээнд зааснаар хариуцагч нь 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хуанлийн 10 хоног автокран түрээслүүлэх байсан. Гэвч хариуцагчийн автокран нь 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр талбай дээр ирж, 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр өргөлт хийж, 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр буцсан. Үлдэгдэл ажлыг талбай бэлэн болоогүй, аюултай гэх шалтгаанаар гүйцэтгээгүй.
1.2 Иймд хариуцагч нь гэрээний дагуу ажлаа бүрэн гүйцэтгээгүй тул бид ирж, буцах зардлын төлбөрийг төлөх боломжгүй. Автокран түрээслэхээр шилжүүлсэн урьдчилгаа 25,000,000 төгрөгөөс гэрээний дагуу 1 өдөр ажилласан төлбөр 3,750,000 төгрөгийг хасаад үлдэх 21,250,000 төгрөгийг *******-аас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1 Талуудын хооронд байгуулагдсан гэрээ 2 хэсгээс бүрдэж байгаа. 1-д Өргөх үйл ажиллагааны 10 хоногийн түрээсийн үнэ 37,500,000 төгрөг, 2-т Тээврийн зардал 11,000,000 төгрөг байна.
Гэрээний 3.1-д зааснаар ******* нь ачааны тээвэр автокраныг зөөвөрлөх ажлыг зохион байгуулах түрээслэгч зардлыг төлөх юм. Тээврийн зардал, зөөвөрлөх ажил гэрээний дагуу бүрэн гүйцэтгэсэн. Тээврийн зардал 12,100,000 төгрөг болсон.
*******-аас тавьсан ажлын хүсэлтийн дагуу өргөх ажил нь Улаанбаатар-Дархан чиглэлийн төмөр зам дээгүүр тавих ган дам нурууны ажил байсан. Хэсэг бүр 6 ган дам нуруу, нийт 12 дам нуруутай байсан. ******* 2 хэсгийг дуусгахын тулд 10 хоног ажиллахыг зөвшөөрсөн. ******* төмөр замын зүүн талын дам нурууг өргөсөн. Үр ашигтай, аюулгүй ажиллаж 6 дам нурууг өргөх ажлыг 5 хоногт биш 1 хоногт хийж дуусгасан.
2.2 ******* нь 20,650,000 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн. Гэрээний 3.12-т зааснаар аюулгүй өргөх эцсийн шийдвэр краны ахлах оператор *******ын мэдэлд байна. Операторын мэргэшсэн үнэлгээгээр уг өргөлт нь аюултай байсан бөгөөд удирдлага болон бусад баримтаар өргөлтийг цуцалсан. Гэрээний 3.13-т заасны дагуу ******* гэрээний 3.12-т заасан зүйлсээс үүдэлтэй аливаа хохирол, үйлдвэрийн бүтээмжийн алдагдал болон зардлыг хариуцахгүй. Баруун талын 6 дам нурууг өргөх ажлыг ******* гүйцэтгэхийг хүссэн боловч хүлээн зөвшөөрөгдөөгүй, эрсдэл үүсэх эрсдэлтэй байсан учраас өргөлтийн ажлыг гүйцэтгээгүй.
2.3 Гэрээний 3.7, 3.10-д заасны дагуу *******-аас нийлүүлсэн тоног төхөөрөмжийг *******-ийн ажилчид гэмтээсэн тул эвдэрсэн төхөөрөмжийг солих зардалд 2,200,000 төгрөгийг зарцуулсан. Гэрээний 2.9-д зааснаар Улаанбаатар хотоос гадуур ажиллах үед ******* нь *******-ийн ажилчдыг хоол, байраар хангах үүрэгтэй. Үүнийг өгөөгүй бөгөөд *******-ийн ажилчид зочид буудалд байрлаж, ресторан хоол гэх мэт 1,500,000 төгрөгийн зардал гарсан. Нэхэмжлэгч нь хариуцагчид гэрээний дагуу нийт 36,425,000 төгрөгийн нөхөн төлбөр төлөх ёстой ба одоогоор 25,000,000 төгрөг авсан, 11,425,000 төгрөг дутуу байгаа. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
3.1 Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасныг баримтлан хариуцагч *******-аас 21,250,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 264,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-аас 264,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэсэн.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1 Шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 3 дугаар хэсэгт нотлох баримтын талаар дурдсан боловч хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг нь шүүхээс хэрхэн үнэлж талаар дурдаагүй. Хэргийн оролцогчдын гаргаж өгсөн баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлага хангаагүй.
Иймд шүүх нотлох баримт бүрдүүлэх эрх, үүргийн талаар зохигчдод тайлбарлах тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1 дэх хэсэгт заасан үүргээ хэрхэн биелүүлсэн, тайлбарласан эсэх нь тодорхойгүй, нотлох баримт бүрдүүлэх журам зөрчигдсөнөөс үүдэлтэй бөгөөд хэргийн оролцогчдын нотлох баримт бүрдүүлэх эрх хангагдсан гэж үзэхгүй.
4.2 ******* нь 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэл гаргасныг шүүхээс иргэний хэрэг үүсгэсэн. ******* тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн эрх ашгийг шүүхэд төлөөлүүлэхээр ажилтан *******ийг томилсон тухай 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн англи хэл дээр үйлдэгдсэн 04/17 дугаар бүхий албан бичгээр олгосон итгэмжлэл хэрэгт авагдсан байна. Үүсгээгүй байгаа хэрэгт хамаатуулан итгэмжлэл олгогдсон мэт харагдах уг итгэмжлэлийн монгол хэл рүү орчуулсан хувилбарыг 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Нийслэлийн тойргийн 344 дугаартай ******* ...үйлдлийн үнэн зөвийг гэрчлэв гэсэн тамга даран гэрчилсэн. Ингэхдээ хэрэгт авагдсан монгол хэл дээр үйлдэгдсэн орчуулгын тамга бүхий бичиг баримтад *******-ийн гүйцэтгэх захирал ******* гарын үсэг зурсан байх боловч тэрээр үүнийг ойлгож гарын үсэг зурсан эсэх талаар ямар нэг баримт тэмдэглэл хэрэгт байхгүй. Тухайн орчуулга нь ямар хэлнээс орчуулсан болох нь тодорхой биш байна. Нотариатын гэрчилсэн боловч хуульд заасан шаардлага хангасан гэж үзэхээргүй итгэмжлэлийг үндэслэн зөрчилтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчиж явуулсан.
4.3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа нь ялгаварлахгүй, эрх тэгш байх явагдах зарчим хариуцагч ******* болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ийн хувьд үйлчлээгүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуулийн зөвлөгөө аваагүй. Шүүх хариуцагчийн эрх, үүргээ хэрэгжүүлэх эрхийг хязгаарласан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1 дэх хэсэгт заасан үүргийг шүүх хэрэгжүүлэх байтал нотлох баримт бүрдүүлж өгсөн байдлаас үзэхэд хэрэгжээгүй байна.
4.4 Түүнчлэн, хариуцагч талаас 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн шүүхийн шийдвэрийг 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр шүүхээс мэдэгдсэн даруй гардаж авсан. Үүний дараагаар тэрээр удаа дараа анхан шатны шүүхийн хуралдааны тэмдэглэлтэй танилцах хүсэлт гаргасан боловч түүнд танилцуулах боломжгүй гэх хариуг шүүгчийн туслах өгсөн. Хэргийн материал, хурлын тэмдэглэлтэй танилцах эрхийг хязгаарласан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсэгт заасан заалт хэрэгжихгүй байгаа. Мөн хэргийн оролцогчийн эрхээ хэрэгжүүлэхэд хязгаарлаж байгаагаас мөн шүүх хуралдаан ямар байдлаар, хэрхэн явагдсанд дүгнэлт хийх боломж олгоогүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:
5.1 ******* үүргээ биелүүлээгүй. Мөн гэрээнд заасан үүргээ гүйцэтгээгүй атлаа урьдчилгаа төлбөрөө бүрэн авсан. ******* нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.2 дахь хэсэгт зааснаар гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй.
5.2 Хариуцагч тал гомдолдоо ялгаварлахгүй, эрх тэгш байх зарчмыг зөрчсөн гэж үзсэн байна. Тэгш бус хандсан гэдгийг нотлох баримт байгаа эсэх, шүүх тэгш бус хандах үндэслэл байхгүй гэж үзэж байна.
5.3 Хариуцагч Сонофорте групп ХХК өөрсдийн татгалзлаа нотолж байгаа баримтаа нотлох баримтын шаардлага хангуулж шүүхэд гаргаж өгөх ёстой байсан.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан 21,250,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. ******* болон *******-ууд 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Кран түрээслүүлэх гэрээ байгуулсан. Гэрээгээр ******* нь өөрийн эзэмшлийн Demag AC 140 маркийн автокраныг, 39 тонн эсрэг жингийн хамт нийт 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл хуанлийн 19 хоног түрээслэхээр заасан /хх10/ боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид тухайн 19 хоногийг 10 хоног *******-д түрээслүүлэхээр тохиролцсон гэж тайлбар гаргаж, уг хугацааны талаар маргаагүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн.
3.1 Гэрээгээр түрээсийн төлбөрийг дээр заасан хугацаанд нэхэмжлэгч нь 37,500,000 төгрөгийг, өргөлт хийх өдрийг нэмж сунгах тохиолдолд 1 өдрийн 2,500,000 төгрөг, НӨАТ-гүйгээр тооцож *******-д /НӨАТ-гүй/, мөн ажлаас буух зардалд 11,000,000 төгрөг /НӨАТ-гүй/ төлөхөөр тус тус харилцан тохиролцсон. /хх 10-14/
4. Анхан шатны шүүх талуудын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт нийцсэн байна. Талууд түрээсийн гэрээний хүчин төгөлдөр байдал болон гэрээний дагуу нэхэмжлэгчээс урьдчилгаа төлбөрт 25,000,000 төгрөгийг хариуцагчид төлсөн, хариуцагч нь Дархан-Уул аймгийн, Дархан хот, Дархан бриж төслийн талбайд Demag AC 140 маркийн автокранаар 1 өдөр өргөлт хийн ажилласан үйл баримтын талаар маргаагүй. /хх 8/
5. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5 дахь хэсэгт зааснаар энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ. Мөн хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2.1 дэх хэсэгт зааснаар нэг тал нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй гэм буруутай бол нөгөө талын санаачилгаар талууд гэрээг цуцалж болно. Гэтэл хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчийг гэрээний үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй гэм буруутай гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь түрээсийн гэрээг нэхэмжлэгчийн гэрээний үүргийн зөрчлийн улмаас цуцалсан гэх тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна. Иймд хариуцагчийг түрээсийн гэрээг үндэслэлгүйгээр цуцалсан гэж үзнэ.
5.1 Хариуцагч түрээсийн гэрээг үндэслэлгүйгээр цуцалсан тул нэхэмжлэгч нь 1 өдрийн түрээсийн төлбөрт 3,750,000 төгрөгийг хариуцагчид төлж, урьдчилгаа төлбөрөөс үлдэх 21,250,000 төгрөгийг хариуцагчаас буцаан шаардах эрхтэй. Энэ талаарх[БЭ1] анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт нийцсэн байна.
5.2 Түүнчлэн, хариуцагч нь тухайн түрээсийн урьдчилгаа төлбөрөөс хариуцагчаас гарсан зардал гэх 36,425,000 төгрөгийг харилцан тооцох агуулга бүхий татгалзлаа баримтаар нотлоогүйг шүүх зөв дүгнэсэн.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...Хэргийн 34-42 дугаар талд авагдсан баримт нотлох баримтын шаардлага хангаагүй гэх давж заалдах гомдлыг хангахгүй. Учир нь, хариуцагчийн заасан талд талуудын хооронд байгуулагдсан гэрээ нотлох баримтын шаардлага хангаагүй боловч уг гэрээ хэргийн 10-14 дүгээр талд нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр авагдсан байх тул уг гэрээг дахин нотлох баримтын шаардлага хангуулан хэрэгт хавсаргах шаардлагагүй. Харин анхан шатны шүүх нотлох баримтын шаардлага хангасан гэрээ хэрэгт баримтаар авагдсан байхад нотлох баримтын шаардлага хангаагүй хэлбэрээр талуудаас гаргаж өгсөн гэрээний хувийг давхардуулан авах шаардлагагүй байсныг дурдах нь зүйтэй.
6.1 Мөн шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэлийг гардуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрх, үүргийг мөн өдөр тайлбарлажээ. /хх 23-24/ Иймд хариуцагч тал өөрөө нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр баримтаа гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ хэрэгжүүлээгүй байна.
6.2 Хариуцагч *******-аас 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 04/17 дугаартай итгэмжлэлээр *******эд *******-ийн нэхэмжлэлтэй *******-д холбогдох хэрэгт төлөөлөх итгэмжлэлийг 3 жилийн хугацаатай олгосон байна. Уг итгэмжлэлийг хариуцагч талаас нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй. Итгэмжлэлийг хуульд заасан шаардлагыг хангасан гэж үзэн шүүхэд ирүүлснийг шүүх хүлээн авсныг буруутгах боломжгүй. Иймд ...итгэмжлэл хуульд заасан шаардлагыг хангаагүй гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй.
6.3 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүхээс 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр эрх, үүргийг тайлбарлан өгч, гарын үсэг зуруулж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1 дэх хэсэгт заасан ажиллагааг явуулсан байна. Иймд диспозив зарчимын хүрээнд хариуцагч эрхээ хэрэгжүүлэх эсэхээ өөрөө сонгох тул шүүхийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
6.4 Шүүх хуралдааны тэмдэглэл хугацаандаа гараагүй талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна.
7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2024/04322 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 274,126 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА
М.БАЯСГАЛАН
[БЭ1]Шүүгчээ 205.1 болгоод засах уу