| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2019/0439/Э |
| Дугаар | 462 |
| Огноо | 2019-06-24 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Т.Мижиддорж |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 462
2019 06 24 2019/ШЦТ/462
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Мижиддорж /томилолтоор/,
хохирогч Ц.Е-,
шүүгдэгч И.Б-, түүний өмгөөлөгч Ц.Ганчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт И-ын Б-т холбогдох эрүүгийн 1910013470482 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсыи иргэн,
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэнд бичигдснээр/
Шүүгдэгч И.Б- нь 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 14 цаг 48 минутанд Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр 91 дүгээр байрны гадна зогсоол дээр байсан .... улсын дугаартай “Тоёота Приус-30” маркийн тээврийн хэрэгслийн тээшинд байсан 500 метрийн урттай барилгын өндрийн ажлын зориулалттай олсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Ц.Е-д 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч И.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй, гэм буруугийн талаар маргахгүй гэв.
Хохирогч Ц.Е- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр гэр бүлийнхэнтэйгээ гадуур явж байгаад машинаа араас мөргүүлсэн. Үүнээс болж машины тээшний түгжээ эвдэрсэн тул төмөр утсаар уяад байрныхаа гадна хяналтын камерын урд хонуулсан. Гэтэл 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 14 цаг ... орчимд машины тээш онгойсон байсан. Тээшинд байсан ногоон шуудайтай барилгын олсоо хулгайд алдагдсан байхаар нь Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Манай байрны 1 давхарт байрладаг “Гацуурт” хүнсний дэлгүүрийн хяналтын камер болон замын урд талын “К март” дэлгүүрийн хяналтын камерын бичлэгүүдийг шүүж үзсэн. Манай байрны хойд талд эзэнгүй монгол гэртэй хашаа байдаг. Шүүгдэгч Б- тухайн хашаанд орсон байдаг ба хашаанаас гараад явж байхдаа миний тээш онгорхой байгааг мэдсэн байх. Хяналтын камерын бичлэгээс харахад Б- олс аваад гарч байгаа нь харагдахаар нь бичлэгийг хуулбарлан авсан. Би Б-ийн царайг хараад дэлгүүрийн хүмүүсээс асуухад гол дээр сууж байдаг хүн байж магадгүй гэж хэлсэн. Би гол дээр очоод тэнд байсан майхан руу очиж үзэхэд Б- байсан. Миний алдсан олс нь ОХУ-аас авсан 12мм голчтой, хөнгөн чанарын олс байсан. Үнэлгээний байгууллага миний олсыг бага үнээр үнэлсэн байна лээ. Зах дээрээс худалдан авахад 1 метр нь 2500 төгрөг болдог. Би 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс хойш ажлаа хийж чадахгүй байгаа. Тухайн олсоо олж авч чадахгүй байгаа тул цаашид ОХУ-аас захиалж авах байх. Би олсоо яаралтай буцааж авах хүсэлттэй байна. Учир нь би тухайн олсыг ажилдаа ашиглаж байрны зээлээ төлж, хоол хүнснийхээ мөнгийг олдог. Иймд би одоогоор ажил хийх боломжгүй болчихоод байна. Тухайн олс 500 метрийн урттай байсан. Би 1.000.000 төгрөгөө нэхэмжилж байна гэв.
Эрүүгийн 1910013470482 дугаартай хэргээс:
Хохирогч Ц.Е- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 91 дүгээр байрны гадна талд өөрийн эзэмшлийн .... УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслээ өглөөний 10 цагаас 16 цагийн хооронд байрлуулсан. 16 цаг өнгөрөөд гэрээсээ гарч ирэхэд миний машины тээш онгорхой байхаар нь очоод үзтэл тээшинд байсан 500 метрийн урттай барилгын өндрийн ажлын зориулалттай ногоон өнгийн ууттай олс алга болчихсон байсан. Өмнөх өдөр миний машины хойд талаас машин мөргөөд тээшний цоож эвдэрчихсэн байсан болохоор төмөр утсаар уясан байсан. Цагдаа нар ирсний дараа манай байрны 1 дүгээр давхарт байдаг дэлгүүрийн хяналтын камер шүүж үзэхэд хэрэгт авагдсан хүний хувцастай адилхан хүн /Б-/ ногоон өнгийн цүнхийг үүрээд зам гараад явж байгаа бичлэг байсан. Тэгээд би Туулын бургасанд очиж үзтэл камерт өртсөн хүн /Б-/ архи уугаад сууж байсан. Тэр хавиар гэр оронгүй хүмүүс цугладаг болохоор байж магадгүй гэж бодоод очоод үзтэл миний ногоон өнгийн ууттай олсыг хулгайлсан хүн /Б-/ байсан. ...Миний машины тээшинд 500 метрийн урттай олс байсан ба 1 метр нь 2.000 төгрөг, нийт 1.000.000 төгрөгийн үнэлгээтэй олс байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р хуудас/,
“Мастер үнэлгээ”’ ХХК-ний тодорхойлолтод “...ОХУ-д үйлдвэрлэсэн 12-н голчтой барилгын өндрөөс буух зориулалттай даацын олсны зах зээлийн дундаж үнэ 1м нь 2000 төгрөгийн үнэтэй байгааг тодорхойлов” гэсэн. /хх-ийн 29-р хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-8-р хуудас/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай /хх-ийн 9-р хуудас/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 13-15-р хуудас/,
Шүүгдэгч И.Б- мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: Би 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдөр гадуур шил, лааз цуглуулж байгаад Хараагүйчүүдийн ойролцоо хоёрдогч түүхий эд авах цэг дээр очиж шил, лаазнуудаа тушаахад 12.800 төгрөг болсон. Тэгээд мөнгөөрөө 0.75 граммын савлагаатай “Шим” архинаас 2 шилийг аваад Туулын бургасанд очиж тэнд байдаг хүмүүстэй хамт уусан. Би нилээн согтсон гадуур алхаж байсан. Нэг мэдэхэд л эрүүлжүүлэх байранд сэрсэн. Би хулгайн эд зүйлээ хаана тавьснаа санахгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 88-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 50-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 61-р хуудас/, Хан-Уул дүүргийн шүүхийн 2003 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 184 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 77-78-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотлогдвол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч И.Б-ийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Гэм буруугийн талаар.
Шүүгдэгч И.Б- нь 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 14 цаг 48 минутын үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр 91 дүгээр байрны гадна зогсоол дээр байсан хохирогч Ц.Е-гийн эзэмшлийн .... улсын дугаартай “Тоёота Приус-30” маркийн тээврийн хэрэгслийн тээшнээс 500 метрийн урттай барилгын өндрийн ажлын зориулалттай олсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Ц.Е- мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр гэр бүлийнхэнтэйгээ гадуур явж байгаад машинаа араас мөргүүлсэн. Үүнээс болж машины тээшний түгжээ эвдэрсэн тул төмөр утсаар уяад байрныхаа гадна хяналтын камерын урд тавьсан. Гэтэл 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдөр машины тээш онгойсон байсан. Машины тээшинд байсан ногоон шуудайтай барилгын олсоо хулгайд алдагдсан. Цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд манай байрны 1 давхарт байрладаг “Гацуурт” хүнсний дэлгүүрийн хяналтын камер болон замын урд талын “К март” дэлгүүрийн хяналтын камерын бичлэгүүдийг шүүж үзсэн. Манай байрны хойд талд эзэнгүй монгол гэртэй хашаа байдаг. Шүүгдэгч Б- тухайн хашаанд орсон байдаг ба хашаанаас гараад явж байхдаа миний тээш онгорхой байгааг мэдсэн байх. Хяналтын камерын бичлэгээс харахад Б- олс аваад гарч байгаа бичлэгийг хуулбарлан авсан. Би Б-ийн царайг хараад дэлгүүрийн хүмүүсээс асуухад гол дээр сууж байдаг хүн байж магадгүй гэж хэлсэн. Намайг гол дээр очиход Б- архи уусан байсан. Миний алдсан олс нь ОХУ-д үйлдвэрлэгдсэн 12мм голчтой, хөнгөн чанарын олс байсан. Үнэлгээний байгууллага миний олсыг бага үнээр үнэлсэн байна лээ. Зах дээрээс худалдан авахад 1 метр нь 2500 төгрөг болдог. Би 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс хойш ажлаа хийж чадахгүй байгаа. Тухайн олсоо олж авч чадахгүй байгаа тул цаашид ОХУ-аас захиалж авах байх. Би олсоо яаралтай буцааж авах хүсэлттэй байна. Учир нь би тухайн олсыг ажилдаа ашиглаж байрны зээлээ төлж, хоол хүнснийхээ мөнгийг олдог. Иймд би одоогоор ажил хийх боломжгүй болчихоод байна. Тухайн олс 500 метрийн урттай байсан. Би 1.000.000 төгрөгөө нэхэмжилж байна гэх мэдүүлэг,
“Мастер үнэлгээ”’ ХХК-ний тодорхойлолтод “...ОХУ-д үйлдвэрлэсэн 12-н голчтой барилгын өндрөөс буух зориулалттай даацын олсны зах зээлийн дундаж үнэ 1м нь 2000 төгрөгийн үнэтэй байгааг тодорхойлов.” гэсэн. /хх-ийн 29-р хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-8-р хуудас/,
Шүүгдэгч И.Б- мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: Би 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдөр гадуур шил, лааз цуглуулж байгаад Хараагүйчүүдийн ойролцоо хоёрдогч түүхий эд авах цэг дээр очиж шил, лаазнуудаа тушаахад 12.800 төгрөг болсон. Тэгээд мөнгөөрөө 0.75 граммын савлагаатай “Шим” архинаас 2 шилийг аваад Туулын бургасанд очиж тэнд байдаг хүмүүстэй хамт уусан. Би нилээн согтсон гадуур алхаж байсан. Нэг мэдэхэд л эрүүлжүүлэх байранд сэрсэн. Би хулгайн эд зүйлээ хаана тавьснаа санахгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 88-р хуудас/,
Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерын бичлэгт: орон сууцны дундах замаар улаан өнгийн суудлын автомашин явж өнгөрөхөд улаан захтай, ханцуй нь цагаан өнгийн кант бүхий хар өнгийн бэлтгэлийн цамцтай, цайвар өнгийн өмдтэй, саравчтай малгайтай эрэгтэй хүн /Б-/ ногоон шуудайтай зүйл үүрсэн зам хөндлөн гарч, явган хүний замаар явав. ...Байшингийн урд талд байрлах автомашины зогсоолоос саравчтай малгайтай, улаан захтай, ханцуйгаараа цагаан кант бүхий хар өнгийн бэлтгэлийн цамц, саарал өнгийн өмд өмссөн эрэгтэй хүн /Б-/ явж буй бичлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч И.Б-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан ба, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс миний үйлчлүүлэгчийг камерын бичлэгт өртсөн байдлаар хэрэгт буруутгаж болохгүй. Мөн замын цаана явж байгаа дүрс бичлэгээр И.Б- мөн эсэх нь эргэлзээтэй байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ашигтайгаар шийдвэрлэж цагаатгаж өгнө үү гэсэн санал гаргаж мэтгэлцэв. Харин шүүгдэгч И.Б- нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан камерын бичлэгт туссан хүнийг “өөрийгөө мөн” гэж хүлээн зөвшөөрч маргаагүй болно.
Хохирогч Ц.Е- нь эд зүйлээ хулгайд алдснаа мэдмэгц “Гацуурт” ХХК-ийн нэрийн барааны дэлгүүрийн камерын бичлэгийг шүүхэд “улаан захтай, ханцуйгаараа цагаан өнгийн кант бүхий хар өнгийн бэлтгэлийн цамц, цайвар өнгийн өмдтэй эрэгтэй хүн замаар явж өнгөрсөн бичлэг мөн тухайн эрэгтэй хүн ногоон өнгийн шуудайтай зүйл буюу өөрийнх нь автомашинд байсан олсыг үүрсэн байдалтай явж буй бичлэгийг үзээд Цагдаагийн байгууллагад дуудлага өгч Туул голын эрэг дээр очиход камерын бичлэгт байсан эрэгтэй буюу И.Б- архи суусан байдалтай сууж байсан” талаар тодорхой мэдүүлсэн, хэрэгт Эд мөрийн баримтаар ирүүлсэн бичлэг бүхий СД-г шинжлэн судлахад “шүүгдэгч И.Б- нь улаан захтай, ханцуйгаараа цагаан өнгийн кант бүхий бэлтгэлийн цамцтай цайвар өнгийн өмдтэй явж буй бичлэг мөн, замын цаагуур ногоон өнгийн шуудайтай зүйл үүрсэн байдалтай явж буй дүрс бичлэгийн цаг хохирогчийн эд зүйлээ хулгайд алдсан цаг хугацаатай тохирсон, түүнчлэн шүүгдэгч И.Б-ийг “Туул” голын эрэг дээр саатуулах үед авсан фото зураг зэргээс үзэхэд шүүгдэгч И.Б- нь хохирогч Ц.Е-н эд зүйлийг хулгайлсан нь нотлогдож байна. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан “И.Б- гэмт хэрэг үйлдсэн нь эргэлзээтэй” гэх саналыг үндэслэлгүй гэж үзлээ. Шүүгдэгч нь “архи уусан тул юу хийснээ санахгүй байна” гэж мэдүүлсэн нь түүний гэм бурууг үгүйсгэх үндэслэл болохгүй юм.
Иймд шүүгдэгч И.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан ба шүүгдэгчийн үйлдсэн дээрх хулгайн гэмт хэргийн улмаас:
Хохирогч Ц.Е-гийн эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээг 1.000.000 төгрөгөөр үнэлсэн “Мастер үнэлгээ'’ ХХК-ийн үнэлгээний тайлан хэрэгт авагдсан /хх-ийн 29-р хуудас/ ба хохирогч нь “хохирлоо гаргуулж авмаар байна” гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлжээ.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Б-аас 1.000.000 /нэг сая/ төгрөг гаргуулж, хохирогч Ц.Е-д олгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлагын талаар.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших ба тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлах нь зүйтэй.
Шүүгдэгч И.Б-ийг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан” гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Б-т 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, цагдан хоригдсон 21 хоногийг эдлэх ялаас нь хасч тооцох дүгнэлт гаргасан, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Ганчимэгээс “И.Б- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, сүрьеэ өвчтэй эрүүл мэндийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ялын доод хэмжээгээр тогтоож, цагдан хоригдсон 21 хоногийг эдлэх ялаас хасч өгнө үү” гэсэн санал гаргав.
Шүүгдэгч И.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, тэрээр сүрьеэ өвчтэй эрүүл мэндийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч И.Б-ийг 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчилсан /хх-ийн 35-р хуудас/ ба, 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна. /хх-ийн 37-р хуудас/
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.Б- нь 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс шийтгэх тогтоол гарсан энэ өдрийн байдлаар нийт 21 хоног цагдан хоригдсон ба цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцоход шүүхээс оногдуулсан 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас 168 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял эдэлсэнд тооцож, үлдэх 152 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлүүлэхээр тогтоов.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Сиди 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б овогт И-ын Б-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч И.Б-ийг 320 /гурван зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч И.Б-ийн цагдан хоригдсон нийт 21 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, 168 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял эдэлсэнд тооцож, үлдэх 152 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч И.Б-т мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч И.Б-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Б-аас 1.000.000 /нэг сая/ төгрөг гаргуулж, хохирогч Ц.Е-д олгосугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Сиди 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
10. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч И.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР