Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 1754

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 3 дугаар хэсэг, Blue sky хотхон, 44В байр, 15 тоотод оршин суух /ПЮ70021878/ Р.Лхагвадоржийн гаргасан,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө 17, Виста оффис 4 давхар /РД2714728/ хаягаар үйл ажиллагаа явуулдаг Мфикс капитал ХХК-нд холбогдох Авто зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Нэхэмжлэгч Р.Лхагвадорж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Мфикс капитал ХХК-тай 2007 оны 10 дугаар сарын 17-ны өдөр №80А тоот Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Улаанбаатар хот, Хан Уул дүүргийн 11 дүгээр хороо, Blue sky town хотхонд 44В байрны 15 тоот, нийт 132 м,кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг 98 тоот Автозогсоолын хамт захиалсан юм. Би Автозогсоолын төлбөр болох 10,000.00 /арван мянган ам.доллар/-ыг 2010 оны 03 дугаар сарын 09-ний өдөр бүрэн төлж барагдуулсан боловч гүйцэтгэгч Мфикс капитал ХХК нь тус 98 тоот Автозогсоолыг өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг миний нэр дээр гаргуулаагүй, үүргээ биелүүлэхгүй байгаа тул Хан Уул дүүргийн 11 дүгээр хороо, Blue sky town хотхонд 44В байрны 98 тоот Автозогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.      

 Энэхүү нэхэмжлэлтэй хэрэгт 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдөр шүүхээс иргэний хэрэг үүсгэж, хариуцагчийн хаягийн дагуу шүүхийн мэдэгдэх хуудас хүргүүлсэн ба хариуцагч тал нэхэмжлэлийн хувийг хүлээн авч, танилцсан, зохигч нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг танилцуулсан баримтыг тус тус баталгаажуулсан нь тус нэхэмжлэл дэх баримтуудаас тодорхой харагдаж байна.

Хариуцагчийн зүгээс 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 16/063 тоот албан бичгээр өгсөн хариу тайлбараас үзвэл хариуцагч нь нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч Р.Лхагвадоржийг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Blue sky town хотхонд 44В байрны 98 тоот Автозогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтооход татгалзах зүйлгүй гэжээ.

Мфикс капитал ХХК-ийн Захирал Б.Чинзориг нь тус компанийн Улсын бүртгэлийн гэрчилгээнээс үзвэл энэхүү компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд буюу Монгол Улсын компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, 83.8 болон Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.10-д тус тус зааснаар Гүйцэтгэх удирдлагаар томилогдож, зохих журмын дагуу бүртгэгдсэн байх тул энэхүү компанийг төлөөлөх эрхтэй гэж үзэн хариуцагчийн зөвшөөрлийг эрх бүхий этгээд гаргасан гэж дүгнэлээ.                   

ҮНДЭСЛЭХ НЬ:

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зорилгоор хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамж гаргах хуулийн зохицуулалттай.

Хэрэгт цугларсан баримтаас дүгнэвэл хариуцагч Мфикс капитал ХХК-ийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг үл хүлээн зөвшөөрч татгалзаагүй, аливаа хэлбэрээр мэтгэлцэхгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь тус компанийн 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 16/063 тоот албан бичгээр өгсөн хариу тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн тайлбар, 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Тэмдэглэл зэргээс тодорхой харагдаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар энэхүү хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд хуульд заасан нөхцөл бүрдсэн гэж дүгнэлээ.

Түүнчлэн нэхэмжлэлд хавсаргасан 2007 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 80А тоот дугаартай Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах тухай гэрээ, 2010 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Кассын орлогын ордер, 2010 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Тооцоо нийлсэн акт зэргээс тус тус харахад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иймд, Р.Лхагвадоржийн гаргасан Мфикс капитал ХХК-нд холбогдох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Blue sky town хотхонд 44В байрны 98 тоот Автозогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл 123 дугаар зүйлийн 123.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

            1.Р.Лхагвадоржийн гаргасан Мфикс капитал ХХК-нд холбогдох Авто зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэрэгт хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Р.Лхагвадоржоос төлсөн 70,200.00 төгрөгийн тал хувь болох 35,100.00 төгрөгийг Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн 2611016809 тоот данснаас, үлдэх 35,100.00 төгрөгийг хариуцагч Мфикс капитал ХХК-иас гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.

3.Энэхүү хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаатай холбогдуулан зохигч давж заалдах болон хяналтын шатны журмаар гомдол гаргахгүйгээс гадна тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл, гомдол гаргахгүй болохыг тус тус дурдсугай.

            4.Захирамжийг зохигч сайн дураар биелүүлэхгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.

                                     

ШҮҮГЧ                                                           Б.МАНДАЛБАЯР