Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2025/00071

 

 

******* нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Э.Золзаяа, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2024/05122 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч: *******, *******

Нэхэмжлэлийн шаардлага: Татварын улсын байцаагчийн актаар тогтоогдсон 167,577,828 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Нийслэлийн Баянгол дүүргийн Татварын хэлтсээс 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр *******-ийн 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалтын ажиллагаа явуулж, 2013 оны 249,592,413 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвараа хугацаа хожимдуулсан зөрчилд 64,894,027 төгрөгийн торгууль, 30,500,192 төгрөгийн алданги нийт 95,394,220 төгрөгийн төлбөр ногдуулах, 2012 онд 3,141,044,839 төгрөгийн ажил гүйцэтгүүлсэн орлогоос Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар суутгаж төсөвт төлөөгүй зөрчилд 45,358,568 төгрөгийн нөхөн татвар, 13,607,570 төгрөгийн торгууль, 13,217,470 төгрөгийн алданги, нийт 72,183,608 төгрөгийн төлбөр ногдуулж, нийт 167,577,828 төгрөгийн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэсэн.

1.2 Гэтэл ******* нь заасан хугацаанд барагдуулаагүй байх тул хариуцагч *******-аас татварын улсын байцаагчийн актаар тогтоогдсон 167,577,828 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулж өгнө үү. Хариуцагч *******аас татгалзаж байна гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Тухайн үед үйлчилж байсан Татварын ерөнхий хууль нь 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүчин төгөлдөр бус болж, татварын шинэ хуулийг мөрдөж эхэлсэн. Тухайн шинэчилсэн Татварын ерөнхий хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуульд 2008 оны Татварын ерөнхий хуулиар хяналт шалгалтыг эхлүүлсэн бол уг хяналт шалгалтыг 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр баталсан мөн хуулийн дагуу үргэлжлүүлэн хянан шийдвэрлэнэ, 2008 оны хуучин хуульд татварын хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байсан бол шинэ хуулиар 4 жил болж өөрчилсөн хэдий ч татвар төлөгчид тавьсан улсын байцаагчийн акттай бид маргаагүй.

2.2 Баянгол дүүргийн татварын хэлтэс 2019 онд шүүхэд нэхэмжлэл гаргасан, 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн татварын хэлтэс нэхэмжлэлээ татан авсан. Хүчин төгөлдөр актын дагуу ******* нэхэмжлэл гаргаж байгаа боловч шинэ хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд зааснаар хуучин хуулийн дагуу хяналт шалгалтын ажиллагаа явагдаж байгаа бол мөн хуулиар зохицуулна гэж заасан.

2.3 2008 оны Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6 дах хэсэгт татварын өр төлүүлэхтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа Иргэний хуульд үйлчлэхгүй, 11 дүгээр зүйлийн 11.6 дахь хэсэгт татварын хяналт шалгалтын явцад нөхөн төлүүлэхээр тогтоосон татвар болон алданги торгуулийн хөөн хэлэлцэх хугацааг татварын улсын байцаагчийн тогтоосон акт хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолно гэж заасан.

Иймд хуучин хуульд заасан 5 жилийн хугацаа дууссан байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1 Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 35 дугаар зүйлийн 35.2-т заасныг баримтлан *******-аас 167,577,828 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод олгож, хариуцагч *******аас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан хариуцагч *******-аас 995,839 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэсэн.

4. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 260016111 дугаартай татварын улсын байцаагчийн акт нь Татварын ерөнхий хууль /2008 он/-ийн 33 дугаар зүйлийн 33.2.2 дахь хэсэгт заасны дагуу үйлдэгдсэн. Мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт заасны дагуу акт үйлдэгдсэн өдрөөс буюу 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөр татварын улсын байцаагчийн уг акт хүчин төгөлдөр болсон.

4.2 Татварын ерөнхий хууль /2008 он/-ийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр улсын байцаагчийн актыг үндэслэн шүүхэд гаргасан нэхэмжлэлд мөн хуулийн 11.6 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа хамаарна. Харин Татварын ерөнхий хууль /2008 он/-ийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй гэдэг зохицуулалт нь зөвхөн улсын байцаагчийн акт-аар буюу захиргааны актад үндэслэгдээгүй нөхөн татвар, алданги, торгуулийг төлүүлэхтэй холбогдох хуулийн зохицуулалт юм.

4.3 Түүнчлэн, Татварын ерөнхий хууль /2008 он/-ийн 11 дүгээр зүйлд Татварын хөөн хэлэлцэх хугацаа-ны зохицуулалтыг нарийвчилсан тусгаснаас харахад улсын байцаагчийн акт хүчин төгөлдөр болсон өдрийг зөв тодорхойлох нь энэ төрлийн маргааныг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой. Хэдийгээр улсын байцаагчийн актаар нөхөн татвар, алданги, торгуулийг ногдуулсан ч гэлээ захиргааны акт гэдэг утгаараа түүнийг эс зөвшөөрч маргах эрхийг татвар төлөгчид хуулиар олгосон байдаг.

Дээрхээс дүгнэвэл татварын өр гэдэгт татвар төлөгчийн хугацаандаа төлөөгүй татвар, нөхөн татвар, алданги, торгууль бүгд багтаж байгаа хэдий ч тухайн татварын өрийг төлүүлэх хууль зүйн үндэслэл болсон захиргааны акт буюу улсын байцаагчийн акт үйлдэгдсэн эсэх нь чухал ач холбогдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

5.1 2008 оны Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт ...Татвар нөхөн ногдуулах, алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байх бөгөөд Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй гэж заасан. Өөрөөр хэлбэл, татвар, түүнтэй холбоотой алданги, торгуулийг ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байна гэж заасан болохоос биш улсын байцаагчийн актаар тогтоогдсон өрийг төлөх хугацаа 5 жил биш. Татварын өрийг төлөх хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй гэж хуульд заасан.

5.2 Татварын өрийг 5 жилийн хугацаанд төлүүлж чадаагүй, улсын байцаагчийн акт тогтоогоогүй бол хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлтэй. Улсын байцаагчийн акт тогтоогдсоны дараа хөөн хэлэлцэх хугацааг 5 жил гэж тооцохгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан татварын улсын байцаагчийн актаар тогтоогдсон 167,577,828 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч ...хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үгүйсгэн маргажээ.

3. Нийслэлийн Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 01/2065 дугаар албан бичгээр тус татварын хэлтэстэй харилцдаг өр төлбөртэй ******* регистрийн дугаартай *******-ийн төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, мөн Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт заасныг үндэслэн иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэл гаргаж оролцож өгнө үү гэсэн байна. /хх4/ Уг хүсэлтийн дагуу ******* нь хариуцагч *******-д холбогдуулан татварын өр 167,577,828 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсгийг зөрчөөгүй байна.

4. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 164 дугаар захирамжаар Баянгол дүүргийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй, *******-д холбогдох татварын өр 242,087,600 төгрөгийг барагдуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг нэхэмжлэгч Баянгол дүүргийн Татварын хэлтэс нь нэхэмжлэлээ татан авсныг баталж, *******-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

5. Татварын улсын байцаагчийн 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 260016111 дугаар актаар Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3 дахь хэсэгт заасныг үндэслэн 45,358,568 төгрөгийн нөхөн татвар, 78,501,597 төгрөгийн торгууль, 43,717,662 төгрөгийн алданги, нийт 167,577,828 төгрөгийн төлбөрийг *******-д ногдуулсан байна. /хх 5-7/ Талууд уг актад маргаагүй бөгөөд үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон.

6. Талууд татварын өр төлөхөд хөөн хэлэлцэх хугацаа хамаарах эсэх асуудлаар маргасан.

6.1 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулиар хяналт шалгалтыг эхлүүлсэн бол уг хяналт шалгалтыг 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн дагуу үргэлжлүүлэн, хянан шийдвэрлэхээр заасан. Иймд анхан шатны шүүх 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр батлагдсан Татварын ерөнхий хуулийг хэрэглэсэн нь зөв.

6.2 Татварын ерөнхий хууль /2008 он/-ийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт Татвар нөхөн ногдуулах, алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байх бөгөөд Монгол Улсын Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй гэж, мөн зүйлийн 11.2 дахь хэсэгт татвар, алданги, торгуулийн өрийг төлөхөд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй гэж тус тус заасан. Татварын өр төлүүлэхэд татвар ногдуулахтай холбоотой хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн Улсын байцаагчийн актаар ногдуулсан татвар төлөх хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх агуулгаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.

7. Татварын ерөнхий хууль /2008 он/-ийн 11 дүгээр зүйлийн 11.6 дахь хэсэгт Татварын хяналт шалгалтын явцад нөхөн төлүүлэхээр тогтоосон татвар болон алданги, торгуулийн хөөн хэлэлцэх хугацааг татварын улсын байцаагчийн тогтоосон акт хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолно гэж заасан нь татварын улсын байцаагчийн актаар тогтоогдсон өр төлбөрийг төлөхөд хамаарахааргүй байна. Иймд анхан шатны шүүх хариуцагч *******-аас 167,577,828 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Харин шүүхийн шийдвэрийн 1 дэх заалтад найруулгын өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

7.1 Мөн шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт ******* нь хариуцагч *******ад холбогдох шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгохдоо холбогдох хуулийн заалтыг баримтлаагүй байх тул уг алдааг залруулна. Түүнчлэн, улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлаагүй байгааг нэмсэн өөрчлөлт оруулна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2024/05122 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Татварын ерөнхий хууль /2008 он/-ийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт заасныг баримтлан *******-аас 167,577,828 төгрөг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай. гэж,

тогтоох хэсэгт 2 дахь заалт нэмж, уг заалтад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******ад холбогдох нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч ******* татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг 3 гэж, 3 дахь заалтыг 4 гэж, 4 дэх заалтыг 5 гэж тус тус өөрчлөн дугаарлаж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтын 60.1-т гэсний дараа ,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт гэж нэмж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 995,839 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

М.БАЯСГАЛАН