Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 485

 

           

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол, даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул, улсын яллагч С.Энхтуул, шүүгдэгч Б.М түүний өмгөөлөгч Ц.Тунгалаг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д“ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Баттөрийн Мөнх-Эрдэнэд холбогдох эрүүгийн “1911006320277” дугаартай, 186/2019/0440/э индекстэй хэргийг 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр шүүн  хэлэлцэв.

                       

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1999 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Архангай аймгийн Хотонт суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 6, хадам аав, ээж, дүү, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 4-0 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд нь ял шийтгэлгүй, Боржигон овогт Баттөрийн Мөнх-Эрдэнэ /РД:ГО99102311/,

         Холбогдсон хэргийн талаар:

         Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэ нь 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дээд салхитын 14-309-Б тоотод орших О.Чанцалсүрэнгийн гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч Хайер брэндийн 42 инчийн зурагт хулгайлж бусдад 317.970 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг:   Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн  мэдүүлэг:

    1.1.Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Цалин өгөхгүй байсан болохоор хулгай хийсэн нь үнэн.Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

          Хоёр: Шүүгдэгч мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

2.1.Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч О.Чанцалсүрэнгийн:.. Би 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Өмнөговь аймгийн Шивээ хүрэнгийн боомтод өөрийн нөхөр Б.Цагаанбаатарын хамт ажиллаж байгаад 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр том охин Уранхолбоогийн хамт Улаанбаатарт ирсэн. Тэр үед гэртээ

ирээгүй өөр хадам эгч С.Оюунтуяагийн гэрт байсан.  Харин 2019 оны 01 дүгээр сарын 24-ны өдөр манай хадам ээж С.Түмбаяр танай гэрт чинь хулгай ороод зурагтыг чинь хулгайлсан байна гэж хэлсэн. Тэр үед манай хадам дүү Нинжбадгар цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Манай гэрт ирж хоносон залуу авсан байхаа гэж хэлсэн. Тэгээд бид нар өөрсдөө олчихно гэж байса. Харин би 2019 оны 02 дугаар сарын 10-ны өдөр гэртээ ирсэн. Цагдаагийн байгууллагад гомдол гаргах үед би төрөх дөхсөн гэрээсээ гарч чадахгүй байсан. Харин манай хадам дүү Нинжбадгар, эхнэр Цэрэндулам нар цагдаагийн байгууллагад гомдол гаргаад явсан. Харин зурагт хулгайлсан залуу манай хадам дүү Нинжбадгарын эхнэрийнхэн нь найз гэж байсан. 42 инчийн хайер загварын зурагт хулгайд алдагдсан гэх мэдүүлэг. /хх-н 16-17/,

  2.2.Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Нинжбадгарын:..2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр ажил дээрээ байж байхад манай ээжийн төрсөн ах Оюунцогт над руу залгаад манай гэрийн хажуу талын хашаанд ах Цагаанбаатарын гэрт хулгай орсон байна гэж хэлэхээр нь ажлаасаа чөлөө аваад гэртээ 18 цагийн үед ирэхэд ах Цагаанбаатарын гэрийн хаалганы цоож түлхүүр нь байхгүй, гэр нь онгорхой гэрээс нь зурагт алга болсон байсан. Цагаанбаатарын түлхүүр манай гэрт байсан, харин Мөнх-Эрдэнэ гэх сэжигтэй этгээд гэрт байж байхдаа хамгийн сүүлд Цэрэндуламын хамт гарахдаа манай гэрийн цоожийг эвдэрхий гэдгийг нь мэдсэн. Тэгээд манай гэр лүү орж ахын гэрийн түлхүүрийг аваад гэр лүү нь орж зурагт хулгайлсан байсан. Манай гэрээс эд зүйл хулгайд алдагдаагүй, харин манай гэр лүү ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг. /хх-н 18-19/,

    2.3.Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Н.Отгонсүрэнгийн:..Миний нөхөр Б.Мөнх-Эрдэнэ нь 1999 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Архангай аймгийн Хотонт суманд төрсөн. Бага насаа Улаанбаатар хотод цэцэрлэг ясилд хүмүүжиж байгаад Сонгинохайрхан дүүргийн 65 дугаар сургуульд элсэн орж 9 дүгээр анги төгссөн. Түүнээс хойш ямар ажил төрөл хийснийг нь мэдэхгүй байна. Бид хоёр 2017 онд зуун айлд байх МСҮТ-д хамт нэг ангид суралцаж байгаад танилцаж байсан бөгөөд улмаар сургуульд суралцах боломжгүй болоод, манай нөхөр сургуулиасаа гарсан. Би өөр сургууль руу шилжээд Зохиомж дээд сургуульд суралцаж төгссөн. Харин манай нөхөр ойр зуурын ажил төрөл хийж байгаад бид 2 нэг гэрт ороод улмаар 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр дундаасаа охинтой болсон. Түүнээс хойш манай нөхөр хувиараа ажил төрөл хийгээд өдийг хүрсэн. Сэргэлэн цовоо, ажилсаг хөдөлмөрч, бага зэрэг залхуу, зөрүүд зантай, айлын бага хүүхэд гэж байсан. Түүний ээж нь байдаг боловч, ээжтэйгээ өсөөгүй болохоор түүнийгээ тоодоггүй, эцэг нь бага байхад нас барсан гэж байсан. Урьд өмнө нь хулгайн гэмт хэрэгт хамтран оролцсон гээд явж байсан боловч, тухайн хэрэг нь шийдэгдэж, манай нөхөр гэрч болоод салж байсан. Өөрөөр гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй гэх мэдүүлэг. /хх-н 27/,

  2.2.Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Шинэбаярын:..Би өөрийн бүртгэл мэдээллийн дэвтрээс шүүж үзэхэд Б.Мөнх-Эрдэнэ гэх хүн манайд дээрх цаг хугацаанд ямар нэгэн зурагт ломбарданд тавиагүй байна. 3-4 хорооллын эцсийн буудлын хойно байрлах цагдаагийн хэсгийн хойд талд тралейбусын ажилчдын байранд үйл ажиллагаатай явж байсан гэх мэдүүлэг. /хх-н 60/,

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

3.1.Улсын яллагч хавтас хэргээс:..16-17 дугаар хуудас хохирогч Б.Чанцалсүрэнгийн мэдүүлэг, 18-19 дүгээр хуудас гэрч Б.Нинжбадгарын мэдүүлэг,

39-40 дүгээр хуудас яллагдагч Б.Мөнх-Эрдэнийн мэдүүлэг, 7-8 дугаар хуудас хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, 29-30 дугаар хуудас хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч хавтаст хэргээс:..21 дүгээр хуудас гэрч Отгонцэцэгийн мэдүүлэг, 53 дугаар хуудас охин О.Мишээлийн төрсний гэрчилгээний хуулбар, 64-65 дугаар хуудас цагдан хорисон шүүгчийн захирамж зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав. 

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараахи үйл баримтыг тогтоов.

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй  болно.

 

Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэ нь 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дээд салхитын 14-309-Б тоотод орших О.Чанцалсүрэнгийн гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч Хайер брэндийн 42 инчийн зурагт хулгайлж бусдад 317.970 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч О.Чанцалсүрэнгийн мэдүүлэг, гэрч Б.Нинжбадгар, Н.Отгонсүрэн, Б.Шинэбаяр нарын мэдүүлэг, хэргийн  газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото  зургууд, эд зүйлд  үнэлгээ хийсэн баримт, шүүгдэгчийн  шүүх хуралдаанд  хэргээ хүлээн мэдүүлж байгаа мэдүүлэг зэрэг  хавтаст хэрэгт авагдсан бичгийн  бусад  нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж  шүүх дүгнэв.

           Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин шүүгдэгчийн үйлдэлд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.Мтүүний өмгөөлөгч нарын хувьд улсын яллагч /прокурор/-той гэм буруугийн талаар болон зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч гэм буруу болон оногдуулах ялын талд гаргасан дүгнэлтэндээ: Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1-д зааснаар гэм буруутайд тооцуулж, мөн хуулийн тусгай ангид зааснаар 2 жил  1 сарын хугацаагаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан болно.Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах боломжтой гэв.

 

            Харин шүүгдэгчийн өмгөөлөгч эхнэр хүүхэдтэй, 19 нас 8 сартай өнөөдрийн байдлаар, хуулинд 18-21 настай тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан үндэслэлээр Нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах боломжтой, хохирол төлбөрөө бүрэн барагдуулсан юм гэснийг шүүх хүлээн авах боломжгүй байна.

  

            Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлага нь хорих ялаас өөр хуулийн зохицуулалтгүй байна.

 

Шүүхээс энэ хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал улсын яллагчийн гэм буруу болон эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзан шүүхээс гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зэрэг эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2-8 жилийн хорих ялтай байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр ял шийтгэлийг оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дах хэсэгт заасныг журамлан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй буюу 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэ нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй.

       Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэний цагдан хоригдсон 39 хоногийг эдлэх яланд оруулан тооцох, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн  баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч О.Чанцалсүрэн нь 2019 оны 06 дугаар сарын 14-ны өдрийн 09 цагт миний 5954094125 тоот данс руу хохирлын 317.970  төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй гэж 98050795 дугаараас 99278995 дугаар луу ярьсан тул бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурдаж  шийдвэрлэлээ.

           

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

        ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Баттөрийн Мөнх-Эрдэнэ нь хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Б.Мөнх-Эрдэнийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэ нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус   дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийн цагдан хоригдсон 39 /гучин есөн/ хоногийг нь ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай. 

 

6.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,  эдлэх ялыг 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.           

 

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.РЕНЧЕНХОРОЛ