| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 182/2024/02445/И |
| Дугаар | 210/МА2025/00072 |
| Огноо | 2025-01-08 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 210/МА2025/00072
******* нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Э.Золзаяа, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******
Хариуцагч: *******,*******
Нэхэмжлэлийн шаардлага: Төслийн зохицуулагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн баталгаажуулалт хийхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1 ******* Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Б/45 дугаар тушаалаар Аймгуудын бохир ус цэвэрлэх байгууламжийг өргөтгөн шинэчлэх, шинээр барих төсөл хэрэгжүүлэх нэгжийн Төслийн зохицуулагчийн албан тушаалд томилогдон ажилласан. Төслийн зохицуулагчаар ажиллаж эхэлснээс хойш 2022 оны жилийн эцсээр Төслийн удирдах хороонд 2022 оны хөлсөөр ажиллах гэрээний биелэлтээ тайлагнаж 92,9 хувийн биелэлттэй тодорхой үр дүнд хүрсэн гэж дүгнэгдэн цаашид гэрээг сунгаж үргэлжлүүлэн ажилласан.
1.2 Улмаар Төсөл хэрэгжүүлэх нэгжийн 2023 оны жилийн эцсийн үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтэд Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 206 дугаар тогтоолоор батлагдсан Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам-ын дагуу Барилга, хот байгуулалтын яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас хийсэн үнэлгээгээр 96.0 хувийн үнэлгээтэй тодорхой үр дүнд хүрсэн гэж дүгнэгдсэн нь Төслийн удирдах хорооны 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн хурлаар дэмжигдэн батлагдсан.
1.3 Сангийн сайдын 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А/4 тоот тушаалаар батлагдсан Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журам-ын 8.11.1, 7.10.8.4, 8.16-д тус тус заасныг зөрчиж Төслийн удирдах хороогоор хэлэлцүүлэлгүйгээр 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтнуудын хөлсөөр ажиллах гэрээг сунгах, дуусгавар болгох 02 дугаар дүгнэлтийг гаргаж, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргад 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 03/276 дугаар албан бичгээр хүргүүлсэн. Гэвч энэхүү хууль бус үйл ажиллагааг Сангийн сайдын баталсан 2021 оны 04 дугаар тушаалын холбогдох заалтыг хангахгүй гэсэн үндэслэлээр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн хариу хүргүүлэх тухай 03/850 дугаар албан бичгээр зөвшөөрөл олголгүйгээр татгалзан буцаасан боловч уг татгалзсан үндэслэл арилаагүй байхад Барилга, хот байгуулалтын сайдаас Сангийн сайдад дахин хандаж зөвшөөрлийг гаргуулсан нь үндэслэлгүй байна.
1.4 Мөн Засгийн газраас 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 49 дугаар тогтоолоор 2023-2024 оныг авлигатай тэмцэх жил болгон зарласантай холбогдуулан авах арга хэмжээ болон Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Чиглэл хүргүүлэх тухай ХЭГ/595 тоот албан бичиг нь холбогдох журмын дагуу сонгон шалгаруулалтаар томилогдсон хөлсөөр ажиллах гэрээгээр ажилладаг төслийн нэгжийн албан хаагчдад хамааралгүй. Гэтэл *******г Шүүр ажиллагаа-нд хамрагдах албан хаагчдын жагсаалтад оруулсан нь үндэслэлгүй.
1.5 Иймд хөлсөөр ажиллах гэрээ нь Сангийн сайдын 2021 оны 4 дугаар тушаалаар баталсан Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журам-д үндэслэгдэж байгуулагдсан. Уг журамд захирагдах ёстой байтал уг журмын 8.19-д заасан хөлсөөр ажиллах гэрээг дуусгавар болгох нөхцөлийг зөрчиж, мөн журмын дагуу 2023 оны гэрээний биелэлтээр 96.0 хувиар үнэлэгдсэн *******г Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Б/58 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1 Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Б/58 дугаар хөлсөөр ажиллах гэрээг дуусгавар болгох, ажлаас чөлөөлөх тухай тушаалыг гаргасан. Төслийн нэгжийн зохицуулагчийн хөлсөөр ажиллах гэрээний хугацаа дуусгавар болсон. Төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагааны явцад зөрчил, дутагдал гаргасан. Засгийн газрын үйл ажиллагааны хүрээнд авагдсан Шүүр ажиллагаа-ны хүрээнд мэргэжил болон тухайн сонгон шалгаруулалтад оролцох мэргэжлийн шаардлагыг хангаагүй гэсэн гурван үндэслэлээр хөлсөөр ажиллах гэрээг дуусгавар болгосон.
Уг тушаалдаа Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.8 болон Иргэний хуулийн 364 дүгээр зүйлийн 364.1, Сангийн сайдын 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 4 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах хөрөнгөөс санхүүжих бусад арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх, журмын 7 дугаар зүйлийн 7.11.8, 8 дугаар дугаар зүйлийн 8.19.2-т тус тус үндэслэл болгосон тул хууль зүйн хувьд үндэслэлтэй юм.
2.2 Хөлсөөр ажиллах гэрээг дуусгавар болгосон учраас захиргааны эрх зүйн маргаанд хамаарах юм. Захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргах, захиргааны актыг хүчингүй болгох шийдвэр гаргах боломжгүй.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
3.1 Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 364 дүгээр зүйлийн 364.1-д заасныг баримтлан хариуцагч *******, барилга, орон сууцжуулалтын яам /хуучнаар Барилга, хот байгуулалтын яам/-нд холбогдох Аймгуудын бохир ус цэвэрлэх байгууламжийг өргөтгөн шинэчлэх, шинээр барих төсөл-ийн ажилд эгүүлэн тогтоолгох, хөлсөөр ажиллах гэрээ байгуулахыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн баталгаажуулалт хийхийг даалгах тухай ******* нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч ******* 2024.04.09-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1 Нэхэмжлэгчээс Аймгуудын бохир ус цэвэрлэх байгууламжийг өргөтгөн шинэчлэх, шинээр барих төсөл хэрэгжүүлэх нэгжийн Төслийн зохицуулагчийн ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн, ажлын хариуцлага алдаагүй, тухайн ажлын мэргэжлийн шаардлагыг хангаж зохих журмын дагуу ажилд томилогдсон гэж маргасан бөгөөд анхан шатны шүүх ажлын хариуцлага алдаагүй, тухайн ажлын байрны мэргэжлийн шаардлагыг хангаж томилогдсон нь үндэслэлтэй гэж зөв үнэлж дүгнэсэн боловч ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн үндэслэл, нотлох баримтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Нэхэмжлэгч нь ажил олгогчийн баталсан ажлын байрны тодорхойлолтын дагуу ажил олгогчийн заасан ажлын байранд, ажил олгогч байгууллагын дотоод журмыг мөрдөн, эрх бүхий байгууллагаас тогтоосон суурь цалингийн сүлжээнд үндэслэн цалин хөлс тогтоогдож, ажил олгогчоос нийгмийн даатгалын шимтгэлийг суутган төлөх зэрэг хөдөлмөрийн харилцааны нөхцөлөөр гэрээ байгуулж ажилласан.
Иймд 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдөж эхэлсэн Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15, 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу талуудын хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн бөгөөд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байсан. Энэ нь нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний нөхцөлийг тодорхойлж буй Сангийн сайдын 2021 оны 4 дугаар тушаалын хавсралтаар баталсан Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журам-ын 8.19, 8.21, 8.26, 8.8, 8.9, 8.14, мөн журмын 1 дүгээр хавсралтын 2.1, 4.2.4, 5.2.1, 5.2.2, 5.2.4, 6.3-т заасан заалтын агуулга, хуулийн нэг ижил нэр томьёог хэрэглэсэн байгаагаар нотлогдож, энэ заалтуудыг дүгнэхэд талуудын хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн.
4.2 Нэхэмжлэгч *******тэй байгуулсан гэрээний нөхцөлийг тодорхойлж буй Сангийн сайдын 2021 оны 4 дугаар тушаалын хавсралтаар баталсан Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журам-ын 8.17-д заасан заалт нь гэрээний биелэлтийг жил бүр үнэлж, жил жилээр сунгагдан төсөл дуусах хүртэл үргэлжлэх агуулгатай зохицуулалт байсан. Мөн Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт заасны дагуу ажил олгогчийн төлөөлөгч буюу Төслийн захирлын холбогдох журмын дагуу өгсөн үнэлгээгээр нэхэмжлэгч нь 96 хувиар үнэлэгдсэнээр 2024 онд үргэлжлүүлэн ажиллах үндэслэл бүрдэн үргэлжлүүлэн ажиллаж байсан болно.
4.3 Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын нэг үндэслэлээ хөдөлмөр эрхлэлтийн харилцаа гэж маргаж байгаатай холбогдуулан анхан шатны шүүх хуралдааны эхэнд нэхэмжлэлийн шаардлагаас хөлсөөр ажиллах гэрээ байгуулахыг даалгах шаардлагыг хасч тодорхойлсон. Гэтэл энэ нь анхан шатны шүүхийн шийдвэрт хэвээр бичигдсэн байна.
Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч *******г ажилд нь эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.
5. Хариуцагч давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******,*******анд холбогдуулан төслийн зохицуулагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн баталгаажуулалт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Монгол Улсын Их хурлын 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн Засгийн газрын бүтцийн тухай хуулиар Барилга хот байгуулалтын яам-ны нэршлийг *******, барилга, орон сууцжуулалтын яам болгон өөрчилсөн байна.
4. Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Б/45 дугаар тушаалаар тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны А/85 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажлын байранд ажилтан сонгон шалгаруулах журам-ын 6.3-т заасны дагуу Бүгд найрамдах Польш Улсын Засгийн газрын хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа Аймгуудын бохир ус цэвэрлэх байгууламжийг өргөтгөн шинэчлэх, шинээр барих төсөл-ийн нэгжийн Төслийн зохицуулагчийн албан тушаалд *******г 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс томилжээ. /1хх 137/
4.1 Улмаар Барилга, хот байгуулалтын яам нь *******тэй 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 2022/501 дугаартай Төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтнуудтай байгуулах хөлсөөр ажиллах гэрээ-г байгуулсан. Гэрээгээр ******* нь энэ гэрээний ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүргийг гүйцэтгэхээр, ажиллуулагч нь гэрээгээр тохиролцсон хөлсийг тогтоосон хугацаанд төлөхөөр, гэрээний хугацаа 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал байхаар тохиролцсон байна. /хх 141-145/
4.2 Анхан шатны шүүх хөдөлмөрийн гэрээ болон хөлсөөр ажиллах гэрээний ялгаатай байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй. Талууд гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж байгуулсан байх тул гэрээний чөлөөт байдлын зарчимд нийцсэн гэж үзнэ. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...талуудын хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн гэх давж заалдах гомдлыг хангахгүй.
5. Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Б/58 дугаар тушаалаар Аймгуудын бохир ус цэвэрлэх байгууламжийг өргөтгөн шинэчлэх, шинээр барих төслийн 2023 оны төлөвлөгөөний биелэлтэд хийсэн хяналт-шинжилгээ үнэлгээгээр шалгуур үзүүлэлт, зорилтот түвшиндээ хүрээгүй, удирдлага, зохион байгуулалт, хариуцлагыг сайжруулах шаардлагатай гэж үнэлэгдсэн, Шүүр ажиллагааны хүрээнд Барилга, хот байгуулалтын сайдын 2023 оны 51 дугаар тушаалаар байгуулсан ажлын хэсгийн илтгэх хуудасны дүгнэлтээр тухайн төслийн зохицуулагч нь мэргэжлийн шаардлага хангаагүй зөрчил тогтоогдсон, Аймгуудын бохир ус цэвэрлэх байгууламжийг өргөтгөн шинэчлэх, шинээр барих төслийн удирдах хорооны 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 15/2024 дугаар зөвлөмж, түүний дагуу гаргасан 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 02 дугаар дүгнэлт болон Аймгуудын бохир ус цэвэрлэх байгууламжийг өргөтгөн шинэчлэх, шинээр барих төсөл хэрэгжүүлэх нэгжийн Төслийн зохицуулагч *******тэй 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан 2022/501 дугаар Хөлсөөр ажиллах гэрээ-ний хугацаа дууссаныг тус тус үндэслэн уг гэрээг дуусгавар болгожээ.
5.1 Уг тушаалдаа Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.8, Иргэний хуулийн 364 дүгээр зүйлийн 364.1, Сангийн сайдын 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 4 дугаар тушаалын хавсралтаар баталсан Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журам-ын 7.11.8, 8.19.2-т заасныг тус тус баримталсан байна. /1хх 138/
5.2 Талуудын хооронд байгуулагдсан хөлсөөр ажиллах гэрээний хугацаа 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон. Сангийн сайдын 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 4 дугаар тушаалын хавсралтаар баталсан Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журам-ын 8.17-д Төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтантай байгуулсан хөлсөөр ажиллах гэрээг биелэлтийн үнэлгээг үндэслэн гэрээг 1 /нэг/ жилээс ихгүй хугацаагаар сунгаж болно гэж заасан. Төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтнуудын 2022 оны хөлсөөр ажиллах гэрээний үр дүнгийн биелэлтийн үнэлгээг үндэслэн гэрээний хугацаа 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгагдсан байна.
5.3 Бүгд найрамдах Польш Улсын Зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй Аймгуудын бохир ус цэвэрлэх байгууламжийг өргөтгөн шинэчлэх, шинээр барих төслийн удирдах хорооны 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 05/2024 дугаар зөвлөмжөөр тус төслийн 2023 оны төлөвлөгөөний 4 зорилт, 15 арга хэмжээний биелэлтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийхэд төслийн хэрэгжилтийн нийт түвшин 40 хувь, 2023 оны төлөвлөгөөний биелэлт 96.0 хувь буюу төслийн хэрэгжилтийг тодорхой үр дүнд хүрсэн гэж дүгнэсэн байна.
6. Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журам-ын 8.19.2-т Төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтантай байгуулсан хөлсөөр ажиллах гэрээг гэрээний хугацаа дууссан, эсхүл гэрээт ажил дууссан үндэслэлээр дуусгавар болгоно гэж заажээ.
6.1 Мөн Иргэний хуулийн 364 дүгээр зүйлийн 364.1 дэх хэсэгт Хөлсөөр ажиллах гэрээ тохирсон хугацаа дууссанаар дуусгавар болно гэж, талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2022/501 дугаартай Төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтнуудтай байгуулах хөлсөөр ажиллах гэрээ-ний 5.3-т хөлсөөр ажиллах гэрээг журмын 8.19-д заасан үндэслэлээр ажилтны өөрийн хүсэлтээр болон захиалагчийн санаачилгаар дуусгавар болгож болно гэж тус тус заасан байна.
7. Иймд анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан хөлсөөр ажиллах гэрээний хугацаа дууссан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.
8. Анхан шатны шүүх нэхэмжлэгч *******г төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагааны явцад зөрчил, дутагдал гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, нэхэмжлэгчийг сонгон шалгаруулах ажиллагаа нь Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/85 дугаар Журам батлах тухай тушаалын хавсралтаар батлагдсан Төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажлын байранд ажилтан сонгон шалгаруулах журам-ын дагуу явагдсан, мөн Шүүр ажиллагааны хүрээнд авах арга хэмжээ нь Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Чиглэл хүргүүлэх тухай ХЭГ/595 тоот албан бичиг нь холбогдох журмын дагуу сонгон шалгаруулалтаар томилогдсон хөлсөөр ажиллах гэрээгээр ажилладаг төслийн нэгжийн албан хаагчдад хамааралгүй гэж дүгнэсэн. Хариуцагч энэ талаар давж заалдах гомдол гаргаагүй байх тул давж заалдах шатны шүүх талуудын зарчимд үндэслэн энэ талаар нэмж дүгнэх шаардлагагүй болно.
9. Нэхэмжлэгч нь анхан шатны шүүх хуралдаанд хөлсөөр ажиллах гэрээ байгуулахыг даалгах шаардлагыг хасч тодорхойлсныг анхан шатны шүүх шийдвэртээ бичсэн нь шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл болохгүй. Иймд энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 182/ШШ2024/04648 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА
ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА
М.БАЯСГАЛАН