Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2025/00082

 

 

******* нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Т.Гандиймаа, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШШ2024/04579 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч: *******

Нэхэмжлэлийн шаардлага: 8,124,800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах журмаар хамтран гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул. нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 ******* нь *******-ийн захиалга хариуцсан захирал гэх *******тэй 2023 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Автомашины захиалгын гэрээ байгуулсан. Гэрээгээр 2012 онд үйлдвэрлэсэн, хар өнгөтэй, 3500 сс GVL Fgort Lexus RX 450 маркийн автомашиныг гааль, татварын хураамж ороод нийт 61,500,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон. Урьдчилгаа төлбөрт 9,500,000 төгрөгийг 2023 оны 08 дугаар сарын 05-ны өдөр, 35,000,000 төгрөгийг мөн оны 08 дугаар сарын 14-ний өдөр, нийт 44,500,000 төгрөгийг *******д шилжүүлсэн. Үлдэгдэл 17,000,000 төгрөгийг автомашин Монгол Улсад ирэхэд төлөхөөр тохиролцсон. Автомашинаа захиалсны дараа буюу 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр болон мөн оны 09 дүгээр сарын 11-ний өдөр тус тус асуухад ...Монгол улс руу ачигдсан санаа зоволтгүй гэж хэлсэн. Би тухайн худалдаж авсан гэх газар руу холбогдож машины арлын дугаараар нь хайхад миний захиалсан машин зарагдаагүй болохыг олж мэдсэн.

1.2 *******гээс урьдчилгаа төлбөрөө авахаар болсон боловч тэрээр мөнгийг өгөөгүй. Улмаар ******* мөнгө байхгүй тул өөрөө унаж байгаа автомашиныг худалдахаар болж, үлдэгдэл мөнгийг удахгүй өгнө гэж хэлсэн. ******* нь хөдөө орон нутагт байнгын ажлаар явдаг гэх шалтгаанаар миний нэр дээр өөрийн автомашиныг шилжүүлж худалдахаар болсон. Тухайн автомашиныг миний нэр дээр шилжүүлж авахад *******-д 12,124,800 төгрөгийн зээлийн барьцаанд байсан. Тухайн зээлийн 5,000,000 төгрөгийг , үлдэх 7,124,800 төгрөгийг миний бие *******-д төлж зээлээс чөлөөлсөн. Уг автомашиныг өөрийн нэр дээр шилжүүлэхэд тухайн автомашины татвар, жолоочийн хариуцлагын даатгал, гэрчилгээний төлбөр, зам ашигласны хураамж гэх мэт зардлуудад ойролцоогоор 500,000 төгрөгийг би төлсөн.

1.3 Тухайн автомашин нь 2010 онд үйлдвэрлэгдсэн, 2023 онд орж ирсэн, GVL 10, RX450 маркийн автомашин байсан бөгөөд зах зээлийн ханш нь 40-45 сая төгрөгийн хооронд байсан. Уг автомашиныг миний бие 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр болон *******тэй ярилцаж, зөвлөлдсөний дагуу 44,000,000 төгрөгөөр бусдад худалдсан.

Иймд *******гээс *******-д 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр зээлийн гэрээний үүрэгт төлсөн 7,124,800 төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан захиалгын гэрээний үлдэгдэл төлбөрт 500,000 төгрөг, ******* улсын дугаартай автомашиныг бусдад шилжүүлэхэд гарсан татвар, хураамжийн зардалд 500,000 төгрөг, нийт 8,124,800 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 2023 оны 08 дугаар сарын 05-ны өдөр ******* болон ******* нарын хооронд автомашин захиалгын гэрээ байгуулагдсан. Гэрээний дагуу ******* нь 44,500,000 төгрөгийг шилжүүлсэн. Тодорхой шалтгааны улмаас ******* захиалсан автомашиныг оруулж ирэх боломжгүй болсон тул *******той 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр тохиролцож, GYL10 лексус RX 450 маркийн автомашиныг 51,600,000 төгрөгөөр зарахаар тохиролцсон. Уг автомашин нь *******-ийн зээлийн гэрээний барьцаанд байсан бөгөөд зээлийн үлдэгдэл нь 12,124,800 төгрөгөөс 7,124,800 төгрөгийг *******, 5,000,000 төгрөгийг ******* нар төлж автомашиныг чөлөөлж, ******* эзэмшил, өмчлөлд 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр шилжүүлсэн.

2.2 ******* нь өөрийн өмчлөлийн зүйлээ бусдад шилжүүлэн, татвар төлснийхөө төлөө өмнөх өмчлөгчөөс нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 247 дугаар зүйлд зааснаар өмчлөх эрх шилжсэнээс хойших алдагдал, хохирлыг худалдан авагч бүрэн хариуцна.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1 Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч *******гээс 8,124,800 төгрөг гаргуулах тухай ******* нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч *******оос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 144,947 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

4. Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын агуулга:

4.1 Нэхэмжлэгч нь *******тэй 2010 онд үйлдвэрлэсэн, GYL10 лексус RX 450 маркийн автомашиныг 51,600,000 төгрөгөөр худалдах, худалдах авах талаар гэрээ, хэлцэл тохиролцоо хийгээгүй. Нэхэмжлэгчийн захиалсан автомашины үнэд шилжүүлсэн 44,500,000 төгрөгийг ******* ******* гаргаж өгөх боломжгүй болсон тул *******гийн нэр дээрх 2010 онд үйлдвэрлэсэн автомашиныг бусдад худалдаад урьдчилгаа төлбөрт төлсөн 44,500,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон. ******* тээврийн хэрэгслийг зарах өөрийн хүргэн ах тай хамт фэйсбүүкт зар оруулж эхэлсэн бөгөөд хэсэг хугацааны дараа ******* нь хөдөө орон нутагт байнгын ажлаар явдаг гэх шалтгаанаар миний нэр дээр шилжүүлж өгч худалдан зарахаар болсон. Хариуцагчийн нэр дээрх автомашин нь миний захиалсан автомашины үзүүлэлтэд хүрэхгүй, мөн он хуучин байсан тул түүнийг би худалдан авах ямар ч үндэслэлгүй.

4.2 Нэхэмжлэгч нь хариуцагчийн гуравдагч этгээдэд төлөх зээлийн үүргийг төлсөн тул зээлийн үүрэгт төлсөн мөнгийг буцаан гаргуулах эрхтэй. Учир нь, *******гийн *******-д төлөх зээлийн төлбөр 12,124,800 төгрөгөөс 5,000,000 төгрөгийг *******, үлдэгдэл 7,124,800 төгрөгийг намайг төлчих, буцаагаад өгнө гэж гуйсныг би зөвшөөрч *******-д 7,124,800 төгрөгийг төлсөн. Би 2010 онд үйлдвэрлэсэн GYL10 лексус RX 450 маркийн автомашиныг 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 44,000,000 төгрөгөөр худалдаж, автомашины үнэнд шилжүүлсэн 44,000,000 төгрөгийг эргүүлэн авсан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

5.1 Талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ бодит үйлдлээр байгуулагдсан. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.8 дахь хэсэгт Талууд гол нөхцөлийн хувьд өөрийн хүсэл зоригоо бодит үйлдлээр илэрхийлж хэлцэл хийж болно. гэж заасны дагуу нэхэмжлэгч ******* болон ******* нарын хооронд ******* улсын дугаартай лексус RX 450 маркийн автомашиныг худалдан авах хэлцэл бодит үйлдлээр хийгдсэн. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* нь автомашиныг нэхэмжлэгч *******од шилжүүлсэн учраас тухайн автомашины үнийг төлөх үүрэг хүлээсэн. Мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хэлцлийн гол шинж нь хөрөнгийн үнэ байдаг учраас талууд автомашиныг 51,600,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон.

5.2 Мөн талуудын хооронд захиалгын гэрээ байгуулагдаж байсан. Уг захиалгын гэрээний дагуу нэхэмжлэгч нь хариуцагч *******гийн данс руу 44,500,000 төгрөгийг шилжүүлсэн. Уг төлбөрийг сүүлд худалдан, худалдан авах гэрээний дагуу автомашины төлбөр болгож шилжүүлэхээр тохиролцсон. Уг автомашиныг 12,124,800 төгрөгөөр *******-ийн зээлийн барьцаанд тавьж байсан. Талууд харилцан тохиролцоод хариуцагч 5,000,000 төгрөгийг гаргаж, үлдэгдэл 7,124,800 төгрөгийг *******-ийн зээлийн төлбөрт шилжүүлэхээр тохиролцсон. Өөрөөр хэлбэл, худалдах, худалдан авах гэрээний үнэ бүрэн төлөгдсөн ******* нь нэхэмжлэгчид автомашины бүрэн эрхийг 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр шилжүүлж өгсөн.

5.3 Мөн Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болдог бөгөөд нөгөө тал хүсэл зоригийн илэрхийллийг урьдчилан буюу шууд татгалзсан бол хүсэл зоригийн илэрхийллийг хүчин төгөлдөр бус гэж тооцохоор зохицуулсан байдаг. Нэхэмжлэгч ******* автомашиныг хүлээн авахаас татгалзсан талаарх хүсэл зоригоо илэрхийлсэн баримтыг анхан шатны шүүхэд гаргаж өгөөгүй буюу нотолж чадаагүй учраас талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан *******-д хариуцагчийн өмнөөс зээлийн гэрээний үүрэгт 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр төлсөн 7,124,800 төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан захиалгын гэрээний үлдэгдэл төлбөрт 500,000 төгрөг, ******* улсын дугаартай автомашиныг бусдад шилжүүлэхэд гарсан татвар, хураамжийн зардалд 500,000 төгрөг, нийт 8,124,800 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. ******* болон *******-ийн хооронд 2023 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 8 дугаартай Автомашины захиалгын гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ******* нь Toyota Lexus RX450 маркийн, 2012 онд үйлдвэрлэсэн, 3500сс хөдөлгүүрийн багтаамжтай, бензин шатахууны төрөлтэй, автомат хурдны хайрцагны төрөлтэй, хар өнгөтэй автомашиныг 61,500,000 төгрөгөөр нэхэмжлэгчид худалдах, ******* нь урьдчилгаа төлбөрт 44,500,000 төгрөг, үлдэгдэл 17,000,000 төгрөгийг автомашиныг Монгол Улсад ирэхээр төлөх үүрэг хүлээсэн байна. Гэрээний дагуу нэхэмжлэгч нь нийт 44,000,000 төгрөгийг хариуцагч *******од төлсөн үйл баримт тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй.

3.1 Дээрх гэрээний худалдагч тал болох *******-ийг төлөөлж хариуцагч ******* нь худалдан авагч тал болох нэхэмжлэгчтэй байгуулсан байх тул нэхэмжлэгч болон *******-ийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж давж заалдах шатны шүүх нэмж дүгнэнэ. /хх 8-11/

4. Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт эзэмшигчтэй нь тохиролцсоноор үүрэг гүйцэтгэгчийн өрийг гуравдагч этгээд шаардах эрхийг өөртөө шилжүүлэн авч үүрэг гүйцэтгэж болох бөгөөд энэ тохиолдолд энэ хуулийн 123.8-д заасан журам нэгэн адил үйлчилнэ гэж заасны дагуу худалдагч *******-ийн нэхэмжлэгчид төлөх өр, төлбөрийг хариуцагч ******* шилжүүлэн авсан гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, худалдагч *******-ийн үүргийн зөрчилтэй холбоотойгоор гэрээний зүйл болох дээрх автомашиныг нэхэмжлэгчид шилжүүлэх боломжгүйн улмаас нэхэмжлэгч гэрээнээс татгалзсаныг хариуцагч зөвшөөрсөн байна.

4.1 Нэхэмжлэгчийн татгалзал Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан үндэслэлд хамаарч байх тул нэхэмжлэгч нь гэрээний дагуу шилжүүлсэн 44,500,000 төгрөгийг хариуцагчаас мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.

5. Хариуцагч нь дээрх гэрээний дагуу нэхэмжлэгчээс урьдчилгаа төлбөрт төлсөн 44,500,000 төгрөгт тооцон, 2010 онд үйлдвэрлэсэн, Toyota Lexus RX 450h маркийн, 65-94 улсын дугаартай автомашиныг нэхэмжлэгчид шилжүүлэхээр тохиролцсон эсэх, тухайн автомашиныг шилжүүлэхдээ үнийн талаар хэрхэн тохиролцсон нь маргааны зүйл болжээ.

5.1 Нэхэмжлэгч нь дээрх автомашиныг 44,000,000 төгрөгийн авлагадаа тооцож авсан гэх үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна. Өөрөөр хэлбэл, тухайн автомашиныг нэхэмжлэгч нь 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу бусдад 44,000,000 төгрөгөөр худалдсан нь хариуцагчаас авах мөнгөн хөрөнгийн хэмжээг тодорхойлохгүй юм.

5.2 Харин хариуцагч нь тус автомашиныг 51,600,000 төгрөгөөр тооцон өмнөх үүргийг дуусгавар болгосон гэх агуулгаар тайлбарлан, хэрэгт 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн болон ******* нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг нотлох баримтаар гаргасан. /хх 27-28/ Уг гэрээний 3.2-т урьдчилгаа 44,000,000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 12,000,000 төгрөгийг Баянзүрх дүүрэг, 19-р хороо дахь салбар-*******-ийн зээлээр төлнө. гэжээ. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн дээрх татгалзал хэрэгт авагдсан нотлох баримтаар илүү үндэслэлтэй байна.

Учир нь уг автомашиныг , ******* нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээнээс хойш 3 сарын дараа ******* бусдад худалдахдаа 12,000,000 төгрөгөөр бага үнийн дүнгээр худалдсан нь автомашины зах зээлийн үнийг тодорхойлсон гэж дүгнэхэд учир дутагдалтай байна. Иймд энэ талаарх нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

6. Нэхэмжлэгчээс тухайн автомашиныг зээлийн барьцаанаас чөлөөлөхийн тулд *******-д хариуцагчийн өмнөөс зээлийн гэрээний үүрэгт төлсөн 7,124,800 төгрөгийн, мөн захиалгын гэрээний үлдэгдэл төлбөр гэх 500,000 төгрөгийн болон тухайн автомашиныг бусдад худалдахтай холбоотой татвар, хураамжид төлсөн нийт 500,000 төгрөгийн хэмжээгээр тус тус хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлгүй.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШШ2024/04579 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 145,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гом дол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

М.БАЯСГАЛАН