Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 91

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Энхзул,

Улсын яллагч М.Сайнзаяа,

Шүүгдэгч Д.Б , Б.Л , улсын ахлах өмгөөлөгч М.Найдан нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын  хяналтын пркоурор хууль цаазын дэд зөвлөх М.Сайнзаяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б , Б.Л  нарт холбогдох эрүүгийн 1915000720067 дугаартай, 163/2019/0093/Э индэкстэй хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1996 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Булган аймгийн Орхон суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, ээж 2 дүүгийн хамт Булган аймгийн ... оршин суух, Ч  овогт Д.Б  ,  

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1996 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Булган аймгийн Орхон суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт Булган аймгийн ... оршин суух, Ү  овогт Б.Л  , 

Холбогдогсон хэргийн талаар: Шүүгдэгч Д.Б , Б.Л  нар нь бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө Булган аймгийн Орхон сумын...байрлах “О” ХХК-ийн үр тарианы агуулахад нэвтэрч 293.5 кг үрийн будааг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 190775 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/ ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б  өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд миний өгсөн мэдүүлэг үнэн зөв тул мэдүүлэг өгөхгүй гэв.    

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Л  өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд миний өгсөн мэдүүлэг үнэн зөв тул мэдүүлэг өгөхгүй гэв.                      

191500720067 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

Яллагдагч Д.Б ын өгсөн: 2018 оны 11 дүгээр сарын эхэнд би өдрийг нь сайн санахгүй байна. Орой 10 цагийн үед би өөрийн гар утсаар найз Л ийн гар утасруу залгаад Л ийг манай гэрт хүрээд ир гэж хэлсэн. Удалгүй Л  манай гэрт ирэхээр нь би Л ийг хоёулаа гараад уулзая гэж хэлээд гэрээс авч гараад би Л ид хоёулаа дээд үтрэмийн тийшээ миний морьтой явчихаад ирье гэж хэлсэн чинь Л  яах гэж байгаа гэхээр нь зүг зүг гэж хэлсэн тэгээд бид миний морьтой цуг явсан. Тэгээд бид хоёр дээд үтрэм дээр очоод би хоёулаа эндээс будаа авья гэж хэлсэн чинь Л  баригдвал яах юм гэж хэлэхээр нь би гайгүй байхаа гэсэн чинь Л  будаагаар яах гээд байгаа гэхээр нь би мөнгөний хэрэг гараад байна гэсэн чинь Л  мөнгөөр яах гээд байгаа юм гээд уурлаад чи яг үнэнгээ хэлчих гэхээр нь би түлээ авах гэсэн юм гэж хэлсэн чинь Л  хүлээн зөвшөөрсөн. Тэгээд бид хоёр манай сумын Ч  ахын үтрэмийн хашааг давж ороод би ёонкосны цоожийг эвдсэн харин Л  хашааны банзыгг өшиглөж онгойлгон ороод 12 шуудайнд будаа хийж аваад бид хоёр хашаанаас зөөж гаргаад хашаанаас цааш морьтой гэрлүүгээ зөөж явсан гэх мэдүүлэг /хх-41 тал/

Яллагдагч Б.Л ийн өгсөн: 2018 оны 11 дүгээр сар дөнгөж гараад 10-н хүрээгүй байсан яг өдрийг сайн санахгүй байна. Орой харанхуй болсон байсан. Би гэртэй байсан чинь миний гар утас дугарахаар нь авсан чинь Б  өөрийн дугаараасаа залгаж байхаар нь би утсаа авсан чинь  намайг манайд хүрээд ир ярих юм байна гэж хэлэхээр нь би гэрт нь очиход ээж дүү хоёртойгоо байсан. Тэгээд намайг Б  хоёулаа гадаа уулзая гээд  гэрээсээ гарахаар нь би араас гарсан чинь  хоёулаа дээд хороонд хашаанд очье миний бэлдчихсэн будаа байгаа гэж хэлсэн. Тухайн үед би Б ынд явган очсон. Тэгсэн Б  би хоёр морь бэлдчихсэн байгаа хоёулаа морьтой очоод дүүрээд ирье гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд морийг нь эмээлж байтал гэрийн гадаанаасаа шуудай аваад байсан. Тэгээд би Б ын морийг унаад Б  мөн адил нэг морь унаад бид хоёр явсан. Тэгээд Б  бид хоёр дээд хорооны манай сумын Ч ын үтрэмийн хашааны  баруун талд очихоор нь би эндээс яах гэж байгаа юм бэ хэлтэл мөнгөний хэрэг болоод байна чи ганц хоёр будаа зөөгөөд өгөөч гэхээр нь би хоёулаа яах юм бэ дараа нь бөөн юм болно гэж хэлсэн чинь хөгшинд нь мөнгөний хэрэг болоод байна гэхээр нь би зөвшөөрөөд бид хоёр үтрэмийн хашааны хажуу талын хашааны хойд талаас морио уяаад үтрэмийн хашааг бид хоёр давж орсон чинь Б  намайг хашааны  хоёр банзныхаа хадаасыг намайг сугалчих гэж хэлээд хашаан дотор ёонкосруу явсан би хадаасыг нь суглаж онгойлгон  араас нь очсон чинь ёонкосны цоожийг эвдээд онгойлгочихсон байхаар нь чи яаж цоожийг онгойлгосон юм гэж асуутал би төмөрөөр хөшөөд онгойлгосон гэж хэлсэн. Тэгээд бид хоёр ёонкосруу ороод Б ын авчирсан 25 хилийн 5 ширхэг, 30 хилийн 7 ширхэг шуудайнуудад будаа хийж шуудайлан онгойлгосон хашааруу үүрч зөөгөөд хашаанаасаа гадна тал руу бид хоёр гаргаад мориороо Б ын гэрлүү нь зөөж хашаан дотор оруулж өгчихөөд би гэрлүүгээ харьсан гэх мэдүүлэг /хх-43 тал/

Хохирогч М.Ч ын өгсөн: 2018 оны 11 дүгээр сарын 07-ны 14 цагийн үед үтрэм дээрээ очиход төмөр цоожтой 2 ёонкосны хоёулангийн цоожийг эвдсэн онгорхой байсан...цагаан өнгийн үрийн будаа хадгалдаг складнаас 7тн үрийн цэвэр будаа байснаас нилээд хэмжээтэйг хулгайч авсан байсан...нийт 3848000 төгрөгийн хохирол учирсан. Манай Орхон сумын Б ыг сэжиглэдэг шалгаж өгнө үү,

Би цаад талын буюу цагаан өнгийн ёонксоноос алдсан будааныхаа хохирлыг барагдуулан авсан  гэх мэдүүлэг /хх-6-9 тал/

Гэрч Б.Э ын өгсөн: 2018.11.07-ны өдөр нөхөр Ч  Орхон сумын төв орж О ХХК-ийн агуулах савыг эргэж ирлээ 2 ёонксоны цоожийг нь эвдэж ороод үрийн цэвэр будаа, тэжээлийн будаа, хивэгнүүд, арабасны үрүүд алга болсон байна гэж хэлээд нөхөр Ч  бид хоёр 2018.11.08-ны өдөр 12 цагийн үед Орхон сумын төв дээр О ХХК дээрээ очиход хашааны 2 банзыг эвдэж хаалга гаргаж орсон бололтой ёонксон 2 складыг Хятад улсад үйлдвэрлэсэн 2 цоожийг нь эвдсэн байдалтай онгорхой байсан...нөхөр бид 2 урьд нь ирэхдээ үрийн будаануудыг ус орж магадгүй гээд нилээд дээшээгээ шуусан байсан нилээд доошоо болсон байсан гэх мэдүүлэг /хх-12-13 тал /

Гэрч Б.Б гийн өгсөн: ...2018.11 дүгээр сарын эхээр би яг өдрийг сайн санахгүй байна би Орхон сумын төвд ажил явдалд оролцож байгаа хамаатнуудаасаа малд өгөх будаа асууж байсан... Б  манай хадамын гэрт ирээд надтай уулзах хэрэг байна гээд намайг дуудахаар нь би гэрээс гараад Б  дээр очтол Б  та будаа авах гэж байгаа юм уу гэхээр нь би малд өгөх будаа авах гээд олдохгүй байна гэсэн чинь надад будаа байгаа авах уу гэхээр нь би хэдэн шуудай будаа байгаа юм гэсэн  чинь 10 шуудай будаа байгаа гэхээр нь ямар үнээр өгөх юм гэсэн чинь нэг машин мод буулгаад өгчих гэхээр нь би зөвшөөрөөд орой нь Б ын гэрт нь явж очсон чинь Б  байшингаасаа 10 шуудай будаа надад гаргаж өгөхөөр нь би удахгүй түлээний мод оруулж өгнө гэж хэлээд будааг нь машин дээрээ ачаад гэрлүүгээ явсан. Тэгээд тэр өдрөөс хойш 7-8 хоногийн дараа байх Б ынд 1 портер мод хийж өгсөн. Тухайн үед мод бэлтгэх  эрхийн бичигтэй нь цуг өгчихөөд гэртээ хариад байж байтал манай сумын төлөөлөгч намайг дуудаж уулзаад Б ын өгсөн 10 шуудай будааг хурааж авсан. Надад Б  будаагаа өгөх дөө энэ хоёр том шуудайтай будааг 25 кг шуудайнд хийхээр 4 шуудай будаа болно нийт 12 шуудай будаа шүү гэж хэлээд өгсөн. Надад нийт 8 жижиг 25 кг шуудайтай будаа 2 том шуудайтай будаа нийт 10 шуудай будаа өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 25 тал/

Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх- 2 тал/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-03 тал/ урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-47, 53 тал/, 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн алдагдсан эд зүйлд зах зээлийн үнэлгээг тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх-27 тал/, хувийн байдлын талаархи  нотлох баримтууд зэргийг шинжлэн судлав.   

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэлэв.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Б , Б.Л  нар нь бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө Булган аймгийн Орхон сумын 5 дугаар багийн төвд байрлах “О” ХХК-ийн үр тарианы агуулахад нэвтэрч 293.5 кг үрийн будааг  хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 190775 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн хууль зүйн факт, үйл баримт болжээ.     

Энэ үйл баримтыг тогтоох мөрдөн байцаалтын ажиллагаа хуулийн дагуу явагдсан,  гэм буруугийн талаар Д. Б ын өгсөн:... 2018 оны 11 дүгээр сарын эхэнд Б. Л   бид хоёр Ч  ахын үтрэмийн хашааг давж ороод би ёонкосны цоожийг эвдсэн харин Л  хашааны банзыгг өшиглөж онгойлгон ороод 12 шуудайнд будаа хийж аваад бид хоёр хашаанаас зөөж гаргаад хашаанаас цааш морьтой гэрлүүгээ зөөж явсан гэх мэдүүлэг /хх-41 тал/

 Б.Л ийн өгсөн:... 2018 оны 11 дүгээр сар дөнгөж гараад Д. Б  намайг утасаар дуудсан. ...Дээд хорооны манай сумын Ч ын үтрэмийн хашааны  баруун талд очихоор нь би эндээс яах гэж байгаа юм бэ хэлтэл мөнгөний хэрэг болоод байна чи ганц хоёр будаа зөөгөөд өгөөч гэхээр нь би хоёулаа яах юм бэ дараа нь бөөн юм болно гэж хэлсэн чинь хөгшинд нь мөнгөний хэрэг болоод байна гэхээр нь би зөвшөөрөөд бид хоёр үтрэмийн хашааны хажуу талын хашааны хойд талаас морио уяад үтрэмийн хашааг бид хоёр давж орсон чинь Б  намайг хашааны  хоёр банзныхаа хадаасыг намайг сугалчих гэж хэлээд хашаан дотор байсан ёонкосруу явсан би хадаасыг нь суглаж онгойлгон  араас нь очсон чинь ёонкосны цоожийг эвдээд онгойлгочихсон байхаар нь чи яаж цоожийг онгойлгосон юм гэж асуутал би төмөрөөр хөшөөд онгойлгосон гэж хэлсэн. Тэгээд бид хоёр ёонкосруу ороод Б ын авчирсан 25 хилийн 5 ширхэг, 30 хилийн 7 ширхэг шуудайнуудад будаа хийж шуудайлан онгойлгосон хашааруу үүрч зөөгөөд хашаанаасаа гадна тал руу бид хоёр гаргаад мориор Б ын гэрлүү нь зөөж хашаан дотор оруулж өгчихөөд би гэрлүүгээ харьсан гэх мэдүүлэг /хх-43 тал/

 мэдүүлэг ......... нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн хохирогч М.Ч ын өгсөн:... 2018 оны 11 дүгээр сарын 07-ны 14 цагийн үед үтрэм дээрээ очиход төмөр цоожтой 2 ёонкосны хоёулангийн цоожийг эвдсэн онгорхой байсан...цагаан өнгийн үрийн будаа хадгалдаг складнаас 7тн үрийн цэвэр будаа байснаас нилээд хэмжээтэйг хулгайч авсан байсан гэх мэдүүлэг /хх-6-9 тал, тухайн үйл баримтын талаар мэдүүлсэн гэрч Б.Э ын өгсөн:... Ч  бид хоёр 2018.11.08-ны өдөр 12 цагийн үед Орхон сумын төв дээр О ХХК дээрээ очиход хашааны 2 банзыг эвдэж хаалга гаргаж орсон бололтой ёонксон 2 складыг Хятад улсад үйлдвэрлэсэн 2 цоожийг нь эвдсэн байдалтай онгорхой байсан...нөхөр бид 2 урьд нь ирэхдээ үрийн будаануудыг ус орж магадгүй гээд нилээд дээшээгээ шуусан байсан нилээд доошоо болсон байсан гэх мэдүүлэг /хх-12-13 тал /, гэрч  Б.Б гийн өгсөн:... Б ын гэрт нь явж очсон чинь Б  байшингаасаа 10 шуудай будаа надад гаргаж өгөхөөр нь би удахгүй түлээний мод оруулж өгнө гэж хэлээд будааг нь машин дээрээ ачаад гэрлүүгээ явсан. Тэгээд тэр өдрөөс хойш 7-8 хоногийн дараа байх Б ынд 1 портер мод хийж өгсөн. Манай сумын төлөөлөгч намайг дуудаж уулзаад Б ын өгсөн 10 шуудай будааг хурааж авсан. Надад Б  будаагаа өгөх дөө энэ хоёр том шуудайтай будааг 25 кг шуудайнд хийхээр 4 шуудай будаа болно нийт 12 шуудай будаа шүү гэж хэлээд өгсөн. Надад нийт 8 жижиг 25 кг шуудайтай будаа 2 том шуудайтай будаа нийт 10 шуудай будаа өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 25 тал/ нарын мэдүүлэг, 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн алдагдсан эд зүйлд зах зээлийн үнэлгээг тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх-27 тал/, хувийн байдлын талаархи  нотлох баримтууд хангалттай нотлогдож тогтоогдсон байна.      

Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг сумын үнэлгээний комисс гаргажээ.   

 Иймд хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн талаар нотолвол зохих зүйл нотлогдсон байх тул шүүгдэгч Д.Б , Б.Л  нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар,  хууль бусаар, агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна .  

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчид 190775 төгрөгийн хохирол учирсан байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч М.Ч ад үрийн будааг хүлээлгэн өгсөн ба хохирогч хохирол төлөгдсөн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлж байх тул хохирол төлөгдсөн гэж үзлээ.  

Шүүгдэгч Д.Б , Б.Л  нарт ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, 6.5 дугаар зүйлд зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн,учруулсан хохирлыг нөхөн төлсөн болохыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан хорих ялыг хөнгөрүүлж оногдуулах нь зүйтэй байна.

  Шүүгдэгч Д.Б , Б.Л  нар нь энэ хэрэгтэй цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:   

1. Шүүгдэгч Ч  овогт Д.Б , Ү  овогт Б.Л  нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.     

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1,  6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Д.Б , Б.Л  нарыг  1 /нэг/ жилийн хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн   хуулийн   ерөнхий   ангийн   5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Д.Б , Б.Л  нарт оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлтэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт шүүгдэгч Д.Б , Б.Л  нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, хохирогч гомдол саналгүй болохыг тус тус дурьдсугай.

5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Б , Б.Л  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, тэдгээрийн ял эдлэх хугацааг 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн тоолсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

                     

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      С.ЦЭРЭНДУЛАМ