| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 101/2024/05078/И |
| Дугаар | 210/МА2025/00104 |
| Огноо | 2025-01-13 |
| Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 210/МА2025/00104
******* нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Т.Гандиймаа, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2024/04883 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: *******
Хариуцагч: *******
Нэхэмжлэлийн шаардлага: үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 00343 дугаар захирамжаар *******аас 352,355,743.93 төгрөг гаргуулж *******-д олгож, төлөөгүй тохиолдолд зээлийн барьцааны хөрөнгө болох *******,*******,*******,*******,, хаягт байршилтай, 129 м.кв талбайтай, 4 өрөө орон сууц, мөн арлын дугаартай, загварын автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Дээрх орон сууцыг ******* 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 22261401/02 дугаар тогтоолоор битүүмжилж, 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 22261401/03 дугаар тогтоолоор хураан авсан.
1.2 Баянзүрх дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 53 дугаартай тогтоолоор орон сууц хураасан ажиллагааг үнэлгээ тогтоох ажиллагаа явуулаагүй хуулийн хугацаа хэтрүүлсэн гэх үндэслэлээр хүчингүй болгосон. Мөн тус орон сууцыг шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 22261401/03 дугаар тогтоолоор дахин хураасан. Надад үнийн санал өгөх талаар дурдсан албан бичгийг хүргүүлсэн байсан боловч миний үнийн саналыг аваагүй. Орон сууцыг шинжээч 726,669,600 төгрөгөөр үнэлсэн талаар 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр мэдэгдэж, 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн дугаар албан бичгийг хүлээлгэн өгсөн.
1.3 Дээрх орон сууц нь байрлалын хувьд А зэрэглэлд үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дэргэд 150-200 метрт орших, орчин сайтай, улсын болон хувийн сургууль цэцэрлэгт ойрхон байрласан, бүх цонх наран талдаа зам руугаа харсан харууц сайтай, цонх таглаж нэмж байшин барилга барих боломжгүй, 2021 онд супер засвар хийсэн, 2 тагтыг доторлож, засаж тохижуулсан бөгөөд 10 давхарт байрлах тул агаарын бохирдол багатай, үзэгдэх орчин хязгаарлагдаагүй тул илүү үнэ цэнтэй гэж үзэж байна.
Мөн тус байранд байрлах 4 өрөө ижил м.кв талбайтай орон сууц 1,100,000,000 төгрөгөөр худалдан борлуулах зарыг Үнэгүй.мн зарын сайтад нийтлэгдсэн байсан тул 1 м.кв 7,200,000 төгрөгөөр үнэлэгдэх ёстой гэж үзэж байна. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.3 дахь хэсэгт заасанд нийцэхгүй байна гэж үзэж байна. Мөн дээрх үнэлгээний тайланг хийхдээ өртгийн хандлага болон зах зээлийн хандлагын үнэлгээгээр тооцсон гэсэн атал тухайн орон сууцны чанар, онцлог шинж, бусад орон сууцнаас илүү үнэлгээтэй болохыг нотолсон дээрх шинж чанаруудын үнэ цэнэ, засвар хийсэн өртөг нэмж тусгагдаагүй, дутуу үнэлсэн, мөн харьцуулсан орон сууцууд нь бага м.кв-тай орон сууцтай харьцуулж Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3 дахь хэсэгт заасныг баримтлаагүй мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.10 дахь хэсэгт заасныг зөрчиж тухайн орон сууцны үнэ цэнийг дутуу үнэлсэн.
Иймд дээрх орон сууцыг 726,669,600 төгрөгөөр үнэлсэн -ийн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн үнэлгээний тайланг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 343 дугаар захирамжаар *******аас 352,355,743.93 төгрөг гаргуулж -д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч нарт удаа дараа төлбөр төлөх мэдэгдэл хүргэсэн ч төлбөрөө төлж барагдуулаагүй тул төлбөр төлөгч ******* өмчлөлийн, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, *******,*******,*******,,, хаягт байршилтай, 129 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг битүүмжлэн хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу талуудаас үнийн санал авахад харилцан тогтоогоогүй тул хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлэхэд 726,669,600 төгрөгөөр үнэлэгдсэн. Үнэлгээний тайланг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу танилцуулсан.
2.2 Шинжээч тухайн орон сууцыг үнэлэхдээ үнэлгээний олон улсын стандарт, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн дагуу боловсруулсан аргачлалын дагуу өртгийн хандлагын арга, зах зээлийн хандлагын аргыг харьцуулан хамгийн өндөр үнэтэй буюу зах зээлийн хандлагын өгөгдлөөр 100 хувийн ач холбогдолтой хамгийн өндөр бодитой үнэ гаргасан. Нэхэмжлэгч үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн болохыг нотлох баримт ирүүлээгүй. Үзлэг хийсэн орон сууцны хувьд зар гаргаж байгаа он сарын хувьд даруй үнэлгээ хийснээс хойш 5 сарын дараах зар, үнэ ханш байна. Тухайн үнэлэгдэж байгаа орон сууц хотхонд зарагдаж байгаа орон сууцанд үзлэг нэгжлэгээр үзлэг хийх ёстой байхад өөр хотхонд зарагдаж байгаа тансаг зэрэглэлийн хамгийн сүүлд ашиглалтад орсон байртай харьцуулж байгаа нь нотлох баримт болох ач холбогдолгүй.
Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
3.1 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******т холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1 Нэхэмжлэгч нь Үнэгүй.мн сайт руу орж харахад нэг байршилд адилхан засалтай байр 1,000,000,000-1,200,000,000 төгрөгөөр үнэлэгдэж байна. Энэ талаар хүсэлт гарган Үнэгүй.мн сайтад байгаа байрны үнийн судалгааг харьцуулан харуулж хэрэгт нотлох баримтаар хавсаргуулсан хэдий ч энэ талаар нотлох баримтыг дутуу үнэлсэн. Миний хөрөнгийг бага үнэлгээгээр үнэлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдож байхад зах зээлийн ханш хамаагүй гэж авч үзэхгүй байгааг ойлгохгүй байгаа.
4.2 Шинжээч нь тухайн үнэлгээний тайландаа зах зээлийн үнээр үнэлсэн гэдэг боловч бодит байдал дээр зах зээл дээр ижил засалтай байр нэг тэрбум давсан, шинжээчийн үнэлгээний тайландаа жишиг үнийн харьцуулалтад нэг тэрбум гэдэг тоо байгаагүй нь үнэлгээ бодит биш гэж үзэх үндэслэл байна.
Иймд анхан шатны шүүхийн шүүхийн шийдвэрийг бүхэлд хүчингүй болгож өгнө үү гэжээ.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан, улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, *******,*******,*******,, хаягт байршилтай, 129 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг 726,669,600 төгрөгөөр үнэлсэн -ийн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШШ2022/00343 дугаар захирамжаар ******* нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 352,355,743 төгрөгийг 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн хугацаанд хуваарь гарган *******-д төлөх, төлөөгүй тохиолдолд ******* өмчлөлийн, *******,*******,******* //,,, хаягт байршилтай, 129 м.кв талбайтай, улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 4 өрөө орон сууц, мөн арлын дугаартай, загварын автомашинаар тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх 68-70/
4. Дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд хариуцагч байгууллагаас шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 22261401 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж /хх 71/, нэхэмжлэгчийн өмчлөлийн, дээрх үл хөдлөх эд хөрөнгийг шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 22261401/02 дугаар тогтоолоор битүүмжилж /хх 72-74/, 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 22261401/03 дугаар тогтоолоор хураан авсан /хх 77-79/ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйл, 54 дүгээр зүйлд тус тус нийцжээ.
4.1 Төлбөр төлөгч болон төлбөр авагчид шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 4-222/11123 дугаар мэдэгдлээр 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн дотор үнийн санал бичгээр ирүүлэхийг мэдэгдсэн. /хх 80/ Төлбөр авагч ******* 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 372,000,000 төгрөгөөр үнэлсэн үнийн саналыг хариуцагч байгууллагад гаргасан. /хх 81/ Төлбөр төлөгч нь тогтоосон хугацаанд үнийн саналыг ирүүлээгүй тул шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 5/163 дугаар тогтоолоор дээрх эд хөрөнгийн үнэлгээ тогтоох шинжээчээр -ийн үнэлгээчин томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт заасанд тус тус нийцжээ. /хх 83/
5. Шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 18/Ш дугаар хөрөнгийн үнэлгээний тайлангаар дээрх үл хөдлөх хөрөнгийг 726,669,600 төгрөгөөр үнэлсэн. /хх 88-117/
5.1 Шинжээч нь дүгнэлт гаргахдаа зах зээлийн хандлагын үнэлгээний тооцооллоор тухайн бүс нутаг болох *******т байршилтай үл хөдлөх эд хөрөнгөтэй харьцуулж хөрөнгийг үнэлгээ гаргасан байна. /хх 108/ Мөн харьцуулалт хийсэн үл хөдлөх эд хөрөнгийн мэдээллийн эх сурвалжийг зах зээлийн мэдээллийг нягтлан шалгаж, нэгтгэсэн хүснэгтэд тусгажээ. /хх 109/ Иймд нэхэмжлэгчийн зах зээл дээр ижил засалтай байр нэг тэрбум давсан, шинжээчийн үнэлгээний тайландаа жишиг үнийн харьцуулалтад нэг тэрбум гэдэг тоо байгаагүй нь үнэлгээ бодит биш гэж үзэх үндэслэл болж байна гэх давж заалдах гомдлыг хангахгүй.
6. Шинжээч нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан арга, аргачлалын дагуу хөрөнгөд үнэлгээ хийсэн байхаас гадна нэхэмжлэгч нь хөрөнгийг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн гэх үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.
7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2024/04883 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА
М.БАЯСГАЛАН