Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 280

 

О.Тэмүүжин, Б.Мягмаржав нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Оюунчулуун даргалж, шүүгч Б.Зориг, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Д.Оюунгэрэл,

Хохирогч П.Отгонбаяр,

Нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж, шүүгч С.Батгэрэл, Н.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 61 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч П.Отгонбаярын гаргасан давж заалдах гомдлоор О.Тэмүүжин, Б.Мягмаржав нарт холбогдох 201625031693 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Хөх чоносууд овогт Отгонбаярын Тэмүүжин, 1994 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хамтран амьдрагч О.Уранчимэгийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар баг, 12 дугаар гудамжны 9 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн Хархорины хойд дэнжийн нийтийн байранд оршин сууж байсан,

Сум дундын 27 дугаар шүүхийн 2015 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 28 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих ял шийтгүүлж, Хөвсгөл аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 73 дугаар шүүгчийн захирамжаар “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 2 жил 7 сар 21 хоногийн хорих ялаас 2 жилийг өршөөн хасч, Хөвсгөл аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 42 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 5 сар 28 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, /РД: РЭ94091619/

2. Бөхчүүд овогт Батдоржийн Мягмаржав, 1995 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Шинжлэх ухааны их сургуулийн үйлдвэр технологийн сургуулийн хөнгөн үйлдвэрийн 4 дүгээр дамжаанд сурдаг, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг, Минжийнхангай гудамжны 25 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр Төмөр замын Жаргалант байрны 4-81 тоотод оршин суудаг,

Дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 305 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож байсан, /РД: РД95053018/.

О.Тэмүүжин нь урьд дээрэмдэх гэмт хэрэгт шийтгүүлж, ялтай байхдаа 2016 оны 8 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өнжүүл” нийтийн байрны 2 давхарт гэртээ Т.Өлзийсайханыг унтаж байхад “Самсунг Эс 4”, “Айфон 4 эс” загварын 2 ширхэг гар утаснуудыг нь хулгайлан авч, 300.000 төгрөгийн хохирол учруулсан,

- Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, Б.Мягмаржавтай бүлэглэн 2016 оны 4 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 11А байрны урд бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж иргэн Н.Анхбаяр, П.Отгонбаяр нарыг зодож, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан танхайрсан гэмт хэрэгт,

Б.Мягмаржав нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, О.Тэмүүжинтэй бүлэглэн 2016 оны 4 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 11А байрны урд бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж иргэн Н.Анхбаяр, П.Отгонбаяр нарыг зодож, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: О.Тэмүүжинд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 181 дүгээр зүйлийг 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар, Б.Мягмаржавд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: О.Тэмүүжинг ялтай байх хугацаандаа бусдын эд хөрөнгийг хулгайлах, бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн догшин авирлаж, хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн, Б.Мягмаржавыг бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн догшин авирлаж, хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, О.Тэмүүжинг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 200.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 1 сарын хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хорих ял, Б.Мягмаржавыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан О.Тэмүүжинд мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 200.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 1 сар хорих ялд мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хорих ялыг багтааж, биечлэн эдлэх хорих ялыг 200.000 /хоёр зуун мянга/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 /арав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар О.Тэмүүжинд оногдуулсан 200.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 1 сар хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Мягмаржавт оногдуулсан 3 жил 5 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, “Нокиа с3” загварын гар утас битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц О.Тэмүүжинд буцаан олгож, Б.Мягмаржав нь хохирогч Н.Анхбаярт 500.000 төгрөг, хохирогч П.Отгонбаярт 300.000 төгрөг төлсөн, 15 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар О.Тэмүүжингийн цагдан хоригдсон нийт 115 хоногийг хорих ял биечлэн эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт тус тус зааснаар Б.Мягмаржавд оногдуулсан 3 жил 5 сарын хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн хэлтэст даалгаж, хохирогч Н.Анхбаяр нь үлдсэн хохирлоо хуулийн дагуу нотлох баримт бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч П.Отгонбаяр гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, өөрт учирсан хохирлыг О.Тэмүүжин, Б.Мягмаржав нараар нөхөн төлүүлэхээр давж заалдах гомдол гаргаж байна. 2016 оны 4 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Н.Анхбаярын хамт дэлгүүрээс тамхи авахаар явж байхад О.Тэмүүжин, Б.Мягмаржав нар ирээд “зодолдьё, ална” гэх зэргээр дайрч, шөвгөр бор царайтай залуу нь Н.Анхбаярыг хашааны хайс руу түлхээд зодсон. Тэр үед хамт явсан нөгөө залуу нь миний толгой руу цохьсон. Тэр хоёр залуу нийлж, нүүр, толгой руу тал талаас зодсоны улмаас “гайморын хөндийн гадна хананы цуурал, тархи доргилт, хамрын нурууны шарх, зөөлөн эдийн няцрал, 1 шүдний хугарал, 3 шүдний паалангийн эмтрэл” гэмтэл учруулсан. Өөрт учирсан дээрх гэмтлээ эмчлүүлэхэд буюу толгойн томографийн зураг авахуулах, шүднүүдээ засуулах зэрэг холбогдох зардалд баримтаар нотлогдсон 1.300.000 төгрөгийг О.Тэмүүжин, Б.Мягмаржав нараас мөрдөн байцаалт, анхан шатны шүүх хуралдааны үед нэхэмжилсэн боловч төлж барагдуулаагүй. Гэтэл анхан шатны шүүх миний нэхэмжилсэн хохирлыг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхой бус байдлаар орхигдуулж, хохирол төлүүлэх арга хэмжээ авч өгөөгүйд гомдолтой байна. Мөн Б.Мягмаржавд хорих ял оногдуулан, ялыг тэнсэж, хянан харгалзахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасан “...гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан тохиолдолд...” гэх хуулийн шаардлагыг хянаж үзээгүй байна. Түүнчлэн О.Тэмүүжин нь 2015 оны 12 дугаар сарын 8-ны өдөр 5 сар 28 хоногийн хорих ялаас тэнсэж, суллагдсан хугацаандаа буюу 2016 оны 4 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө дахин гэмт хэрэг үйлдсэн байтал анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 74 дүгээр зүйлийн 74.9 дэх хэсэгт заасны дагуу дүгнэлт хийгээгүй нь О.Тэмүүжин, Б.Мягмаржав нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьсан гэж бодож байна. Иймд би гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо эмчлүүлэхэд гарсан зардалд нэхэмжилж буй 1.300.000 төгрөгийг О.Тэмүүжин, Б.Мягмаржав нараас гаргуулж, эрхийг минь хангаж өгнө үү” гэв.  

Прокурор Д.Оюунгэрэл шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хохирогч П.Отгонбаярын гаргасан хохирлын баримтууд хавтаст хэргийн 50, 51, 54 дүгээр талуудад авагдсан бөгөөд анхан шатны шүүх хохирогчид 1.876.000 төгрөгийн хохирол учирсан гэж дүгнэсэн. Хохирогч П.Отгонбаяр бусдад зодуулсны улмаас 14 хоногийн хугацаанд ажил хийгээгүй, нэг өдрийн 50.000 төгрөгийн цалинтай ажилладаг, нийт 700.000 төгрөгийн цалин нэхэмжилнэ гэж баримт өгсөн. Үүнээс гадна 10.000, 50.000, 236.000, 175.000, 20.000, 710.000 төгрөгийн хохирлын баримтуудыг тус тус гаргаж өгсөн. Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Сэргэлэнбат дээрх хохирлын баримтуудын заримыг үндэслэлгүй гэж мэтгэлцэж байсан. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо дээрх хохирлын баримтуудын алийг нь үндэслэлтэй, алийг нь үндэслэлгүй болохыг дүгнээгүй. Мөн шийдвэр танилцуулахдаа шүүгдэгч Б.Мягмаржавыг төгсөх курсын оюутан гэдгийг нь харгалзан үзэж шийдвэр гаргасан гэдгийг шүүх бүрэлдэхүүн хэлж байсан. Шүүгдэгч нарын өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд бэлэн мөнгө авч ирээд хохиролд өгнө гэхэд хохирогч нар авахгүй гэж байсан. Шүүх бүрэлдэхүүний зүгээс хохирогч нарт хандаж “та хоёр өгч байгаа мөнгийг нь ав. Энэ хүүхэд хэдийгээр гэмт хэрэгт холбогдсон боловч оюутан юм байна, ирээдүйг нь бодох хэрэгтэй” гэж хэлснээр хохирогч нар мөнгийг авсан. Тухайн үед шүүх хуралдааны завсарлагаанаар мөнгө өгч, авалцсаныг миний хувьд хохирлыг төлж барагдуулчихлаа гэж би ойлгосон. О.Тэмүүжин урьд нь дээрэмдэх гэмт хэрэгт шийтгүүлж, ялтай байхдаа буюу ял эдэлж дуусахаас 5 сар 28 хоногийн өмнө тэнсэн суллагдсан. Гэтэл шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт О.Тэмүүжинг ялтай байх хугацаандаа бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэм хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн тусгаагүй байна. Мөн Б.Мягмаржавыг хохирол барагдуулаагүй байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийг хэрэглэж, оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзсан нь буруу. О.Тэмүүжин урьд оногдуулсан ялыг бүрэн эдэлж дуусахаас өмнө үлдсэн хугацааг тэнсэж хянан харгалзсан байхад дахин гэмт хэрэг үйлдсэн тул эдлээгүй үлдсэн ялыг бүгдийг нь буюу заримыг нэмж нэгтгэх заалтыг баримтлаагүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсгийг зөрчсөн. О.Тэмүүжинд 2015 оны 2 дугаар сарын 3-ны өдөр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийг журамлан тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ял оногдуулж,  “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг өршөөн хасч, үлдсэн 5 сар 21 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн сулласан. “Өршөөл үзүүлэх тухай” хуулийг аль ашигтай байдлаар хэрэглэхийг заасан учир 2 жилийн хорих ялыг хассан. Үлдсэн тэнсэж хянан харгалзсан 5 сар 21 хоногийн хорих ялыг бүхэлд нь эсхүл зарим хэсгийг сүүлд оногдуулсан ялд нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг тогтоох ёстой байсан” гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

О.Тэмүүжин нь Сум дундын 27 дугаар шүүхийн 2015 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 28 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих ял шийтгүүлж, Хөвсгөл аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 73 дугаар шүүгчийн захирамжаар “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 2 жил 7 сар 21 хоногийн хорих ялаас 2 жилийг өршөөн хасч, Хөвсгөл аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 42 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 5 сар 28 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан хугацаанд буюу 2016 оны 4 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө дахин гэмт хэрэг үйлджээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа буюу оногдуулсан ялыг бүрэн эдэлж дуусахын өмнө гэмт хэрэг шинээр үйлдэж шийтгүүлж байгаа бол шүүхийн сүүлчийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр өмнөх шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулснаас эдлээгүй үлдсэн ялыг бүгдийг буюу заримыг нэмж нэгтгэн уг этгээдийн биечлэн эдлэх ялыг тогтооно” гэж заажээ.

Иймд О.Тэмүүжинд Сум дундын 27 дугаар шүүхийн 2015 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 28 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг тогтоох нь хууль хэрэглээний хувьд зөв болохоор байна.

           Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...Шүүгдэгч Б.Мягмаржав нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлсөн, сурч байгаа байдлыг харгалзан үзэж хорих ялыг тэнсэж хянан харгалзах нь зүйтэй...” гэсэн дүгнэлт хийж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.           

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан тохиолдолд түүнд оногдуулсан … ялыг тэнсэж, ... хянан харгалзахаар тогтоож болно...” гэж заасан.

            Хохирогч П.Отгонбаярын эмчилгээ хийлгэсэн баримтаас /1 дүгээр хавтас, 54 дүгээр хуудас/ үзэхэд 905.000 төгрөгийн зардал гаргасан байх бөгөөд түүнд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулаагүй байна.

            Гэмт хэргийн улмаас хохирогч П.Отгонбаярын биед 1 шүдний хугарал, 3 шүдний паалангийн эмтрэл гэмтэл учирсан бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан гэм хор бүрэн арилгаагүй байх тул хохирогч П.Отгонбаярын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, О.Тэмүүжин, Б.Мягмаржав нарт холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.