Улсын дээд шүүхийн Тогтоол

2022 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 179

 

                                А.Д-т холбогдох эрүүгийн                                

хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Д.Эрдэнэбалсүрэн даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Ууганбаатар, шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Амарбаяр, С.Батцэрэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Туяа, түүний өмгөөлөгч Р.Булгамаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 264 дүгээр шийтгэх тогтоол, Төв аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 61 дүгээр магадлалтай, А.Д-т холбогдох 2034004870047 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Амарбаяр, С.Батцэрэн нарын гаргасан гомдлыг үндэслэн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч  Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1985 оны 10 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Хорчин овогт А.Д нь Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч А.Д-ийг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д-ийг 3 жил хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Төв аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 264 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Амарбаяр, С.Батцэрэн нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч С.Батцэрэн гаргасан гомдол болон шүүх хуралдаан хэлсэн саналдаа “... Анхан болон давж заалдах шатны шүүхүүд Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэхдээ Улсын дээд шүүхээс мөн хуулийг хэрэглэж, гарсан тогтоол, дүгнэлтүүдийн агуулгаас зөрүүтэй байдлаар тайлбарлан хэрэглэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.3-т заасан үндэслэлд хамаарна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4-т “Улсын дээд шүүх давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хянан үзэх замаар хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангана” гэж тодорхой хуульчлан тогтоожээ. Дээрх хуулийн агуулгаас үзвэл Улсын дээд шүүхээс давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хянаж үзээд гарч буй тогтоолын хууль зүйн үндэслэл, дүгнэлт нь анхан болон давж заалдах шатны шүүхийн практикт хуулийг нэг мөр ойлгож хэрэглэх, хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангуулах үндэслэл болохоор байна.

Түүнчлэн Улсын дээд шүүхээс 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлийн хүрээ, хэмжээ хязгаарын талаар тайлбарлан хэрэглэж, бусад шүүхүүдийн практикт нэгэнт тогтсон жишиг тогтоол, дүгнэлтээс дурдвал: “... Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тодорхой төрлийн гэмт хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамруулах асуудлыг шийдвэрлэхдээ тухайн гэмт хэргийн нийгмийн хор аюулыг үндсэн шалгуур болгож зүйл, хэсэг бүрээр хэлэлцэж тогтдог бөгөөд гэм буруугаа хүлээсэн, гэмшсэн, хохирол хор уршгийг арилгасан зэрэг тодорхой гэмт хэрэг дэх субъектив нөхцөл байдлыг нэмэлт шалгуур болгон тогтоох нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн зорилгод нийцдэггүй. Харин... нэгэнт шүүхээс хэргийг эцэслэн хянан хэлэлцэж, шүүгдэгчийг гэм буруутай болохыг тогтоон хохирлын хэмжээг тодорхойлж, нөхөн төлүүлэхээр зааж буй тохиолдолд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол нөхөн төлсөн, төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлуудыг өршөөлд хамрагдах нөхцөл болгон авч үзэх шаардлагагүй... Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.10-т “Яллагдагч, шүүгдэгч гэм буруугийн асуудлаар маргавал шүүх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ердийн журмаар хянан хэлэлцэж, гэм буруутай эсэхийг шийдвэрлэсний дараа энэ хуулийг хэрэглэнэ” гэж заасан нь хууль тогтоогчийн зүгээс шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг хөдөлбөргүй тогтоосны дараа уг хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг өршөөн хэлтрүүлэх эрх хэмжээг шүүхэд олгожээ” гэж дүгнэн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тодорхой төрлийн гэмт хэргүүдийг шүүгдэгч гэм буруугаа хүлээсэн эсэхээс үл хамааран Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамааруулан, өршөөн хэлтрүүлэн шийдвэрлэж, мөн хуулийг хэрхэн яаж хэрэглэх талаар хууль хэрэглээний нэгдмэл байдлыг аль хэдийн хангасан байна.

Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхүүд Өршөөл үзүүлэх тухай хуулийг дээрх тогтоол, дүгнэлтүүдээс санаатайгаар зөрүүтэй байдлаар тайлбарлан хэрэглэж, Улсын дээд шүүхийн хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах хууль ёсны эрх мэдлийг үгүйсгэж, үл ойшоож буй дур зоргын асуудлыг анхааралдаа авч цаашид хууль хэрэглээний буруу жишиг тогтохоос сэргийлэх талаар онцгойлон анхаарч үзэхийг хүсье.

Давж заалдах шатны шүүхээс “... Өмгөөлөгч нь өөрийн үйлчлүүлэгчийн хүсэл зориг, ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавьж, үйлчлүүлэгчийн санаа бодлыг илэрхийлж, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах атал шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь давж заалдах шатны шүүхэд өөр, өөр үндэслэлээр гомдол гаргасан тул шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх боломжгүй байна” гэх агуулга бүхий дүгнэлт хийж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагаанд ноцтойгоор халдсан хууль бус дүгнэлт болсон. Учир нь Өмгөөллийн тухай хууль болон Өмгөөлөгчийн ёс зүйн дүрэмд зааснаар өмгөөлөгч нь үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хуулийн хүрээнд тууштай хамгаалах үүрэгтэй бөгөөд үйлчлүүлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол, хүсэл зоригийн эсрэг байр суурь илэрхийлэхийг хориглодог.

Харин давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчдийн зүгээс өөр, өөр санал, дүгнэлт гаргаж оролцсон асуудал нь үйлчлүүлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол, хүсэл зоригт илүү нийцсэн, хуулиар хориглоогүй ажиллагаа байсан.

Түүнчлэн өмгөөлөгчийн зүгээс давж заалдах шатны шүүхэд Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэж, хэргийг хэрэгсэхгүй болгуулах талаар гаргасан гомдлын агуулга нь миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг илтгэхгүй ба энэ агуулгаар гомдол гаргаагүй.

Харин зөвхөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.10-т зааснаар шүүгдэгч гэм буруугаа хүлээсэн эсэхээс үл хамааран уг хуулийг заавал хэрэглэх ёстой гэх агуулгатай гомдол байсан ба энэ нь Улсын дээд шүүхийн Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэж, гарсан тогтоол, дүгнэлтүүдтэй нийцнэ гэж үзэж байна.

Иймээс Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 264 дугаартай шийтгэх тогтоол болон Төв аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 61 дугаартай магадлалд миний үйлчлүүлэгчид оногдуулсан ялыг өршөөн хэлтрүүлсэн өөрчлөлтийг оруулж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Амарбаяр гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Анхан болон давж заалдах шатны шүүхүүд болж өнгөрсөн үйл явдалд хууль зүйн дүгнэлт хийхдээ, Эрүүгийн хуулийг жинхэнэ агуулгаас зөрүүтэй буюу буруу ойлгон хэрэглэж, А.Д-ийг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэж гэм буруутайд тооцон ял шийтгэл оногдуулсан нь хууль ёсны болж чадаагүй.

Шүүх эрүүгийн эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд үнэлэлт дүгнэлт өгч, хэрэг маргааныг шийдвэрлэхдээ буруутгагдаж буй хүний гэм бурууг заавал тогтоож байж хариуцлага хүлээлгэдэг үндсэн зарчимтай.

Гэм буруугийн ямар хэлбэрээр үйлдсэн болох, тэр нь гэм буруугийн бусад хэлбэрээс хэрхэн, яаж ялгагдаж байгааг зөв тодорхойлох нь шүүн таслах ажиллагааны гол зорилтын нэг байх ёстой.

А.Д-ийг хайхрамжгүй хандаж гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж анхан шатны шүүх дүгнэхдээ, уг хэлбэрийн үндсэн шинж чанар дотоод элемент бүрийг сайтар дүгнээгүйгээс, шинж чанарын хувьд зарим талаар ижил төсөөтэй боловч огт өөр эрх зүйн үр дагавар үүсгэдэг золгүй учрал тохиолдсон байхад эрх зүйн онолын болон хууль хэрэглээний хувьд алдаатай буруу дүгнэлт хийж, эрүүгийн хариуцлага оногдуулан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, дан ганц хор уршигт түшиглэн хийсэн яллагаа болсон.

Гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийн мөн чанар нь тухайн хүн өөрийн үйлдлийн улмаас учрах нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан харах боломжтой байсан боловч уг хор уршгаас сэргийлэх хүсэл зоригийн үйлдэл хийхэд шаардагдах зохих сэрэмжлэл, анхаарал гаргаагүй байдагт оршдог.

Харин болж өнгөрсөн хавтаст хэрэгт авагдсан үйл баримтыг харахад А.Д нь талийгаачийг голын усанд унах талаар урьдчилан мэдэх боломжгүй буюу амь хохирогчийн бөөлжсийг цэвэрлэж байхад хажуугаар нь гарсан ба гараад шууд голын усанд онхолдсон ба А.Д нь түүнийг аврахаар хойноос нь голд орж мөн адил усанд живсэн байдаг. Түүнчлэн учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэх боломжгүй байсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж болох хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон байхаар хуульчилсан.

2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 68 дугаар яллах дүгнэлтэд Архидан согтууруулахтай тэмцэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж ялласан боловч анхан болон давж заалдах шатны шүүхээс уг гэмт хэргийн үндсэн шинжүүдийг хооронд нь хольж, хууль зөрчиж болгоомжгүй үйлдэл хийсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Амь хохирогч 19 насанд хүрсэн, эрх эдэлж, үүрэг хүлээх бүрэн чадамжтай эрх зүйн этгээд байсан. А.Д-ийн хувьд амь хохирогчтой 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр анх фэйсбүүкийн найз болсноос хойш золгүй явдал болох өдрийг хүртэл харилцсан ба уг хугацаанд амь хохирогчийг ямар нэгэн байдлаар дарамталсан, айлган сүрдүүлсэн, уруу татсан зүйл огт байхгүй.

Харин ч түүнийг сонсож, сэтгэл санааг нь ойлгон түүнд байнгын урам хайрлаж, сэтгэл санааны дэмжлэг үзүүлж ирсэн нь амь хохирогч Э.Э болон А.Д-ийн хоорондоо чаталсан чат болон зарим гэрчийн мэдүүлгээс тодорхой харагддаг. Гэтэл А.Д-ийг амь хохирогчийг уруу татаж буюу хууран мэхэлж, айлган сүрдүүлж, хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж явсан мэтээр үзсэн нь үндэслэлгүй. Мөн архи уулгаж орхисон гэх үйл баримт хавтаст хэрэгт тогтоогдоогүй ба Э.Э-ын бөөлжсийг цэвэрлэж байхад хажуу талаар нь мөлхөж гарч явахдаа усанд унаж эндсэн. Согтуу байхад нь орхиж өөр газар луу хаяж явсан мэтээр үзэж байгаа нь үндэслэлгүй байна.

А.Д-ийг 2000 онд батлагдсан Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан хориглосон заалтыг зөрчсөн гэсэн атлаа түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндсэн шинж болох үүрэг хүлээсэн хүн уг үүргээ биелүүлээгүй гэж яллаж байгаа нь буруу юм. Анхан шатны шүүхээс архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд заасан хориглосон заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлээр биш, харин Зөрчлийн тухай хуулийн Зургаадугаар бүлэгт заасан нийтийн ёс суртахуун, хүн амын эрүүл мэнд, эрүүл ахуйн журмын эсрэг зөрчил буюу 6.5 дугаар зүйлд заасан Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг зөрчсөн гэж зөрчлийн арга хэмжээ авах ёстой байсан.

Иймд Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 264 дүгээр шийтгэх тогтоол, Төв аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 61 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, А.Д-ийг цагаатгаж өгнө үү” гэв.

Прокурор Б.Ууганбаатар хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... Шүүгдэгч А.Д-т холбогдох хэргийг анхан болон давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд “Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-т Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх, бусдыг шахаж согтоох, түүнчлэн 21 насанд хүрээгүй хүнийг уруу татаж согтууруулах ундаа уулгахгүй байх нь насанд хүрсэн хүн бүрийн үүрэг бөгөөд шүүгдэгч А.Д нь 21 насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаа уулгаж орхисны улмаас хүнд зэргийн согтолттой амь хохирогч голын усанд живж амь насаа алдсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шинжийг хангасан” гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэсэн байна. Иймд шүүх бүрэлдэхүүн Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд заасан уруу татсан, уулгасан гэх шинжүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангах, Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэсэн эсэхэд дүгнэлт хийх нь зүйтэй ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Туяагийн өмгөөлөгч Р.Булгамаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Энэ хэргийн мөрдөн шалгах ажиллагаа нэлээдгүй хугацаанд үргэлжилсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол болон давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй гарсан. Давж заалдах шатны шүүхийн магадлалд Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглээгүй талаарх хууль зүйн үндэслэлийг тодорхой заасан. Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах асуудал яригдах тохиолдолд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх санаа агуулагдана. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн хувьд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалтай санал нэг байна ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өмгөөлөгч Ш.Амарбаяр, С.Батцэрэн нарын гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч А.Д-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, хуульд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч А.Д нь 2020 оны 06 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт орших Тэрэлжийн шугуй гэх газар “Архидан согтууруулахтай тэмцэх тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-т заасан “... 21 нас хүрээгүй хүнийг уруу татаж согтууруулах ундаа уулгахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчин 19 настай Э.Э-ыг уруу татаж, согтууруулах ундаа уулгаж орхисны улмаас Э.Э голын усанд живж, нас барсан үйл баримт шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Д-т 3 жил хорих ял оногдуулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэв.

Бие бялдар, оюун ухаан, сэтгэхүй нь бүрэн хөгжиж төлөвшөөгүй хүүхэд, өсвөр насны хүн согтууруулах ундаа хэрэглэх нь насанд хүрэгсэдтэй харьцуулахад тархины үйл ажиллагаа, мэдрэлийн тогтолцоонд илүү хортой нөлөө үзүүлж, сэтгэл санаа, сэтгэцийн хэвийн байдлыг нь алдагдуулснаар өөрийгөө хянаж удирдах, үйлдлийнхээ үр дагавар, учирч болзошгүй эрсдлийг ухамсарлах оюуны чадамжийг нь ихээхэн сулруулж, согтууруулах ундаанд хордох, осолд орж гэмтэх, хүчирхийлэлд өртөх, хүсээгүй бэлгийн харьцаанд орох зэргээр эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөх, улмаар согтууруулах ундаанд донтож, хүмүүжил, зан төлөв нь өөрчлөгдөх, гэмт хэрэг, зөрчилд холбогдон бусдад гэм хор учруулах зэрэг олон сөрөг үр дагаврыг дагуулдаг нь нэгэнт нотлогдсон үйл баримт тул дэлхийн улс орнууд өөрсдийн соёл, уламжлал, үндэстнийхээ онцлогийг харгалзан согтууруулах ундааны үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээг төрийн хяналтад оруулж, согтууруулах ундаа хэрэглэж болох насны доод хязгаарыг хуульчлан тогтоодог нийтлэг жишиг, чиг хандлагын дагуу Монгол улс архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх бодлогоо тодорхойлж, согтууруулах ундааг үйлдвэрлэх, борлуулах, худалдах, түүгээр үйлчлэхтэй холбоотой тодорхой хязгаарлалтуудыг хуулиар тогтоож, түүнийг зөрчвөл хүлээлгэх хууль зүйн хариуцлагыг Зөрчлийн тухай хуулийн 6.5 дугаар зүйлд тусгайлан зааж хуульчилсан билээ.

Тухайлбал, “Архидан согтуурахтай тэмцэх тухай” хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Хүнсний зориулалтын түүхий эдээр үйлдвэрлэсэн спирт, бүх төрлийн архи, 2 хувиас дээш этилийн спирт агуулсан дарс, пиво, сүүн бүтээгдэхүүнээр нэрсэн шимийн архи согтууруулах ундаанд хамаарна” хэмээн хуульчилж, мөн хуулийн 7.2 дугаар зүйлийн 7.2.2-т  “21 нас хүрээгүй, эсхүл согтуу хүнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх”-ийг хориглосноос гадна мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 7.3.2-т “21 нас хүрээгүй хүн согтууруулах ундаа хэрэглэх”, мөн хуулийн 7.4 дүгээр зүйлд “согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх, бусдыг шахаж согтоох, түүнчлэн 21 нас хүрээгүй хүнийг уруу татаж согтууруулах ундаа уулгах”-ыг тус тус хориглосон болно.

Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирсон тохиолдлыг хууль тогтоогч 2015 оны Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлд заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэргийн бие даасан нэг шинж болгон хуульчилсан болно.

Түүнээс гадна хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актад заасан хориглосон хэм хэмжээг зөрчиж, бусдын амь нас, эрүүл мэндэд аюул учирч болох нөхцөл байдлыг өөрийн үйлдэл, эс үйлдэхүйгээр бий болгосон этгээдэд тухайн учирч болох аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах хууль зүйн үүрэг үүсэх бөгөөд түүнийгээ зохих ёсоор биелээгүйгээс хүний амь нас, эсхүл эрүүл мэндэд хохирол учирсан бол тухайн үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцож, зөрчигдсөн хууль тогтоомж, гэм буруугийн хэлбэр, учирсан хохирлын шинж чанараас хамааруулан хэргийг Эрүүгийн хуулийн зохих зүйл, хэсгээр зүйлчилж шийдвэрлэнэ.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгч А.Д нь өөрийн танил, найз нөхдийн хамт Улаанбаатар хотоос гарч, Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байрлах Тэрэлж орчимд аялахдаа 21 насанд хүрээгүй эмэгтэй Э.Эыг дагуулан явж, согтууруулах ундаагаар дайлсны улмаас тэрээр хүндээр согтсон байх бөгөөд Э.Э нь Тэрэлж голын эрэгт ойрхон зассан майханд хоноглохдоо бие нь тавгүйтэн бөөлжиж, улмаар майхнаас гарах үедээ  голын усанд унаж, живж нас барсан болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-7/, хохирогч нь живэлтийн улмаас амьсгалын хурц дутагдалд орж нас барсан талаар Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Э.Эрхэмбаярын гаргасан 96 дугаартай дүгнэлт /1хх-154/, гэрч Б.М, /1хх-32, 44, 97, 103/, Д.Э /хх-39, 94/, Б.Г, /хх-34, 36, 101/, шүүгдэгч А.Д /2хх-240, 243/ нарын өгсөн харилцан зөрүүгүй мэдүүлгүүдээр хөдөлбөргүй тогтоогджээ.

Хэдийгээр хохирогч Э.Э нь 18 насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай хэдий ч түүнийг согтууруулах ундаа хэрэглэх дур сонирхолтой, түүнээс хамааралтай гэж үзэх хувийн байдал тогтоогдоогүй, эсрэгээр согтууруулах ундааг зохистой хэрэглэх мэдлэг, туршлагагүй, согтууруулах ундааны сөрөг үр дагаврыг гүйцэд ухаараагүйгээс бусдад уруу татагдан согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэж, хүндээр согтсон нь (шинжээчийн дүгнэлтээр амь хохирогчийн цусанд 3.5 хувийн промилль, ходоодны шингэнд 4.4 хувийн промилль спиртийн агууламж илэрсэн) өөрийнхөө зан үйлийг зөв үнэлэх, аюул осолд орохгүйгээр биеэ авч явах чадварыг нь сулруулж, улмаар тэнцвэр алдан голын усанд унаж, амь насаа эрсдэлд оруулах шалтгаан болсон гэж үзэхээр байна.

Шүүгдэгч А.Д-ийн хувьд өөрөөс нь 16 насаар дүү, тухайн үед 19 настай байсан Э.Э-той гэр бүлээс гадуур дотно харилцаа үүсгэн, ар гэрт нь мэдэгдэхгүйгээр хөдөө аялалд дагуулан явахдаа харилцан итгэлцлээр түүний амь нас, эрүүл мэндийг болзошгүй эрсдэлээс хамгаалах үүрэг хүлээсэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд тэрээр хохирогч Э.Э-ыг 21 нас хүрээгүй болохыг мэдсээр байж “Архидан согтууруулахтай тэмцэх тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-т заасан “... 21 нас хүрээгүй хүнийг уруу татаж согтууруулах ундаа уулгахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчин түүнийг согтууруулах ундаагаар дайлж, чөлөөтэй хэрэглэх нөхцөлийг бүрдүүлснээс гадна хохирогч согтууруулах ундаа хэрэглэсний улмаас сэтгэл хөөрөлд автан, улмаар орчныг бодитой мэдэрч, өөрийн зан үйлийг хянаж, ухамсарлах чадвар нь суларсан үед болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар зохих арга хэмжээ аваагүй, хайхрамжгүй хандсан эс үйлдэхүй нь хохирогч Э.Э согтуурсан үедээ голын усанд унаж, амь насаа алдсан үйл баримттай гэм буруугийн бодит хамааралтай байх тул Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан гэж дүгнэв.

 “Архидан согтууруулахтай тэмцэх тухай” хуулиар 21 нас хүрээгүй хүн согтууруулах ундаа хэрэглэх, мөн 21 нас хүрээгүй хүнд согтууруулах ундаа хэрэглүүлэхийг хориглосон талаар шүүгдэгч А.Д мэдээгүй, мөн тэрээр хохирогчийг аврах зорилгоор голын ус руу орж, өөрийн амь насыг эрсдэлд оруулсан явдал нь түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгуулах талаар өмгөөлөгч Ш.Амарбаярын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй болно.

Харин анхан болон давж заалдах шатны шүүхүүд шүүгдэгч А.Д-ийг Өршөөл үзүүлэх тухай 2021 оны хуульд хамруулан шийдвэрлэх нөхцөл, шаардлага хангагдаагүй буюу тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй, нөхөн төлөхөө илэрхийлээгүй гэж дүгнэн уг хуулийг хэрэглээгүй нь хууль ёсны шийдвэр болж чадаагүй байна.

Тодруулбал, А.Д-т холбогдох Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд тодорхойлсон өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагын төрөлд багтаагүй тул нийтлэг үндэслэлийн хувьд тухайн хуулиар тогтоосон өршөөл үзүүлэхгүй нөхцөл байдал, хориглолт шүүгдэгчийн хувьд байхгүй гэж үзнэ.

Яллагдагч, шүүгдэгч гэм буруугийн асуудлаар маргавал шүүх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ердийн журмаар хянан хэлэлцэж, гэм буруутай эсэхийг шийдвэрлэсний дараа Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх талаар мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.10 дахь хэсэгт заажээ.

Дээр дурдсан үндэслэлд тулгуурлан дүгнэж үзвэл Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдож байвал оногдуулсан ялыг өршөөн хэлтрүүлэхээр тогтоосон заалт нь заавал хэрэгжих шинжтэй хуулийн хэм хэмжээ тул шүүгдэгч А.Д-т анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг өршөөн хэлтрүүлэх талаар өмгөөлөгч С.Батцэрэнгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, шийтгэх тогтоол, магадлалд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 264 дүгээр шийтгэх тогтоол, Төв аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 61 дүгээр магадлалд “Шүүгдэгч А.Д-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн  4 дүгээр зүйлийн 4.1, 12 дугаар зүйлийн 12.10 дахь хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлж, даруй сулласугай” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч С.Батцэрэнгийн гаргасан гомдлыг хангаж, өмгөөлөгч Ш.Амарбаярын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                    Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН

ШҮҮГЧ                                             С.БАТДЭЛГЭР

                                                                    Б.БАТЦЭРЭН

                                                                     Ч.ХОСБАЯР

                                                                                Б.ЦОГТ