Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2020/0062

 

Г.Б, Д.Т нарын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

        Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, Ерөнхий шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Д.Ү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 806 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Г.Б, Д.Т нарын нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийг Ерөнхий шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

        Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 806 дугаар шийдвэрээр: ”Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт заасныг баримтлан иргэн Г.Б, Д.Т нарын газар ашиглахаар гаргасан хүсэлтийг хүлээн авч, хууль журмын дагуу шийдвэрлэхийг Байгаль орчин аялал жуулчлалын сайдад даалгаж,

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгож” шийдвэрлэжээ.

        Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М давж заалдах гомдолдоо: “Нэхэмжлэгч Д.Т, Г.Б нар ямар нэгэн газрын зөвшөөрөл байхгүй, хууль бусаар оршин суусан иргэд бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д зааснаар нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдүүдийн гаргасан нэхэмжлэл тул хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах байтал анхан шатны шүүх хуулийн дээрх зохицуулалтыг буруу тайлбарлаж дүгнэсэн нь хууль хэрэглэх зарчмыг зөрчсөн.

        “Т” ХХК-аас тус компанийн газар ашиглах эрх олгосон тушаалыг хүчингүй болгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/355 дугаар тушаалыг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн болно.

        Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 806 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

        Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

        Нэхэмжлэгч Г.Б, Д.Т нараас “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын “Т” ХХК-д газар ашиглуулах зөвшөөрөл олгосон 2007 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 474 дүгээр тушаалын Г.Б, Д.Т нарын оршин суудаг газартай давхардуулан олгосон хэсгийг хүчингүй болгуулж, иргэн Г.Б, Д.Т нарт газар ашиглах эрхийн зөвшөөрөл олгохыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгах” нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Г.Б, Д.Т нарт газар ашиглах эрхийн зөвшөөрөл олгохыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгах” гэж өөрчилснийг анхан шатны шүүх хянан шийдвэрлэжээ.

        Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц дараахь зөрчлүүдийг гаргажээ. Үүнд:

        Нэг. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэх бөгөөд гэрчээс мэдүүлгийг авах ажиллагааг шүүгч өөрөө явуулж, хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулах төдийгүй хэргийн оролцогчдод гэрчээс асуулт асуух боломжийг олгох ёстой. Харин гэрч асуухад хөндлөнгийн гэрч оролцуулах шаардлага Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд тусгагдаагүй.

        Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын нэг 2000-2009 он хүртэл Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргаар ажиллаж байсан, тус хорооны хэсгийг ахлагч Ц.Л-ийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн гэрчийн мэдүүлэгт шүүгч гарын үсэг зураагүй, хөндлөнгийн гэрчийг уг ажиллагаанд байлцуулсан зэрэг нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32, 37 дугаар зүйлүүдийг зөрчсөний зэрэгцээ мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5-д “Нотлох баримт гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчиж олж авсан нотлох баримт нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэж заасны дагуу нотлох чадвараа алджээ.

        Хоёр. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5, 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон захиргааны акт, захиргааны гэрээний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг гуравдагч этгээд гэх бөгөөд тухайн этгээдийг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүсэлтээр нь болон санаачилгаараа татан оролцуулдаг.

        Хуулийн дээрх заалттай холбогдуулан анхан шатны шүүх нэхэмжлэгч Г.Б, Д.Т нарын “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын “Т” ХХК-д газар ашиглуулах зөвшөөрөл олгосон 2007 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 474 дүгээр тушаалын Г.Б, Д.Т нарын оршин суудаг газартай давхардуулан олгосон хэсгийг хүчингүй болгуулж, иргэн Г.Б, Д.Т нарт газар ашиглах эрхийн зөвшөөрөл олгохыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгах” шаардлага бүхий захиргааны хэрэгт маргаан бүхий газрыг 2007 оноос ашиглах эрх үүссэн гэх “Т” ХХК-ийг эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй гэж үзэн гуравдагч этгээдээр татан оролцуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь хуулийн дээрх заалттай нийцсэн байна.

        Гэсэн атлаа шүүх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн Б/355 дугаар тушаал гарсантай холбогдуулан гуравдагч этгээдээр татсан өмнөх захирамжаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.3 /Энэ хуулийн 111.1-д заасны дагуу гаргасан шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол илт үндэслэлгүй бол уг захирамж, тогтоолыг гаргасан шүүгч, шүүх бүрэлдэхүүн хүчингүй болгох, эсхүл өөрчилж болно/-д заасан үндэслэлээр хүчингүй болгосон нь мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-ийг зөрчсөн ноцтой зөрчил болжээ.

        Тодруулбал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын Б/355 дугаар тушаалаар “Т” ХХК-д Зайсангийн аманд 1.0 га газар ашиглуулах эрх олгосон өмнөх 2007 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 306 дугаар тушаалыг хүчингүй болгосноор “Т” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй гэх үндэслэл болохгүй.

        Хэрэгт “Т” ХХК-ийн нэхэмжлэлээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тухайн тушаалтай холбоотой захиргааны хэргийг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа талаарх баримт авагджээ.

        Гурав. Нэхэмжлэгч Г.Б, Д.Т нарын нэхэмжлэлийг шүүгч Д.Чанцалням хүлээн авч захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийг Шүүгчдийн зөвлөгөөний 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1347 дугаар тогтоолоор шүүгч Д.Оюумаад шилжүүлсэн, үүний дараа шүүгч Д.Чанцалнямд хэргүүдийг буцаан шилжүүлсэн Шүүгчдийн зөвлөгөөний 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1351 дүгээр тогтоол авагдсан боловч тухайн тогтоол бүрэн, мөн шүүх хуралдааны даргалагчийг томилсон шийдвэрийг албажуулсан Ерөнхий шүүгчийн захирамж авагдаагүйгээс энэхүү захиргааны хэргийг шүүгч Д.Чанцалнямд буцаан хуваарилсан гэдэг нь тодорхойгүй байна.

        Энэ нь шүүх хэргийг хууль бус бүрэлдэхүүнээр хянан шийдвэрлэсэн гэх үндэслэл болно.

        Эдгээрээс гадна анхан шатны шүүхийн шүүгч 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 7099 дүгээр захирамжаар “Т” ХХК-ийг гуравдагч этгээдээр татсан өөрийн 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 3765 дугаар захирамжийг хүчингүй болгохдоо хугацаа заалгүйгээр шүүх хуралдааныг хойшлуулж, хэргийг 1 сар 18 хоногийн дараа буюу 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хянан шийдвэрлэсэн,

        мөн шүүгчийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 4606 дугаар захирамжаар шүүх хуралдааныг 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүртэл хойшлуулсан атлаа хэргийн оролцогч нараас гаргасан хүсэлтийг шүүгчийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн захирамжаар шийдвэрлэсэн, тухайн захирамжаа тамга дарж албажуулаагүй зэрэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохицуулсан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн байгааг анхаарах нь зүйтэй.

        Нөгөөтэйгүүр, маргаантай байсан 6 иргэнтэй ашиглах эрх үүссэн байсан 1.0 га газраасаа хасалт хийлгэн эвлэрч, хашаалсан 0.46 га газрыг ашиглахаар холбогдох байгууллагуудад хүсэлтээ гаргаж байсантай холбогдуулан “Т” ХХК-ийн хашаалсан 0.46 га талбай бүхий газар нэхэмжлэгч Г.Б, Д.Т нарын нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан газартай давхцалтай эсэх, мөн Г.Б, Д.Т нар тухайн газарт оршин сууж эхэлсэн хугацааг тодруулах нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байж болохыг дурдах нь зүйтэй.

        Эдгээр алдааг залруулаагүй тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаахаар шийдвэрлэв.

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

        1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 806 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

        2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

                                             ШҮҮГЧ                                                      Ц.ЦОГТ

                                             ШҮҮГЧ                                                      Э.ЛХАГВАСҮРЭН

                                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Д.БАТБААТАР