| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Самандаабазарын Өлзий-Отгон |
| Хэргийн индекс | 144/2019/0053/Э |
| Дугаар | 58 |
| Огноо | 2019-05-16 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | В.Төгсбаяр |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 58
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,
Нарийн бичгийн дарга: Б.Оюунтунгалаг,
Улсын яллагч: В.Төгсбаяр,
Шүүгдэгч: Х.А
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Мөнгөнцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Зана овогт Хүрлээгийн Ат холбогдох 1829002920027 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч Х.А нь М.Орхонбаатартай /талийгаач/ бүлэглэн Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг, Цагаан хад гэх газарт “Хаппи Транс грүпп” ХХК-ийн эзэмшлийн 93-78 ӨМА улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгслээс 8,422,000 /найман сая дөрвөн зуун хорин хоёр мянга/ төгрөгний үнэлгээ бүхий эд ангиудыг тонож, хувьдаа завшсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.А мэдүүлэхдээ: ”...2018 оны 11 дүгээр сарын 20-ны үеэр талийгаач Орхонбаатар Цагаанхаданд ирсэн. Тэр өдөр гэр гуанзанд таарч 20л түлш зарж хоол авч идье гэсэн. Тэгээд машинд нь очиж хонохоор болж, хоёулаа хамт машинд нь архи ууж байгаад би “чиний машины чинь хойд талын 2 дугуй нь сайн юм байна” гэж хэлэхэд талийгаач “авчихаар хүн байна уу?” гэж асуухаар нь би “царайг нь мэддэг хүнээс асуугаад өгье” гээд асуусан. Тэгэхэд ах нь өөрөө уулзая гэж хэлсэн. Тэгээд талийгаачтай уулзуулахдаа буудалд пиво уусан. Би нилээн согтсон байсан учир ямар машинаар явсан талаар мэдэхгүй байна. Талийгаач Орхонбаатар, Мөнгөншагай бид 4 байсан. Би их согтуу байсан болохоор ярьсан зүйлээ санахгүй байна. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна” гэв.
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 9 дүгээр хуудас/
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 21-27 дугаар хуудас/
Хохирогч О.Эрдэнэбулганы: “...Би Хаппи транс грүпп” ХХК-д хөдөлмөрийн аюулгүй байдалын ажилтай хүн байгаа юм. Би “Би Хаппи транс грүпп” ХХК-д 2 дахь жилдээ ажиллаж байна. Манай компанийн хятад тал хариуцсан хөтөч БНХАУ-ын иргэн Өвөр монгол Төмрөө надруу 2018 оны 11 сарын 25-ны өдөр гар утсаар залгаад манай компнийн 93-78 ӨМАулсын дугаартай нүүрс тээврийн автомашин Цагаан хадны төвд тоногдсон байдалтай байна гэж хэлсэн. тэгээд 2018 оны 11 сарын 26-н өдөр Цагаан хаданд ирээд 93-78 ӨМАулсын дугаартай автомашиныг айж байгаад Цагаан хадны баруун хойд талд байрлах айлуудын дундаас олж авахад тухайн тээврийн хэрэгслийн эд ангиуд нь тоногдсон байдалтай байсан. тэгээд би компанийн удирдлагуудад алдагдсан эд ангиудын талаар мэдэгдсэн цагдаагийн байгууллагад хандсан.” гэх мэдүүлэг / хх-ийн 35 дугаар хуудас/
Иргэний нэхэмжлэгч Х.Отгонбатын: “...Цагаан хадан дээр хоол идэх гээд гуанзанд ороход өмнө нь зүс таньдаг байсан А гэх хүнтэй таарсан. А надад “нэг хүн том машины дугуй зарна гэж байна” гэж хэлсэн. Тэгээд би Ааас тэр хүнийг нь асуугаад хамт урд талын гэрт орорход Орхонбаатар байхад уулзсан. Орхонбааатар дугуй авах хүн олдохгүй байна” гэж байсан. Миний машины дугуй муу байсан болохоор би Орхонбаатараас ямар үнээр зарах юм бэ гэхэд “нэг дугуйг нь 200,000 төгрөгөөр өгнө гэсэн.”, “...тэгээд би Орхонбаатартай ярьж байгаад 11 дугуй, 2 аккумулятор, 1 ширхэг домкрат зэргийг нийлүүлээд 1,650,000 төгрөгөөр авахаар тохирсон.” гэх мэдүүлэг / хх-ийн 39 дүгээр хуудас/
Х.Орхонбаатарын гэрчээр өгсөн: “....Тэгээд би тухайн тээврийн хэрэгслийг жолоодон 3 хоног оочирт зогсож байгаад Монгол руу орж ирсэн. Намайг оочирт зогсож байх үед миний танил А гэх залуу байн байн надруу залгаад “би Цагаан хаданд байна, мөнгө төгрөггүй болчихлоо, хэзээ гарч ирэх гэж байгаа юм” гэж ярьдаг байсан. Би одоо өдөр хоногийг нь санахгүй байна, ямар ч байсан 93-78 ӨМА улсын дугаартай машинаар Цагаан хаданд ирээд Атай уулзсан. А бид хоёр 93-78 ӨМА улсын дугаартай нүүрс тээврийн машинаас 20 литр түлш авч зараад мөнгөөр нь хоол хүнсний зүйл аваад мөн 1 шил 0.75 литрийн Ерөөл нэртэй архи авсан. А бид хоёр 93-78 ӨМА улсын дугаартай нүүрс тээврийн автомашинаа Цагаан хадны баруун хойд талын хэсэгт байрлуулж тавьчихаад кабиндаа нөгөө авсан архиа хувааж уусан. Архи ууж байх үед А “чиний машины чиргүүлийн 2 дугуй нь гайгүй дугуй байна, надад дугуй авах хүн байгаа ш дээ, 2 дугуй зарчихгүй юм уу” гэж хэлсэн. Тэгээд би А болон түүнтэй хамт явж байсан 2 залууг дагуулаад машин дээрээ очтол А нөгөө хоёр залуудаа “манай энэ 2 дугуй зарах гэж байгаа юм” гэж хэлсэн. Тэгсэн нөгөө 2 залуу яваад өгсөн харин эргэж ирэхдээ хар өнгийн пикап маркийн автомашинтай ирээд миний машины чиргүүл толгойноос дугуйг нь тайлсан. Миний одоо санаж байгаагаар ямар ч байсан 4 удаа зөөсөн. Тэгээд мөн дээр нь миний машины аккумляторыг тайлж авсан, тухайн үед А 2 дахь зөөлтөөр гэр буудалруу ороод унтаад өгсөн. Би харин нөгөө 2 залуутай хамт машин дээрээ байж байгаад хамгийн сүүлийн зөөлтөөр нь хамт явсан. Тухайн 2 залуу “Хар алтан уул” нэртэй нүүрс ачилт буулгалтын талбай дээр зогсож байсан нүүрс тээврийн автомашин дээрээ очиж зогсоод чиргүүл дээрээ надаас авсан дугуйнуудаа ачсан. Тэгээд надад 1,500,000 төгрөг тоолж өгчихөөд намайг Аийн буусан буудлын үүдэнд буулгачихаад яваад өгсөн. ” гэх мэдүүлэг /хх-ийн 41-43 дугаар хуудас/,
Гэрч Х.Мөнгөншагайгийн: “...Би одоо өдөр хоногийг нь санахгүй байна ямар ч байсан 11 сарын сүүлээр би Цагаан хаданд Отгонбатын хамт оройн 20 цаг өнгөрч байх үед Цагаан хадны төвд байрлах хоолны газарт хоол идэх гээд сууж байсан чинь гаднаас А орж ирсэн. А тухайн үед архи сонтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай Отгонбаттай юм ярьж сууж байгаад “хажуу талын хоолны газарлуу ороё гэсэн.”, тэгээд бид 3 хажуу талын хоолны газарт очсон чинь Орхонбаатар сууж байсан. Тэгсэн Орхонбаатар “би нүүрс тээврийн автомашины дугуй зарах гэж байгаа юм” гэж хэлсэн. Тэр үед Отгонбат дугуй авъя гэж хэлээд Орхонбаатар, Отгонбат бид 3 Орхонбаатарын машин дээр очсон. Тэгээд Орхонбаатар, Отгонбат бид 3 Орхонбаатарын машинаас 11 ширхэг дугуй, 2 ширхэг аккумлятор, бусад эд зүйлийг тайлж аваад Отгонбатын жолоодож явсан Эд-200 пикап маркийн автомашинд ачиж Отгонбатын эзэмшлийн нүүрс тээврийн 24-68 ӨМҮ улсын дугаартай автомашины чиргүүлэн дээр 4 удаа зөөж ачсан. Тэгээд би тэндээсээ шууд Цогтцэций сум руу 24-68 ӨМҮ улсын дугаартай нүүрс тээврийн автомашиныг жолоодож явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 44 дүгээр хуудас/,
Яллагдагч Х.Аийн мэдүүлэг /хх-ийн 61 дүгээр хуудас/,
“Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 160/01 дугаартай дүгнэлт /хх-ийн 50 дугаар хуудас/,
Х.Аийн хувийн байдалтай холбогдох баримтууд /хх-н 73-74 дугаар хуудас/,
Х.Аийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 76 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
1. Гэм буруугийн талаар
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд Х.Ат нь М.Орхонбаатартай /талийгаач/ бүлэглэн Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг, Цагаан хад гэх газарт М.Орхонбаатарт итгэмжлэн хариуцуулж өгсөн “Хаппи Транс грүпп” ХХК-ийн эзэмшлийн 93-78 ӨМА улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгслээс 8,422,000 /найман сая дөрвөн зуун хорин хоёр мянга/ төгрөгний үнэлгээ бүхий эд ангиудыг тонож, хувьдаа завшсан үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын эд хөрөнгөд халдаж хохирол учруулсан гэмт үйлдэл болох юм.
Энэ гэмт хэрэгт М.Орхонбаатар нь бүлэглэн оролцсон байх боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нас барсан болох нь Нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ /хх-ийн 207 дугаар хуудас/-ээр тогтоогдож, прокуророос 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 5/04 дугаартай тогтоолоор М.Орхонбаатарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
Иймд шүүгдэгч Х.Аийг бүлэглэн, гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.
2. Хохирол, хор уршгийн талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.
“Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” бөгөөд энэ хэргийн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Эрдэнэбулган нь “уг хэрэгт холбогдсон М.Орхонбаатар машинаас алдагдсан 11 ширхэг дугуй, 2 акумлятор, 1 ширхэг данхраатыг эргүүлж өгсөн, ...Одоо надад нэмж нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал байхгүй” /хх-ийн 37 дугаар хуудас/, иргэний нэхэмжлэгч Х.Отгонбат нь “Орхонбаатар, А нараас хохирлын 1,650,000 төгрөгийг бэлнээр болон дансаар шилжүүлэн авсан бөгөөд цаашид гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй болно.” /хх-ийн 219 дүгээр хуудас/ гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
3.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан үндэслэл болох үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн, хохирол хор уршгийг арилгасан зэрэг нөхцөл байдлуудыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, шүүгдэгчдийн хувийн байдлыг харгалзан үзэв.
Иймд улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3,200 /гурван мянга хоёр зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,200,000 /гурван сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох саналыг хөнгөрүүлж шүүгдэгч Х.Ат 2,700 /хоёр мянга долоон зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ат оногдуулсан 2,700 /хоёр мянга долоон зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө байхгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Х.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Зана овогт Хүрлээгийн Аийг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ат 2,700 /хоёр мянга долоон зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ат оногдуулсан 2,700 /хоёр мянга долоон зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Х.А нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Х.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй Х.Аийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч “Хаппи транс групп” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Эрдэнэбулган, иргэний нэхэмжлэгч Х.Отгонбат нар нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Х.Ат урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Х.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ӨЛЗИЙ-ОТГОН