Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2025/00107

 

 

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Э.Золзаяа, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 103/ШШ2024/00642 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч: *******

Нэхэмжлэлийн шаардлага: худалдах, худалдан авах гэрээний үүрэгт алданги 196,026 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, *******, ******* /цахим/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 ******* нь *******тай Дулааны эрчим хүчээр хангах, дулааны эрчим хүч хэрэглэх тухай гэрээ байгуулсан. ******* нь 2022 оны 1-2 дугаар сарын дулааны эрчим хүч хэрэглэсэн төлбөрөө хугацаандаа төлөөгүй. Иймд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6, гэрээний 6.9-д заасныг тус тус үндэслэн алданги 196,026.30 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Төсвийн тухай хуульд орсон өөрчлөлтийн дагуу 2022 онд дүүргийн татварын орлогын төвлөрүүлэлтээс төсөвт байгууллагуудын урсгал зардлыг бүрэн санхүүжүүлдэг болсон. Хуулийн өөрчлөлтөөс шалтгаалан татварын орлогын төвлөрүүлэлт 2022 оны эхний саруудад тасарснаас төсөвт байгууллагуудын санхүүжүүлэлт бүрэн олгогдох боломжгүй болсон.

2.2 Уг алданги нь 2022 оны төсөв батлагдаагүй. Хуулийн өөрчлөлтөөс үүссэн нөхцөл байдлыг тухайн үед харилцан ойлголцож зөвшилцсөн. 2023 оны батлагдсан төсөвт алданги төлөх төсөв батлагдаагүй тул алданги төлөх боломжгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1 Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан *******-ийн нэхэмжлэлтэй, *******д холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 196,026 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6,531 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын агуулга:

4.1 Анхан шатны шүүх эрх зүйн харилцаанд эрх зүйн зөв дүгнэлт хийж чадаагүй. Гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь зохих ёсоор биелүүлээгүй худалдан авагчийн төлбөл зохих алдангийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй ба алдангийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байгаа нь гэрээний талуудын чөлөөт байдлын зарчмыг алдагдуулах үндэслэлтэй. ******* сургуулийн худалдан авсан дулааны эрчим хүч нь ямар нэгэн доголдолгүй, гэрээнд заасан тоо хэмжээ, чанарын шаардлага хангасан байхад худалдагч тал буюу дулааны эрчим хүчээр хангагч байгууллагыг эрх зүйн байдлын хувьд хууль буюу гэрээнд заасан шаардах эрхээ алдсан мэт нөхцөл байдалд оруулж байна. Талууд гэрээ цуцалсан нөхцөлд үүргийн гүйцэтгэлийг хангах тухай ойлголт байхгүй болох ба гэрээний харилцаа үргэлжилж байгаа нөхцөлд алданги гаргуулах үндэслэлтэй. Гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй үүрэг гүйцэтгэгч нь түүнд ямар нэгэн тохиолдол нөлөөлсөн эсэхийг харгалзахгүйгээр үр дагаврыг хариуцах үүрэгтэй.

4.2 Мөн ижил утга агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлагуудыг өөр өөр байдлаар шийдвэрлэж байгаа нь шүүхээс хуулийг нэг мөр ойлгож хэрэгжүүлэх, хууль дээдлэх зарчмыг хэрэгжүүлэх баталгааг хангахад хүндрэл учруулж байна. Манай байгууллага нь санхүүгийн анхан шатны баримтуудыг нотлох баримтын шаардлага хангуулан өгсөн бөгөөд шүүх тухайн баримтуудыг ач холбогдолтой талаас нь үнэлээгүй, талуудын хооронд үүссэн харилцааг үнэн зөв дүгнээгүй, хэт нэг талыг баримтлан хуулийг буруу тайлбарлан хэрэглэсний улмаас шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

5.1 Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан, дэмжиж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр бүхэлд нь хянаад шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан, гэрээний үүрэгт алданги 196,026 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. ******* нь ******* цогцолбор сургуультай 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 21/67 дугаар Дулааны эрчим хүчээр хангах, ДЭХ хэрэглэх тухай аж ахуйн гэрээ байгуулсан. Гэрээгээр худалдагч нь дулааны эрчим хүчийг гэрээнд заасан тоо, хэмжээгээр хариуцагчид худалдах, худалдан авагч нь дулааны эрчим хүчний төлбөрийг худалдагчид тогтоосон хугацаанд төлөх үүргийг харилцан хүлээсэн байна.

3.1 Анхан шатны шүүх талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцсэн байна.

4. Хэргийн 7 дугаар талд авагдсан Тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтаар 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд өгч авалцсан зүйлээ хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн нийлж үзэхэд нь 196,026 төгрөгийн өглөг, авлагатай гарсныг харилцан батлав. гэжээ. Уг бичигт хариуцагч үлдэгдлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тэмдэглэсэн байна. Төлбөрийг хугацаа хэтрүүлж төлсөн талаар зохигч маргаагүй.

4.1. Гэрээний 6.9-д Хэрэглэгч нь хэрэглэсэн дулааны төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөөгүй буюу дутуу төлсөн бол хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнг хоног тутамд 0.5 хувиар тооцон алданги ногдуулна гэж заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгтэй харшлаагүй байна.

5. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1 дэх хэсэгт Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж заасан.

5.1 Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 05/55 дугаар албан бичигт ...Хуулийн өөрчлөлтөөс шалтгаалан татварын орлогын төвлөрүүлэлт 2022 оны эхний саруудад тасарснаас төсөвт байгууллагуудын санхүүжилт бүрэн олгогдох боломжгүй болж цогцолбор, , цогцолбор сургууль ******* цогцолбор сургууль, 131, 138, 139, 235 дугаар цэцэрлэг зэрэг байгууллагуудын түлш халаалтын зардалд өр үүсэж, 19,847,129.21 төгрөгийн алданги тооцогдсон байна. Уг алданги нь 2022 оны жилийн төсөвт батлагдаагүй бөгөөд хуулийн өөрчлөлтөөс үүссэн нөхцөл байдлыг тухайн үед харилцан ойлголцож зөвшилцсөн тул 2023 оны батлагдсан төсөвт алданги төлөх төсөв батлагдаагүй болно гэжээ. /хх 49/

5.2 Анхан шатны шүүх хариуцагч байгууллага нь төсвийн санхүүжилтээр уг төлбөрийг төлдөг бөгөөд төрийн үйл ажиллагаа, дүүргийн татварын орлогын төвлөрүүлэлт бүрдээгүйгээс төлбөрөө гэрээнд заасан хугацаанд шилжүүлээгүй байна гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1 дэх хэсэгт зааснаар гэрээнд заасан төлбөр төлөх хугацааг хэтрүүлэхэд хариуцагчийг буруутгах үндэслэлгүй байх тул хариуцагч нь гэрээний алданги төлөхөөс татгалзах эрхтэй. Иймд нэхэмжлэгчийн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй үүрэг гүйцэтгэгч нь түүнд ямар нэгэн тохиолдол нөлөөлсөн эсэхийг харгалзахгүйгээр үр дагаврыг хариуцах үүрэгтэй гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 103/ШШ2024/00642 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6,531 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

М.БАЯСГАЛАН