Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2025/00125

 

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Б.Мандалбаяр, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 184/ШШ2024/05804 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч: *******

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 6,599,076 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 ******* цахимаар гаргасан хүсэлтийн дагуу ******* аппликейшнээс 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 724,200 төгрөгийг 90 хоногийн хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй, эргэн төлөлтийн хугацаанд зээлдэгчийг хүүгийн төлбөрөөс чөлөөлөх нөхцөлтэйгөөр, 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 344,000 төгрөгийг 60 хоногийн хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй, 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 1,653,000 төгрөгийг 60 хоногийн хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй, 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 577,000 төгрөгийг 60 хоногийн хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэйгээр тус тус зээлүүлж, мөнгийг шилжүүлсэн.

1.2 Хариуцагч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүрэгтэй. Гэвч зээлдэгч нь зээлийг хугацаанд нь төлж барагдуулах үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрсэн тул хариуцагчаас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, зээл олгосны шимтгэл, нотариатын зардал нийт 6,599,076.97 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч хариу тайлбар гаргаагүй болно.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1 Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар *******-ийн нэхэмжлэлтэй, *******т холбогдох, 6,599,076.97 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага болох 6,599,076.97 төгрөгөөс 4,688,986.19 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 1,910,090.78 төгрөгийг хариуцагч *******аас гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 120,535.23 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 45,511.45 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэсэн.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын агуулга:

4.1 Харилцагчийн 21007, 21005, 21006 дугаартай гэрээнүүдийн хувьд 60 хоногийн хугацаатай олгосон зээлүүд бөгөөд төлөлтөд өдөр шимтгэл кап хийв гэх гүйлгээний утгатай байгаа буюу зээл төлөх өдөр харилцагчаас авах авлагын дүнг оруулсан. Харилцагчийн 51002 кодтой зээлийн хувьд худалдан авалтын зээл бөгөөд нийт 90 хоногийн хугацаатай 14 хоногийн зайтай 6 хуваан төлөх нөхцөлтэй зээл юм. Ийнхүү зээлийн эргэн төлөлт хийх эхний өдөр болох 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүү хуримтлуулав (2022.03:24-2022:03:31) гэх гүйлгээний утгатайгаар хүү хуримтлагдаж эхэлсэн.

Хариуцагч нь өөрийн хүсэл зоригийн дагуу ******* аппликейшинд хэрэглэгчээр бүртгүүлж, зээлийн эрх нээх шалгуурыг ханган, цахимаар зээл авч зээлийг ашигласан бөгөөд зээл ашигласны төлбөр болон хугацаа хэтрүүлсэн хоногийн төлбөр болох үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй байхад нэхэмжлэгчийн эрх ашгийг дордуулж, хууль болон гэрээнд заасан үндэслэлийг авч хэлэлцэхгүйгээр нэмэгдүүлсэн хүү, хүү, шимтгэлийг хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч байна.

4.2 ******* *******т холбогдуулан нэхэмжлэл гаргахтай холбоотой түүний гэрээ болон байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээг нотариатаар гэрчлүүлсэн нотариатын зардлыг нэхэмжилсэн. *******т холбогдуулан гаргасан нэхэмжлэлд *******ын гэрээг нотариатаар гэрчлүүлсэн зардлыг хэрэгт хамааралгүй гэж үзэх бол ямар зардлыг шүүх хэрэгт хамааралтай гэж тодорхойлох нь эргэлзээтэй байгаа юм. Нөгөө талаасаа шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийг 3.1-т тухайн гэрээ болон байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээг үндэслэл болгож дурдсан байдаг. Иймд нотариатын зардлыг хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч байна.

4.3 Анхан шатны шүүх Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчийн авсан зээл бүрт хувийн хэрэг нээж хөтлөх үүрэгтэй гэж дүгнэсэн. Уг үндэслэл нь тодорхойгүй байгаа бөгөөд олгосон 4 зээлд тус бүрт нь зээлийн хувийн хэрэг үүсгэх шаардлагатай гэх агуулгыг оруулсан эсэх нь ч тодорхойгүй байна. Манай байгууллагын хувьд харилцагчид олгож буй зээл нь шугамын зээл буюу харилцагчийн зээлийн эрхийн дотор зээлүүдийг олгож байгаа. Тодруулбал, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэгт зааснаар ******* харилцагчтай байгуулсан Цахим зээлийн эрх нээх гэрээ-ний дагуу харилцагчийн зээлийн эрхийн хэмжээнд нь цахимаар гаргасан хүсэлтийнх нь дагуу зээлийг олгож, тухайн мэдээлэл нь зээлийн дансны хуулгад тусгагддаг.

4.4 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасны дагуу шүүх хуралдааны үеэр хариуцагчид мэдэгдсэн талаар асуухад мэдэгдэж байсан талаар тайлбар хэлсэн. Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдааны 17 дугаар тогтоолын тайлбарлах хэсэгт дурдсанаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.9 дэх заалтыг хэргийн оролцогч нотлох баримт гаргаж өгөх үүргээ биелүүлсэн боловч шүүх хуралдаан дээр мэтгэлцээн явагдсанаар шинээр нотлох баримт шаардлагатай нөхцөл байдал илэрснийг мэдэгдэж, уг баримтыг гаргуулах хүсэлт гаргасныг шүүх үндэслэлтэй гэж үзсэн тохиолдолд хэрэглэхээр заасан.

Нөгөө талаасаа анхан шатны шүүх хурал хариуцагчгүй хуралдсан бөгөөд хариуцагч оролцоогүй тохиолдолд нэмэлтээр баримт авч дүгнэлт гаргах боломжтой асуудлыг аливаа хууль зүйн боломжийг ашиглаагүйгээр нэхэмжлэгчийг баримтаа шүүхэд ирүүлээгүй гэж дүгнэж байгаа нь хэт нэг талыг барьсан дүгнэлт гэж харж байна. Бидний хувьд хариуцагчид мэдэгдсэн талаарх баримтыг шаардлагатай бол гаргаж өгч болох талаар шүүгчид тайлбарласан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбарын агуулга:

5.1 Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн зээлийн үлдэгдэл 603,499.52 төгрөг, үндсэн хүү 505,550.71 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 96,943.53 төгрөг, нийт 1,205,993 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн зээлийн үлдэгдэл 343,999.02 төгрөг, шимтгэл 23,800 төгрөг, үндсэн хүү 293,313.35 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 58,662.67 төгрөг, нийт 719,775.04 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн үлдэгдэл 1,652,999.44 төгрөг, шимтгэл 114,200 төгрөг, үндсэн хүү 1,409,442.42 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 281,888.49 төгрөг, нийт 3,458,530.35 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн үлдэгдэл 576,998.89 төгрөг, шимтгэл 39,900 төгрөг, үндсэн хүү 491,982.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 98,396.49 төгрөг, нийт 1,207,277.82 төгрөг, нотариатын зардал 7,500 төгрөг, нийт 6,599,076.97 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасан.

2.1 Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариу тайлбар гаргаагүй тул нэхэмжлэгч талын нэхэмжлэлийг эсэргүүцэж, маргаагүй гэж үзнэ.

3. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

4. ******* нь *******тай 2021 оны 08 дугаар сарын 07-ны өдөр ******* дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулсан. Гэрээний 2.4.1-т үндсэн хүүгийн хэмжээ нь сарын 5.0% /таван хувь/ хүртэл байх ба зээл олгогчоос тухай бүр шинэчлэн баталсан журмын дагуу Аппликейшнээр дамжуулан зээлдэгчид тодорхой харуулна гэж заасан байна.

4.1 Уг гэрээний дагуу ******* нь 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 1,653,000 төгрөг, 577,000 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 344,000 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 724,200 төгрөгийг тус бүр 3,5 хувийн хүүтэй зээлсэн. /хх 10-17/ Зээлийн мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлсэн үйл баримтад талууд маргаагүй.

5. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв тодорхойлсон.

5.1 Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг.

5.2 Гэрээний 2.4.4-т 5.1, 5.1.1-т заасан нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ нь үндсэн хүүгийн 20% /хорин хувь/ хүртэл байна гэж заасан тохиролцоо нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт нийцсэн.

6. Хариуцагч гэрээнд заасан хугацаанд зээлийн мөнгөн хөрөнгийг хүүгийн хамт нэхэмжлэгчид буцаан төлөх үүргээ биелүүлээгүй, хариуцагч үүнийг баримтаар үгүйсгэж чадаагүй байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй. Энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангана.

6.1 Иймд хариуцагч *******аас 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дугаартай дансны зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 1,652,999 төгрөг, үндсэн хүү 1,409,442 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 281,888 төгрөг, мөн өдрийн дугаартай дансны зээлийн гэрээний үүрэгт 576,999 төгрөг, үндсэн хүү 491,982 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 98,396 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн дугаартай дансны зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 343,999 төгрөг, үндсэн хүү 293,313 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 58,663 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн дугаартай дансны зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 603,499 төгрөг, зээлийн хүү 505,551 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 96,944 төгрөг нийт 6,413,675 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй байна.

7. Харин анхан шатны шүүх нотариатын зардлыг хэрэгт хамааралтай болох нь тогтоогдоогүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгахгүй. Мөн зээлийг хариуцагчид олгоход нэхэмжлэгч нь зээлийн шимтгэл зарцуулсан гэх, уг хэмжээний зардал гарсан гэх байдлаа нотлоогүй, уг байдал нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас шимтгэлд нийт 177,900 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгоно. Иймд шимтгэл, нотариатын зардлыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй гэх нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан. Иймд нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нотлох баримт гаргаж өгөх эрх нь нээлттэй байсан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэгчийг баримтаа шүүхэд ирүүлээгүй гэж дүгнэж байгаа нь хэт нэг талыг барьсан дүгнэлт хийсэн гэх гомдлыг хангах үндэслэлгүй.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 184/ШШ2024/05804 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******аас 6,413,675 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 185,401 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчилж,

2 дахь заалтын 57.1, гэсний дараа 56 дугаар зүйлийн 56.2, гэж нэмж, 45,511.45 гэснийг 117,569 гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч *******-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 89,974 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР

М.БАЯСГАЛАН