Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 60

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

               Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

               Нарийн бичгийн дарга: Б.Боорчи,

               Улсын яллагч: В.Төгсбаяр,

               Шүүгдэгч: Ц.Ц /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

               Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Цт холбогдох эрүүгийн 1929001050046 дугаартай  хэргийг 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

  Шүүгдэгч Ц.Ц нь 2019 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэр Таван толгой уурхайгаас Гашуун сухайт хилийн боомт хүртэлх автозамын 132 дахь км-т “Мил порд” ХХК-ийн эзэмшлийн 8700 ӨМА улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтыг зөрчиж 8546 ӨМҮ улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргасны улмаас иргэн А.Очирбатын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Мэнд транс ХХК-д 26 860 000 төгрөгийг хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Ц мэдүүлэхдээ: 2019 оны 3 дугаар сарын 30-ны өглөө 57 дахь км-ээс өглөө 7 цагт хөдлөөд 132 км-т осол гаргасан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

Хохирогч А.Очирбатын мэдүүлэг /26-р хуудас/,

Гэрч С.Мөнхбаярын мэдүүлэг /39-р хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Б.Баттөрийн мэдүүлэг /30, 31-р хуудас/,

Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Цогтцэций сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч М.Үүрдмандахын гаргасан шинжээчийн дүгнэлт /41-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 04 сарын 16-ны өдрийн 4587 дугаартай шинжээчийн дүгнэлт /42-р хуудас/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 204 дугаартай шинжээчийн дүгнэлт /46-р хуудас/,

“Ашид билгүүн” ХХК-ийн 2019 оны 04 сарын 02-ны өдрийн 151 дугаартай Автомашин техникийн үнэлгээний тайлан /47-р хуудас/

Шүүгдэгч Ц.Цын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /64-р хуудас/,

Хохирогч А.Очирбатын өвчний түүх, хохирлын баримт /102-121-р хуудас/

Хохирол төлбөн баримт /125-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

            Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

  Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт Ц.Цт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 900 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

 Шүүгдэгч Ц.Ц нь 2019 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэр Таван толгой уурхайгаас Гашуун сухайт хилийн боомт хүртэлх автозамын 132 дахь км-т “Мил порд” ХХК-ийн эзэмшлийн 8700 ӨМА улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтыг зөрчиж 8546 ӨМҮ улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргасны улмаас иргэн А.Очирбатын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Мэнд транс ХХК-д 26 860 000 төгрөгийг хохирол учруулсан болох нь:

 - хохирогч А.Очирбатын: “...миний өөдөөс 2-3 машин зөрж өнгөрч байхад тэр машинуудын араас нэг машин огцом гарч ирээд миний машин явж байсан урсгалд ороод ирсэн. Би сандраад машинаа зүүн гар талруугаа дарахад тэр өөдөөс ирсэн машин миний машины кабины баруун талаас ирж хүчтэй мөргөсөн. Тэгээд би ухаан алдсан байсан. ...би хөлөө хадуулах эмчилгээ хийлгэсэн байгаа.” гэх мэдүүлэг /хх-ийн 26-р хуудас/,

- гэрч С.Мөнхбаярын: “...Манай компанийн 8700 ӨМА улсын дугаартай автомашин 2019 оны 03 сарын 30-ны өдөр нүүрс тээврийн авто замын 132 дахь км-т Мэнд транс ХХК-ийн  8546 ӨМҮ улсын дугаартай авто машинтай мөргөлдөж зам тээврийн осол гаргасан. Манай компанийн жолооч буруутай гэсэн дүгнэлт гарсан. Тэгээд манай компани уг машинд үнэлгээ хийлгэх шаардлагагүй гэж үзсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 39-р хуудас/,

- Иргэний нэхэмжлэгч Б.Баттөрийн: “...2019 оны 03 сарын 30-нд миний машин осолд орж, жолооч А.Очирбат гэмтсэн. ...үнэлгээгээр гарсан 26 860 000 төгрөгийг гэм буруутай хүнээр төлүүлмээр байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 30-р хуудас/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 04 сарын 16-ны өдрийн №4587 дугаартай хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний: Ц.Цын биед дал ясны хугарал, духны язарсан шарх, зүүн өвдөгний зөөлөн эдийн няцрал, зулгаралт, баруун шилбэний цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 42-р хуудас/,

- Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 204 дугаартай шинжээчийн: “А.Очирбатын биед зүүн дунд чөмөгний хүзүү болон доод 1/3 хэсгийн сэлтэрхий үүссэн зөрүүтэй хугарал, баруун хацар, зүүн сарвуунд зулгаралт, зүүн гарын 2-р хуруунд шарх, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Дээрх гэмтэл нь Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” дүгнэлт /46-р хуудас/,

Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Цогтцэций сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч М.Үүрдмандахын 2019 оны 04 сарын 26-ны өдрийн №10 дугаартай: “1. 6280 БЧ улсын дугаартай чиргүүлтэй 8546 ӨМҮ улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Алтанзаяа овогтой Очирбат нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчөөгүй, ослын үед тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авсан байна. 2. 8790 АЧ улсын дугаартай чиргүүлтэй, 8700 ӨМА улсын дугаартай Норбенз маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Цэрэндолгор овогтой Ц нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөний улмаас уг осол гарсан байна. 3. Алтанзаяа овогтой Очирбат /КА88052872/ нь “BCDE3 ангиллын №418034 дугаартай жолооны үнэмлэхтэй, уг үнэмлэх нь хүчинтэй байна. Цэрэндолгор овогтой Ц /ЙП86063011/ нь “ВСЕ” ангиллын №365044 дугаартай жолооны үнэмлэхтэй, уг үнэмлэх нь хүчинтэй байна.” гэх дүгнэлт /41-р хуудас/,

            - Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

            Хохирол төлбөрийн талаар:

Хохирогч А.Очирбат “Миний бие эмчилгээний зардалд 15 000 000 төгрөгийг авсан бөгөөд миний хохирлыг барагдуулсан тул гомдолгүй. Цаашид эмчилгээний зардал нэхэмжлэхгүй” гэх хүсэлт /хх-ийн 130-р хуудас/ болон А.Очирбатад 15 000 000 төгрөгийг төлсөн /хх-ийн 125-р хуудас/, иргэний нэхэмжлэгч С.Баттөрд 26 860 000 төгрөгийг төлсөн /хх-ийн 124-р хуудас/ баримтууд байх тул одоо шүүгдэгч Ц.Цыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч Ц.Цт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн 1.2 “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн” нөхцөл байдлуудыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Дээрх нөхцөл байдлаас гадна шүүгдэгч Ц.Цын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ болон түүний хувийн байдал зэргийг харгалзан үзээд прокурорын санал болгосон торгох ял шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэж байна.

  Шүүгдэгч Ц.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17.4, 17.5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Цэрэндолгорын Цыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Цыг 900 /есөн зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900 000 /есөн зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Цт оногдуулсан 900 /есөн зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900 000 /есөн зуун мянга/-н төгрөгөөр торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.  

4. Шүүгдэгч Ц.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Ц.УРАНГУА