Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2025/00126

 

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ч.Цэнд, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2024/04287 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч: *******

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 503,690,322 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 ******* нь *******-тай 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр ******* дугаартай зээлийн гэрээг байгуулж, 370,000,000 төгрөгийг, сарын 1 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатайгаар зээлүүлсэн. Зээлийн гэрээний дагуу ******* нь 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 370,000,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 100,000,000 төгрөг, нийт 470,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн.

1.2 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар зээлдэгч ******* нь үндсэн зээлийн төлбөрт 200,000,000 төгрөг төлсөн. ******* нь зээлийн гэрээгээр хүлээсэн мөнгөн төлбөрийн үүргээ биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн, бидний зүгээс зээлийн төлбөрийг гэрээний дагуу төлөхийг удаа дараа шаардаж байсан. Зээлийн гэрээний 6.2-т зааснаар хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги тооцохоор тохиролцсон.

1.3 Иймд *******-аас үндсэн зээл 270,000,000 төгрөг, зээлийн хүү 48,690,322 төгрөг, алданги 185,000,000 төгрөг, нийт 503,690,322 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээлийн үлдэгдлийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч байна. Учир нь хариуцагчаас төлсөн зээлийг хасч тооцох ёстой гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1 Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******-иас зээлийн гэрээний үүрэгт 416 100 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 87 590 322 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 676 401 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-иас 2 238 450 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэсэн.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын агуулга:

4.1 ******* нь *******-тай Вагон ашиглах, ашиглуулах гэрээ-г 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр байгуулж хамтран ажиллаж эхэлсэн ба энэхүү гэрээний дагуу нүүрс тээврийн үйл ажиллагааг 2 жил гаран хугацаанд явуулж 2 компанийн хооронд 3 тэрбум гаруй төгрөгийн гүйлгээний тооцоо явагдсан. *******-ийн зүгээс *******-ийн нүүрс тээвэрлэлттэй холбоотойгоор -т 370,000,000 төгрөгийг шилжүүлэх шаардлага гарч энэхүү мөнгийг *******-иас гаргуулах шаардлага гарч энэхүү 370,000,000 төгрөгийг заавал зээлийн гэрээ хийж өгнө гэсний дагуу зээлийн гэрээ байгуулсан. ******* нь энэхүү гэрээг үндэслэн нэхэмжлэл гаргасан.

4.2 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 22/01 тоот Зээлийн гэрээ-ээр 370,000,000 төгрөгийг, 1 сарын 1 хувийн хүүтэйгээр, 2 сарын хугацаатай гэж тохиролцсон. Энэхүү мөнгөнөөс 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 200,000,000 төгрөгийг төлсөн. Анхан шатны шүүх Зээлийн гэрээ-д тусгагдаагүй 100,000,000 төгрөгийг зээлийн гэрээний үнийн дүнд оруулан тооцсон нь үндэслэлгүй. Уг зээлийн гэрээ нь нэхэмжлэгч компанийн нүүрс тээврийн зардлын мөнгө байсан. Хариуцагч зээлийн гэрээг зөвшөөрөхгүй байгаа талаараа тайлбар гаргаж байсан бөгөөд шүүх маргаж байгаагүй, хэн аль нь хүлээн зөвшөөрсөн гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

4.3 Хариуцагч талаас хууль зүйн туслалцаа авах, мэргэшсэн өмгөөлөгч авч шүүх хуралдаанд оролцох шаардлагатай байсан ба өмгөөлөгч авахаар ярилцаж тохиролцсон байсан, гэрээгээ байгуулж амжаагүй байсан. Хариуцагчийн өмгөөлөгч авах, өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох эрхийг нь хангаагүй, энэ талаарх хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт заасантай нийцээгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга:

5.1 Зээлийн гэрээнд 370,000,000 төгрөгөөр тохирсон. Гэрээнд хүү болон алдангийн хэмжээг тусгасан. Хариуцагчид шилжүүлсэн 200,000,000 төгрөг, үндсэн зээлээс 100,000,000 төгрөг, өмнө нь авсан 100,000,000 төгрөгийг тус тус тооцож шүүх үндэслэлтэй дүгнэсэн. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагдсан. Мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ гэж заасан шаардлагыг хангасан. Хүүд тооцсон 48,000,000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулагдсан өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэл шаардсан боловч шүүх зээлийн гэрээг 2 сарын хугацаатай байгуулагдсан гэж дүгнээд 7,400,000 төгрөгийн хүү авах эрхтэй, алдангийг үндсэн зээлийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар дүйцүүлэн тооцсон. Зээлд шилжсэн 370,000,000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр үндсэн зээлийн төлбөрт төлсөн 200,000,000 төгрөгийг мөн оны 12 дугаар сарын 21-ний өдөр буюу зээлийн гэрээний үүргийн хугацаа хэтэрснээс хойших 76 хоногийн алдангийг тооцох ёстой байсан. Уг алдангиар тооцоход үндсэн зээлийн гүйцэтгээгүй үүрэг 143,412,000 төгрөг болж байхад шүүх 138,700,000 төгрөг гэж дүгнэсэн. Алданги, хүүгийн хэмжээг шүүх зөв дүгнэсэн.

5.2 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн. Мөн оны 05 дугаар сарын 28-ны өдөр хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө *******ыг сонгосон. ******* өмгөөлөгч хариуцагч байгууллагад анхнаасаа хууль зүйн туслалцаа үзүүлсэн бөгөөд гомдлын шүүх хуралдааныг хойшлуулж байсан. 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдөр гомдлын хурал явагдаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан үндэслэлээр хүсэлтийг шүүх хангасан. 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хариуцагчийн өмгөөлөгч шүүхэд хариу тайлбараа өгсөн. Мөн 09 дүгээр сарын 13-ны өдөр шүүх хуралдаан зарлагдахад *******ын итгэмжлэлээсээ татгалзаж оронд нь *******д итгэмжлэл олгосон. Уг итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өмгөөлөгч авахаар болсон тул шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргаж байсан. Шүүх тус хүсэлтийг нь хангаж 42 хоногийн хугацаатайгаар хойшлуулж 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр шүүх хуралдааныг зарлахад дахин өмгөөлөгч авах хүсэлт гаргасан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг санаатай удаашруулдаг. Иймд өмгөөлөгчгүй шүүх хуралдааныг явуулсан гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй.

5.3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.7 дахь хэсэгт нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгнө гэж заасан. Хариуцагчид нотлох баримт гаргаж өгөх эрх нь байсан. Хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 270,000,000 төгрөг, зээлийн хүү 48,690,322 төгрөг, алданги 185,000,000 төгрөг, нийт 503,690,322 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

3. ******* болон *******-ийн хооронд 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр ******* дугаартай Зээлийн гэрээ байгуулагдсан. Гэрээгээр зээлдүүлэгч ******* нь 370,000,000 төгрөгийг зээлдэгч *******-д 2 сарын хугацаатай, нэг сарын 1 хувь буюу 3,700,000 төгрөгийн хүүтэй зээлүүлэхээр харилцан тохиролцсон байна. /хх 13/ Гэрээний 6.2-т алдангийн хэмжээг хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тогтоожээ.

3.1 Дээрх зээлийн мөнгөн хөрөнгө болох 370,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс хариуцагчид 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр шилжүүлсэн. Мөн нэхэмжлэгч нь 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 100,000,000 төгрөгийг *******-с ...******* гэрээний дагуу зээл олгов гэх гүйлгээний утгаар хариуцагчид шилжүүлсэн үйл баримтад талууд маргаагүй.

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

4.1 Хариуцагч ******* нь зээлийн гэрээний үүрэгт 200,000,000 төгрөгийг нэхэмжлэгч *******-д төлсөн болох нь талуудын тайлбараар тогтоогдсон ба энэ үйл баримтад маргаагүй.

5. Харин анхан шатны шүүх хариуцагчийн төлсөн 200,000,000 төгрөгийг талуудын хооронд 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан ******* дугаартай Зээлийн гэрээ-ний үүргээс хасч тооцоогүй нь учир дутагдалтай болжээ.

5.1 Учир нь, Иргэний хуулийн 212 дугаар зүйлийн 212.2 дахь хэсэгт хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүргийн мөн чанарт харшлахгүй бол хэд хэдэн үүргээс аль нэгийг нь сонгож гүйцэтгэх эрхийг үүрэг гүйцэтгэгч эдэлнэ гэж зааснаар хариуцагчийн төлсөн дээрх 200,000,000 төгрөгийг эхний зээл буюу 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаартай Зээлийн гэрээ-ний үүрэгт тооцох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангана.

5.2 Дээрх зээлийн гэрээний үндсэн зээл 370,000,000 төгрөг, үндсэн хүү 7,400,000 төгрөг, нийт 377,400,000 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 200,000,000 төгрөгийг хасч, үлдэх 177,400,000 төгрөг байна. Мөн гэрээний 6.2-т зааснаар алдангийн тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцсэн байх тул алданги 88,700,000 төгрөг гаргуулах нь мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт нийцнэ.

5.3 Нэхэмжлэгчээс 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хариуцагчид шилжүүлсэн 100,000,000 төгрөгийн зээлийн гэрээг талууд бичгээр байгуулаагүй байх тул нэхэмжлэгч нь уг 100,000,000 төгрөгт ногдох хүү болон алданги шаардах эрхгүй. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх уг зээлийн гэрээний талаарх хэлцлийг бичгээр байгуулсан 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаартай зээлийн гэрээний үүрэгт хамааруулан, зээлийн хүү болон алданги тооцсон нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт нийцээгүй байна.

Харин нэхэмжлэгч нь мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар үндсэн зээл 100,000,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй.

Иймд шийдвэрт хариуцагчаас 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаартай зээлийн гэрээний үүрэгт 266,100,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 100,000,000 төгрөг, нийт 366,100,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосон өөрчлөлт оруулна.

6. Хариуцагч ******* нь 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 24/018 дугаар итгэмжлэлээр *******т итгэмжлэл олгосон. /хх 19/ Мөн 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 24/044 дугаар итгэмжлэлээр *******д 1 жилийн хугацаатай итгэмжлэл олгож, *******т олгосон итгэмжлэлээсээ татгалзсан байна. /1хх 43/

6.1 Улмаар 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хэргийн материалтай танилцах, өмгөөлөгчтэй оролцох, эвлэрэх хугацаа олгох хүсэлт гаргасан тус өдрийн шүүгчийн 183/ШЗ2024/19702 дугаар захирамжаар хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн. /хх 46/ 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс сөрөг нэхэмжлэл гаргах, өмгөөлөгчтэй оролцох хүсэлт гаргасныг тус шүүхийн шүүгчийн мөн өдрийн 183/ШЗ2024/23073 дугаар захирамжаар шүүх хуралдаанаас өмнө өмгөөлөгч авах боломжгүй байсан талаарх баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргах эрх нь нээлттэй байсан, сөрөг нэхэмжлэл гаргах боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаан байсан эсэх талаарх баримтыг ирүүлээгүй гэх үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэснийг буруутгахгүй. Иймд хариуцагчийн ...Хариуцагчийн өмгөөлөгч авах, өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох эрхийг нь хангаагүй гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

7. Хариуцагч нь шүүхэд ...*******-ийн нүүрс тээвэрлэлттэй холбоотойгоор -т 370,000,000 төгрөгийг шилжүүлэх шаардлагатай байсан тул зээлийн гэрээ байгуулсан, уг зээлийн гэрээ нь нэхэмжлэгч компанийн нүүрс тээврийн зардлын мөнгө байсан гэх үндэслэлээр бичгээр хариу тайлбар гаргаж мэтгэлцээгүй /хх 31/ тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдлын үндэслэлд анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй шинэ нотлох баримтыг заах эрхгүй гэсний дагуу хариуцагчийн энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэлэлцэгдээгүй асуудлын талаар давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийхгүй.

8. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хамтран гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2024/04287 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******-аас 366,100,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 137,590,322 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

2 дахь заалтын 2,238,450 гэснийг 1,988,450 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,238,450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

М.БАЯСГАЛАН