| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Самандаабазарын Өлзий-Отгон |
| Хэргийн индекс | 144/2019/0056/Э |
| Дугаар | 61 |
| Огноо | 2019-05-28 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 61
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,
Нарийн бичгийн дарга С.Өлзий-Отгон,
Улсын яллагч Д.Ганчимэг,
Шүүгдэгч Д.Б /өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Доржготовын Бд холбогдох 1929001020047 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Б нь 2019 оны 04 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд үйл ажиллагаа явуулж буй Хими цэвэрлэгээний байранд эхнэр С.Даваасүрэн, охин Б.Номин-Эрдэнэ нарт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, С.Даваасүрэн, Б.Номин-Эрдэнэ нарын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.
Хохирогч С.Даваасүрэнгийн: “...Гаднаас манай нөхөр Д.Б орж ирээд чамайг ална, хядна гэх зэргээр намайг айлгаж, үсдэж газар мөргүүлсэн. Бас миний нуруу хэсэгт хоёр удаа гараараа цохисон. Тэгсэн хажууд байсан сурагчийн жижиг ширээ аваад нурууг цохиж авсан. Намайг цохиж авсан ширээ нь хажууд унтаж байсан Номин-Эрдэнэ охиныг давхар цохиж авсан. Манай охин ааваа болиоч, ээжийг битгий зодооч гэх зэргээр уйлаад хашгираад байсан. Тэгээд би хүүхдээ аваад гарч зугтаад охиныхоо ангийн хүүхдийнд очиж хоносон” гэх мэдүүлэг /хх-н 29-30-р хуудас/,
Насанд хүрээгүй хохирогч Б.Номин-Эрдэнийн: “...ээжтэй хамт гэртээ байж байтал гаднаас аав Б согтуу орж ирээд ээж бид хоёрыг айлгаад манай ээжийг миний хичээл хийдэг ширээгээр цохиж авсан. Тэгсэн нөгөө ширээ нь миний дээрээс унасан. Ээж бид хоёр тэр шөнөө зугтаж гараад манай ангийн хүүхэд болох Төгсмөрөөдөл гэж хүүхдийн гэрт очиж хоносон” гэх мэдүүлэг /хх-н 34-35-р хуудас/,
Д.Бгийн гэрчээр өгсөн: “...би тухайн үед жоохон архи уусан байсан. уур хүрээд Даваасүрэнг бөгсөн бие хэсэгт нь 4-5 удаа гараараа цохиж авсан. Миний хажууд хүүхдийн сурагчийн ширээ байхаар нь аваад орны хажуу талруу шидсэн чинь зайлуулж чадалгүй дээрээсээ унагасан” гэх мэдүүлэг /хх-н 44-45-р хуудас/,
Гэрч С.Оюунхандын : “...2019 оны 04 дүгээр сарын 07-ны орой 21 цагийн үед Даваасүрэн охиноо дагуулаад уйлсан байдалтай “Манай нөхөр намайг зодож. цохисон. Тэгээд бид хоёр айгаад зугтаагаад гараад ирлээ” гэж хэлсэн. ...Номин-Эрдэнэ охины хамраас нь цус гарсан байдалтай Даваасүрэнгийн нүүр хэсэг нь цус болсон байсан. Мөн Даваасүрэн “Миний нуруу хэсэгт цохиж авсан. Нуруу хараад өгөөч” гэхээр нь харахад улайсан байсан” гэх мэдүүлэг /хх-н 53-54-р хуудас/,
Аюулын зэргийн үнэлгээ /хх-н 14-17-р хуудас/,
Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-н 19-26-р хуудас/,
Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 224, 225 дугаартай дүгнэлт /хх-н 56, 61-р хуудас/,
Яллагдагч Д.Бгийн мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг /хх-н 67-68-р хуудас/
Д.Бгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-н 71-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбогдох баримт /хх-н 73-74, 78-79-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
1.Гэм буруугийн талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.
Шүүгдэгч Д.Б нь 2019 оны 04 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд үйл ажиллагаа явуулж буй Хими цэвэрлэгээний байранд эхнэр С.Даваасүрэн, охин Б.Номин-Эрдэнэ нарт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, С.Даваасүрэн, Б.Номин-Эрдэнэ нарын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд хохирогч С.Даваасүрэн, Б.Номин-Эрдэнэ нарын биед учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Д.Бгийн хохирогчийн бөгсөн бие хэсэгт нь 4-5 удаа гараараа цохисон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэмт үйлдэл болох юм.
Шүүгдэгч Д.Б, хохирогч С.Даваасүрэн нар нь хууль ёсоор гэрлэлтээ батлуулаагүй байх боловч гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай болох нь тэдний гэрч, хохирогчоор өгсөн мэдүүлэг, охин Б.Номин-Эрдэнийн мэдүүлэг, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-н 84-р хуудас/ зэргээр тогтоогдож байна.
Д.Б нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан болох нь Аюулын зэргийн үнэлгээ /хх-н 14-17-р хуудас/, Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-н 19-26-р хуудас/-д дурдсан дүгнэлтээр тогтоогдож байх ба цаашид шүүгдэгч Д.Бд дахин гэр бүлийн хүчирхийлэл үйлдэхгүй байхыг хатуу анхааруулах нь зүйтэй.
Иймд шүүгдэгч Д.Бг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий хүмүүсийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцох эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
2.Хохирол, хор уршгийн талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.
Хохирогч С.Даваасүрэн, Б.Номин-Эрдэнэ нарын биед хөнгөн гэмтэл учирсан болох нь Монгол улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 224 дугаартай “Б.Номин-Эрдэнийн биед толгой хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн хөлний шагайн хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-н 56-р хуудас/,
Монгол улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 225 дугаартай “С.Даваасүрэнгийн биед баруун гарын тохойд зулгаралт, цээж, дал, 2 өвдөгт цус хуралт, хүзүүний булчингийн чангарал, бүсэлхий хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-н 61-р хуудас/-ээр тус тус тогтоогдож байна.
Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” хэдий ч энэ хэргийн хохирогч С.Даваасүрэн, Б.Номин-Эрдэнэ нар нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” тухайгаа илэрхийлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
3.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан үндэслэл болох хохирогчид төлөх төлбөргүй, хийсэн хэрэгтээ үнэн санаасаа гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэв.
Иймд улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1,200 /нэг мянга хоёр зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 /нэг сая хоёр зуун мянга/-н төгрөгөөр торгох саналыг хөнгөрүүлж шүүгдэгч Д.Бд 1,000 /нэг мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Эд мөрийн баримтаар тооцох тухай Мөрдөгчийн тогтоолоор хурааж, ирүүлсэн цагаан өнгийн хөлтэй, ногоон өнгийн тавцантай, хаалт мод нь хугарч унасан, 3 хэсэг болгосон сурагчийн ширээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Д.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Доржготовын Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд 1,000 /нэг мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд оногдуулсан 1,000 /нэг мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд сар бүр 500,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, Д.Бгийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч С.Даваасүрэн, Б.Номин-Эрдэнэ нар нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
6. 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Эд мөрийн баримтаар тооцох тухай Мөрдөгчийн тогтоолоор хурааж, ирүүлсэн цагаан өнгийн хөлтэй, ногоон өнгийн тавцантай, хаалт мод нь хугарч унасан, 3 хэсэг болгосон сурагчийн ширээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Д.Бд урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Д.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ӨЛЗИЙ-ОТГОН