Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 181/ШШ2016/00119

 

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 06 сарын 20 өдөр          Дугаар 181/ШШ2016/00119          Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, тус шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар     

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 7-р хороо, Баянхошуу, 31-24 тоотод оршин суух, Их Өлзийт овогт Довчингийн Чулуунтуяа /РД:КЕ85052508/-ын нэхэмжлэлтэй,       

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Засгийн газрын 3-р байранд байрлах, Улсын Бүртгэл, Статистикийн Ерөнхий газарт холбогдох,   

 

Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 4,402,800 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Ц.Цэрэнжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.   

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:   

Д.Чулуунтуяа нь 2008 оны 11 дүгээр сараас эхлэн Үндэсний татварын ерөнхий газрын Улсын бүртгэлийн албанд мэргэжилтнээр ажиллаж эхэлсэн. Уг алба нь 2009 оны 04 дүгээр сард Улсын бүртгэлийн ерөнхий газартай нэгдсэнээр тэрээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт “улсын бүртгэгч”-ээр томилогдон 2015 оны 3 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл тасралтгүй үр бүтээлтэй 7 жил ажилласан.

Гэтэл Улсын бүртгэлийн Ерөнхий газрын дарга 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 388 дугаар тушаалаар бүтэц, орон тооо шинэчилсэн гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн.

Төрийн албанд олон жил үр бүтээлтэй, сайшаагдан ажиллаж байхад орон тоо хасагдсан нэрээр, хасагдаагүй орон тооноос ажлаас чөлөөлсөн нь холбогдох хууль тогтоомж болон иргэний эрх ашгийг зөрчсөн учраас 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд Улсын бүртгэлийн ерөнхийн газрын даргын 2015 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 388 дугаар тушаалын Д.Чулуунтуяад холбогдох хэсгийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн томилуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 447 дугаар шийдвэрээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үйлдэл, эс үйдэхүйг хууль бус болохыг тогтоож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд томилох болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалган шийдвэрлэсэн.

Хариуцагч Улсын бүртгэлий ерөнхий газраас Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх болон Улсын дээд шүүхэд гомдол гаргасан бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 506 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 354 дүгээр тогтоолоор Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Д.Чулуунтуяаг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоон шийдвэрлэсэн.

Улмаар Засгийн газрын 2015 оны “Засгийн газрын агентлаг, төрийн байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтын талаар авах зарим арга хэмжээний тухай” 501 дүгээр тогтоол, Хууль зүйн сайдын 2015 оны “Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтцийг батлах тухай” А/304 дүгээр тушаалын дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газар болон, Үндэсний статистикийн хороо нэгдэн Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар болон өөрчлөгдсөн.

Дээрх нөхцөл байдалтай холбогдуулан бүтцийн асуудал хэлэлцэгдсээр байгаад Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 6/95 дугаар тушаалаар Д.Чулуунтуяа урьд эрхэлж байсан Хуулийн этгээлийн бүртгэлийн газрын улсын бүртгэгчийн ажилд эгүүлэн томилогдон 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн ажилдаа орсон.

Хариуцагч төрийн байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас Д.Чулуунтуяа 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл ажилгүй байсан ба 2015 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын тушаалаар ажлаас халахдаа түүнд нөхөн олговорт 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний 3,804,434 төгрөгийг өгсөн нь 2015 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх цалин хөлс билээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасан бөгөөд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын дагуу хариуцагч Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас Д.Чулуунтуяа надад 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр буюу 7 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 4,402,800 төгрөг олгох ёстой, нэхэмжлэгч шаардах эрхтэй гэж үзэж байна.   

Мөн түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д “Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” гэж заасны дагуу хариуцагч нь Д.Чулуунтуяагийн ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийх үүрэгтэй.

Нэхэмжлэгч нь Улсын бүргэлийн ерөнхий газрын хууль бус тушаалаар ажлаас халагдсаны дараагаар нийгмийн даатгалын шимтгэлийг сайн дураар төлж бичилт хийлгэж байсан болно.       

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй”, 46.2-д “Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй”, 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно”, 128 дугаар зүйлийн 128.1.5-д “энэ хуулийн 69 дүгээр зүйлд заасан асуудлаар гарсан маргаан”, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-гийн а/ Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд сул зогсолтын үеийн, ажил хүлээлцэх хугацааны, ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа үеийн, буруу халсан буюу шилжүүлсэн үеийн зөрүү, олговор олгох, нийтээр амрах баярын өдөр ажилласны нэмэгдэл хөлс олгох, ажлын цагийг богиносгох, ажилтны хүсэлтээр ажилтанд тэтгэмжтэй чөлөө олгох, цалин хөлсний тодорхойлолт гаргах, ажилтанд ажлаас халагдсаны болон Хөдөлмөрийн тухай хуулийн 41.2-т заасны дагуу тэтгэмж олгох, ажилтанд эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлага хүлээлгэх, хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр” гэж тус тус заасны дагуу харицагч нь Д.Чулуунтуяагийн ажилгүй байсан хугацааны олговрыг олгож, нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлж нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх үндэслэлтэй байна.

Иймд хариуцагч Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас ажилгүй байсан хугацааны олговорт 4,402,800 төгрөг гаргуулж, ажилгүй хугацааны буюу 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн хоорондох эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шийтгэлийг нөхөн төлж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг Улсын Бүртгэл, Статистикийн Ерөнхий газарт даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:   

Засгийн газраас эдийн засгийн өсөлтийг дэмжих, төсвийн зардлыг бууруулах зорилгоор төрийн албан хаагчийн орон тоог цомхотгох чиглэлийг баримталж Засгийн газрын 2014 оны “Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 387 дугаар тогтоолоор тус газрын ажилчдын орон тоог 155 байхаар шинэчлэн тогтоосон.

Үүний дагуу Хууль зүйн Сайдын 2015 оны “Улсын бүртгэлийн ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг батлах тухай” А/16 дугаар тушаалаар тус газрын бүтэц орон тоог шинэчлэн баталсан. Тус газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрыг Гадаадын хөрөнгө оруулалт, хуулийн этгээдийн бүртгэлийн газар болгон өөрчилж, тус газрын улсын бүртгэгчийн орон тоог 26 байсныг 21 болгон цөөрүүлсэн.

Энэхүү бүтэц зохион байгуулалтын дагуу Төрийн албаны тухай хуулийн 27.2.4-т “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэж заасны дагуу Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын улсын бүртгэгчээр ажиллаж байсан Д.Чулуунтуяаг Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2015 оны “Ажлаас чөлөөлөх тухай” 388 дугаар тушаалаар ажлаас чөлөөлж, мөн хуулийн 27.2.4-т заасны дагуу 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгосон.

Д.Чулуунтуяа нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2015 оны “Ажлаас чөлөөлөх тухай” 388 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг эс зөвшөөрч Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж түүний дагуу тус шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 447 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Д.Чулуунтуяаг эрхэлж байсан ажил, албан тушаалд томилоогүй Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, түүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд, эсхүл цалин хөлсийг бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийнх нь дагуу өөр ажил, албан тушаалд томилохыг хариуцагчид даалгасан.

Хариуцагчийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг үл зөвшөөрч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан боловч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 447 дугаар шийдвэрийг тус шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 506 дугаар магадлалаар хэвээр үлдээж хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисон.

Хариуцагч талаас Улсын дээд шүүхийн хяналтын шатанд гомдол гаргахад Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 447 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 506 дугаар магадлалыг 2015 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн 354 дугаар тогтоолоор тус тус хэвээр үлдээж хариуцагчийн гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэсэн байдаг.

Дээрх шүүхийн тогтоол, шийдвэрийн дагуу УБСЕГ-ын даргын 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Б/95 дугаар ажилд томилох тухай тушаалаар Д.Чулуунтуяаг эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн томилж шүүхийн шийдвэр, тогтоолыг биелүүлсэн байна. Үүнд:

1. УБСЕГ-ын даргын 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Б/95 дугаар тушаалаар тус газрын Нийслэлийн Улсын бүртгэл. статистикийн газрын хуулийн этгээдийн бүртгэлийн улсын бүртгэгчээр эгүүлэн томилсон хариуцагч талаас шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлсэн байтал УБСЕГ-аас 4,402,800 төгрөгийг нэхэмжилсэн байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.   

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Чулуунтуяа нь хариуцагч Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас 2015 оны 9 дүгээр сарын 9-ний өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн хооронд ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 4,402,800 төгрөг гаргуулах, 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.   

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.   

 

Улсын бүртгэлийн ерөнхий газрын бүтэц орон тоо шинэчлэн батлагдсантай холбогдуулан Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2015 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн “ажлаас чөлөөлөх тухай” 388 дугаар тушаалаар тус газрын албан хаагчдыг ажил, албан тушаалаас нь чөлөөлж, мөн өдрийн “ажилд томилох тухай” 289 дүгээр тушаалаар Д.Чулуунтуяаг урьд эрхэлж байсан улсын бүртгэгчийн ажилд томилохгүй байхаар шийдвэрлэсэн нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалтад нийцээгүй үндэслэлээр шүүх Д.Чулуунтуяаг эрхэлж байсан ажил, албан тушаалд томилоогүй Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоосон байна.

 

Ийнхүү шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 447 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 506 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 354 дүгээр тогтоолууд хүчин төгөлдөр болсон тул шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон дээрх үйл баримтыг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар дахин нотлохгүй болно.

 

Д.Чулуунтуяа нь анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс хойш түүнийг хуулийн этгээдийн улсын бүртгэгчээр томилсон Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргын 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн Б/95 тоот тушаал гарах хүртэлх хугацаанд ажилгүй байсан үйл баримт тогтоогдож байна.

 

Улсын бүртгэлийн ерөнхий газар нь Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “Засгийн газрын агентлаг, төрийн байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтын талаар авах зарим арга хэмжээний тухай” 501 дүгээр тогтоолоор Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар болж өөрчлөн зохион байгуулагдсан тул Д.Чулуунтуяагийн энэ нэхэмжлэлд Улсын бүртгэл, статистикийн газар нь хариуцагч болох үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч Д.Чулуунтуяа ажлаасаа үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөний улмаас дээрх хугацаанд ажил хөдөлмөрөө хэвийн явуулах боломжгүй болсонд  ажил олгогч буруутай тул ажилдаа эгүүлэн тогтоолгосон тэрээр Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д заасны дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор шаардах эрхтэй.

 

Тэрээр 2015 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн тушаалаар ажлаас чөлөөлөгдөхдөө 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авсан болох нь түүний тайлбар болон хүчин төгөлдөр болсон дээр дурдсан шүүхийн шийдвэрүүдээр тогтоогдсон тул ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорыг 2015 оны 9 дүгээр сарын 09-ний өдрөөс тооцох үндэслэлтэй.

 

Харин нэхэмжлэгч нь 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдөр ажилд томилогдсон атлаа 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр ажилдаа орсон гэх үндэслэлээр мөн өдрийг хүртэлх хугацаагаар олговор шаардсан нь үндэслэлгүй байна.

 

Тодруулбал, Д.Чулуунтуяа нь 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс ажил эрхэлж эхэлсэн талаарх баримт авагдаагүй, нэхэмжлэгч энэ талаарх баримтаа шүүхэд гаргах, шаардлагаа нотлох үүргээ хангалттай хэрэгжүүлээүй болно.

 

Иймд шүүх Д.Чулуунтуяагийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор шаардах хугацааг 2015 оны 9 дүгээр сарын 09-ний өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл гэж үзэв.

 

Нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарт үндэслэн /бүтэн цалин авч байсан сүүлийн 3 сар болох 2014.12, 2015.1, 2015.2 сар/ Нийгмийн Хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан “дундаж цалин хөлс тодорхойлох журам“-ын 7 дахь хэсгийн “а”-д заасны дагуу түүний дундаж цалин хөлс /884,176 төг/-ийг тодорхойлсны үндсэн дээр Д.Чулуунтуяад ажилгүй байсан хугацааны /6 сар 12 хоног/ цалин хөлстэй тэнцэх олговорт 4,402,800 төгрөг /(884,176төг/21,5х12хо)+(884,176x6)=5,798,550 төгрөг боловч нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээр гаргуулав/-ийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

Түүнчлэн ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэр нээж, түүнд хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр төлсөн шимтгэл, хураамж /сарын цалингаас/-ийг төлж, энэ тухай бичилтийг хийх үүрэгтэй тул Д.Чулуунтуяагийн 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг зохих журам, хувь хэмжээгээр төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах үндэслэлтэй гэж үзэв.

 

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон    

 

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас 4,402,800 төгрөгийг гаргуулж Д.Чулуунтуяад олгосугай.   

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацааны Д.Чулуунтуяагийн нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг зохих хувь хэмжээгээр төлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газарт даалгасугай.   

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгч Д.Чулуунтуяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85,400 төгрөгөөс 85,395 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос илүү төлөгдсөн 5 төгрөгийг, хариуцагч Улсын Бүртгэл, Статистикийн Ерөнхий газраас 85,395 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Д.Чулуунтуяад олгосугай.   

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл 7 хоногийн дараа шийдвэрийг гардан авч, түүнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.   

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                Ө.УЯНГА