| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2019/0548/э |
| Дугаар | 549 |
| Огноо | 2019-06-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Оюунтунгалаг |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 549
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
нарийн бичгийн дарга: Л.Ундармаа;
улсын яллагч: Э.Оюунтунгалаг;
шүүгдэгч: О, О (өөрсдийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Хараагийн О, Хараагийн О нарт холбогдох эрүүгийн 1909014730503 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:
1. Монгол Улсын иргэн, 1981 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сэтгэл судлаач, авто тээврийн инженер мэргэжилтэй, 3 дугаар авто баазад ээлжийн инженер ажилтай, Баянгол дүүрэг, 21 дүгээр хороо, Горькийн 24 гудамж, 980 тоотод бүртгэлтэй, одоо ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, алтайн 30 дугаар гудамж, 52 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ЧК81070807 регистерийн дугаартай, Дархан лам овогтой Хараагийн О,
2. Монгол Улсын иргэн, 1969 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Чингэлтэйн 14 дүгээр гудамж, 375 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ЧК69072204 регистерийн дугаартай, Боржигон овогтой Хараагийн О.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Яллагдагч О нь 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Чингэлтэйн 14 дүгээр гудамжны 375 тоотод оршин суух гэртээ Х.Сувд-Эрдэнийг зодож зүүн зовхи, зүүн нүдний алимны цус хуралт гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
яллагдагч О нь 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Чингэлтэйн 14 дүгээр гудамжны 375 тоотод оршин суух гэртээ Х.Сувд-Эрдэнийг зодож зүүн бугалга, шуу, баруун гуянд цус хуралт, зулайн хуйханд цус хуралт гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Одонтунгалаг нар мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул нэмж мэдүүлэг өгөхгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул нэмж мэдүүлэг өгөхгүй гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч хохирогч Х.Сувд-Эрдэнийн мэдүүлэг /хх-ийн 13-14/, Оийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 50-51/, Оийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 48-49/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 3997 дугаартай дүгнэлт /хх-ийн 36/, шинжээч эмч Г.Ханхүүгийн мэдүүлэг /хх-ийн 40/, гэрч Б.Нямбаярын мэдүүлэг /хх-ийн 9-11/, О, О нарын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн /52-75/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч О нь 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Чингэлтэйн 14 дүгээр гудамжны 375 тоотод иргэн Х.Сувд-Эрдэнийг зодож зүүн зовхи, зүүн нүдний алимны цус хуралт гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
шүүгдэгч О нь 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Чингэлтэйн 14 дүгээр гудамжны 375 тоотод оршин суух гэртээ иргэн Х.Сувд-Эрдэнийг зодож зүүн бугалга, шуу, баруун гуянд цус хуралт, зулайн хуйханд цус хуралт гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:
хохирогч Х.Сувд-Эрдэнийн /хх-ийн 13-14/: “... 2019 оны 03 дугаар сарын 25-ны үүрээр би хадмын гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн орсон, тэр өдөр хадам аавын төрсөн өдөр байсан. Би хадам аавд 1 шил “Соёрхол” нэртэй архи, тамхи, хоол унд авч өгөөд өөртөө нэг шил пиво аваад уугаад сууж байтал гаднаас хадам ээж ороод ирсэн. Тэгээд би том өрөөнд буйдан дээр унтаад өгсөн байхад гэнэт миний гэдэс болон гуя хэсэг рүү өшиглөхөөр нь хартал хадам ээж “бос янхан минь цагдаа дуудсан” гэж хэлсэн. Хадам ээж намайг орилж доромжлоод байхаар нь би өөдөөс нь хэрэлдээд доромжлоод гутлаа шидсэн, гэхдээ оноогүй. Тэгээд удалгүй хадам ээжийн дүү О гаднаас орж ирээд “Чи муу янхан миний ахад дэвтэй архи өгсөн” гээд дайраад байсан. Отэй маргалдаад хэрэлдээд байж байтал О цохих гээд байхаар нь би Оийг “цохиоч” гээд хэлсэн чинь миний зүүн нүд рүү нэг удаа цохьсон. ...Зүүн зовхи, зүүн нүдний алимны цус хуралт болох гэмтлийг О миний нүдрүү нэг удаа цохиж учруулсан, харин зүүн бугалга, шуу, баруун гуянд цус хуралт гэмтлийг хадам ээж О миний гэдэс, гуя хэсэг рүү өшиглөхөд учирсан. Би өшиглүүлээд хойш савахдаа паар мөргөж зулайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан...” гэх мэдүүлгээр,
Оийн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 50-51/: “…Сувд-Эрдэнэ өглөө манай гэрт согтуу орж ирчихээд агсам тавиад байсан. Тэгээд маргаан эхэлсэн. Би Сувд-Эрдэнийг табчикаар нуруу руу нь цохисон, мөн хөл хэсэг рүү нь өшиглөсөн, тэгээд үсдэлцсэн...” гэх мэдүүлгээр,
Оийн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 48-49/: “…Хэрүүл маргаан хийгээд байхаар нь уур хүрээд тэсвэр алдаад нэг удаа нүд хэсэг рүү нь цохисон. Тухайн үед Сувд-Эрдэнэ маш их орилж чарласан...Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлгээр,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 3997 дугаартай /хх-ийн 36/: “... Х.Сувд-Эрдэнийн биед зүүн зовхи, зүүн нүдний алим, зүүн бугалга, шуу, баруун гуянд цус хуралт, зулайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлтээр,
дээрх дүгнэлтийг гаргасан шинжээч эмч Г.Ханхүүгийн /хх-ийн 40/: “... Зүүн нүдэнд учирсан гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Мөн зүүн бугалга, шуу, баруун гуянд цус хуралт, зулайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг зэрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нар нь хохирогчийг зодсон болохыг шүүгдэгч, хохирогч, гэрч нар хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь бусдад зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар тус тусдаа цаг хугацаанд, өөр өөр санаа зорилгоор хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан О, О нарын тус бүрийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул шүүгдэгч нарыг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Ийнхүү шүүгдэгч О, О нарын “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн” гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж тэдэнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Хохирогч Х.Сувд-Эрдэнэ нь “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгч О, О нарыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан шүүгдэгч нарыг тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О, О нар нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурдаж байна.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Боржигон овогт Хараагийн Оийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Дархан лам овогт Хараагийн Оийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар
шүүгдэгч Оийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянган) төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Оийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянган) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О, О нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч нар нь урьд цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нарт төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О, О нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ