| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатар Бадрах |
| Хэргийн индекс | 101/2024/06479/И |
| Дугаар | 210/МА2025/00141 |
| Огноо | 2025-01-17 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 210/МА2025/00141
******* нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Э.Золзаяа, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2024/04634 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* холбогдох,
9,583,859 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. ***** дүүргийн 2 дугаар хороо, ***** баруун талд АОС гудамж, ***** тоот хаягт байршилтай 504.49 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас зохион байгуулсан албадан дуудлага худалдаагаар худалдан авч, 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн.
Хариуцагч ****** өмнөх өмчлөгчтэй түрээсийн гэрээ байгуулж бар, караоке ажиллуулж байсан ба 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдөр түрээсэлж буй талбайг суллаж өгөх мэдэгдлийг хүргүүлсэн боловч чөлөөлөөгүй. Гэхдээ шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа буюу 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлж өгсөн тул энэ талаарх нэхэмжлэлээсээ татгалзаж байна.
1.2. Харин хариуцагч нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг ашиглаж 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 08 дугаар сарын 02-ны өдөр хүртэл караоке ажиллуулсан.
Иймд түрээсийн төлбөрт 9,000,000 төгрөг, 2024 оны 06-07 дугаар сарын ашиглалтын зардал 90,000 төгрөг, цахилгааны төлбөр 493,589 төгрөг, нийт 9,583,859 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
Дээрх үл хөдлөх эд хөрөнгийг ***** ХХК-тай гэрээ байгуулсны үндсэн дээр 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд түрээслэхээр тохиролцож, 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 08 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх 4 сарын түрээсийн төлбөрийг төлж, барьцаа 4,500,000 төгрөг өгсөн. Гэвч өмчлөлийн маргаанаас болж 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүртэл түрээсэлсэн.
***** ХХК-д түрээсийн гэрээнд заасан төлбөрийг төлсөн учир *******д түрээсийн төлбөр төлөх үндэслэлгүй, ашиглалтын болон цахилгааны төлбөрийг төлж барагдуулсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******ээс 9,583,859 төгрөг гаргуулах ***** нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь зааснаар нэхэмжлэгч ******* хариуцагч ******ээс Улсын бүртгэлийн ******* дугаар гэрчилгээтэй, ***** дүүргийн 2 дугаар хороо, ***** баруун талд байрлах АОС гудамж, ***** тоот хаягт байршилтай 504.49 м.кв үл хөдлөх хөрөнгийг чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч *******гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238,492 төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэсэн.
4. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
******* нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгчөөр 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр болсон. Өөрөөр хэлбэл ******* нь түүний өмчлөлийн талбайд караоке ажиллуулж ашиг орлого олж байсан ******ээс 9,000,000 төгрөг нэхэмжлэх эрхтэй.
***** ХХК нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэх эрхтэй болохыг хариуцагч нотлоогүй. Мөн хариуцагч ашиглалтын зардал 90,000 төгрөг, цахилгааны төлбөр 493,589 төгрөг, нийт 583,859 төгрөгийг төлсөн талаарх баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:
Хариуцагчийн зүгээс түрээсийн гэрээтэй холбоотой баримтаа гаргаж өгсөн. Одоо нэхэмжлэгчид төлөх төлбөр байхгүй. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талын гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ***** холбогдуулан ***** дүүргийн 2 дугаар хороо, ***** баруун талд АОС гудамж, ***** тоот хаягт байршилтай 504.49 м.кв үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болсон үндэслэлээр 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 08 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөр 9,000,000 төгрөг, 2024 оны 6, 7 дугаар сарын ашиглалтын зардал 90,000 төгрөг, цахилгааны төлбөр 493,589 төгрөг, нийт 9,583,859 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч нь өмнөх өмчлөгч болох ***** ХХК-д түрээсийн болон цахилгааны төлбөр, ашиглалтын зардлыг төлж барагдуулсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.
2.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь ***** дүүргийн 2 дугаар хороо, ***** баруун талд байрлах АОС гудамж, ***** тоот хаягт байршилтай 504.49 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчийн эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлээс татгалзсаныг анхан шатны шүүх баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт нийцсэн байна.
3. ******* нь 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр ***** дүүргийн 2 дугаар хороо, ***** баруун талд байрлах АОС гудамж, ***** тоот хаягт байршилтай, 504.49 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч болсон.
3.1. Ийнхүү нэхэмжлэгчийг өмчлөгчөөр бүртгэгдэхээс өмнө буюу 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр дээрх үл хөдлөх эд хөрөнгийн 2***** м.кв талбайг ****** нь ***** ХХК-тай гэрээ байгуулсны үндсэн дээр караоке, баарны зориулалтаар 1 сарын 4,500,000 төгрөгийн төлбөртэй, 1 жилийн хугацаатай түрээсэлжээ.
Улмаар түрээсийн талбайг ****** нь 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдөр чөлөөлсөн. Харин энэ хугацааны төлбөр тооцооны үлдэгдэлгүй болохыг ***** ХХК болон ****** 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдөр тооцоо нийлж баталгаажуулсан байна.
3.2. Эдгээр үйл баримтыг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөв тогтоосон.
4. Анхан шатны шүүхийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шийдэл зөв байх боловч зохигчийн хооронд үүргийн харилцаа үүсээгүй гэж алдаатай эрх зүйн дүгнэлт өгснийг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэх боломжтой байна.
4.1. Хариуцагч нь аж ахуйн үйл ажиллагаа явуулах зорилгоор 504.49 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн зарим хэсэг буюу ***** м.кв талбайг хүлээн авч ашиглах, гэрээгээр тохирсон төлбөрийг төлөхөөр ***** ХХК-тай 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаанд хамаарч байна.
Энэхүү түрээсийн гэрээний харилцаа үргэлжилж байх явцад түрээсийн зүйл болж буй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч солигдож, ******* нь 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр шинэ өмчлөгчөөр бүртгэгдсэн.
Иймээс шинэ өмчлөгч *******д Иргэний хуулийн 297 дугаар зүйлийн 297.1, 318 дугаар зүйлийн 318.5 дахь хэсэгт зааснаар 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн гэрээний түрээслүүлэгчийн бүх эрх, үүрэг шилжсэн.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь хариуцагчтай гэрээ байгуулаагүй боловч түрээслүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болсноор өмнөх өмчлөгчийн түрээсийн гэрээний эрх, үүргийг хуульд зааснаар хүлээн авсан байна.
4.2. Ийнхүү нэхэмжлэгчид түрээсийн гэрээний төлбөрийг шаардах эрх үүссэн боловч хариуцагч нь өмнөх өмчлөгч болох ***** ХХК-тай 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 08 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх хугацааны аливаа түрээсийн төлбөрийн үлдэгдэлгүй болохыг тооцоо нийлж баталгаажуулсан байна.
Үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгч нь ***** ХХК нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмнөх өмчлөгч байсан, түрээсийн гэрээ байгуулах эрхтэй байсан зэргийг эс зөвшөөрч маргасан, мөн үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан.
Энэ тохиолдолд нотлох баримтын хуваарилалтаар нэхэмжлэгч нь түүний өмнөх өмчлөгч ямар этгээд байсан, хариуцагчийг түрээсийн гэрээ байгуулах эрхгүй этгээдтэй гэрээ байгуулж, төлбөр тооцоо хийсэн болохыг нотлох үүргийг хүлээнэ. Учир нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчмаар нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн хариуцагчийн мэтгэлцээний байр суурийг няцаах үүрэг нэхэмжлэгчид ногдоно.
Дээрх нөхцөл байдлыг нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй.
Иймд анхан шатны шүүх түрээсийн төлбөр 9,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт нийцжээ.
4.3. Мөн нэхэмжлэгч нь 2024 оны 6, 7 дугаар сарын ашиглалтын зардал 90,000 төгрөг, цахилгааны төлбөр 493,589 төгрөгийг гаргуулахаар шаардсан боловч энэ хэмжээний төлбөр гарсан болохыг баримтаар нотлоогүй.
Үүний зэрэгцээ хариуцагч нь өмнөх өмчлөгч ***** ХХК-тай 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар ашиглалтын зардал, цахилгааны төлбөрийн тооцоогүй болохыг баталгаажуулсан тул үүнд холбогдох шаардлагыг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна.
5. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ***** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2024/04634 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 168,292 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА
ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА
Т.БАДРАХ