Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 92

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Энхзул,

Улсын яллагч Ц.Гэрэлбаатар,

Шүүгдэгч Э.М , түүний өмгөөлөгч М.Найдан нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Ц.Гэрэлбаатарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.М д холбогдох эрүүгийн 1915000880064 дугаартай 163/2019/0094/Э индэкстэй хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1994 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Булган аймгийн Рашаант суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, ээж 3 дүүгийн хамт Хөвсгөл аймгийн ... оршин суух, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн №325 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, Х овогт Э.М,  

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Э.М  нь 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 15-ны өдрийн хооронд Булган аймгийн Баян-Агт сумын Шарга 1 дүгээр багийн нутаг Хануй рашаан, Хануй голын ойр орчмоос иргэн О.И ийн 2 тооны адууг хулгайлан авч 750000 төгрөгийн хохирол,

Иргэн Ч.Л гийн 3 тооны адууг хулгайлан авч 1200000 төгрөгийн хохирол,

Иргэн Б.Л гийн улаан хээр зүсмийн шүдлэн насны 1 тооны адуу хулгайлан авч 350000 төгрөгийн хохирол

Иргэн Ч.Б гийн хонгор халзан зүсмийн им тамгагүй 1 тооны адууг хулгайлан авч 400000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтээр/ ТОДОРХОЙЛОХ нь: 

   Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.М гийн өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд миний өгсөн мэдүүлэг үнэн зөв тул мэдүүлэг өгөхгүй гэжээ.                                                                                    

1815001870006 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

Яллагдагч Э.М гийн өгсөн:  Би 2019.01.20-ний өдөр өөрийн хээр зүсмийн морио алдаад Хөвсгөл аймгийн Рашаант сумын нутгаар хайгаад олоогүй. 2019.02.13-ны өдөр би алдсан хээр морио хайж Булган аймгийн Баян-Агт сум руу явсан. Тэгээд тэр өдөртөө Баян-Агт сум руу орсон. 2019.02.13-ны өдөр 12 цагийн үед Баян-Агт сумын Зуун мод гэх газраас өөрийнхөө алдсан хээр морийг олсон. Тэгээд би буцаад Баян-Агт сумаас гарах гээд явж байгаад шөнө 00 цагийн үед Хануй рашааны дээд хэсэгт хээр зүсмийн гүү, халтар зүсмийн даагатайгаа хамт бэлчиж явахаар нь би хээр гүүг нь хүрэм рүү оруулж байгаад хашиж барьж авсан. Тэр шөнөдөө хүрмэн дотор гал түлж хоносон. 2019.02.14-ний өдрийн өглөөнөөс орой болтол тэндээ байж байгаад, гадаа бүрий ормогц хүрмээ захлаад дээшээ шарга азаргаа унаад явсан. Тэгээд явж байсан чинь Хонгор халзан зүсмийн үрээ хээр цавидар хүрэн хажууд бэлчиж байхаар нь би гурван адууг туугаад өнгөрсөн шөнө нь барьсан адуунуудтайгаа хүрмэн дунд нийлүүлсэн. Тэгээд би мөн тэр шөнөө хүрмэн дунд хоносон. 2019.02.15-ны өглөө би 08 цаг болж байхад боссон. Мөн хүрмэн  дунд гадаа гэгээ тасрахыг хүлээсэн. Тэгээд орой гэгээ тасармагц барьсан адуунуудаа /өөрийн хээр зүсмийн морь, хээр зүсмийн гүү, халтар зүсмийн даага, хонгор халзан зүсмийн үрээ, хээр зүсмийн шүдлэн, улаан хээр зүсмийн шүдлэн/ туугаад Хөвсгөл аймгийн Рашаант сумын зүг гэр рүү тууж явсан. Хануй гол өгсөөд явж байсан чинь хээр талд цавидар гүү, цавидар зүсмийн даагатайгаа явж байсан. Тэгэхээр нь би тууж авчираад өөрийнхөө цуглуулсан адуутай нийлүүлсэн. Тэгээд би шарга азаргаа унаад нийт 8 адуу туугаад явж байгаад замдаа төөрсөн. Одоо бодоод байхад Шарга нуурын урд төөрсөн байсан юм байна лээ. Төөрөөд би нэг айлын гадаа очсон чинь тууж явсан адуунаас цавидар гүү, даагтайгаа айлын адуу руу орж нийлснийг мэдэхгүй тэр айлын хажуугаар цавидар гүү, даагийг хайсан. Намайг цавидар гүү, даагийг хайж байсан чинь над руу мотоциклийн гэрэл туссан. Тэгэхээр нь би өөрийнхөө тууж явсан 6 тооны адуугаа орхиод зугтаасан. Тэгсэн эргээд харсан чинь нөгөө мотоцикльтой хүн миний хажуугаар өнгөрсөн айлын гадаа очсон. Тэгэнгүүт нь би нөгөө мотоцикльтой хүн намайг хараагүй байна гэж бодоод адуугаа хайж яваа хүн болоод нөгөө айл руу орсон. Тэр айлд ороход айлын эзэн бололтой нэг ах /Б  гэж байсан/ надаас хаанахын хүн болох талаар асуугаад хоол унд өгсөн. Тэгээд удаагүй гэрт сумын хэсгийн төлөөлөгч орж ирсэн. Тэгээд би баригдсан гэх мэдүүлэг /хх-97-99 тал/

Хохирогч Ө.И ийн өгсөн: “Би 2019 оны 02 дугаар сард өөрийн хар алаг азаргатай адуунаасаа 2 тооны адуугаа хулгайд алдсан. Тэгээд 2019.02.16-ны өдөр Баян-Агт сумын хэсгийн төлөөлөгч надруу яриад та адуугаа алдсан уу энд эзэн нь тогтоогдоогүй адуу байна та ирж үзээч гэж ярьсан юм. Тэгээд би тус өдөр Баян-Агт сумын Шарга баг Балчигэр гэх газар өвөлждөг П.Б гийн хашаан дээр очоод тэнд хашсан байсан 7 тооны адууг харахад тэр дотор миний улаан хээр гүү, халтар шүдлэн адуу хоёр байсан юм гэх мэдүүлэг /хх-27 тал/

Хохирогч Ч.Л гийн өгсөн: “...Би 2019.02.13-ны үед өөрийн адуунаасаа хул хээр шүдлэн үрээгээ хулгайд алдсан учраас цагдаагийн байгууллагад Хсан...2019.02.16-ны өдөр би гэрээ нүүлгэж хаваржаандаа буух гээд байж байхад Баян-Агт сумын Шарга багийн малчин Б.Л  ах надруу залгаад П.Б гийн хашаанд хулгайн адуу олдсон байна гэнэ, чи очиж үзэх үү гэж асуухаар нь би тэгье гээд хамт явж очиж үзсэн юм. Тэгээд уг адуунуудыг харж байхад манай адууны хул хээр шүдлэн үрээ байж байхаар нь гайхаад хашаан дотор орж уг үрээг барьж авч байгаад үзэхэд манай адууны цавидар хүрэн гүү, хүрэн цавидар шүдлэн  үрээ мөн байсан. Биднийг тэнд адуу хараад хашаан дээр байж байхад тэнд танихгүй нэг залуу байсан. Тэр залуу нь Хөвсгөл аймгийн Рашаант сумын хүн гэж байсан ба 2019.02.15-ны шөнө тухайн 7 тооны адууг тууж явж байгаад баригдсан гэсэн ” гэх мэдүүлэг /хх-30, 34-35 тал /

Хохирогч Ч.Б гийн өгсөн:...” Би 2019.02.03-ны өдөр өөрийн унаж байсан хонгор халзан морио тавих гээд адууг нь хайгаад олоогүй. Тэгтэл 2019.02.16-ны өдөр сумын цагдаагаас надруу утсаар залгаад та адуугаа алдсан уу ирээд энд олсон хэдэн адуунаас үзнэ үү гэж хэлсэн. Тэгээд би П.Б гийн гэрт очиход цагдаа нар ирсэн байсан бөгөөд хашаанд байсан хэдэн адуунаас надад үзүүлж таны морь байна уу сайн хараарай гэхээр нь би хашаанд орж үзэхэд миний хайж байсан хонгор халзан морь байж байсан тэгээд адуугаа таньж авсан” гэх мэдүүлэг /хх-37 тал/

Хохирогч Б.Л гийн өгсөн: “...Би 2019.02.16-ны өдөр гэртээ байж байхад манай сумын хэсгийн төлөөлөгч манайхаар ирээд урьд шөнө мал хулгайлж тууж явж байсан хүнийг барьж авсан. Тэр хүний тууж явсан адуунуудын эзэн нь олдохгүй байна. Танайх адуу малаа алдсан асуудал байна уу гэхээр нь би бүүр өмнө нь сураггүй болсон байсан ганц нэг адуу маань мөн байж магадгүй гэж бодоод хэсгийн төлөөлөгчтэй хамт манай багийн малчин П.Б гийн гэрт очоод хашаанд нь байсан 7 адууг харахд 2019.02.03-ны өдөр унаж эдэлж байгаад адуунд тавьсан байсан манай цавидар халзан азаргатай адуунд байсан хээр зүсмийн шүдлэн үрээ маань байж байхаар нь гайхаад хашаан дотор орж байгаад барьж аваад чихийг нь харахад буруу талын чих нь гол цуулбар имтэй буруу талын гуян дээрээ бүдэг дарсан ширээтэй чандмань тамгатай байсан. Тэгээд өөрийн адуу гэдгийг таньж авсан” гэх мэдүүлэг /хх-40-41 тал/

Гэрч П.Б гийн өгсөн: 2019.02.15-ны орой 23 цагийн үед манай дүү Б , охин Энхжингийн хамт манайд ирсэн. Тэгээд ирээд сая замд адуу туусан нэг хүн явж байсан гэж ярьсан. Тэгэхээр нь би Б  тэр ямар хүн байна үзээд ир гээд Б , М байхгүй болчихлоо адуу нь энд ойрхон байна гээд адууг нь хашааны хажууд аваад ирсэн байсан. Тэгээд гарч адууг нь харахад манай энд их харагдаагүй 6 тооны адуу байсан. Тэгээд  Шарга багийн дарга Л.М т хэлсэн. Мөн сумын цагдаад мэдэгдсэн. Тэгээд гэртээ орж иртэл гэрийн гадаа нэг морьтой хүн ирсэн ба манай гэрийн гадна байсан миний адуунд 2 тооны адуу нь нийлчихлээ гэсэн. Тэгээд гараад адуугаа харах гэхэд манай адуу бэлчээд явчихсан. Тэгээд тэр морьтой  хүн 2 адуугаа хайгаад манай адууны араас явсан ба удалгүй буцаад гэрт ирсэн ба манайд хоол, цай идэж уугаад сууж байтал сумын хэсгийн төлөөлөгч, цагдаа хоёр багийн дарга Л.М ын хамт ирээд тухайн тууж явсан адууг нь манай хашаанд хашаад тэр залууг аваад сумын төв рүү явсан...уг адуун дунд таньж байсан 2 адуу байсан. Хээр гүү, халтар шүдлэн хоёр нь нар саран тамгатай байсан ба уг адуу нь Архангай аймгийн Хайрхан сумын малчин И ээ гэх хүний тамгатай байсан болохоор таньсан. Өөрийнхөө нэрийг М  гэсэн ба Хөвсгөл аймгийн Рашаант суманд амьдардаг гэсэн. Бүгдийг нь өөрийнхөө адуу гэж ярьсан ба сая хануй рашааны тэндээс олж явлаа гэж байсан” гэх мэдүүлэг /хх-44-45 тал/

Гэрч Б.Б ын өгсөн: 2019.02.15-ны орой би П.Б гийнд шинэлэх гээд очсон. Тэгтэл тэднийд танихгүй нэг залуу сууж байсан. Тэгээд Б  ахтай тэр залуу юм ярьж байгаад танай адуунд манай 2 адуу нийлчихлээ гэсэн. Хануй голын дээд хэсгээс олоод аваад явж байна бүгд манай адуу гэж анх хэлж байсан. Маргааш нь манай нутгийн малчид ирж хараад өөр өөрсдийнхөө адууг таньж авсан. Тэр залуу худлаа ярьж хүний адуу тууж явсан юм байна лээ гэх мэдүүлэг /хх-49-50 тал/

Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх- 8-10 тал/, Адуунд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-11-18, 21-23 тал/  урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-108 тал/, 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн эд зүйлийн малын үнэлгээ /хх-63, 67, 71, 75, 79 тал/, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн №325 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, бусад хувийн байдлын талаархи  нотлох баримтууд зэргийг шинжлэн судлав.     

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэлэв.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Э.М  нь 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 15-ны өдрийн хооронд Булган аймгийн Баян-Агт сумын Шарга 1 дүгээр багийн нутаг Хануй рашаан, Хануй голын ойр орчмоос иргэн О.И ийн 2 тооны адууг хулгайлан авч 750000 төгрөгийн хохирол,

Иргэн Ч.Л гийн 3 тооны адууг хулгайлан авч 1200000 төгрөгийн хохирол,

Иргэн Б.Л гийн улаан хээр зүсмийн шүдлэн насны 1 тооны адуу хулгайлан авч 350000 төгрөгийн хохирол

Иргэн Ч.Б гийн хонгор халзан зүсмийн им тамгагүй 1 тооны адууг хулгайлан авч 400000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн хууль зүйн факт, үйл баримт болжээ.        

Энэ үйл баримтыг тогтоох мөрдөн байцаалтын ажиллагаа хуулийн дагуу явагдсан, түүний гэм буруугийн талаар өгсөн 2019.02.13-ны өдөр 12 цагийн үед Баян-Агт сумын Зуун мод гэх газраас өөрийнхөө алдсан хээр морийг олж, Баян-Агт сумаас гарах гээд явж байгаад шөнө 00 цагийн үед Хануй рашааны дээд хэсэгт хээр зүсмийн гүү, халтар зүсмийн даагатайгаа хамт бэлчиж явахаар нь би хээр гүүг нь хүрэм рүү оруулж байгаад хашиж барьж авсан. Тэр шөнөдөө хүрмэн дотор гал түлж хоносон. 2019.02.14-ний өдрийн өглөөнөөс орой болтол тэндээ байж байгаад, гадаа бүрий ормогц хүрмээ захлаад дээшээ шарга азаргаа унаад явсан. Тэгээд явж байсан чинь Хонгор халзан зүсмийн үрээ хээр цавидар хүрэн хажууд бэлчиж байхаар нь би гурван адууг туугаад өнгөрсөн шөнө нь барьсан адуунуудтайгаа хүрмэн дунд нийлүүлсэн. Тэгээд би мөн тэр шөнөө хүрмэн дунд хоносон. 2019.02.15-ны өдөр гэгээ тасрахыг хүлээж байгаад барьсан адуунуудаа /өөрийн хээр зүсмийн морь, хээр зүсмийн гүү, халтар зүсмийн даага, хонгор халзан зүсмийн үрээ, хээр зүсмийн шүдлэн, улаан хээр зүсмийн шүдлэн/ туугаад Хөвсгөл аймгийн Рашаант сумын зүг гэр рүү тууж явсан. Хануй гол өгсөөд явж байсан чинь хээр талд цавидар гүү, цавидар зүсмийн даагатайгаа явж байсан. Тэгэхээр нь би тууж авчираад өөрийнхөө цуглуулсан адуутай нийлүүлсэн. Тэгээд би шарга азаргаа унаад нийт 8 адуу туугаад явж байгаад замдаа төөрсөн. ...нэг айлын гадаа очсон чинь тууж явсан адуунаас цавидар гүү, даагтайгаа айлын адуу руу орж нийлснийг мэдэхгүй тэр айлын хажуугаар цавидар гүү, даагийг хайсан. Намайг цавидар гүү, даагийг хайж байсан чинь над руу мотоциклийн гэрэл туссан. Тэгэхээр нь би өөрийнхөө тууж явсан 6 тооны адуугаа орхиод зугтаасан. Тэгсэн эргээд харсан чинь нөгөө мотоцикльтой хүн миний хажуугаар өнгөрсөн айлын гадаа очсон. Тэгэнгүүт нь би нөгөө мотоцикльтой хүн намайг хараагүй байна гэж бодоод адуугаа хайж яваа хүн болоод нөгөө айл руу орсон. Тэр айлд ороход айлын эзэн бололтой нэг ах /Б  гэж байсан/ надаас хаанахын хүн болох талаар асуугаад хоол унд өгсөн. Тэгээд удаагүй гэрт сумын хэсгийн төлөөлөгч орж ирсэн. Тэгээд би баригдсан гэх мэдүүлэг /хх-97-99 тал/

хэрэг үйлдэгдсэн цаг  хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн  хохирогч Ө.И ийн өгсөн ...П.Б гийн хашаан дээр очоод тэнд хашсан байсан 7 тооны адууг харахад тэр дотор миний улаан хээр гүү, халтар шүдлэн адуу хоёр байсан юм гэх мэдүүлэг, хохирогч Ч.Л гийн өгсөн...  адуунуудыг харж байхад манай адууны хул хээр шүдлэн үрээ байж байхаар нь гайхаад хашаан дотор орж уг үрээг барьж авч байгаад үзэхэд манай адууны цавидар хүрэн гүү, хүрэн цавидар шүдлэн  үрээ мөн байсан гэх мэдүүлэг,   хохирогч Ч.Б гийн өгсөн....  би П.Б гийн гэрт очиход цагдаа нар ирсэн байсан бөгөөд хашаанд байсан хэдэн адуунаас надад үзүүлж таны морь байна уу сайн хараарай гэхээр нь би хашаанд орж үзэхэд миний хайж байсан хонгор халзан морь байж байсан тэгээд адуугаа таньж авсан гэх мэдүүлэг, хохирогч Б.Л .... малчин П.Б гийн гэрт очоод хашаанд нь байсан 7 адууг харахд 2019.02.03-ны өдөр унаж эдэлж байгаад адуунд тавьсан байсан манай цавидар халзан азаргатай адуунд байсан хээр зүсмийн шүдлэн үрээ маань байж байхаар нь гайхаад хашаан дотор орж байгаад барьж аваад чихийг нь харахад буруу талын чих нь гол цуулбар имтэй буруу талын гуян дээрээ бүдэг дарсан ширээтэй чандмань тамгатай байсан. Тэгээд өөрийн адуу гэдгийг таньж авсан гэх мэдүүлэг, гэрч П.Б ... Тэгээд тэр морьтой  хүн 2 адуугаа хайгаад манай адууны араас явсан ба удалгүй буцаад гэрт ирсэн ба манайд хоол, цай идэж уугаад сууж байтал сумын хэсгийн төлөөлөгч, цагдаа хоёр багийн дарга Л.М ын хамт ирээд тухайн тууж явсан адууг нь манай хашаанд хашаад тэр залууг аваад сумын төв рүү явсан...уг адуун дунд таньж байсан 2 адуу байсан. Хээр гүү, халтар шүдлэн хоёр нь нар саран тамгатай байсан ба уг адуу нь Архангай аймгийн Хайрхан сумын малчин И ээ гэх хүний тамгатай байсан болохоор таньсан. Өөрийнхөө нэрийг М  гэсэн ба Хөвсгөл аймгийн Рашаант суманд амьдардаг гэсэн. Бүгдийг нь өөрийнхөө адуу гэж ярьсан ба сая хануй рашааны тэндээс олж явлаа гэж байсан гэх мэдүүлэг, гэрч Б.Б .... Хануй голын дээд хэсгээс олоод аваад явж байна бүгд манай адуу гэж анх хэлж байсан. Маргааш нь манай нутгийн малчид ирж хараад өөр өөрсдийнхөө адууг таньж авсан. Тэр залуу худлаа ярьж хүний адуу тууж явсан юм байна лээ гэх мэдүүлэг, Адуунд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-11-18, 21-23 тал/  урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-108 тал/, 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн эд зүйлийн малын үнэлгээ /хх-63, 67, 71, 75, 79 тал/, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн №325 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.           

Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргажээ.     

Иймд  хэргийн талаар нотолвол зохих зүйл бүрэн нотлогдсон, бусдын малыг хулгайлах гэмт хэргийн бүхий л шинжийг агуулсан  байх тул  мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.    

Шүүгдэгч Э.М гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч О.И т 750000 төгрөгийн хохирол, хохирогч Ч.Л гийн 1200000 төгрөгийн хохирол, хохирогч Б.Л гийн 350000 төгрөгийн хохирол,  хохирогч Ч.Б гийн 400000 төгрөгийн хохирол тус тус учирсан байна.     

 Шүүгдэгч Э.М  нь 7 тооны адууны үнэ болох 2700000 төгрөгийн хохирлыг биет байдлаар буцаан төлсөн байх тул хохирол хор уршиг арилсан бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.   

Шүүгдэгч Э.М д ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн болохыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.   

Шүүгдэгч Э.М  нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ялыг хөнгөрүүлэн, эрүүгийн хариуцлага хүлээлгэж, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хүлээлгэх нь зүйтэй байна.   

Шүүгдэгч Э.М  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг дурьдаж шийдвэрлэлээ.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч Х овогт Э.М г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар бусдын мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.       

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Э.М г 3 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Э.М г оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, шүүхээс тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг  зөрчвөл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулдаг болохыг мэдэгдсүгэй.    

4.Шүүгдэгч Э.М  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл,  иргэний бичиг баримтгүй   болохыг тус тус дурьдсугай.   

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дах хэсгийн 8.5-д зааснаар Эд хөрөнгө битүүмжилсэн 2019.02.19-ний өдрийн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Э.М гийн хулгай хийхдээ унаж явсан 500000 төгрөгөөр үнэлсэн шарга зүсмийн соёолон азаргыг улсын орлого болгосугай.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.М д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.   

          

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.ЦЭРЭНДУЛАМ