Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 181/ШШ2016/00150

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 06 сарын 21 өдөр          Дугаар 181/ШШ2016/00150          Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар     

Нэхэмжлэгч: Багануур дүүрэг, 1-р хороо, 4-2-21 тоотод оршин суух, Цагаагчин овогт Чилхаагийн Лхагвасүрэн /РД:УГ57022813/-ийн нэхэмжлэлтэй,       

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Багшийн хөгжлийн ордны 5 давхарт байрлах, Нийслэлийн Боловсролын газарт холбогдох,   

 

12,600,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Лхагвасүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ууганбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.     

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 

2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 569 тоот шийдвэрээр Ч.Лхагвасүрэн намайг Багануур дүүргийн Боловсролын хэлтсийн даргын ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговорыг гаргуулахаар шийдвэрлэсэн. 2016 оны 1 дүгээр сарын 04-ны өдрийн Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 09 тоот тогтоолоор Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 сарын 16-ны өдрийн 0569 тоот шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Хариуцагч Нийслэлийн Боловсролын газар нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн тогтоолыг сайн дураар биелүүлэхгүй байсан тул шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр хүсэлт гаргаснаар 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр ажилдаа орсон. Харин шүүхийн шийдвэрээр авах цалингаа одоо хүртэл авч чадаагүй.

Би намайг ажилд эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2015 оны 9 дүгээр сарын 16-аас 2016 оны 5 дугаар сарын 18-ныг хүртэл ажилгүй байж цалингаараа хохирсон тул энэ хугацааны цалинтай тэнцэх олговорт 11,816,612.40 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна.

Мөн ажлаас үндэслэлгүй халагдсаны улмаас эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандаж, ажиллагааны явцад Багануур дүүргээс Улаанбаатар хотод ирж, очсон замын зардалд нийт 314,500 төгрөг, баримтын хуулбар үнэн гэрчлүүлэхэд нотариатын зардалд 6,000 төгрөг, хариуцагч шүүхийн шийдвэр сайн дураар биелүүлээгүйгээс шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардалд 60,000 төгрөг төлж,  шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал урамшуулалд 403,187 төгрөг төлөхөөр гэрээ хийсэн.

Иймд Нийслэлийн Боловсролын газраас цалинтай тэнцэх олговор болон бусад зардалд нийт 12,600,300 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:    

Нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал, тээврийн зардал болон нотариатын зардалд нийт 783,687 төгрөг нэхэмжилсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан зардалд хамаарахгүй тул хариуцагч хариуцах үндэслэлгүй.

Харин түүний ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах нэхэмжлэлтэй холбоотой тайлбар байхгүй бөгөөд байгууллагын төсөвт энэ мөнгө байхгүй тул зөвшөөрөхгүй.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.  

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Лхагвасүрэн нь хариуцагч Нийслэлийн Боловсролын газраас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 11,816,612.40 төгрөг, Багануур дүүргээс Улаанбаатар хотод ирж, очсон замын зардал 314,500 төгрөг, нотариатын зардал 6,000 төгрөг, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал 60,000 төгрөг, шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулал 403,187 төгрөг, нийт 12,600,300 төгрөг гаргуулах шаардлага гаргасан.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.   

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 569 дүгээр шийдвэр, Улсын Дээд шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 9 дүгээр тогтоолоор Ч.Лхагвасүрэнг Багануур дүүргийн Боловсролын хэлтсийн даргын албан тушаалаас бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан Нийслэлийн Боловсролын газрын даргын 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Б/71 тоот тушаалыг Ч.Лхагвасүрэнг ажил, албан тушаалаас нь халсан үндэслэлгүй захиргааны акт гэж үзэж, уг тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон ба шийдвэр, тогтоол хүчин төгөлдөр болжээ.

 

Нэгэнт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар дахин нотлохгүй болно.

 

Нийслэлийн Боловсролын газар нь шүүхийн шийдвэрийн дагуу Ч.Лхагвасүрэнг 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Багануур дүүргийн Боловсролын хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоосон талаар талууд тайлбарлаж байх ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс хойш ажилд томилогдох өдрийг хүртэлх хугацаанд ажилгүй байсан үйл баримт тогтоогдож байна.

 

Тогтоогдсон дээрх үйл баримтад талууд маргаагүй болно.

 

Нэхэмжлэгч Ч.Лхагвасүрэн ажлаасаа үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөний улмаас дээрх хугацаанд ажил хөдөлмөрөө хэвийн явуулах боломжгүй болсонд  Нийслэлийн боловсролын газар буруутай тул ажилдаа эгүүлэн тогтоолгосон тэрээр Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д заасны дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорыг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

Иймд шүүх нэхэмжлэгчийн 2015 оны цалингийн картад үндэслэн /ажлаас чөлөөлөгдөхөөсөө өмнө бүтэн цалин авч байсан сүүлийн 3 сар болох 2015.2, 2015.3, 2015.4 сар/ Нийгмийн Хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан “дундаж цалин хөлс тодорхойлох журам“-ын 7 дахь хэсгийн “а”-д заасны дагуу түүний дундаж цалин хөлс /1,129,854 төг/-ийг тодорхойлсны үндсэн дээр Ч.Лхагвасүрэнд ажилгүй байсан хугацааны /8 сар/ цалин хөлстэй тэнцэх олговорт 9,038,832 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэлээ.

           

Харин нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 11,816,612.40 төгрөг шаардсанаас үлдэх 2,777,780.40 төгрөг /11,816,612.40-9,038,832/-т холбогдох шаардлага үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгов.

 

            Хариуцагч нь хууль бус захиргааны акт гаргасны улмаас нэхэмжлэгч зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандаж, шүүх хуралдаанд оролцохоор 2015 оны 9 дүгээр сарын 16, 2015 оны 11 дүгээр сарын 18, 2016 оны 1 дүгээр сарын 4, 2016 оны 4 дүгээр сарын 27, 2016 оны 5 дугаар сарын 10, 2016 оны 6 дугаар сарын 8-ны өдрүүдэд Багануураас Улаанбаатар, Улаанбаатараас Багануур явах замын зардалд нийт /10 удаа/ 85,000 төгрөг, шүүхэд гаргасан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагад нийцүүлэх үүднээс нотариатын төлбөрт 6,000 төгрөг, хариуцагч захиргааны хэргийн шүүхийн актыг заавал биелүүлэх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дүгээр зүйлийн 5.2-т заасан үүргээ зөрчсөний улмаас нэхэмжлэгч шийдвэр гүйцэтгэх байгууллагаар албадан гүйцэтгүүлсэний зардалд 60,000 төгрөг тус тус төлсөн нь баримтаар нотлогдож байна.

 

            Эдгээр зардлууд нь Төрийн албаны тухай хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай болон холбогдох бусад хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ хариуцагч зөрчсөний улмаас нэхэмжлэгчээс гарсан зардал болох нь тогтоогдож байх тул Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг баримтлан шүүх баримтаар тогтоогдсон 151,000 төгрөгийн зардлыг нэхэмжлэгчид учирсан хохиролд тооцож, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

 

            Харин шийдвэр гүйцэтгэгчийн урамшууллын зардалд гэж нэхэмжилсэн 403,187 төгрөг нь төлөгдөөгүй, Багануураас Улаанбаатар, Улаанбаатараас Багануур ирж очсон замын зардлын 229,500 төгрөгийн баримт нь хариуцагчийн буруугаас нэхэмжлэгчид учирсан хохирол гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

  Иймд шүүх дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Нийслэлийн боловсролын газраас ажилгүй байсайн хугацааны цалинтай тэнцэх олговорт 9,038,832 төгрөг, учирсан хохиролд 151,000 төгрөг, нийт 9,189,832 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Лхагвасүрэнд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,410,468.4 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

 

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “...төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна” гэж заасныг үндэслэн энэхүү маргааныг хянан шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон    

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д тус тус заасныг баримтлан Нийслэлийн Боловсролын газраас 9,189,832 төгрөгийг гаргуулж Ч.Лхагвасүрэнд олгож, Ч.Лхагвасүрэнгийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,410,468.4 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

   

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгч Ч.Лхагвасүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 216,561 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Нийслэлийн Боловсролын газраас 161,987 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Лхагвасүрэнд олгосугай.   

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал нь энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа ирж гардан авах, эс зөвшөөрвөл түүнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Ө.УЯНГА