| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатар Бадрах |
| Хэргийн индекс | 181/2024/03425/И |
| Дугаар | 210/МА2025/00142 |
| Огноо | 2025-01-17 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 210/МА2025/00142
******* нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Э.Золзаяа, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 181/ШШ2024/04751 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******д холбогдох,
ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
Миний бие *****д 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс ***** ***** танхимын номын санчаар ажилд орсон бөгөөд тус номын сангийн захирлын 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн ***** тоот тушаалын дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 60-р зүйлийн 60.1.3-т заасныг баримтлан, жирэмсний болон амаржсаны амралттай байсан ажилтан эргэж ажилдаа орох болсон гэсэн үндэслэлээр ажлаасаа халагдсан.
Анх ажилд орохдоо ***** ***** танхимд номын санчаар орсон бөгөөд жирэмсний болон амаржсаны амралттай ажилтны оронд ажилд ороогүй. Надад ажилд орсон тушаалын 1 хувийг огт танилцуулаагүй, өгөөгүй, мөн ажлын байрны тодорхойлолт гаргаж өгөөгүй, хөдөлмөрийн гэрээ хийлгүй ажиллуулсан.
2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр *****гийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.***** өрөөндөө дуудан оруулж, чи дор хаяж 1 жилээс дээш хугацаанд буюу цаашдаа тогтвортой ажиллана гэсэн ам өчгөө өгвөл хөдөлмөрийн гэрээ байгуулна гэж тулгасан тул хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зурсан. Гэтэл энэхүү гэрээний он сар өдрийг 05 дугаар сарын 22-ны өдөр гэж хуурамчаар тэмдэглэсэн байсан. Сард 1,590,647 төгрөгийн цалин хөлс авч байсан.
Иймд ***** танхимд номын санч, сан хөмрөгчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
***** танхимд ажиллаж байсан номын санч ажлаас гарсан тул орос, англи хэлтэй, номын сангийн мэргэжилтэй хүн авахаар зар тавьсан боловч номын сангийн мэргэжлийн хүн олдохгүй байсан тул *****г ажилд авсан.
Энэ үеэр буюу 2023 оны 05 дугаар сарын 26-28-ны өдрийн хооронд болох номын баярын бэлтгэл ажил эхэлж ном хүлээлцэх тооллого хийх боломжгүй байсан тул ***** ***** ***** танхимд туршилтаар түр ажиллуулсан.
***** танхимын номын санчдын ажлын байрны тодорхойлолт танхимд нь буюу өөрийнх нь ширээний нүдэнд байсан боловч хамт ажиллаж байсан Г.*****байхгүй гэж хэлээд гаргаж өгөөгүй байсан.
Бичиг хэргийн ажилтан нь ажилд томилогдсон хүний тушаал, мэдээллийг тухай бүрд нь гаргаж хүний нөөцийн цахим систем буюу программд өөрийг нь байлцуулан нэг бүрчлэн оруулдаг. Иймд тушаалыг өөрчлөх, нөхөж гаргах боломжгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт зааснаар *****гийн захирлын 2024 оны 04 сарын 02-ний өдрийн 5/09 дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч **********гийн ***** танхимд номын санчийн албан тушаалд эгүүлэн тогтоож,
Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *****гаас нэхэмжлэгч *****д ажилгүй байсан хугацааны цалин 7,716,210 төгрөг гаргуулан олгож,
Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ***** нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж баталгаажилт хийхийг хариуцагч *****д даалгаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөг тул түүний төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас 138,409 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэсэн.
4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
Миний ажилгүй байсан хугацаа 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл нийтдээ 7 сар 16 өдөр тул ажилгүй байсан хугацааны цалин 13,301,736 төгрөг /1,593,000*7 cар=11,151,000, өдрийн 134,421*16 өдөр=2,150,736 төгрөг/ болж байна.
Иймд ажилгүй байсан хугацааны цалинд 13,301,736 төгрөг гаргуулсан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
*****г *****гийн захирлын 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн ***** дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.3-т заасныг үндэслэн "Жирэмсний болон амралттай байгаа ажилтны оронд ***** танхимын номын санчийн албан тушаалд 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс түр томилсугай" гэж тодорхой заасан. Уг тушаалыг гаргасан он, сар, өдөр тавигдаж, тушаалын дугаар олгогдон байгууллагын бичиг хэрэгт тухайн үед авагдсан.
***** нь ажиллах хугацаандаа ***** танхимын номын санд тооллого хийх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд томилогдож, уг танхимд тооллого хийж, номнуудыг хүлээн авсан, тус танхимын номын санчаар ажиллаж байсан болох нь захирлын тушаал, тооллого хийсэн актаар нотлогдоно.
Жирэмсний болон амаржсаны амралттай байгаа хүн ажилдаа буцаж орох хүсэлт гаргасан бол уг хүнийг ажилд нь буцааж авах үүргийг байгууллага хүлээх талаар хуульчилсан. ***** ажилд эргүүлэн авч ажиллуулах бол батлагдсан орон тооноос илүү хүн авч ажиллуулах, төсөвт тусгагдаагүй цалин олгох эрсдэл учирч байгааг анхаарч үзэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн.
Төсвийн байгууллага тушаал гаргахгүйгээр цалин олгох, тушаал нь цахим бүртгэлд шивэгдэж бүртгэгдээгүй бол тухайн ажилтан болон байгууллагын бүх ажилтны цалин бодогдохгүй байх санхүүгийн программтай байдаг.
2023 онд мэргэжлийн хүн олдоогүй тул түүнийг номын санчийн ажилд түр томилсон. *****г ажилд орсноос хойш байгууллагын дотоодын мэргэшил олгох сургалтад сууж мэргэших, эсхүл *****-ийн номын санчийн мэргэжлийн сургалтад хамрагдаж сертификат эзэмших талаар удаа дараа хэлсэн боловч дээрх сургалтуудад суугаагүй, ажлын байрны тодорхойлолтын дагуу мэргэшээгүй.
Гэрч С.***** гэж хүн энэ иргэний хэрэгт огт гэрчээр мэдүүлэг өгөөгүй бөгөөд юуг үндэслэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангах нотлох баримт болж байгаа нь тодорхойгүй. Харин гэрч *****ын хувьд өөрөө ***** танхимд ажиллаж байсан тухайгаа мэдүүлсэн болохоос ***** нэхэмжлэлийн талаар мэдүүлэг өгөөгүй байхад гэрч болгосон нь үндэслэлгүй.
Шүүх ямар ямар нотлох баримтуудаар ***** ***** ***** танхимд номын санчаар орсон гэж дүгнэж байгаа нь тодорхойгүй байна.
Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд өгсөн тайлбарын агуулга:
Нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоосон нь хууль зүйн үндэслэлгүй. Иймд ажилгүй байсан хугацааны цалинг нэмэгдүүлсэн өөрчлөлт оруулахыг зөвшөөрөхгүй гэжээ.
7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
Нэхэмжлэгч нь хэн нэгний оронд ажилд ороогүй, анхнаасаа үндсэн ажилтнаар ажилд орсон. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт өгсөн тул хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ***** нь хариуцагч *****д холбогдуулан ***** танхимд номын санчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч жирэмсний болон амаржсаны амралттай ажилтан ажилдаа эргэж орсон тул нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн гэх үндэслэлээр эс зөвшөөрч маргасан.
3. ***** захирлын 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн ***** дугаар тушаалаар ***** ***** танхимын номын санчийн албан тушаалд томилж, 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн ***** дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.3 дахь заалтыг үндэслэн 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлжээ.
Анхан шатны шүүх *****гийн Уншлага үйлчилгээний хэлтсийн ажилчдын групп чатад үзлэг хийсэн тэмдэглэлд үндэслэн нэхэмжлэгчийг анх ***** ***** танхимд номын санчаар ажилд орсон гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцээгүй.
Учир нь ажилчдын групп чатад тусгагдсан зурвас нь ***** ***** танхимын номын санчийн албан тушаалд томилсон *****гийн захирлын тушаалыг үгүйсгэх нотлох баримт болохгүй, энэ нөхцөл байдал нь өөр бусад бичгийн баримтаар нотлогдоогүй.
Иймд нэхэмжлэгч нь ***** танхимын номын санчийн албан тушаалд анх томилогдсон үйл баримт тогтоогдож байна.
4. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг *****гийн ***** танхимд номын санчийн албан тушаалд эгүүлэн тогтоосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт нийцжээ.
4.1. Ажил олгогчийн зүгээс нэхэмжлэгчийг 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр ажилд томилохдоо жирэмсний болон амаржсаны амралттай байгаа ажилтны оронд томилсон байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.4, 60 дугаар зүйлийн 60.1.3-т зааснаар ажил олгогч нь жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй ажилтны ажлын байрыг хэвээр хадгалж, түүний оронд ажиллаж буй ажилтантай хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулна.
Гэхдээ хариуцагч нь нэхэмжлэгчийг ажилд томилсон тушаалд жирэмсний болон амаржсаны амралттай байгаа ажилтны оронд ажилд томилж буй болохыг заасан боловч хэн гэдэг ажилтны оронд ямар хугацаагаар томилж байгааг тодорхой заагаагүй.
4.2. Мөн ажил олгогч нь 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн тушаалаар жирэмсний болон амаржсаны амралттай байсан ажилтан ажилдаа эргэж орсон үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн боловч хэн гэдэг ажилтан ажилдаа эргэж орсон, түүний оронд нэхэмжлэгч ажиллаж байсан эсэхийг заагаагүй.
4.3. Иймд анхан шатны шүүх ***** нь жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй байсан ажилтны ажлын байранд ажиллаж байгаагүй тул энэ үндэслэлээр ажил олгогч түүнийг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй гэж дүгнэхдээ ажлын байр нь хадгалагдаж байгаа ажилтны оронд ажиллахтай холбоотой дээрх хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Хэдийгээр ажил олгогч нь жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй ажилтны ажлын байрыг хадгалах үүрэгтэй боловч уг ажлын байранд томилж буй ажилтныг хэн гэдэг ажилтны оронд ямар хугацаагаар томилж буйг тодорхой заах ёстой. Үүнээс шалтгаалж ажлын байр нь хадгалагдаж буй ажилтан, түүний оронд томилогдсон ажилтны хэн алины эрх зүйн байдал, хөдөлмөрийн гэрээний хугацаа тодорхой болдог.
4.4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэгчийг хэн гэдэг ажилтны оронд томилсон, улмаар хэн гэдэг ажилтан орсны улмаас нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн болохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй.
Мөн хэргийн баримтаар *****, ***** нарын хадгалагдаж буй ажлын байранд нэхэмжлэгч ажиллаж байсан үйл баримт тогтоогдоогүй.
Түүнчлэн нэхэмжлэгч нь номын санчийн албан тушаалд тавигдах мэргэжил, мэргэшлийн шаардлагыг хангахгүй гэж хариуцагч гомдол гаргасан нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн үндэслэлд хамаарахгүй тул холбогдох гомдлыг хангахгүй.
4.5. Ажил олгогч нь нэхэмжлэгчийг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн тул үүнээс гарах үр дагаврыг хариуцна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийг ажиллуулах орон тоо одоо байхгүй, цалингийн сан хүрэхгүй гэх гомдлыг хангах үндэслэлгүй болно.
5. Нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоосонтой холбогдуулан түүний ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг хариуцагчаас гаргуулах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт нийцнэ.
Анхан шатны шүүх уг зохицуулалтыг хэрэглэсэн боловч нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг 4 сар 10 хоногоор тооцсон нь үндэслэлгүй болсныг зөвтгөж шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангана.
Иймд нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны 7 сар 15 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 13,167,315 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.
Нэхэмжлэлийг хангасан хэмжээ өөрчлөгдсөнтэй холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад мөн өөрчлөлт оруулна.
6. Мөн шийдвэрийн тогтоох хэсэгт нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгахдаа холбогдох хуулийн зохицуулалтыг дутуу бичиж техникийн шинжтэй алдаа гаргасныг залруулна.
7. Анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШЗ2024/22754 дүгээр захирамжаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэгчийг ажилд авсан болон чөлөөлсөн тушаалыг нөхөж гаргах боломжгүй гэх нөхцөл байдлыг нотлуулахаар *****аас гэрчийн мэдүүлэг авахуулах хүсэлтийг хангасан боловч уг ажиллагааг гүйцэтгээгүй байна.
Хариуцагч нь хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэхэд захирамжийн биелэлтийг хангуулахаар хүсэлт гаргаагүй, мөн энэ үндэслэлээр давж заалдах гомдол гаргаагүй.
Тухайн гэрчээс мэдүүлэг авахуулах хариуцагчийн мэтгэлцээний байр суурь, энэ талаар хүсэлт, гомдол гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан дээрх зөрчил нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасан шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах ноцтой зөрчилд хамаарахгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Мөн шийдвэрт гэрч *****ын мэдүүлгийг *****ийн мэдүүлэг гэж бичсэн нь техникийн шинжтэй алдаа байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилд хамаарахгүй болно.
8. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 181/ШШ2024/04751 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
2 дахь заалтад 7,716,210 гэснийг 13,167,315 гэж, 3 дахь заалтад 43.2 гэснийг 43.2.7 гэж, 4 дэх заалтад 138,409 гэснийг 293,987 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 138,409 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, хариуцагчийн төлсөн 138,410 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА
ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА
Т.БАДРАХ