| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Самандаабазарын Өлзий-Отгон |
| Хэргийн индекс | 144/2019/0059/Э |
| Дугаар | 62 |
| Огноо | 2019-05-31 |
| Зүйл хэсэг | 23.2.1., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 62
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Оюунтунгалаг,
Улсын яллагч Д.Ганчимэг,
Шүүгдэгч Ц.А /өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайж овогт Цэрэнчоймболын Ад холбогдох 1929001240051 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.А нь №386062 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг хуурамчаар үйлдэж, ашигласан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.А мэдүүлэхдээ: “ Би жилийн өмнө жолоодох эрхээ хасуулсан байсан. Одоо хугацаа нь дууссан боловч шинээр үнэмлэхээ авч амжаагүй байсан. Манай эхнэрийн бие тааруу байгаа учир үнэмлэх хуурамчаар хийдэг гэдгийг мэдээд хэдэн удаа нүүрс тээвэрт явж эмчилгээний зардлыг нь олъё гэж бодсон. Тэгээд Ганцмодонд хуурамч үнэмлэх хийлгээд тээвэрт явах гэж байгаад баригдсан. Дахин ийм зүйл хийж болохгүй юм байна гэдгийг сайн ойлгоод шаналж байна .” гэв.
Эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл /хх-н 8-12 дугаар хуудас/,
Ц.Аийн гэрчээр өгсөн: “...2017 онд нүүрс тээврийн замд архи уусан үедээ машин барьж байгаад цагдаад шалгуулж 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан. ...2019 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Өмнөговь аймгийн “Гашуунсухайт” хилийн боомтоор Хятад улсруу гарсан. Маргааш нь Хятад улсын “Ганц мод” боомт дээр хоолны газар хоол идэж байхад ... зүс таних залуу хажуугаас “жолооны үнэмлэх болон бүх бичиг баримтыг хэвлэж гаргадаг каноний газар байдаг гэсэн” гэхэд нь нөгөө залуутай гарч уулзаад бичиг баримт хэвлэдэг газрыг заалгуулж очиход 4 Хятад хүн байсан. Хэл мэдэхгүй болохоор дохиогоор хуурамч жолооны үнэмлэх хэвлүүлэх ажлаар явж байгаагаа ойлгуулахад 1 дэх өдөр ирж аваарай” гэж хэлсэн. 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр үнэмлэх хийлгэхээр захиалсан газраа очиж үнэмлэхээ аваад машин барьж байсан” гэх мэдүүлэг /хх-н 13-14 дүгээр хуудас/,
Гэрч Э.Соёлсайханы: “...Ц.А нь манай компанийн бүртгэлтэй 87-08 ӨМА улсын дугаартай Шаньси маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад хуурамч жолооны үнэмлэх ашигласан хэргээр саатуулагдсан гэж өөрөөс нь сонссон ... Ц.А гуайгаас тодруулахад 2017 оны 09 дүгээр сард согтуугаар машин жолоодож яваад жолооны эрхээ хасуулсан талаар сонссон...” гэх мэдүүлэг /хх-н 15-16 дугаар хуудас/
Гэрч Т.Хашбатын: “...2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр үүрэг гүйцэтгэж байхад 87-08 ӨМА улсын дугаартай Шаньси маркийн тээврийн хэрэгслийн жолооч Цэрэнчоймбол овогтой А нь №386062 дугаартай жолоочийн үнэмлэх, бичиг баримт шалгуулсан. Уг жолоочийн үнэмлэх нь Тээврийн цагдаагийн албанаас олгодог жолоочийн үнэмлэхээс өнгө болон бусад харагдах байдлаар өөр байсан тул хурааж, холбогдох албан тушаалтанд шалгуулахаар шилжүүлэн өгсөн...” гэх мэдүүлэг /хх-н 17 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 2472 дугаартай дүгнэлт /хх-н 19-20 дугаар хуудас/,
Шүүгдэгч Ц.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Тухайн үнэмлэхийг би Хятад улсад хийлгэсэн хуурамч гэдгийг дээр хэлсэн. хуурамч үнэмлэх гэдгийг мэдсээр байж ашигласан нь миний буруу гэдгийг ойлгож, гэмшиж байна” гэж үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч өгсөн” гэх мэдүүлэг /хх-н 26-28 дугаар хуудас/,
Ц.Аийн иргэний үнэмлэхний лавлагаа, иргэний үнэмлэхний хуулбар, жолооний үнэмлэхний хуулбар, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, жолоочийн анкет /хх-н 29, 33, 34, 35, 38 дугаар хуудас/,
Ц.Аийн арван хурууны дардас, гэрэл зураг /хх-ийн 40 дугаар хуудас/,
Ц.Аийн арилжааны банкнуудад хадгаламжийн данстай эсэх талаарх мэдээлэл /хх-н 42-51 дугаар хуудас/,
Ц.Аийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-н 30 дугаар хуудас/,
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хх-н 31 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
1.Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Ц.А нь №386062 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг хуурамчаар үйлдэж, ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Зам, тээврийн сайдын 2012 оны 59 дүгээр тушаалаар батлагдсан “Авто тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-ын дагуу Авто тээврийн Үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтэс нь авто тээврийн хэрэгслийн улсын дугаар, гэрчилгээг олгох, шинэчлэн солих үндсэн үйл ажиллагааг улсын хэмжээнд эрхлэн гүйцэтгэх эрхтэй байгууллага байна.
Шүүгдэгч Ц.А нь №386062 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг хуурамчаар, хууль бусаар бусдаар хийлгүүлсэн, ашигласан болох нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Э.Соёлсайхан, гэрч Т.Хашбат нарын мэдүүлэг болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 2472 дугаартай дүгнэлт /хх-ийн 19-20 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Ц.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
2. Хохирол, хор уршгийн талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.
Шүүгдэгч Ц.Аийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь эдийн баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийн тусгай зөвшөөрөл, эрхийг олгож буй байгууллагын эрх, ашигт хохирол учруулж буй үйлдэл бөгөөд хэргийн улмаас бусдад хохирол учраагүй, хохирол, төлбөргүй гэж дүгнэв.
3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан үндэслэл болох анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн зэрэг нөхцөл байдлуудыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, шүүгдэгчдийн хувийн байдлыг харгалзан үзэв.
Иймд улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ад 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох саналын хүрээнд ял шийтгэл оногдуулж шийдвэрлэлээ.
2019 оны 05 дугаар сарын 24-ны өдрийн Эд мөрийн баримтаар тооцох тухай Мөрдөгчийн тогтоолоор хурааж, ирүүлсэн 386062 дугаартай, гадна талын хэсэгтээ хэсэг газрыг скочоор наасан тээврийн хэрэгслийн жолооний үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ц.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Тайж овогт Цэрэнчоймболын Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Аийг 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.А нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар 2019 оны 05 дугаар сарын 24-ны өдрийн Эд мөрийн баримтаар тооцох тухай Мөрдөгчийн тогтоолоор хурааж, ирүүлсэн 386062 дугаартай, гадна талын хэсэгтээ хэсэг газрыг скочоор наасан тээврийн хэрэгслийн жолооний үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
5. Шүүгдэгч Ц.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, Ц.Аийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Ц.Ад урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ц.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ӨЛЗИЙ-ОТГОН