| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2019/0541/э |
| Дугаар | 551 |
| Огноо | 2019-06-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Түвшинбаяр |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 551
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
нарийн бичгийн дарга: Л.Ундармаа;
улсын яллагч: Н.Түвшинбаяр;
шүүгдэгч-хохирогч: Б.Т, Б.Д (өөрсдийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Баатарын Т, Бэгзийн Д нарт холбогдох эрүүгийн 1809051530408 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:
1. Монгол Улсын иргэн, 1949 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн, 69 настай, эмэгтэй, дээд боловсролтой, автын инженер мэргэжилтэй, тэтгэвэрт байдаг, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт .......................... байр, 70 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ................регистерийн дугаартай, Монгол овогт Баатарын Т,
2. Монгол Улсын иргэн, 1975 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн Бүрд суманд төрсөн, 43 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, цэцэрлэгийн туслах багш мэргэжилтэй, “Хилчин” СӨХ-д үйлчлэгч ажилтай , ам бүл 6, хүүхдүүдийн хамт ....................0 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ..................... регистерийн дугаартай, Боржигон овогтой Бэгзийн Д.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Яллагдагч Б.Т, Б.Д нар нь 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Сүхбаатар дүургийн 10 дугаар хороо, 23 дугаар байрны 00 тоотод Б.Дгийн гэрт архидан согтуурсан үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар харилцан зодолдож, Б.Т нь Б.Дгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, Б.Д нь Б.Тгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-хохирогч Б.Т мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул нэмж мэдүүлэг өгөхгүй. Хохирогчийн хувьд гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. Тухайн үед хэт согтсоны улмаас болсон асуудлыг сайн санахгүй байгаа юм. Б.Дгийн ярьж буй зүйлүүд үнэн байх гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-хохирогч Б.Д мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул нэмж мэдүүлэг өгөхгүй. Хохирогчийн хувьд гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 20 цагийн үед ажлаасаа дөнгөж гэртээ орж ирээд байж байтал Т эгч манай гэрт орж ирээд, Мөнхцэцэг удалгүй 2-3 минутын дараа манай гэрт орж ирсэн. Т эгч болон Мөнхцэцэг 2 нилээн согтуу байсан. Тэгээд намайг “архи ууя” гээд байхаар нь манай хүү Отгонбаяр уурлаад тэр хоёрт хандаж “ээжийг битгий архи уулгах гээд бай” гэж хэлээд уурлаад гэрээс гарч явсан. Тэгтэл Т, Мөнхцэцэг 2 гадагшаа гараад 0,5 литрийн “хараа” нэртэй архи авч орж ирээд тэр архийг нь бид 3 хувааж уусан. Тэгтэл Мөнхцэцэг “өглөө эмнэлэгт шинжилгээ өгнө, эрт харихгүй бол болохгүй” гэж хэлээд гарч явсан. Тэгтэл Т эгч намайг “чи залуу хүүхэдтэй суучихсан, чи залуу хүүхдээр яах гээд байгаа юм” гэх мэтээр хэлж миний 2 гарыг гараараа чанга базаад, 2 хөлийн өвдөг рүү өшиглөөд миний цээжийг хумсаараа маажсан. Тэгэхээр нь өөрийгөө хамгаалах гээд Т эгчтэй зодолдсон юм гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч хохирогч Б.Т /хх-ийн 24-26, 32-34/, хохирогч Б.Д /хх-ийн 29-31/, гэрч Д.Мөнхцэцэг /хх-ийн 35-37/ нарын мэдүүлэг, Шүүх эмнэлгийн шинжээчийн 13923 тоот дүгнэлт /хх-ийн 40/, Шүүх эмнэлгийн шинжээчийн 13663 тоот дүгнэлт /хх-ийн 43/, Б.Тгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 3-5/, Б.Дгийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 8-11/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Т, Б.Д нар нь 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Сүхбаатар дүургийн 10 дугаар хороо, 23 дугаар байрны 00 тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар харилцан зодолдож, Б.Т нь Б.Дгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, Б.Д нь Б.Тгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:
хохирогч Б.Тгийн /хх-ийн 25-26, 33-34/: “...Би 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр өөрийн гэр болох Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 46-70 тоот гэртээ байж байгаад 19 цагийн үед гэрээсээ гараад Мөнхцэцэгтэй уулзаад танил Дгийн гэр болох Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 23 дугаар байрны подволд байрлах гэрт нь орсон юм. Тэгээд Должин, Мөнхцэцэг нарын хамт 0,5 литрийн “Хараа” архи уусан ба архиа ууж дуусчихаад Должин гэх эмэгтэй нь ямар нэгэн шалтгаангүйгээр, үгийн зөрүүгүй толгой руу цохихоор нь би “чи яаж байгаа юм бэ” гэж хэлэхэд дахин миний нүүр болон бие рүү гараараа өшиглөж зодсон. Тэгээд би Цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан юм...” гэх мэдүүлгээр,
хохирогч Б.Дгийн /хх-ийн 30-31/: “...2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 20 цагийн үед ажлаасаа дөнгөж гэртээ орж ирээд байж байтал Т гэдэг эмэгтэй манай гэрт орж ирээд, Мөнхцэцэг удалгүй 2-3 минутын дараа манай гэрт орж ирсэн. Т болон Мөнхцэцэг 2 нилээн согтуу байсан. Тэгээд намайг “архи ууя” гээд байхаар нь манай хүү Отгонбаяр уурлаад тэр хоёрт хандаж “ээжийг битгий архи уулгах гээд бай” гэж хэлээд уурлаад гэрээс гарч явсан. Тэгтэл Т, Мөнхцэцэг 2 гадагшаа гараад 0,5 литрийн “Хараа” нэртэй архи авч орж ирээд тэр архийг нь бид 3 хувааж уусан. Тэгтэл Мөнхцэцэг “өглөө эмнэлэгт шинжилгээ өгнө эрт харихгүй бол болохгүй” гэж хэлээд гарч явсан. Тэгтэл Т надад “чи залуу хүүхэдтэй суучихсан, чи залуу хүүхдээр яах гээд байгаа юм” гэх мэтээр хэлж миний 2 гарыг гараараа чанга базаад, 2 хөлийн өвдөг рүү өшиглөөд миний цээжийг хумсаараа маажсан. Тэгхээр нь өөрийгөө хамгаалах гээд Тгийн нүүрийг нь гараараа 2-3 удаа самардсан...” гэх мэдүүлгээр,
гэрч Д.Мөнхцэцэгийн /хх-ийн 36-37/: “...Би орой 18 цагийн үед Дгийн гэрт очиход Д “дөнгөж сая гаднаас орж ирлээ” гээд хувцсаа солиод байж байсан. Дгийн гэрт Т бас сууж байсан. Тэгээд Д цүнхнээсээ 10.000 төгрөг гаргаж ирээд Т бид хоёрыг дэлгүүр рүү архинд явуулсан. Тэгээд Т бид 2 дэлгүүрээс нэг шил 0,5 литрийн архи авч ирж Т, Д бид 3 хувааж уусан. Тэгээд би маргааш өглөө нь эмнэлэг дээр эрт шинжилгээ өгөх байсан тул Дгийнхээс гарч явж гэртээ орж унтсан...” гэх мэдүүлгээр,
Б.Тгийн биед “тархины зүүн тал бөмбөлгийн чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, духны хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун, зүүн хацар, хамар, эрүү, цээж, баруун тохой, шуу, зүүн сарвуунд цус хуралт, хүзүү, зүүн хацар, шанаа, баруун тохой, шуу, зүүн сарвуунд цус хуралт, хүзүү, зүүн хацар, шанаа, баруун тохойд зулгаралт, дух, чамархайн хуйх, зүүн нүдний дээд, доод зовхи, хацарт зөөлөн эдийн няцралт” бүхий мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсныг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 13663 дугаартай дүгнэлтээр /хх-ийн 43/,
Б.Дгийн биед “баруун бугалга, зүүн дал, хоёр шуу, хоёр өвдөгт цус хуралт, цээжинд зулгаралт, зүүн сарвуунд зөөлөн эдийн няцрал”” бүхий мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсныг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 13923 дугаартай дүгнэлт /хх-ийн 40/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нар нь харилцан бие биенээ зодсон болохыг хохирогчоор мэдүүлэхдээ хэн аль нь маргаангүйгээр гэрчилж мэдүүлсэн, өөр хоорондоо зодолдсоны улмаас харилцан гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр Б.Т, Б.Д нарын хэн алины эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар харилцан зодолдож, бие биенээ хөнгөн гэмтээсэн Б.Т, Б.Д нарын тус бүрийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул тэднийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Ийнхүү шүүгдэгч Б.Т, Б.Д нарын “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн” гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Хохирогч Б.Т, Б.Д нар нь харилцан “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн байх тул шүүгдэгч нарыг бие биедээ төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор шүүгдэгч нарыг тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т, Б.Д нар нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурдаж байна.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянган) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т, Б.Д нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бие биедээ төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Т, Б.Д нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ