Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 209/МА2025/00001

 

"*******" ХХК-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж, шүүгч Х.Байгалмаа, шүүгч Г.Мягмарсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны  11 дүгээр сарын 21-ний өдрийн 135/ШШ2024/01504 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч "*******" ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Вэйчай маркийн автосамсомал парк №******* УБГ улсын дугаартай техникийн хөдөлгүүрт гэмтэл учруулсны хохирол 78,216,193.91 төгрөг гаргуулах” тухай,

Иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Мягмарсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, түүний өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

..."*******" ХХК-ний автосамосвалын оператор ******* нь 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 02 цаг 45 минутад Төмөртэй уурхайн уулын хэсэг 830 дугаар төвшингөөс Вэйчай маркийн автосамсомал парк №******* УБГ улсын дугаартай техникийг техникийн замаар жолоодож явахдаа хурдны хайрцагны шатлалыг буруу сонгож авцуулах холбоог огцом залгаснаар хөдөлгүүр хэт ачаалж тус техникт мотор гэмтэл гарч 78,216,193.91 төгрөгийн хохирол учруулсан байна.

Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний 3.5-д Өөрийн буруугаас осол аваар гаргасан болон бусад тохиолдолд ажил олгогчид учруулсан хохирлыг бүрэн төлнө гэж заасан тул *******гээс Вэйчай маркийн автосамсомал парк №******* УБГ улсын дугаартай техникт хөдөлгүүрийн гэмтэлд үүссэн 78,216,193.91 төгрөгийн хохирол учруулсан тул хохиролгүй болгож өгнө үү гэжээ. / хх.1-2 /

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

...******* нь тус компанид 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс жолоочоор ажиллаж байгаад 2022 оны 08 дугаар сарын 08-нд шөнийн ээлжид гарч байх үед тээврийн хэрэгсэлд эвдрэл гарсан. Тэр үед бага зэрэг өөд газар өгсөн гарч ирээд явж байтал гэнэт мотор тачигнаад нэг, хоёр секундийн дотор гал гарч эхэлсэн. Машинд байсан галын хороороо унтрааж дийлэхгүй байсан тул ард урдаас ирж явсан 2 машины жолоочийн галын хорыг ашиглан унтраасан. Энэ эвдрэл гарсан газар арааг андуурч хийх, огцом залах боломж, шаардлага байхгүй, тэгширсэн газар удаан явж байсан. ******* нь тухайн үед тайлбар авч байсан бөгөөд өөр арга хэмжээ аваагүй. ******* нь өөрийн сайн дурын хүсэлтээр 2022 оны 09 дүгээр сард ажлаа хүлээлгэж өгч, тойрох хуудас зураад явж байхад ямар нэгэн хохирол төлбөр төлөх талаар огт яриагүй атлаа ажлаа өгөөд нэг жилийн дараа гэнэт машинд хохирол учруулсан гэж 78,216,193.91 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. /хх. 71 /

3. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 131 дүгээр зүйлийн 131.1.2-т тус тус зааснаар хариуцагч *******гээс 78,216,193.91 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-нд олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 549,031 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 549,031 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.1, 154.2.2-т тус тус зааснаар гомдол гаргах хугацааг тодорхой зохицуулж өгсөн.

...2023 оны 8 дугаар сард гэнэт нэг жилийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т зааснаар 90 хоногийн дотор буюу 2022 оны 11 дүгээр сарын 8-ны өдрөөс өмнө шүүхэд гомдол гаргах хугацаагаа хэтрүүлсэн.

4.2. ...Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.2-т “Ажилтны учруулсан хохирлын хэмжээг ажил олгогчийн эд хөрөнгөд учирсан бодит хохирлоор тодорхойлох бөгөөд олох байсан орлогыг үүнд оруулан тооцохгүй. Бодит хохирлыг ажил олгогчийн эд хөрөнгө, үнэ бүхий зүйлийн -нягтлан бодох бүртгэлийн тайлан, тэнцлийн өртгөөс зохих нормоор бодсон элэгдэл, хорогдлыг хасаж, бодит гарсан хохирлын хэмжээгээр тооцно” гэж зааж өгсөн байхад “” ХХК-ны үнийн саналаар тодорхойлсныг зөв гэж дүгнэсэн нь үндэслэлгүй,

4.3. Тухайн гэмтэл ажилтан *******гийн буруутай үйл ажиллагааны улмаас болсон гэдэг нь эргэлзээтэй байдаг. Учир нь техникийн комиссын хурлын протокол болон хөдөлгүүрийн гэмтэл болон галын ажиллагааны тодорхойлолтоор оператор *******г буруутгаж байгаа нь ахлах механик инженер Алтангэрэл байдаг. Гэтэл Осолд дөхисөн тохиолдоор ХАБЭАИнженер ******* нь *******г буруугүй, байгууллагад учрах хохирлоос урьдчилан сэргийлж шуурхай арга хэмжээ авсан гэх дүгнэлт гаргасан нь ажил олгогч талаас ажилтныг буруутай эсэхэд өөр өөр шийдвэр гарсан.

4.4. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тус Вэйчай маркийн автосамосвал парк №******* УБГ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь улсын бүртгэлийн гэрчилгээ гараагүй гэх тайлбарыг үнэлсэн нь буруу юм.  ...нэхэмжлэгчийн өмчлөлд байдаг тээврийн хэрэгсэл гэдэг нь тогтоогдоогүй.

Мөн ажил олгогч нь ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулж байсан талаар нэхэмжлэгч талаас нотлох баримтыг гаргаж өгөөгүй, ... анхан шатны шүүх хариуцагчийн нотлох баримт гаргаж өгөөгүй гэх буруутгасан дүгнэлтүүд хийсэн.

Иймд анхан шатны шүүх нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн, хэт нэг талыг барьж илт ашиг сонирхолтой шийдвэр гаргасан байх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргаж өгнө үү гэжээ. / хх. 112-113 /

5. Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.

ХЯНАВАЛ:

6. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ийн гаргасан давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

7. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ зохигчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй, талуудын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар үнэлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. 

8. Нэхэмжлэгч "*******" ХХК нь хариуцагч *******д холбогдуулан ажилтны учруулсан хохирол 78,216,193.91 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

9. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 131 дүгээр зүйлийн 131.1.2-т тус тус зааснаар хариуцагч *******гээс 78,216,193.91 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч "*******" ХХК-нд олгож шийдвэрлэжээ.

10. Дээрх шийдвэрийг хариуцагч тал эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байх ба гомдлын үндэслэлээ “...нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн,

Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.2-т зааснаар хохирлын хэмжээг тогтоогоогүй,

...тухайн гэмтэл ажилтан *******гийн буруутай үйл ажиллагааны улмаас болсон гэдэг нь эргэлзээтэй,

...Вэйчай маркийн автосамосвал парк №******* УБГ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь нэхэмжлэгчийн өмчлөлд байдаг эсэх нь тогтоогдоогүй,

...ажил олгогч нь ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулж байсан талаар нэхэмжлэгч талаас нотлох баримтыг гаргаж өгөөгүй, ... анхан шатны шүүх хариуцагчийн нотлох баримт гаргаж өгөөгүй гэх буруутгасан дүгнэлтүүд хийсэн зэргээс үзвэл анхан шатны шүүх нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн, хэт нэг талыг барьж илт ашиг сонирхолтой шийдвэр гаргасан байх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хэргээс судлан үзвэл:

11. Хариуцагч ******* нь "*******" ХХК-нд 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 09 дүгээр сар хүртэл автосамосвалийн операторчноор ажиллаж байсан байх ба ажил олгоч, ажилтан нарын хооронд 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 2022/117 дугаартай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулагдсан үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчийн тайлбараар тогтоогдсон байна. 

12. Хариуцагч ******* нь 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний дагуу хүлээлцсэн автосамсомал парк №******* УБГ улсын дугаартай тээврийн хэрэгслээр ажил үүргээ гүйцэтгэх явцад хөдөлгүүрт нь гэмтэл гарсан гэх ба энэ үйл баримтын талаар талууд маргаагүй, харин  маргааны зүйл болох Вэйчай маркийн автосамсомал парк №******* УБГ улсын дугаартай тээврийн хэрэгсэл буюу техникийн хөдөлгүүрт гарсан гэмтэл нь хариуцагчийн буруугаас болсон эсэх, хариуцагч эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх эсэх, ажил олгогчид хохирол учирсан эсэх, хохирол учирсан бол хэдэн төгрөгийн хохирол учирсан, уг техник нь нэхэмжлэгчийн өмчлөлийн эд хөрөнгө мөн эсэх, нэхэмжлэгч хохирол шаардах эрхтэй эсэх зэрэг асуудлаар маргажээ.

12.1. Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээтэй холбоотой маргаан нь хөдөлмөрийн эрхийн маргаанд хамаарах бөгөөд анхан шатны шүүх уг маргаан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 158.1.2-т зааснаар шүүх шууд хянан шийдвэрлэх маргаанд хамаарна, мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2-т зааснаар хариуцагч нь эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг нэхэмжлэгчтэй байгуулсан, уг гэрээгээр ажилтан эд хөрөнгийн хохирол ажил олгогчид учруулсан тохиолдолд хохирлыг арилгах үүрэг хүлээхээр байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас байгууллагад учруулсан хохирлыг шаардах эрхтэй гэж зөв дүгнэсэн.

Гэвч тээврийн хэрэгсэл буюу техникийн хөдөлгүүрт гарсан гэмтэл нь хариуцагчийн буруугаас болсон эсэх, ажил олгогчид хэдэн төгрөгийн хохирол учирсан болох, уг техник нь нэхэмжлэгчийн өмчлөлийн эд хөрөнгө мөн эсэх зэрэгт үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байхаас гадна хөдөлмөрийн эрхийн маргааны талаар гомдол гаргах хугацааг анхаараагүй байна.

12.2. Хэрэгт авагдсан Төмөртэй хүдрийн ил уурхай автосамосвал Weichai tr-16 техникийн хөдөлгүүрийн гэмтэл болон галын шалтгааны тодорхойлолтод “...Операторын ур чадвараас хамаарч хурдны хайрцагны шатлалыг буруу сонгож авцуулах холбоог огцом салгаснаар хөдөлгүүр хэт ачааллаж гэмтэл үүссэн” гэж дүгнэсэн бол Хөдөлмөрийн аюулгүй байдлын эрүүл ахуйн инженер ******* нь “оператор ******* буруугүй, харин шуурхай арга хэмжээ авч байгууллагад их хэмжээний хохирол учрахаас урьдчилан сэргийлсэн байна” гэх урьдчилсан дүгнэлтийг, 

2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Техникийн комиссын хуралд  ажилтан *******г  оролцуулаагүй байх бөгөөд тус хурлын тэмдэглэлд “оператор ******* буруутай” гэх дүгнэлтүүдийг тус тус гаргасан байдаг.

Нэхэмжлэгч тал маргаан бүхий тээврийн хэрэгслийн хөдөлгүүрт/мотор/  гарсан гэмтлийн шалтгаан, тус техникийн хөдөлгүүрт гэмтэл гарахад жолоодож явсан операторчин *******гийн буруутай үйл ажиллагаа байгаа эсэх асуудлыг тодруулахаар шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх хангаж, Шинжлэх ухаан Технологийн их сургуулийн Дархан-Уул аймаг дахь технологийн сургуулийг шинжээчээр томилсон бөгөөд шинжээчээс ашиг сонирхлын зөрчил үүсэх магадлалтай учраас шинжээчээр ажиллах боломжгүй талаар хариу ирүүлжээ. /хх. 75-78, 80 /

Гэвч нэхэмжлэгч тал нь Шинжлэх ухаан Технологийн их сургуулийн Дархан-Уул аймаг дахь технологийн сургуультай ямар нэгэн ашиг сонирхлын зөрчил үүсэхгүй тул тус сургуулиар дүгнэлт гаргуулах хүсэлт/хх-81/-ийг ирүүлсэн байх боловч үүнийг шүүх анхаараагүй байх бөгөөд  энэ талаар давж заалдах шатны шүүх хуралдааны шатанд тодруулахад нэхэмжлэгч тал ямар нэгэн санал, хүсэлтгүй гэж  тайлбарласан  болно.

 Нэхэмжлэгч талын 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр гаргасан  дүгнэлтүүд хоорондоо зөрүүтэй, маргаан бүхий тээврийн хэрэгслийн моторт гарсан гэмтлийн шалтгаан, тус техникийн моторт гэмтэл гарахад жолоодож явсан операторчин *******гийн буруутай үйл ажиллагаа байгаа эсэх асуудлаар шинжээчийн дүгнэлт гараагүй байхад  ажилтан *******г гэм буруугүй болохоо нотолж чадаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна.

12.3. Нэхэмжлэгч нь ажилтны учруулсан хохирлын хэмжээг 78,116,193.91 төгрөг гэж тодорхойлсон ба үнийн дүнг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу тендэрт оролцож шалгарсан ******* ХХК-ийн гаргасан сэлбэг худалдан авах үнийн дүнгээр тооцож нэхэмжилсэн байна.

Нэхэмжлэгч тал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад моторын зах зээлийн үнийг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргаж, шүүхээс Капитал зууч ХХК-ийн шинжээчээр томилсон боловч шинжээчийн дүгнэлт гаргах боломжгүй гэх хариуг ирүүлжээ. /хх. 75-78, 94-95/

   Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.2-т “Ажилтны учруулсан хохирлын хэмжээг ажил олгогчийн эд хөрөнгөд учирсан бодит хохирлоор тодорхойлох бөгөөд олох байсан орлогыг үүнд оруулан тооцохгүй. Бодит хохирлыг ажил олгогчийн эд хөрөнгө, үнэ бүхий зүйлийн нягтлан бодох бүртгэлийн тайлан, тэнцлийн өртгөөс зохих нормоор бодсон элэгдэл, хорогдлыг хасаж, бодит гарсан хохирлын хэмжээгээр тооцно” гэж заасан.

   Ажил олгогч нь ажилтны учруулсан хохирлын хэмжээг дээрх хуульд заасны дагуу тооцохоор зохицуулсан байхад “” ХХК-ийн сэлбэг худалдан авах үнийн дүнгээр тооцож нэхэмжилсэн нь хуульд нийцээгүй бөгөөд хохирлыг хэрхэн тооцоолсон нь тодорхойгүй гэж үзэх үндэслэлтэй. 

   Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар “Ажилтан ажил үүргээ гүйцэтгэх үедээ аж ахуйн нэгж, байгууллагад өөрийн буруугаас эд хөрөнгийн хохирол учруулсан тохиолдолд эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэнэ”. Энэ зүйл, заалтаар ... ажилтан нь өөрийн буруугаас байгууллагад  хохирол учруулсан байхыг шаардаж байх бөгөөд энэ тохиолдолд ажилтны буруутай үйл ажиллагаа, үүний улмаас байгууллагад учирсан хохирол, тэдгээрийн шалтгаант холбоо тогтоогдсон байх учиртай. Энэ үндсэн дээр ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ зэргийн үндсэн дээр хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй.

   Гэтэл хэргээс судлахад хариуцагчийн ямар буруутай үйл ажиллагааны улмаас техникт эвдрэл гарсан, уг эвдрэлээс байгууллагад хэдий хэмжээний бодит хохирол учирсан нь нотлох баримтаар бүрэн тогтоогдоогүй байна.

   Нэхэмжлэгч нь ажилтны учруулсан хохирлыг бодитоор тооцоогүй, энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж заасан үүргээ биелүүлээгүй байна.  

   12.4. Түүнчлэн нэхэмжлэгч нь маргаан бүхий тээврийн хэрэгслийг Вэйчай маркийн автосамсомал парк №*******УБГ улсын дугаартай гэж тайлбарлаж байх боловч уг тээврийн хэрэгсэл нь хэний эзэмшил өмчлөлд байдаг, улсын бүртгэлд бүртгэгдсэн эсэх, мөн тухайн тээврийн хэрэгсэл нь нэхэмжлэгч "" ХХК-ийн үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй эсэх талаар холбогдох нотлох баримтыг ирүүлээгүй байна.

12.5. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлд хөдөлмөрийн эрхийн маргааныг хаана, хэнд, хэзээ хандаж шийдвэрлүүлэх талаар зохицуулсан бөгөөд мөн хуулийн 154.2.2-т “энэ хуулийн 154.2.1-т зааснаас бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор” шүүхэд хандаж шийдвэрлүүлнэ гэж заасан.

Гэвч нэхэмжлэгч буюу ажил олгогч нь 2022 оны 8 дугаар сарын 8-ны өдөр эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний дагуу үүссэн эд хөрөнгийн хохирлыг 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа нь шаардах эрхээ хэрэгжүүлж маргааныг шийдвэрлүүлэх хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, дээрх хуулийн заалтыг зөрчсөн гэж  үзнэ.

13. Иймд хариуцагч талын давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

14. 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдөр олгосон хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр "" ХХК нь хязгаарлагдмал хариуцлагатай компаниар бүртгүүлсэн болохыг дурдвал зохино.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь : 

  1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны  11 дүгээр сарын 21-ний өдрийн 135/ШШ2024/01504 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

   2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 549,031 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

   3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

   4. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.  

       

      

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Я.ТУУЛ                         

                                            ШҮҮГЧИД                                      Х.БАЙГАЛМАА          

                                                                                                         Г.МЯГМАРСҮРЭН