| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2019/0298/э |
| Дугаар | 552 |
| Огноо | 2019-06-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ш.Хосбаяр |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 552
2019 06 06 2019/ШЦТ/552
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
нарийн бичгийн дарга: Л.Ундармаа;
улсын яллагч: Ш.Хосбаяр;
шүүгдэгч: О.О (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Оюунчимэгийн От холбогдох эрүүгийн 1909001140563 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1990 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, замын инженер мэргэжилтэй, ............. ажилтай, ам бүл 5, эцэг, эх, ах, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, ............... оршин суух, урьд ял шийтгэлгүй, .................... регистерийн дугаартай, Бүлгүүд овогт Оюунчимэгийн О.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Яллагдагч О.О нь 2018 оны 12 дугаар сарын 23-наас 24-ний шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “Шинэ тэрэг төв”-ийн Караокед согтуурсан үедээ хохирогч Б.Насанболдыг бусадтай андуурч толгойн ар хэсэгт нь цохиж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.О мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул нэмж мэдүүлэг өгөхгүй гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Цэгмид /хх-ийн 30-35/, Г.Номингийн гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ий 4-6, 36-39/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 6600 тоот дүгнэлт /хх-ийн 41/, Г.Номингийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 49-54, 80-91/, хохирогч Д.Цэгмидийн хүсэлт /хх-ийн 94/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч О.О нь 2018 оны 12 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутагт байрлах “Шинэ тэрэг төв”-ийн караоке дотор иргэн Б.Насанболдыг бусадтай андуурч толгойн ар хэсэгт нь цохиж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:
хохирогч Б.Насанболдын /хх-ийн 8-9/: “... 2018 оны 12 дугаар сарын 23-ны шөнө “Шинэ тэрэг плаза”-гийн 3 давхарт байрлах караокед үйлчлүүлж байгаад бие засах өрөөнд бие засаж байж байтал гэнэт араас нэг залуу миний толгой хэсэг рүү цохиод боогоод газар унагасан Тэгээд босоод ирсэн чинь миний баруун чих сэтэрсэн байсан. Тэгээд цагдаа дуудаад намайг зодсон залууг эрүүлжүүлэх байранд хийсэн. ... Баруун чих сэтэрсэн, нүүр хэсэг хөхөрч хавдсан, хүзүү улайсан байгаа ...Намайг 00-н өрөө ороход 2 хүн байсан. Гаднаас О орж ирээд шууд миний толгой хэсэг рүү цохисон. 00-н өрөөнд байсан хүмүүс зодоон салгах оролдлого хийсэн. Тэнд байсан залуу “энэ ах биш” гээд салгаад байсан. ...Намайг бие засаж байхад гэнэт араас ирээд үгийн зөрүү байхгүй миний толгой хэсэг рүү цохисон...” гэх мэдүүлгээр,
гэрч О.Ууганбаярын /хх-ийн 12-13/: “... Маргад-Эрдэнэ бид хоёр 00-н өрөөнд бие засаж байсан, хажуу талд нэг хөгшин ах бие засаж байсан. Тэгээд бид гурав бие засаад юм яриад зогсож байтал манай найз О орж ирээд Насанболд гэх ахын толгойн дагз хэсэг рүү шууд алгадаад авсан. Би Оыг “чи хүн андуураад байна” гэхэд Насанболд гэх ах эргэж хараад “чи хүн андуураад байна” гээд шууд заамдаж аваад өөрлүүгээ татаад байсан. ...Насанболд ах бид хоёр босоод 00-н өрөөнөөс гарч үүдэнд гарч би найз Оын өмнөөс уучлал гуйсан. Миний цамц цус болчихсон болохоор нь гайхаад хартал Насанболд ахын чих нь сэтэрсэн, цус гарчихсан байсан...” гэх мэдүүлгээр,
гэрч Э.Маргад-Эрдэнийн /хх-ийн 15/: “...00-н өрөөнд Ууганбаяр бид хоёр танихгүй Насанболд гэх ах бид гурав юм яриад зогсож байтал О орж ирээд Насанболд гэх ахын толгойн дагз руу гараараа алгадах шиг болсон. Насанболд гэх ах эргэж хараад “чи намайг ямар учраас цохиж байгаа юм” гээд заамдаад авсан. Энэ үед Насанболд гэх ах хойшоо хөл алдаж унахдаа босоо 00-н орчимд Оын хамт газар унасан. Оыг би босгож аваад 00-н өрөөнөөс аваад гарсан. Удалгүй цагдаа ирээд Оыг аваад явсан...” гэх мэдүүлгээр,
О.Оын яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 28-29/: “”Шинэ тэрэг төв”-ийн караокед 2018 оны 12 дугаар сарын 23-ны шөнө 02 цагийн үед дуулж байтал манай найз Энхсайхан гарахаар нь би араас нь гартал Энхсайханыг цохиж байхаар нь би салгах гээд очтол нэг залуу нь намайг цохиод 00 руу яваад орохоор нь би араас нь ороод нэг хүн байхаар нь араас нь шанаа хэсэг рүү нь цохисон. Цохиулсан хүн эргээд харсан чинь өөр хөгшин хүн байсан. Тэгээд тус караокений хүмүүс цагдаа дуудсан байсан. Насанболд нь намайг огт зодож цохиогүй, бие биенээ огт танихгүй, би хүн андуураад цохисон...” гэх мэдүүлгээр,
Б.Насанболдын биед “баруун чихний шарх, баруун шанаа, баруун чих, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний доод зовхины зулгаралт” бүхий мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсныг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 584 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хх-ийн 17/,
Дээрх дүгнэлтийг гаргасан шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнийн /хх-ийн 21-22/: ”... Баруун чихний шарх, баруун шанаа, баруун чих, дагзны, хуйхны зөөлөн эдийн няцрал цус хуралт зэрэг нь нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Баруун нүдний доод зовхины зулгаралт гэмтэл нь мөн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. ... Дээрх гэмтлүүд бүгд нийлж, эсхүл тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Нүдний доод талын зовхины зулгаралт нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь хохирогчийг нар ямар шалтгаанаас болж зодсоныг хохирогч, шүүгдэгч нар мэдүүлсэн, шүүгдэгч нь хохирогчийг зодсоныг өөрөө болон хохирогч хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, хохирогч зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан О.Оын санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Ийнхүү шүүгдэгч О.Оын “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Хохирогч Б.Насанболд “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд О.Оыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.О нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурдаж байна.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Бүлгүүд овогт Оюунчимэгийн Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Оыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.О торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ