| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Өлзийн Уянга |
| Хэргийн индекс | 101/2016/05325/и |
| Дугаар | 181/ШШ2016/00164 |
| Огноо | 2016-06-22 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 181/ШШ2016/00164
2016 оны 06 сарын 22 өдөр Дугаар 181/ШШ2016/00164 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 6-р хороо, 10-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 47/1 байр 24 тоотод оршин суух, Боржигон овогт Монголын Ганхүү /РД:ХВ80112704/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 10-р хороо, 7-р хороолол, Их тойруу 54, УБД 1142, өөрийн байранд байрлах, “Хэвлэлийн хүрээлэн” ТББ /РД:1022601/,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 10-р хороо, 7-р хороолол, Их тойруу 54, УБД 1142, Хэвлэлийн хүрээлэнгийн байранд байрлах “Сэтгүүлч” дээд сургууль БСБ /РД:8180717/ нарт холбогдох,
Ажилласан хугацааны цалин 1,375,143 төгрөг, нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж авч чадаагүйгээс учирсан хохиролд 369,999 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Ганхүү, хариуцагч Хэвлэлийн хүрээлэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Чимиддондог, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие 2010 оны 6 дугаар сарын 16-наас Сэтгүүл зүйн багшаар Хэвлэлийн хүрээлэнд ажилд орсон. 2012 оны 11 дүгээр сарын 30-нд Хэвлэлийн хүрээлэнгийн дэргэдэх “Сэтгүүлч” коллеж буюу одоогийн “Сэтгүүлч” дээд сургуульд хөдөлмөрийн гэрээгээр сэтгүүл зүйн багш, сургалтын албаны даргаар ажиллаж эхэлсэн.
“Сэтгүүлч” дээд сургууль нь 2016 оны 1 сараас эхлэн цалингаа тавьж чадахгүй байсан тул 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр өөрийн хүсэлтээр хөдөлмөрийн гэрээгээ цуцалж, ажлаасаа чөлөөлөгдсөн.
“Сэтгүүлч” дээд сургуулийн захиргаа, захирал Л.Баярдалай нь 2016 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш багш, ажилчдынхаа цалинг олгоогүй, нийгмйн даатгалын шимтгэлийг төлөөгүй учир Нийгмийн даатгалын сангаас олгодог ажилгүйдлийн тэтгэмжийг авч чадсангүй.
Миний ажиллаж байсан “Сэтгүүлч” дээд сургуулийн Удирдах зөвлөлийн гишүүдийн 60 хувь нь Хэвлэлийн хүрээлэнгийн төлөөлөл байдаг учир үйл ажиллагааны чиглэлийг үндсэндээ хүрээлэнгээс өгдөг утгаараа, мөн цалин олгохгүй байгаа асуудал ч бас Хэвлэлийн хүрээлэнгээс хамааралтай гэж үзэж байна.
Иймд Хэвлэлийн хүрээлэн болон хэвлэлийн хүрээлэнгийн дэргэдэх “Сэтгүүлч” дээд сургуулиас 2016 оны 1 дүгээр сарын цалин 433,500 төгрөг, 2 дугаар сарын цалин 533,500 төгрөг, 3 дугаар сарын цалин 408,143 төгрөг, нийт 1,375,143 төгрөгийг, нийгмийн даатгалын сангаас авч чадаагүй ажилгүйдлийн тэтгэмж 390,000 төгрөгийн хамт, бүгд 1,765,143 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж өгнө үү.
Мөн 2016 оны 1-3 сарын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг “Сэтгүүлч” дээд сургуульд даалгаж өгнө үү гэв.
Хариуцагч Хэвлэлийн хүрээлэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Чимиддондог шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хөдөлмөрийн гэрээгээр ажил олгогч “Сэтгүүлч” дээд сургуулиас авах ёстой цалин болон Хөдөлмөрийн тухай хуулиар хүлээсэн ажил олгогчийн үүргээ гүйцэтгээгүйгээс авч чадаагүй ажилгүйдлийн тэтгэмжийн 50 хувийг манайхаас нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй.
Хэвлэлийн хүрээлэн болон “Сэтгүүлч” дээд сургууль нь хамтран ажиллах гэрээний үндсэн дээр хамтарч ажилладаг тус тусдаа тамга тэмдэгтэй, тусдаа хуулийн этгээдүүд байдаг. “Сэтгүүлч” дээд сургуулийн Төлөөлөн удирдах зөвлөлд Хэвлэлийн хүрээлэнгийн 6-н гишүүн ордог нь үнэн ч тусдаа байгууллага учир манайх хариуцах үндэслэлгүй.
Иймд Хэвлэлийн хүрээлэнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Ганхүү нь хариуцагч Хэвлэлийн хүрээлэн ТББ болон “Сэтгүүлч” дээд сургуульд холбогдуулан 2016 оны 1 дүгээр сарын цалин 433,500 төгрөг, 2 дугаар сарын цалин 533,500 төгрөг, 3 дугаар сарын цалин 408,143 төгрөг, нийт 1,375,143 төгрөгийг, нийгмийн даатгалын сангаас авч чадаагүй ажилгүйдлийн тэтгэмж 390,000 төгрөгийн хамт, бүгд 1,765,143 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулах, 2016 оны 1-3 сарын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг “Сэтгүүлч” дээд сургуульд даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хариуцагч Хэвлэлийн хүрээлэн ТББ нь өөрт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж маргасан бол “Сэтгүүлч” дээд сургууль нь тайлбар гаргаагүй.
М.Ганхүүгийн гаргасан нэхэмжлэлийн хувийг шүүх 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хариуцагч “Сэтгүүлч” дээд сургуулийн захиралд гардуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг нь түүнд мөн өдөр тайлбарлан танилцуулж, шүүх хуралдаан 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр болох талаар 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдөр мэдэгдсэн боловч хариуцагч “Сэтгүүлч” дээд сургууль нь нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой тайлбар болон нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
Хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, эрх үүргийг тайлбарлан өгч, шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч “Сэтгүүлч” дээд сургууль нэхэмжлэлд тайлбар өгөөгүй, анхан шатны шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн хүсэлтээр хэргийг хариуцагч “Сэтгүүлч” дээд сургуулийн эзгүйд хянан шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42, 72, 100 дугаар зүйлүүдэд нийцнэ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
М.Ганхүү нь “Сэтгүүлч” дээд сургуультай байгуулсан 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 1 тоот хөдөлмөрийн гэрээний дагуу 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс тус сургуулийн сургалтын албаны дарга, сэтгүүл зүйн багшаар ажиллаж байгаад 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн байна.
Тэрээр сарын 650,000 төгрөгийн цалинтай ажиллаж байсан бөгөөд 2016 оны 1, 2, 3 дугаар саруудад ногдох нийт 1,375,143 төгрөгийн цалингаа аваагүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон “Сэтгүүлч” дээд сургуулийн 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 02/46 тоот цалингийн хэмжээг тодорхойлох тухай тодорхойлолтоор тогтоогдож байна.
“Сэтгүүлч” дээд сургууль нь М.Ганхүүтэй Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр 24.1-д заасан хөдөлмөрийн гэрээ байгуулсан ажил олгогч болохын хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 60 дугаар зүйлийн 60.1, 61 дүгээр зүйлийн 61.1, хөдөлмөрийн гэрээний 1.5-д тус тус зааснаар сард 2 удаа хөдөлмөрийн үр дүнд нь тохирсон, тогтоосон хэмжээний цалин хөлсийг мөнгөн хэлбэрээр олгох үүрэгтэй.
Гэтэл хариуцагч “Сэтгүүлч” дээд сургууль нь Хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, нэхэмжлэгч М.Ганхүүгийн 2016 оны 1, 2, 3 дугаар сарын цалин хөлсийг олгоогүй байх тул нэхэмжлэгч нь дээрх хугацааны цалингаа “Сэтгүүлч” дээд сургуулиас шаардах эрхтэй.
Мөн ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэр нээж, түүнд хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр төлсөн шимтгэл, хураамж /сарын цалингаас/-ийг төлж, энэ тухай бичилтийг хийх үүрэгтэй тул “Сэтгүүлч” дээд сургууль нь М.Ганхүүгийн 2016 оны 1 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг зохих журам, хувь хэмжээгээр төлж, дэвтэрт бичилт хийх үүрэгтэй.
Харин Хэвлэлийн хүрээлэн ТББ нь М.Ганхүүтэй хөдөлмөрийн харилцаанд ороогүй, хөдөлмөрийн гэрээ болон Хөдөлмөрийн тухай хуулиар М.Ганхүүгийн өмнө хүлээсэн “Сэтгүүлч” дээд сургуулийн үүргийн 50 хувийг өөртөө шилжүүлж авсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул энэ нэхэмжлэлд хариуцагч болох үндэслэлгүй.
Нэхэмжлэгч нь хариуцагч нарын буруутай үйлдлийн улмаас нийгмийн даатгалын сангаас 390,000 төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмжээ авч чадалгүй хохирсонтой холбоотой шаардлагаа баримтаар нотлох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй тул шүүх хариуцагч нараас 390,000 төгрөг гаргуулах нэхэмжлэгчийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэв.
Иймд дээр дурдсан үндэслэлээр шүүх М.Ганхүүгийн гаргасан ажилгүйдлийн тэтгэмжтэй холбоотой 390,000 төгрөгийн болон Хэвлэлийн хүрээлэн ТББ-аас цалинд 687,571.5 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, “Сэтгүүлч” дээд сургуульд холбогдох цалинд 687,571.5 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг зохих журам, хувь хэмжээгээр төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
“Сэтгүүлч” дээд сургуулийн багш, ажилтнуудын зүгээс Үйлдвэрчний эвлэл болон Хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх комисс байгуулаагүй нь “Сэтгүүлч” дээд сургуулийн 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 02/45 дугаар тодорхойлолтоор тогтоогдсон тул шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хугацааны дотор шүүхэд гаргасан М.Ганхүүгийн нэхэмжлэлийн шаардлыг хүлээн авч, хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 128 дугаар зүйлийн 128.1.11-д заасныг баримтлан “Сэтгүүлч” дээд сургуулиас 687,571.5 төгрөгийг гаргуулж М.Ганхүүд олгож, М.Ганхүүгийн нэхэмжлэлийн шаардлагаас ажилгүйдлийн тэтгэмжтэй холбоотой 390,000 төгрөгийн болон Хэвлэлийн хүрээлэн ТББ-аас цалинд 687,571.5 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар М.Ганхүүгийн 2016 оны 1 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг зохих журам, хувь хэмжээгээр төлж, дэвтэрт бичилт хийхийг “Сэтгүүлч” дээд сургуульд даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгч М.Ганхүүгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48,700 төгрөгөөс 43,192 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос илүү төлөгдсөн 5,508 төгрөгийг, хариуцагч “Сэтгүүлч” дээд сургуулиас 21,052 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М.Ганхүүд олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн зүйлийн 119.4-т заасан хугацааны дотор шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Ө.УЯНГА