| Шүүх | Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 135/2024/00422/и |
| Дугаар | 209/МА2025/00002 |
| Огноо | 2025-01-07 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 209/МА2025/00002
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, Ерөнхий шүүгч Я.Туул, шүүгч Р.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 135/ШШ2024/01419 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч ******* ХК-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “Нөхөн төлбөр 7,745,040 төгрөг гаргуулах” тухай,
Иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Үүрийнтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Билгүүн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:
******* миний нөхөр ******* нь 1985 оны 02 дугаар сарын 15-ны өдөр *******ын Уурхайн даргын 88 тоот тушаалаар Төмөр замын хэсэгт анх замчнаар томилогдон ажилд орж түүнээс хойш 1989 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хэсгийн бригадын дарга, 1996 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс хэсгийн дозаторчин зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэж байгаад 1999 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр мэргэжлээс шалтгаалах өвчнөөр акт тогтоогдон 1999 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн юм.
Ингээд мэргэжлээс шалтгаалах өвчнөөр эмчийн болон өрхийн эмчийн хяналтад байж, жил бүр акт сунгагдаж байсан бөгөөд эдгэрэлгүй байсаар 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр уушгины хорт хавдрын 4 дүгээр зэргээр оношлогдсоны дараа 2023 оны 11 сарын 29-ны өдөр нас барсан юм.
Талийгаач маань ажлаа эрхэлж байхдаа уурхайн химийн бодис, хий утаа, уур амьсгалснаас мэргэжлээс шалтгаалсан амьсгалын замын өвчин тусч өвчин нь даамжирч уушгины хорт хавдраар амь нас нь эрсдэх нөхцөлд хүрсэн тул ар гэр бидний зүгээс нас барсных нь дараа "*******" ХК-ны санхүүгийн албанд нөхөн олговор олгуулах өргөдөл гаргасан боловч өмнө нь нөхөн олговор авч байсан дахин өгөх боломжгүй гэж хариу өгсөн.
Талийгаач маань нөхөн олговор авч байгаагүй тул ар гэрийн зүгээс эхнэр ******* миний бие талийгаачийн хамгийн сүүлд авч байсан 1999 оны 9 дүгээр сарын 55,841 төгрөг, 10 дугаар сарын 55,841 төгрөг, 11 дүгээр сарын 103,458 төгрөгийн нийлбэр 215,140 х 36 сар =7,745,040 төгрөгөөр тооцож хөдөлмөрийн хуульд заасан 36 сартай тэнцэх нөхөн олговрыг ажил олгогч байгууллагаас гаргуулж өгнө үү хэмжээн шүүхэд хандсан гэжээ. / хх.1 /
2. Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулга:
2.1. Хөдөлмөрийн тухай хууль /1999.07.01-ний өдрөөс мөрдөж эхэлсэн/ болон хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга /2022.01.01-ний өдрөөс мөрдөж байгаа/ аль алинд нь ажилтан үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн, ажилтан болон эдгээр шалтгаанаар нас барсан ажилтны ар гэрт /гэр бүлд/ нөхөн төлбөр олгох зохицуулалт байдаг. Талийгаач ******* нь 1999 онд "*******" ХК-аас ажлаас гарч, хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь дуусгавар болсон байдаг бөгөөд нас барах үедээ "*******" ХК-ийн ажилтан биш байсан. Өөрөөр хэлбэл ажилтан биш болсноос хойш даруй 24 жилийн дараа нас барсан байдаг. Иймд "*******" ХК-д ажилтан биш хүний ар гэрт нөхөн төлбөр олгох үүрэггүй.
2.2. Талийгаач 1999 онд "*******" ХК-аас гарснаас хойш нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн дагуу тэтгэвэр тэтгэмж авч байгаад, 2023 онд уушгины хорт хавдраар нас барсан болох нь нэхэмжлэл болон түүнд хавсарган ирүүлсэн баримтаас харагдаж байна. Иймд мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр бус хүнд өвчний улмаас нас барсан байх бөгөөд 24 жилийн дараа талийгаачийг хүнд өвчний улмаас нас барсантай холбоотой "*******" ХК нөхөн төлбөр төлөх үүргийг хуулиар хүлээгээгүй гэжээ. /хх.61/
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1.2-т заасныг баримтан хариуцагч ******* ХК-иас 2,010,276 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн үлдэх 5,734,764 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 139,000 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХК-иас улсын тэмдэгтийн хураамж 47,114 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах гомдолдоо:
Шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй.
4.1. Талийгаач ******* нь 1999 оноос "*******" ХК-ийн ажилтан биш болсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу ажилтан биш болсон хүний ар гэрт нөхөн олговор олгох үүрэггүй.
4.2. ******* нь 1999 оны 7-р сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу нөхөн олговор авах эрх үүсээгүй бөгөөд 1991 оны 1 дүгээр сарын 24-ны өдрөөс 1999 оны 7-р сарын 1-ний өдөр хүртэл хүчин төгөлдөр үйлчилсэн Хөдөлмөрийн хуулийн дагуу нөхөн олговор авах эрх нь үүсч, тухайн үеийн Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу хөдөлмөрийн чадвар алдсантай холбоотойгоор ажил олгогчоос нөхөн олговроо авсан болох нь тодорхой байна.
Хууль хэрэглэх зарчмын дагуу тухайн үеийн эрх зүйн харилцааг тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулиар зохицуулах тул нэхэмжлэгч 1999 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдсөн Хөдөлмөрийн тухай хууль, эсхүл 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлсэн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын дагуу 36 сарын нөхөн олговор нэхэмжлэх эрхгүй. Энэ тухай 2006 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 33 дугаартай Улсын дээд шүүхийн "Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 25-д "Хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1, 97.1.2-т заасан “нөхөн төлбөр”-ийг 1999 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хойш үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн мэргэжлээс шалтгаалах өвчнөөр өвчилсөн, мөн хугацаанаас өмнө эдгээр тохиолдолд өртөж. эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр гараагүй байгаа болон комиссын шийдвэр гарсан боловч нөхөн төлбөр аваагүй байгаа хүмүүст хамааруулан ойлгоно" гэж заасан байдаг.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. / хх.166 /
5. Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.2. Нэхэмжлэгч ******* хариуцагч "*******" ХК-д холбогдуулан талийгаач нөхөр *******н нөхөн төлбөр 7,745,040 төгрөгийг гаргуулахаар шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, “...ажилтан биш хүнд компани нөхөн төлбөр төлөхгүй, мөн хөдөлмөрийн чадвар алдсантай холбоотой ажил олгогчоос нөхөн төлбөр авч байсан “ гэсэн үндэслэл заан маргасан байна. /хх.1, хх. 61, 166 /
3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:
3.1. Талийгаач ******* нь *******ын нүүрсний уурхайд 1985 оны 02 дугаар сарын 15-ны өдөр ажилд орж, 1999 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр мэргэжлээс шалтгаалах өвчнөөр оношлогдон ажлаасаа чөлөөлөгдсөн,
3.2. Чөлөөлснөөс хойших хугацаа буюу 1999 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 27 өдөр хүртэлх хугацаанд Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр түүнийг мэргэжлээс шалтгаалах буюу химийн бодис, хий, утаа, уур амьсгалснаас үүсэх амьсгалын эрхтний эмгэг өвчнөөр өвчилсний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоож, хугацааг сунгасан,
3.3. Т.Көнжилжай нь мэргэжлээс шалтгаалах химийн бодис, хий, утаа, уур амьсгалснаас үүсэх бронхит өвчин хүндэрсний улмаас уушгины хорт хавдрын 4-р зэрэгт хүрч 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр нас барсан.
4. Анхан шатны шүүх маргааны дээрх үйл баримтыг зөв тогтоосон хэдий ч хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Тодруулбал:
4.1. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвчилсөн, эсхүл нас барсан ажилтны үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулсан эсэхийг үл харгалзан ажил олгогч ажилтны нэг сарын дундаж цалин хөлсийг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлсэн нөхөн төлбөрийг ажилтан, эсхүл түүний гэр бүлд нэг удаа олгохоор Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1-д хуульчилсан.
4.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг ажилтан гэж ойлгоно.
4.3. Нэхэмжлэгч *******гийн талийгаач нөхөр ******* *******ын нүүрсний уурхайд 1985 оны 02 дугаар сарын 15-ны өдөр ажилд орж, 1999 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн болох нь хэрэгт авагдсан *******ын нүүрсний уурхайн даргын 1985 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 88 дугаартай ажилд шинээр авах ба дотроо өөрчлөн томилох тухай тушаал, нийгмийн даатгалын дэвтэр зэрэг нотлох баримтууд болон талуудын тайлбараар тогтоогдож байна.
5. Ийнхүү ******* нь 1999 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн нь түүнийг хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр ажиллаж байгаа иргэн буюу ажилтан биш гэж үзэх үндэслэл болж байна.
6. Иймд ажилтан биш хүний гэр бүлд нөхөн төлбөр олгохоор шийдвэрлэснийг хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн үндэслэлд хамаарна гэж үзэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авч шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 135/ШШ2024/01419 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, *******гийн хариуцагч "*******" ХК-д холбогдуулан нөхөн төлбөр 7 745 040 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоусгай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 47,115 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН
ШҮҮГЧИД Я.ТУУЛ
Р.ҮҮРИЙНТУЯА