| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2019/0298/э |
| Дугаар | 555 |
| Огноо | 2019-06-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Ганбагана |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 555
2019 06 07 2019/ШЦТ/555
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
нарийн бичгийн дарга: Л.Ундармаа;
улсын яллагч: Г.Ганбагана;
шүүгдэгч: Т.Чинбат, түүний өмгөөлөгч Б.Чулуунцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Түдэвийн Чинбатад холбогдох эрүүгийн 1909000040548 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1972 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, группт байдаг (F70.0 буюу оюуны хөнгөн хомсдол сэтгэцийн эмгэгтэй), эрхэлсэн ажилгүй, ам бүл 1,Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлбэ 1 дүгээр гудамжны 69 тоотод оршин суух, урьд:
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 431 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2, 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар нийт 6 сарын хугацаагаар бариьчлах ялаар шийтгүүлж, 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, ХН72072876 регистерийн дугаартай, Шалбаг овогт Түдэвийн Чинбат.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Яллагдагч Т.Чинбат нь 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 9 дүгээр гудамжны 351 тоотод хамт амьдарч байсан Д.Ганбаатартай “гэрээсээ хөөж, хэл амаар доромжиллоо” гэх шалтгаанаар маргалдаж улмаар түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Чинбат мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул нэмж мэдүүлэг өгөхгүй. Яллах дүгнэлтийг зөвшөөрч байна гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Ганбаатар /хх-ийн 19-21/, гэрч Б.Энхмэнд /хх-ийн 24-25/ нарын мэдүүлэг, Т.Чинбатын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 3-5/, 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №588 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 26/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 251 дугаартай дүгнэлт /хх-ийн 31-33/, Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтийг гаргасан комиссын дарга, ахлах зэрэгтэй эмч О.Баатаржавын мэдүүлэг /хх-ийн 34/, Т.Чинбатын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 41-50/, хохирогч Д.Ганбаатарын хүсэлт /хх-ийн 54/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Т.Чинбат нь 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 9 дүгээр гудамжны 351 тоотод иргэн Д.Ганбаатарыг “гэрээсээ хөөж, хэл амаар доромжиллоо” хэмээн буруутган зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:
хохирогч Д.Ганбаатарын /хх-ийн 19-21/: “...Би 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүнсний зүйлүүд гэртээ худалдаж аваад 1 шил 0,33 литрийн “Хараа” архи аваад гэртээ очиход гэрт Чинбат байсан бөгөөд бид хоёр хувааж уугаад тэрнээс хойш яаснаа сайн мэдэхгүй байна. Нэг сэрсэн чинь гэмтлийн эмнэлэгт хэвтсэн байсан юм. Бид хоёр хоёулахнаа байсан юм. Толгой хагарсан, гар өвдөөд байна, оёотой байгаа...” гэх мэдүүлгээр,
гэрч Б.Энхмэндийн /хх-ийн 24-25/: “...Би гэртээ байхад 21 цаг 30 минутын орчим нэг хүн надруу залгаад “аав чинь ухаангүй байна, цагдаа ирсэн байна, хүрээд ирээч” гэсэн. Тэгэхээр нь би 21 цаг 48 минутын орчим очтол Хангайн 8 дугаар гудамжны буланд аав газарт хэвтэж байсан. Тэгээд түргэн ирээд аваад явсан. Цагдаатай гэр лүү нь ороход Чинбат гээд хүн байсан бөгөөд гэр нь цус нөж болсон байдалтай байсан бөгөөд манай аавыг хутгалсан гэдгээ хэлээд хутгаа зааж өгсөн. Тэгээд цагдаа нар аваад явсан. Сүүлийн үед хамт амьдарсан гэж аав хэлсэн. Манай аавтай хамт байхдаа аавыг дарамтлаад байдаг юм шиг байна лээ...” гэх мэдүүлгээр,
Т.Чинбатын яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 3-5/: “...2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 9-351 тоотод Ганбаатар ах бид хоёр архи ууж байгаад би унтаад өгсөн байсан. Сэртэл Ганбаатар ах байхгүй байсан. Тэгээд гараад харсан чинь гудамжинд тасарчихсан хэвтэж байхаар нь өргөөд гэрт оруулаад унтуулсан бөгөөд Ганбаатар ах унтаж байгаад босож ирэнгүүтээ надтай юм ярьж байгаад над руу гэнэт хутга бариад дайрах шиг болсон. Тэгэхээр нь би хутгыг нь булааж аваад шидсэн бөгөөд би Ганбаатар ахыг барьж аваад толгой руу нь 2-3 удаа цохиод ноцолдоод Ганбаатар ахын гараас нь цус гарч байсан. Тэгээд Ганбаатар ах хүүхдээ дуудсан юм...” гэх мэдүүлгээр,
Д.Ганбаатарын биед “тархи доргилт, зүүн гарын 1-р хурууны зүсэгдсэн шарх, зулайн хуйх, цус хуралт, зулгаралт” бүхий мохоо болон хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн, шинэ, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсныг тогтоосон 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №588 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хх-ийн 26/,
“...Т.Чинбат нь F70.0 буюу оюуны хөнгөн хомсдол сэтгэцийн эмгэгтэй, өөрийн сэтгэцийн түвшинд 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр бусадтай зодолдсон талаар үйл явдлыг эргэн санах чадвартай болон эх сурвалжаа зааж чадаж байгаа, Т.Чинбат нь мэдүүлэг өгөх чадвартай...” гэх Шүүх сэтгэц эмгэг судлалын 251 дугаартай дүгнэлтээр /хх-ийн 31-33/,
дээрх Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтийг гаргасан комиссын дарга, ахлах зэрэгтэй эмч О.Баатаржавын /хх-ийн 34/: “...Оюуны хөнгөн хомсдолтой хүн бол нийгмийн харилцаанд оролцох боломжтой байдаг. Тиймээс Т.Чинбат нь хэрэг хариуцах чадвартай...” гэх мэдүүлэг болон хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн14-15/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь хохирогчийг нар ямар шалтгаанаас болж зодсоныг мэдүүлсэн, хохирогч зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан Т.Чинбатын санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Ийнхүү шүүгдэгч Т.Чинбатын “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Хохирогч Д.Ганбаатар “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн (хх-ийн 54) байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд Т.Чинбатыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Т.Чинбат нь хөдөлмөрийн чадвар алдалтыг 69 хувиар тогтоолгожээ.
Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны “Даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах өвчний жагсаалт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг шинэчлэн батлах тухай” А/39, А/12 дугаар хамтарсан тушаалаар иргэн хөдөлмөрийн чадвар алдалт 50-69 хувиар тогтоогдсон бол хөдөлмөрийн чадвараа хагас (хэсэгчилэн) алдсанд тооцдог тул шүүгдэгч Т.Чинбат хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хүнд хамаарахгүйг дурьдаж байна.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Шалбаг овогт Түдэвийн Чинбатыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Чинбатыг 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Чинбатад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Чинбат нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Чинбатад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ