Улсын дээд шүүхийн Тогтоол

2022 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 188

 

Ж.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Золзаяа, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амартүвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 130 дугаар шийтгэх тогтоол, Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 64 дүгээр магадлалтай, Ж.Б-д холбогдох 1931004360046 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1966 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Ж.Б нь Эрүүгийн хуулийн 22.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Ж.Б-ыг “Төрийн өмчийн төсвийн бус хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 22.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Ж.Б-оос 11.053.000 төгрөг гаргуулж орон нутгийн төсөвт оруулахаар шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 130 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ж.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Сэлэнгэ аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Т.Мөнхбаяр хяналтын шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ “... Давж заалдах шатны шүүхийн магадлалыг 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч танилцаад, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэж дүгнэж дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлаж хэргийн үйл баримтад хууль зүйн үндэслэл бүхий “... Авто тээврийн үндэсний төв төрийн өмчит үйлдвэрийн газрын Сэлэнгэ аймаг дахь чиг үүргийг хэрэгжүүлэх байгууллагын удирдах албан тушаалтнаар шүүгдэгч Ж.Б ажиллаж байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа ба шүүгдэгч нь нийтийн албан тушаалтны үүрэг гүйцэтгэж байхдаа авто зам ашигласны төлбөр хураамжийг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас аймгийн төрийн сангийн дансаар дамжуулан орон нутгийн төсвийн орлогод төвлөрүүлээд, мөнгө тушаасан баримтаа Аймгийн авто тээврийн газарт хүргүүлж тооцоо хийх журмыг дур мэдэн өөрчилж, зам ашиглагч харилцагчдаас төлбөл зохих төлбөр хураамжийн нийт 11.053.000 төгрөгийг өөрийн байгууллагын касст бэлнээр авахыг няравтаа даалгаж, улмаар касст цугларсан мөнгийг өөрөө авч зарцуулалтын анхан шатны баримтгүйгээр, зориулалтын бусаар зарцуулсан нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдсон байна” гэсэн дүгнэлт хийж, шүүгдэгч Ж.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн шийдвэр нь хэргийн нөхцөл байдалд нийцсэн, үндэслэл бүхий шийдвэр гэж үзэж байна.

Гэтэл давж заалдах шатны шүүхийн 64 дүгээр магадлалд “... Сэлэнгэ аймгийн Засаг дарга нь аймгийн хэмжээнд тээврийн хэрэгслийн техникийн хяналтын улсын үзлэг явуулах тухай 2017 оны А/02 захирамжийн 4 дэх заалтад, 2018 оны А/09 дугаартай захирамжийн 5 дахь заалтад авто зам ашигласны төлбөр буюу хураамжийн нийт орлогын 10 хувийг Аймгийн Авто тээврийн төвд шилжүүлэх талаар тусгасан байна. Ийнхүү захирамжаар төлбөр, хураамжийн 10 хувийг тухайн байгууллагад зарцуулах эрхийг Авто тээврийн төвийн дарга Ж.Б нь тухайн орлогыг захирамжаар өөрт нь захиран зарцуулах хөрөнгө гэж үзэн тухайн орлогын талаар санхүүгийн анхан шатны бүртгэл огт хийгээгүй, байгууллагын үйл ажиллагаа болон ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх зэрэгт зарцуулсан болох нь тогтоогдож байна. Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь төсвийн бус хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэх үндэслэлтэй” гэж дүгнэсэн атлаа магадлалд үргэлжлүүлэн “... төлбөр хураамжийн 10 хувийг тухайн байгууллагад зарцуулах эрхийг олгосон боловч ямар зориулалтаар тухайн эрхийг олгож байгаа үндэслэл, түүнд тавих хяналт зэргийг тодорхой заагаагүй, мөн зам ашигласны орлогын бүрдүүлэлт, тухайн орлогыг тайлагнах талаар аймгийн санхүүгийн эрх бүхий байгууллагаас тухай бүр нь хяналт тавьдаггүйн улмаас Авто тээврийн төвийн дарга нь тухайн хураамжийг Засаг даргын захирамжаар өөрт нь захиран зарцуулах эрх олгосон, тухайн байгууллагад төсвөөс гадуур зарцуулах хөрөнгө гэсэн ойлголт шүүгдэгчид үүссэн байдал тогтоогдож байна. Мөн урьд тухайн орлогыг зарцуулах хэвшмэл байдал үүссэн байна ...” гэж агуулгын хувьд зөрүүтэй, хэргийн нөхцөл байдалтай нийцээгүй, хэт нэг талыг барьсан дүгнэлт хийсэн.

Давж заалдах шатны шүүх “хэрэгт авагдсан нотлох баримтаар гэмт хэргийн зайлшгүй чухал “нийгэмд аюултай” шинж чанараар нь үнэлж шүүгдэгч Ж.Бын орон нутгийн зам ашигласны төлбөрийн орлогыг байгууллагынхаа үйл ажиллагаанд зарцуулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан гэж үзэхээр байна. Түүнчлэн шүүгдэгч Ж.Б-ын гэмт үйлдэлдээ хэрхэн хандсан гэмт санаа, зорилго, гэм буруутай үйлдэл, үйл баримт нь хэрэгт авагдсан нотлох баримтаар эргэлзээгүйгээр нотлогдоогүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Ж.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах нь зүйтэй” гэж дүгнэж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 130 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 64 дүгээр магадлалыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив...” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амартүвшин тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Анхан шатны шүүх 11.053.000 төгрөгийг Авто тээврийн төвийн үйл ажиллагаанд зарцуулсан нь нотлогдоогүй гэж үзсэн. Нотлох ажиллагаа нь мөрдөн байцаах, прокурорын байгууллагын үүрэг юм. Бидний зүгээс удаа дараа хүсэлт гаргасан бөгөөд шүүхээс шинжээч томилсон. Цагдаагийн байгууллагаас холбогдох баримтуудыг гаргаж өгсөн, харин шүүх шинжилгээний байгууллага баримтуудыг явуулаагүй. Ж.Б-ын ажиллаж байсан Авто тээврийн төв дээр нэг ч удаа очоогүй, хэргийн газрын үзлэг хийгээгүй. Тухайн мөнгийг юунд зарцуулсан гэдгийг тогтоогоогүй атлаа хувьдаа завшсан гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна.

Давж заалдах шатны шүүх Ж.Б-ын үйлдэлд гэмт хэргийн субъектив санаа, зорилго байхгүй гэж дүгнэсэнтэй санал нэг байна. Ж.Б уг мөнгийг төрийн санд төвлөрүүлэхгүйгээр зарцуулсан нь буруу болсон бөгөөд хариуцлагаа хүлээж ажлаасаа чөлөөлөгдсөн. Эдгээр байдлыг харгалзан үзэж давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Золзаяа тус шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Шүүгдэгч Ж.Б нь Сэлэнгэ аймгийн Авто тээврийн төвийн даргаар ажиллаж байхдаа авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын улсын үзлэгийн явцад иргэд, аж ахуй нэгж, байгууллагаас хураасан авто зам ашигласны төлбөр болох орон нутгийн төсөвт орох ёстой байсан 11,053,000 төгрөгийг албан тушаалын байдлаа ашиглаж хувьдаа завшсан үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон байна.

Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ шүүгдэгч Ж.Б-ыг Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т зааснаар нийтийн албан тушаалтан гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Харин дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 22.9 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж анхан болон давж заалдах шатны шүүхээс дүгнэж хоёр өөр байдлаар зөрүүтэй шийдвэрлэсэн нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй, хууль зүйн үндэслэлгүй болжээ. Учир нь Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6.4, 23.7.3 дахь хэсэгт  зааснаар “автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар”, “авто тээврийн хэрэгслийн техникийн улсын үзлэгийн явцад иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудаас хураасан авто зам ашигласны төлбөр” зэрэг нь Сэлэнгэ аймгийн төсвийн орлогын тодорхой хувийг бүрдүүлэх, төрийн өмчийн төсвийн бус хөрөнгө юм.

Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/02 дугаартай захирамжаар дээрх орлогыг орон нутгийн төсөвт төвлөрүүлсний дараа авто замын тодорхой ажлуудад зарцуулахаар захирамжилсан. Гэтэл шүүгдэгч Ж.Б-ын үйлдэл нь тухайн хууль журамд заасан үүргээ биелүүлэхгүйгээр албан тушаалын байдлаа ашиглаж, 11,053,000 төгрөгийг хувьдаа завшсан гэмт хэргийн шинжийг хангаж байхад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор мөрдөн шалгах ажиллагаанд тогтоогдоогүй нотлох баримтыг үндэслэн зөрүүтэй дүгнэлт хийсэн.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч томилоход тухайн санхүүгийн баримтаар байгууллагадаа зарцуулсан зүйл байдаггүй. Зарлагын баримтыг хэргийн ажиллагаа дууссаны дараа өмгөөлөгчийн зүгээс хүсэлт гаргаж бүрдүүлж өгсөн. Шүүхээс уг нотлох баримтуудыг үнэлж Эрүүгийн хуулийн 22.9 дүгээр зүйлд зааснаар шийдвэрлэх нь зүйтэй гэдэг агуулгаар хэргийг прокурорт буцааж байсан.

Давж заалдах шатны шүүхээс тухайн баримтыг үнэлээд байгууллагадаа зарцуулсан байна гэж дүгнэсэн атлаа Ж.Б-ын үйлдлийг хууль болон журамд заасан үүргээ биелүүлээгүй нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл боллоо, хууль журмаа сайн судлаагүй нь нийгэмд аюултай үйлдэл биш гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Харин шүүгдэгч Ж.Б-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул хяналтын шатны шүүхээс шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэх боломжгүй. Учир нь Эрүүгийн хуулийн 22.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлага нь завших гэмт хэргийн эрүүгийн хариуцлагаас хөнгөн учраас шүүхээс хүндрүүлэх боломжгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 64 дүгээр магадлалыг эс зөвшөөрч, тус аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Т.Мөнхбаярын бичсэн эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Ж.Б-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдэж, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хүрэлцэхүйц байх шаардлагыг хангасан байх бөгөөд шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ж.Б нь Авто тээврийн үндэсний төвийн Сэлэнгэ аймаг дахь салбар болох “Авто тээврийн төв” /Төрийн өмчит үйлдвэрийн газар/-ийн даргаар ажиллаж байхдаа 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас авто зам ашигласны төлбөрт тушаасан мөнгөний зарим хэсгийг орон нутгийн төсөвт төвлөрүүлэхгүйгээр байгууллагынхаа касст авч үлдэн, нийт 11,053,000 төгрөгийг зориулалтын бусаар захиран зарцуулсан болох нь түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээс гадна Сэлэнгэ аймаг дахь Төрийн аудитын газрын хийсэн аудитын тайлан /1хх-91/, шинжээч Ж.Б /3хх-37/, гэрч Ж.М /1хх-29/, Д.Г /1хх-35/, О.М /1хх-52/, Б.Б /1хх-55/ нарын өгсөн мэдүүлгүүд, Ж.Б-ыг ажилд томилсон тушаал /2хх-72/ зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Шүүгдэгч Ж.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Би дээрх хөрөнгийг байгууллагадаа зарцуулсан тул зориулалтын бусаар зарцуулсан гэж үзэхгүй байна” гэх мэдүүлэг  нь /1хх-178/ Сэлэнгэ аймаг дахь Төрийн аудитын газрын хийсэн аудитын тайланд дурдсан “Авто зам ашигласны төлбөрийн орлогын тодорхой хэсгийг байгууллагын касст төвлөрүүлж, холбогдох байгууллагын зөвшөөрөлгүйгээр зориулалт бусаар захиран зарцуулсан байна” гэх дүгнэлт /1хх-91-108/, Сэлэнгэ аймгийн засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч О.М-ын гэрчээр өгсөн “... Аудитын дүгнэлттэй танилцахад Авто тээврийн төв нь 2017 онд 16.000.000 төгрөг, 2018 онд 11.053.000 төгрөгийг төрийн сангийн 100130000955 тоот дансанд төвлөрүүлэх ёстой байтал кассаар дамжуулан аваад захиран зарцуулсан талаар мэдсэн. Авто тээврийн төвийн эрх бүхий албан тушаалтнууд нь төвлөрөх ёстой орлогыг төвлөрүүлээгүй, зарцуулах эрх олгогдоогүй зарлагыг дур мэдэн гаргасан байсан ... Аливаа татварын орлого, хураамж, төлбөрүүд нь заавал орон нутгийн төсөвт төвлөрөөд буцаад зарлага хэлбэрээр гарах ёстой ...” гэх мэдүүлгээр хангалттай няцаагдсан байна.

Шүүгдэгч Ж.Б-ын өмгөөлөгчөөс 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн прокурорын газарт нөхөж гаргаж өгсөн 25 хуудас бүхий, нийт 8,879,000 төгрөгийн зарлагын баримтууд нь санхүүгийн анхан шатны баримтад тавигдах шаардлагыг хангаагүй, тухайн мөнгөний зарцуулалтыг Сэлэнгэ аймгийн Авто тээврийн төвийн санхүүгийн тайланд тусгаагүй, худалдан авсан гэх хөрөнгийг үндсэн хөрөнгийн бүртгэлд бүртгээгүй байх тул тэдгээрийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлтэй болно.

Харин Сэлэнгэ аймгийн Авто тээврийн төв нь авто зам ашигласны төлбөрөөс 11,053,000 төгрөгийг орлогод бүртгэж аваагүй атлаа тус байгууллагын засвар, тохижилт, спортын тэмцээн, шинэ жилийн арга хэмжээ зэрэгт зарцуулсан талаар шүүгдэгч Ж.Б болон тус төвийн нярав З.М /1хх-29/, ахлан нягтлан бодогч Д.Г /1хх-38/ нарын өгсөн гэрчийн мэдүүлгүүд бодитой эсэхийг мөрдөн байцаалтын шатанд бүрэн гүйцэд шалгаж тогтоогоогүй байх тул шүүгдэгч Ж.Б-ыг албан тушаалын байдлаа ашиглан 11,053,000 төгрөгийг шунахай сэдэлтээр хувьдаа завшсан гэмт хэрэгт буруутгаж, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн шийдвэрлэх талаар хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон прокурорын хууль зүйн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзэв.

Авто замын тухай хуулийн (2017 оны) 24 дүгээр зүйлд зааснаар олон улс, улсын болон нийслэл, орон нутгийн чанартай авто замын арчлалт, засвар, түүнтэй холбоотой үйл ажиллагааг санхүүжүүлэх зориулалт бүхий “Авто замын сан”-тай байх ба Авто замын санг улс, нийслэл, орон нутгийн гэж ангилна.

Нийслэл, орон нутгийн авто зам, зогсоол ашигласны төлбөр нь Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7.3-т зааснаар аймаг, нийслэлийн төсвийн орлогын бүрэлдэхүүн хэсэгт хамаарахаас гадна Авто замын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.5-д зааснаар Авто замын сангийн хөрөнгийн нэг эх үүсвэр юм.

Авто замын санд хөрөнгө төвлөрүүлэх, захиран зарцуулах журмыг Засгийн газар батлах бөгөөд тухайн жилд улсын авто замын сангийн хөрөнгөөр гүйцэтгэх ажил, зарцуулах хөрөнгийг авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, харин нийслэл, орон нутгийн чанартай авто замын сангийн хөрөнгөөр гүйцэтгэх ажил, зарцуулах хөрөнгийг аймаг, нийслэлийн Засаг дарга тус тус баталж, хэрэгжүүлнэ.

Авто замын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.3 дахь хэсэгт заасны дагуу нийслэл, орон нутгийн чанартай авто зам, замын байгууламж ашигласны төлбөр авах замын чиглэл, замын урт, төлбөрийн хэмжээг тухайн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тус тус тогтоож, харин нийслэл, орон нутгийн чанартай болон авто зам, замын байгууламж ашигласны төлбөр авах үйл ажиллагааны журмыг аймаг, нийслэлийн Засаг дарга батлахаас гадна мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-т зааснаар авто замын санд хөрөнгө төвлөрүүлэх, тухайн жилд нийслэл, орон нутгийн чанартай авто замын сангийн хөрөнгөөр гүйцэтгэх ажил, зарцуулах хөрөнгийг баталж, хэрэгжүүлэх эрхийг хуульд тодорхой тусгажээ.

Харин Авто замын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3, 24.4, 24.5-д зааснаар Авто замын сангийн хөрөнгийг авто замын арчлалт, засвар болон уг ажлыг ажлыг хариуцсан байгууллагын үйлдвэрлэлийн баазыг бэхжүүлэх, судалгаа шинжилгээний ажил хийх, техник технологийг шинэчлэх, хөндлөнгийн хяналт тавих, хөдөлгөөнт эргүүл ажиллуулах, мэргэжилтэн бэлтгэх, мэргэшүүлэх, авто замын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг санхүүжүүлэхээр хуульчлагдсан бөгөөд бусад зориулалтаар зарцуулахыг мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.8-д хориглосон болно.

Ийнхүү Сэлэнгэ аймгийн засаг дарга нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан Аймгийн засаг даргын бүрэн эрхийн хүрээнд жил бүр тус  аймгийн хэмжээнд явуулах тээврийн хэрэгслийн техникийн улсын үзлэг (Автотээврийн тухай хуулийн 3.1.17-д зааснаар автотээврийн хэрэгслийн техникийн байдлыг тусгай багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж ашиглан, оношлогчийн мэргэжлийн ур чадвар, дадлага туршлагад тулгуурлан, стандартын шаардлагыг хангаж байгаа эсэхэд үзлэг хийж шалгах, тодорхойлох, үнэлэх үйл ажиллагаа)-ийн хуваарь, удирдамжийг батлахдаа орон нутгийн зам ашигласны төлбөрийг хурааж авто замын санд төвлөрүүлэх үүргийг тус аймгийн Авто тээврийн төвд даалгасан нь Авто тээврийн тухай хууль болон Авто замын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчөөгүй байна.

Тухайлбал, хавтаст хэрэгт бэхжүүлэгдсэн Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/09 дугаартай “2018 оны Тээврийн хэрэгслийн техникийн улсын үзлэг явуулах тухай” захирамжаар Аймгийн хэмжээнд 2018 оны “Тээврийн хэрэгслийн техникийн улсын үзлэг явуулах аймгийн комиссын бүрэлдэхүүн, Тээврийн хэрэгслийн техникийн улсын үзлэг явуулах удирдамж, Тээврийн хэрэгслийн техникийн улсын үзлэгт хамрагдах сумдын хуваарийг баталснаас гадна уг захирамжийн 4 дэх заалтад “Аймгийн харъяалалтай болон нутаг дэвсгэрт үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж байгаа иргэд, аж ахуй нэгж, байгууллагаас авто зам ашигласны төлбөр, хураамжийг Аймгийн засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/02 тоот захирамжийн 4 дүгээр хавсралтаар батлагдсан журмын дагуу хурааж, холбогдох дансанд төвлөрүүлж ажиллахыг Авто тээврийн төвийн дарга /Ж.Б/-д даалгасугай” гэж /хх-71/ шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/02 тоот захирамжийн 4 дүгээр хавсралтаар батлагдсан “Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж, иргэдээс авто зам ашигласны төлбөр авах журам”-аар орон нутгийн зам ашигласны төлбөрийн хэмжээг тогтоож, уг төлбөрийг техникийн хяналтын улсын үзлэгтэй хамтатган жилд нэг удаа зохион байгуулж, бүртгэлд хамрагдсан бүх тээврийн хэрэгслээс орон нутгийн зам ашигласны төлбөрийг хурааж орон нутгийн авто замын санд төвлөрүүлэхийг аймгийн Авто тээврийн төвд үүрэг болгосон байна.

Түүнчлэн Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/09 дугаартай захирамжийн 5 дахь заалтад “Орон нутгийн авто замын сангийн хураамжийн нийт орлогын 10 хувийг тээвэр авто замын хяналт шалгалт, гүүр, барилга байгууламжийн аюулгүй байдалд хяналт тавих, орон нутгийн авто замын сангийн орлого бүрдүүлэх үйл ажиллагааны зардалд зарцуулахаар, Авто тээврийн төвд шилжүүлэхийг аймгийн Засаг даргын тамгын газрын санхүү, төрийн хэлтсийн дарга /М.Нарантуяа/-д зөвшөөрсүгэй” гэж зааснаас үзэхэд Авто замын санд төвлөрсөн авто зам ашигласны төлбөрийн 10 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг орон нутгийн төсөвт тусгагдсан тодорхой хөрөнгө оруулалт, үйл ажиллагаанд зарцуулах зорилгоор Авто тээврийн төвд шилжүүлэхийг Засаг даргын тамгын газрын санхүү, төрийн хэлтэст зөвшөөрсөн нь хуульд нийцжээ.

Өөрөөр хэлбэл, Сэлэнгэ аймгийн Авто тээврийн төв  тээврийн хэрэгслийн техникийн улсын үзлэгийг Аймгийн Засаг даргын захирамжид заасан хуваарийн дагуу зохион явуулахдаа иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас авто зам ашигласны төлбөрт тушаасан мөнгөний зарим хэсгийг орон нутгийн төсвийн зохих дансанд шилжүүлэхгүйгээр авч үлдэн, шууд өөрсдийн үзэмжээр захиран зарцуулах эрхийг Засаг дарга олгоогүй, харин Орон нутгийн Авто замын сангийн хөрөнгө төвлөрсний дараа 10 хувийг төсөвт заасан тодорхой зориулалтын дагуу зарцуулахаар Авто тээврийн төвд шилжүүлэхийг аймгийн Засаг даргын тамгын газрын санхүү, төрийн хэлтэст зөвшөөрсөн агуулгатай байна.

Иймд авто зам ашигласны төлбөрийг төсөвт тусгагдаагүй хөрөнгө оруулалт, үйл ажиллагаанд зарцуулсан Авто тээврийн төвийн дарга Ж.Б-ын шийдвэр, үйл ажиллагаа нь Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7.3 болон Авто замын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.8-д заасныг зөрчсөн гэж үзнэ.

Монгол Улсын 2006 онд нэгдэн орсон Авлигын эсрэг НҮБ-ын конвенцэд зааснаар төрийн жинхэнэ албан тушаалтнаас гадна улсын үйлдвэрийн газарт төрийн чиг үүрэг гүйцэтгэдэг, эсхүл төрийн үйлчилгээ үзүүлдэг хүмүүсийг албан тушаалаас нь үл хамааран төрийн албан хаагч буюу нийтийн албан тушаалтанд тооцох бөгөөд “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль”-ийн 3 дугаар зүйлийн 3.1.4, “Авлигын эсрэг хууль”-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасны дагуу төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтныг нийтийн албан тушаалтанд хамааруулан ойлгоно.

Төрийн албаны тухай (2002 оны) хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Төрийн албан тушаалыг эрхэлж, бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг төрийн албан хаагч гэнэ” хэмээн тодорхойлсноос гадна Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 18, 19, 20, 22 дугаар зүйлд зааснаар Төрийн өмчит үйлдвэрийн газрыг Засгийн газрын буюу хуулиар тусгайлан олгосон эрх бүхий байгууллагын шийдвэрээр байгуулж, энэ хуульд тусгайлан заасан шалгуур хангасан хүнийг захирлаар томилж, үйл ажиллагаанд нь хяналт тавихаар хуульчилжээ.

Төрийн өмчит үйлдвэрийн газрын дарга буюу захирал нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, компанийн дүрэм болон түүнтэй байгуулсан гэрээний хүрээнд хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийг биелүүлэн ажиллах, хэрэв гэм буруутай үйл ажиллагаа явуулж, энэ хууль болон гэрээнд заасан эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ хэтрүүлэх, урвуулан ашиглах зэргээр хохирол учруулсан бол уг хохирлыг өөрийн хувийн өмчийн эд хөрөнгөөр бүрэн хариуцах талаар хуульчлан заасан байна.

Хууль тогтоогч “нийтийн албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгоно” гэж Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд аутентик тайлбар хийсэн бөгөөд Авто тээврийн төвийн дарга Ж.Б-ын хувьд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас төлсөн орон нутгийн зам ашигласны төлбөрийн зарим хэсгийг орон нутгийн төсөвт төвлөрүүлэхгүйгээр бэлнээр суутган үлдээж, эрх олгогдоогүй байхад дур мэдэн зориулалтын бусаар захиран зарцуулах замаар эрх мэдлээ хэтрүүлж, орон нутгийн төсөвт хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Орон нутгийн төсвийн зохих дансанд шууд шилжиж орох ёстой авто зам ашигласны төлбөр нь Авто тээврийн төвийн үндсэн үйл ажиллагааны орлогод хамаарахгүй бөгөөд Авто тээврийн төв нь тус аймгийн Засаг даргын захирамжийн дагуу тээврийн хэрэгслийн техникийн улсын үзлэгийг явуулахдаа авто зам ашигласны төлбөр төлөлтөд хяналт тавьж, авто зам ашигласны төлбөр төлөөгүй тохиолдолд тээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгт хамруулахгүй байх замаар Авто замын сангийн хөрөнгийг бүрдүүлэх ажиллагаанд дэмжлэг үзүүлэх үүрэг хүлээсэн нь тодорхой байна.

Гэтэл анхан шатны шүүх “... авто тээврийн хэрэгслийн техникийн улсын үзлэгийн явцад иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудаас хураасан авто зам ашигласны төлбөр нь Сэлэнгэ аймгийн төсвийн орлогын тодорхой хувийг бүрдүүлэх, төрийн өмчийн /төсөвт оруулаагүй/ төсвийн бус хөрөнгө байна” гэсэн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн атлаа шүүгдэгч Ж.Б-ын авто замын хураамжийн орлогоос 11,053,000 төгрөгийг орон нутгийн төсөвт төвлөрүүлэхгүйгээр дур мэдэн зориулалтын бусаар захиран зарцуулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн 22.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, түүнийг “Төрийн өмчийн төсвийн бус хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлд зааснаар Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн алдаанд хамаарна гэж үзэв.

Эрүүгийн хуулийн 22.9 дүгээр зүйлд заасан “Төрийн өмчийн төсвийн бус хөрөнгө” гэж төрийн болон орон нутгийн өмчит, эсхүл төрийн болон болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн эзэмшилд буй үндсэн хөрөнгө, үйл ажиллагаанаас бий болсон хөрөнгө орлогыг ойлгоно.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 15 дугаар зүйлд зааснаар “Төрийн өмчит үйлдвэрийн газар” гэдэгт дан ганц төрийн өмчид үндэслэсэн болон улсын төсвөөс санхүүждэг үйлдвэрийн газар орох бөгөөд тэдгээрийг эд хөрөнгийн эрхийн байдлаар нь аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар, улсын төсөвт үйлдвэрийн газар гэж ангилдаг билээ.

Улсын төсөвт үйлдвэрийн газар нь өөрт олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр төсвийн хөрөнгөөр санхүүжиж, зөвхөн төрийн хэрэгцээнд зориулсан үйлдвэрлэл, ажил, үйлчилгээ эрхэлдэг бол аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар нь өөрт олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллаж бие даан иргэний гүйлгээнд ордог хуулийн этгээд болно.

Улсын төсөвт үйлдвэрийн газар нь төрийн байгууллага, албан газартай нэгэн адил Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу өөрт олгогдсон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангаж, үйл ажиллагааныхаа зорилгод нийцүүлэн зориулалтын дагуу эзэмшиж, ашиглах, улсын төсвөөс олгосон хөрөнгийг Төсвийн тухай хуульд заасны дагуу зарцуулж, тайлагнах эрх, үүрэгтэй юм.

Хуульд заасан журмын дагуу төрийн өмчит үйлдвэрийн газрын удирдах албан тушаалд томилогдон ажиллаж буй нийтийн албан тушаалтан тухайн үйлдвэрийн газрын эзэмшилд буй төрийн өмчийн төсвийн бус хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан; зах зээлийн дунджаас дээгүүр үнээр бараа, ажил, үйлчилгээ худалдан авсан; зохиомол хомсдол бий болгох замаар бараа, бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэх үнийг зориудаар өсгөсөн; төрийн өмчийн, төсөвт байгууллагын эд хөрөнгийг зах зээлийн дунджаас доогуур үнээр борлуулсны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн 22.9 дүгээр зүйлд зааснаар (Төрийн өмчийн төсвийн бус хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах) зүйлчлэн шийдвэрлэх нь зүйтэй.

Иймд Сэлэнгэ аймгийн прокурорын газраас Ж.Б-ыг Эрүүгийн хуулийн 22.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгосон өөрчилж, түүнийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, энэ талаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хуулийн 22.1 болон 22.9 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн аль аль  нь авлигын гэмт хэрэгт хамаарах тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн 2021 оны хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт зааснаар уг хуулийн үйлчлэлд хамаарахгүй бөгөөд хууль тогтоогч Эрүүгийн хуулийн 22.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “нийтийн албанд ажиллах, эсхүл сонгогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял” оногдуулахаар хуульчилсан нь Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийн төрөл, хэмжээтэй ижил байх тул Ж.Б-д холбогдох хэргийн зүйлчлэлийг ийнхүү өөрчилснөөр түүний эрх зүйн байдал дордохгүй гэж үзсэн болно.

Харин Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Ж.Б-д холбогдох хэргийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэхдээ “...2018 онд орон нутгийн зам ашигласны төлбөрт хураагдсан орлогоос байгууллагын үйл ажиллагаанд зориулан худалдаж авсан гэх техник хэрэгсэл, байгууллагын засвар үйлчилгээнд зарцуулсан бараа материалын тоо, хэмжээ, үнийг баримтаар нотлоогүй, тухайн гэмт хэргийн хохирол, хор уршгийг хэрхэн, ямар үндэслэлээр тооцож байгаа нь тодорхойгүй ... шүүгдэгч Ж.Б-ын орон нутгийн зам ашигласны төлбөрийн орлогыг байгууллагынхаа үйл ажиллагаанд зарцуулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн 22.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан ...” хэмээн дүгнэж, Ж.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлд зааснаар Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн алдаанд хамаарч байх тул энэ талаар Сэлэнгэ аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Т.Мөнхбаярын бичсэн эсэргүүцлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

Шүүгдэгч Ж.Б Сэлэнгэ аймгийн Авто тээврийн төвийн даргаар ажиллаж байхдаа тус аймгийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/09 дугаартай захирамжийн 5 дахь заалтад “Орон нутгийн авто замын сангийн хураамжийн нийт орлогын 10 хувийг тээвэр авто замын хяналт шалгалт, гүүр, барилга байгууламжийн аюулгүй байдалд хяналт тавих, орон нутгийн авто замын сангийн орлого бүрдүүлэх үйл ажиллагааны зардалд зарцуулахаар, Авто тээврийн төвд шилжүүлэхийг аймгийн Засаг даргын тамгын газрын санхүү, төрийн хэлтсийн дарга /М.Нарантуяа/-д зөвшөөрсүгэй” гэж заасныг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас авто зам ашигласны төлбөрт бэлнээр тушаасан мөнгөний зарим хэсгийг Авто тээврийн төв нь орон нутгийн төсвийн зохих дансанд төвлөрүүлэхгүйгээр суутган үлдээж, байгууллагынхаа үйл ажиллагаанд захиран зарцуулах эрхтэй гэж Авто тээврийн төвийн өмнөх дарга, ажилтнуудын адилаар буруу ойлгосон, үйлдлийнхээ хууль бус шинжийг ухамсарласан эсэх нь түүний Авто замын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.8 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчиж, Авто замын сангийн хөрөнгийн эх үүсвэрийг зориулалтын бусаар зарцуулсан үйл ажиллагааг зөвтгөх үндэслэл болохгүй юм.

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 130 дугаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 64 дүгээр магадлалыг бүхэлд нь хүчингүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2, 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 130 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Сэлэнгэ аймгийн прокурорын газраас Ж.Б-ыг Эрүүгийн хуулийн 22.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгосон өөрчилж, шүүгдэгч Боржигон овогт Ж.Б-ыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.”,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-ыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5400 /таван мянга дөрвөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.” гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 64 дүгээр магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх талаар Сэлэнгэ аймгийн прокурорын газрын Ерөнхий прокурор Т.Мөнхбаярын бичсэн эсэргүүцлийн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

              ДАРГАЛАГЧ                                   

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Ч.ХОСБАЯР

              ШҮҮГЧ                                                       С.БАТДЭЛГЭР

                                                                                 Б.БАТЦЭРЭН

                                                                                            Б.ЦОГТ

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН