Улсын дээд шүүхийн Тогтоол

2024 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2024/0061

 

 

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Говь-Алтай аймгийн Засаг даргад холбогдох

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:                  Д.Батбаатар 

Шүүгчид: Танхимын тэргүүн Д.Мөнхтуяа           

                                                Г.Банзрагч                         

                                                М.Батсуурь

Илтгэгч шүүгч:                        Х.Батсүрэн

Нарийн бичгийн дарга: Л.Содномдорж

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 112/ШШ2024/0004 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 221/МА2024/0172 дугаар магадлал,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 001/ШХТ2024/0175 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г, П.З нарыг (цахимаар) оролцуулан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.    

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлага:

1.“Х” ХХК-аас Говь-Алтай аймгийн Засаг даргад холбогдуулан “... тус Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн “Түрээсийн гэрээ цуцлах тухай” А/274 дүгээр захирамжийг илт хууль бус захиргааны актад тооцуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Хэргийн нөхцөл байдал:

2.Говь-Алтай аймгийн Орон нутгийн өмчид бүртгэлтэй 1 давхар, нийт 829 м.кв талбайг орон нутгийн махны үйлдвэрийн зориулалтаар 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 5 жилийн хугацаатай түрээслэхээр 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 01/2019 дүгээр “Орон нутгийн өмчийн газрыг гарааш, агуулахын барилгыг түрээслэх” түрээсийн гэрээг түрээслүүлэгчийг төлөөлж Орон нутгийн өмчийн газрын дарга, түрээслэгчийг төлөөлж “Х” ХХК хооронд байгуулж, гэрээг Говь-Алтай аймгийн Засаг дарга баталжээ.

2.1.Говь-Алтай аймгийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн “Түрээсийн гэрээ цуцлах тухай” А/274 дүгээр захирамжаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.7, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 45 дугаар тогтоолоор баталсан “Орон нутгийн өмчийн эд хөрөнгө түрээслүүлэх журам”-ын 3.1 дэх заалт, Түрээсийн гэрээний 8.1 дэх заалтыг тус тус үндэслэн: Орон нутгийн өмчийн газрын хөрөнгөд бүртгэлтэй гарааш, агуулахын барилгыг махны үйлдвэрийн зориулалтаар түрээсэлж байгаа “Х” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учир түрээсийн гэрээг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгож цуцалжээ.

3.Нэхэмжлэгчээс “... түрээсийн төлбөрийн өр төлбөргүй, гэрээний дагуу төлбөрөө төлж байгаа, түрээсийн гэрээгээр хүлээсэн төлбөрийг төлөх үүргийг хугацаанд нь биелүүлж байхад аймгийн Засаг даргын захирамжаар түрээсийн төлбөрийг төлөөгүй гэж гэрээ цуцалсан нь үндэслэлгүй, гэрээний эрх, үүрэг хариуцлага, гэрээнээс татгалзах, цуцлах асуудлыг Иргэний хуульд зааснаар гэрээний талууд хэрэгжүүлэх ёстой, гэрээний тал бус гуравдагч этгээдээс гэрээг цуцлах мэдэгдэл ирүүлж, гэрээг цуцлах нь түрээслэгчид хохиролтой, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т зааснаар өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан нь илт хууль бус ...” гэж тайлбарлан маргажээ.

4.Хариуцагчаас “... Түрээслэгч гэрээний үүргээ биелүүлээгүй, 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш түрээсийн төлбөрөө төлөөгүй, агуулахыг чөлөөлөх талаар Орон нутгийн өмчийн газраас мэдэгдлүүд хүргүүлсэн, түрээсийн төлбөр гаргуулах, Орон нутгийн өмчийн газарт бүртгэлтэй агуулах бүхий барилгыг чөлөөлүүлэхээр иргэний шүүхэд нэхэмжлэл гаргасан, гэрээний 8.3-т түрээслэгчийн зөвшөөрөлгүйгээр түрээслэгч нь тухайн объектын үндсэн хийцийг өөрчлөх, нэмэлтээр зүйл барих заалт байхгүй, гэтэл түрээслэгч төрийн өмчийн байрыг эвдэж, сүйтгэсэн, барилгад тасалгаа хийсэн нь Барилгын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3-т заасныг зөрчсөн, гэрээг аймгийн Засаг дарга баталгаажуулсан, иргэдийн Хурлаар тухайн жилийн худалдах хөрөнгийн жагсаалтыг шилжүүлэх, актлах, түрээслэх, худалдах гэсэн зарчмаар баталж баталгаажуулж, түүний хэрэгжилтийг Засаг дарга хангадаг, Хурлаас батлагдсан шийдвэрүүдийг Засаг дарга хэрэгжүүлэх үүрэгтэй, төлбөрөөс чөлөөлөх талаар арга хэмжээ авах тухай бичгийг ирүүлсэн ч иргэдийн Хурлын тогтоолоор баталсан учир төрийн сан, Засаг дарга өөрчлөх боломжгүй талаар захирамж гарч байсан” гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

5.Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 1, 2.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Засаг даргад холбогдох “аймгийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/274 дүгээр захирамжийг илт хууль бус захиргааны актад тооцох шаардлага” бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

6.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар: Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 04 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаагүй байна.

7.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Улсын дээд шүүх хүлээн авч, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 001/ШХТ2024/0175 дугаар тогтоолоор “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” эсэх гэсэн үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл:

8.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.А-аас шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргажээ. Үүнд:

8.1.“Х” ХХК нь Орон нутгийн өмчийн газартай байгуулсан түрээсийн гэрээг аймгийн Засаг дарга баталсан тухайн асуудал нь хувийн эрх зүйн хүрээнд үүссэн гэрээний үүрэгтэй холбоотой боловч тухайн асуудлаар аймгийн Засаг дарга захирамжилсан шийдвэр гаргах зарчимгүй, эрх зүйн үндэслэлгүй байсан. Захиргааны байгууллага /Засаг дарга, Орон нутгийн өмчийн газар аль аль хамаарна/ хувийн эрх зүйн хүрээнд үйл ажиллагаа явуулж буй тохиолдолд захиргааны акт гаргах боломжгүй бөгөөд үйл ажиллагаандаа хууль дээдлэх зарчмыг баримтлах ёстой. Гэтэл захирамжилсан шийдвэр гаргах боломжгүй тохиолдолд хууль зөрчиж аймгийн Засаг дарга захирамж гаргасан нь илт хууль бус захиргааны шийдвэрт хамаарах зарчмын асуудлыг маргааныг шийдвэрлэхдээ анхан шатны шүүхээс анхаарч үзсэнгүй, давж заалдах шатны шүүхээс гомдолд дурдсан зарчмын асуудалд дүгнэлт өгөлгүйгээр магадлал гаргасан. Хувийн эрх зүйн харилцаанд оролцож байгаа төр, түүний төлөөний этгээд нь захирамжилсан шийдвэр гаргах боломжгүй бөгөөд хууль дээдлэх зарчмыг зөрчиж захирамж гаргасан нь илт хууль бус актад хамаарах боломжтой эрх зүйн ойлголт хууль хэрэглээний асуудалд дүгнэлт өгөхгүй байна.

8.2.Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүх бодит байдалд үнэлэлт дүгнэлт өгөөгүй буюу тухайн захирамжийг гаргах үндсэн нөхцөл болох түрээсийн гэрээний төлбөрийг хугацаандаа төлөх талуудын харилцан тохиролцоог шийдвэрийн үндэслэх хэсгийн 2 дахь хэсэгт дурдсан боловч үнэлэлт дүгнэлт өгсөнгүй.

8.3.Түрээсийн гэрээний 2 дугаар хавсралтаар түрээслэгч, түрээслүүлэгч нь жилийн түрээсийн төлбөрийн хагас бүтэн жилээр хуваан төлөхөөр харилцан тохиролцсон байх бөгөөд 2020 оныг дуустал түрээсийн төлбөрийг бүрэн барагдуулсан.  2021 оны хагас жилийг дуустал  хугацаанд түрээслэгчид түрээсийн төлбөрийг төлөх боломж гэрээгээр олгогдсон байхад аймгийн Засаг дарга нь 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 1/505 дугаар албан бичгээр түрээсийн гэрээг цуцлах мэдэгдэл ирүүлж байгаа нь гэрээг зөрчиж байгаа тодорхой үйлдэл байгаа, 06 дугаар сарын 21-ний өдөр А/274 дүгээр захирамж гаргаж гэрээг цуцлах тухай шийдвэр гаргаж байгаа бодит нөхцөл байдалд шүүхээс үнэлэлт дүгнэлт өгөхгүйгээр маргааныг шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байна. Давж заалдах шатны шүүхээс гэрээ, гэрээний хавсралт адил хүчин чадалтай байхад зөвхөн гэрээний заалтыг нь нотлох баримтаар үнэлж шийдвэрлэж байгаад гомдолтой байна.

8.4.Засаг даргын 2021 оны А/274 дүгээр захирамжийн хууль зүйн үндэслэл нь буруу. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд зааснаар аймгийн Засаг дарга орон нутгийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх талаар захирамж гаргах бүрэн эрх хуулиар олгогдоогүй байна гэж маргасан. Гэтэл анхан шатны шүүхээс аймгийн Засаг даргын захирамж нь эрх зүйн алдаатай байхыг үгүйсгэхгүй, гэвч уг алдаа нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д хамаарах ноцтой алдаа биш гэж дүгнэж хуулийг буруу тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.

8.5.Аймгийн Засаг даргын захирамж нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.7 дахь заалтуудыг үндэслэж гаргасан захиргааны акт байдаг. Тухайн зохицуулалтууд нь огт эрх зүйн үндэслэлгүй акт гаргасан болохыг харж болно. Гэтэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс хянахдаа дээрх захирамжийн үндэслэлд зааснаас өөр Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1, 78.2.1 дэх заалтуудад дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй.

9.Хариуцагчаас нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулан тайлбарыг бичгээр гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

10.Шүүхүүд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

11.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3, 13 дугаар зүйлийн 13.1-д зааснаар захиргааны хэргийн шүүх нь захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахтай холбоотой “нийтийн эрх зүйн маргаан”-ыг хянан шийдвэрлэдэг.

12.Маргааны зүйл болох хариуцагч болон нэхэмжлэгч “Х” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 01/2019 дүгээр “Түрээсийн гэрээ” нь аймгийн Засаг даргын дэргэдэх Орон нутгийн өмчийн газрын хөрөнгөд бүртгэлтэй гарааш, агуулахын барилгыг түрээсэлж, түрээсийн төлбөрийг орон нутгийн төсөвт төвлөрүүлэх зорилгоор байгуулагдсан байх бөгөөд уг маргааны агуулга нь гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотойгоор гэрээний нэг талаас тухайн гэрээг цуцалсантай холбоотой байна.

13.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1 дэх заалтын дагуу захиргааны хэргийн шүүх нь “захиргааны гэрээ”-тэй холбоотой маргааныг шийдвэрлэнэ, Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д зааснаар “Захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн харилцааг үүсгэж, өөрчилж, эсхүл дуусгавар болгохоор захиргааны гэрээг эрх зүйн хэм хэмжээнд нийцүүлэн байгуулж болно”, мөн зүйлийн 52.2 дахь заалтаар эрх зүйн ямар харилцаанд захиргааны гэрээг хэрэглэх талаар зохицуулжээ.

14.Гэтэл маргаан бүхий гэрээний зорилго, агуулга, хэрэглэгдсэн хэм хэмжээнээс үзвэл захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн харилцааг үүсгэсэн буюу хуулиар олгогдсон тусгай эрхийн хүрээнд нийтийн захиргааны чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбоогүй, зөвхөн орон нутгийн өмчийн хөрөнгийг түрээсэлж, орлогыг нь орон нутгийн төсөвт оруулах зорилго бүхий “фискаль захиргаа”-ны шинжтэй, Иргэний хуулийн түрээсийн гэрээний зохицуулалт үйлчлэх хувийн эрх зүйн буюу иргэний гэрээ байна.

15.Уг гэрээний нэг тал болох Говь-Алтай аймгийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/274 дүгээр захирамжаар “гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу төлбөрийг цаг хугацаанд нь төлөөгүй” гэх үндэслэлээр түрээсийн гэрээг цуцалсан шийдвэр гаргасан байх бөгөөд уг шийдвэрийг нэхэмжлэгчээс  “илт хууль бус захиргааны акт” гэж маргаж байгаа нь “захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх” маргаан биш юм. Тодруулбал, маргаан бүхий захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актын “нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн” нэг талын буюу заавал дагаж мөрдөх “захирамжилсан” шинжийг агуулахгүй тул захиргааны акт биш, харин гэрээний нэг талаас нөгөө талд хандсан гэрээг “цуцлах” тухай санал буюу шийдвэр гэж ойлгоно.

16.Зарчмын хувьд “захиргааны гэрээ”-г цуцалсантай холбоотой маргааныг захиргааны хэргийн шүүх шийдвэрлэнэ, гагцхүү энэхүү хэргийн тухайд талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ нь захиргааны маргаан биш тул захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх хэрэг биш, анхан шатны шүүх энэ талаар дүгнэлт өгөлгүйгээр нэхэмжлэлийг хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, давж заалдах шатны шүүх энэ алдааг залруулаагүй нь буруу байна.

17.Хэргийн оролцогч нарын зүгээс уг гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой маргааныг иргэний журмаар шийдвэрлүүлэхэд энэхүү тогтоол саад болохгүйг дурдах нь зүйтэй.

18.Иймд шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2, 127.2.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 112/ШШ2024/0004 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 221/МА2024/0172 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Х” ХХК-аас Говь-Алтай аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Говь-Алтай аймгийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн “Түрээсийн гэрээ цуцлах тухай” А/274 дүгээр захирамжийг илт хууль бус захиргааны актад тооцуулах тухайнэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

             ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                               Д.МӨНХТУЯА

             ШҮҮГЧИД                                                                    Г.БАНЗРАГЧ

                                                                                                            М.БАТСУУРЬ

                                                                                                            Х.БАТСҮРЭН