Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 1311

 

МАГАДЛАЛ

 

2016 оны 07 дугаар сарын 06                     Дугаар 1311                             Улаанбаатар хот

 

“ХХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2016/04145 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “ХХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “ХХХ” ХХК-д холбогдох,

Даатгалын нөхөн төлбөр 910 154 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

Шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ,

Нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: “ХХХХ ХХК-ийн тээврийн хэрэгслийн жолооч ХХХХХ нь 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 02 цаг 20 минутын үед 8224 ӨМӨ улсын бүртгэлийн дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Цагаан хад НАБТ-ын В талбайд ачаагаа буулгах үед гэрээт “ХХХ" ХХК” -ийн HL870 маркийн ковш зөвшөөрөл авалгүй машины араас түрж урд зогсож байсан тээврийн хэрэгслийн хойноос мөргүүлсэн. Үүний улмаас 8224 ӨМӨ улсын бүртгэлийн дугаартай тээврийн хэрэгсэлд 910 154 төгрөгийн хохирол учирсан. Уг даатгалын гэрээний 4 дүгээр зүйлийн 4.8, Даатгалын тухай хуулийн 8.7-д заасныг үндэслэн “ХХХХ” ХХК-нд 8224 ӨМӨ улсын дугаартай Хово маркийн тээврийн хэрэгсэлд “ХХХ” ХХК-ний 1703 УБ дугаартай ковшийг жолоодож байсан ХХ-ийн учруулсан хохирол болох 910 154 төгрөгийн даатгалын нөхөн төлбөр олгосон. Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д зааснаар буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ. Иймд хариуцагчаас 910 154 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбарт: Нэхэмжлэгчийн үндэслэл болгож буй Иргэний хуулийн 497 дугаар зүйл 497.1 дэх заалт болон Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь заалтууд нь зөрчил гаргасан гэм буруутай этгээдээс төлбөр гаргуулж гэм хор арилгуулах тухай заалт байх бөгөөд нэхэмжлэгчийн шүүхэд хүргүүлсэн бичиг баримтад буруутай этгээдийг тогтоосон холбогдох мэргэжлийн байгууллагын гаргасан дүгнэлт тодорхойлолт байхгүй байгаа нь Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.4 дэх заалтыг зөрчсөн байна. Нэхэмжлэгчийн даатгуулагчид олгосон даатгалын нөхөн төлбөр болох 910 154 төгрөг нь тусгай зөвшөөрөл эзэмшиж буй үнэлэгчийн бичгээр гаргасан дүгнэлт тодорхойлолтоор баталгаажуулаагүй байгаа нь Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.3 зөрчсөн байна. Дээрх зөрчлүүдийг үл харгалзан даатгалын компани нь даатгуулагчид нөхөн төлбөрийг олгосон нь нэхэмжлэгчид учраад байгаа бодит хохирол нь тодорхойгүй байна. Иймд нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул “ХХ” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд “ХХХХ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдөр осол болсон газар Өмнөговь аймгийн Цагаан хадаг гэдэг газар болсон. Тухайн үед нүүрсний машинууд зогсож “ХХХ” ХХК-ний ковш нь нүүрсээ буулгаж дууссаны дараа дохио өгөөд, хойшоо ухрах ёстой байтал дохиогоо өгөхгүйгээр ухарснаас болж осол гарсан. Иймэрхүү осол өдөрт олон удаа гардаг учраас цагдаа дуудаад ирдэггүй. Нэхэмжлэгч талаас очиж үзээгүй болохоор сайн мэдэхгүй байх шиг байна. Замын цагдаагийн ослын акт Өмнөговь аймагт байдаггүй. Мэргэжлийн техникийн хохирлын актан дээр жолооч нар гарын үсэг зурж явдаг. Үүнийг зөвшөөрөхгүй тохиолдолд мэргэжлийн үнэлгээний газраас томилогддог, гуравдагч этгээдийг томилсон учраас үнэлгээчин томиллоо гэсэн майл нэхэмжлэгч талаас ирсэн байсан. 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр манай компани 910 154 төгрөгийг нөхөн төлбөртөө авсан.

Шүүх: Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д зааснаар “ХХХХ” ХХК–иас даатгалын нөхөн төлбөр       910 154 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “ХХ” ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч “ХХХХ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 26 500 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч “ХХ” ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26 500 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн бичиг баримтад буруутай этгээдийг тогтоосон холбогдох мэргэжлийн байгууллагын гаргасан дүгнэлт тодорхойлолт байхгүй байгаа нь Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.4-ийг зөрчөөд байна.

Мөн нэхэмжлэгчийн даатгуулагчид олгосон даатгалын нөхөн төлбөр болох 910 154 төгрөг нь тусгай зөвшөөрөл эзэмшиж буй үнэлэгчийн бичгээр гаргасан дүгнэлт тодорхойлолтоор баталгаажаагүй байгаан нь Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйл 8.4.3 зөрчсөн төдийгүй сэргээн засварлах боломжтой эд ангийг даатгуулагчийн гаргасан үнэлгээгээр шинэ эд ангиар солисон нь Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй болон Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 "Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол нөхөн төлөх үүрэгтэй." болон 229 дугаар зүйлийн 229.2. Гэм хорын хэмжээг тодорхойлохдоо хохирогчийн ашиг сонирхол, гэм хор учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзнэ" гэх зүйл заалтууд зөрчигдөөд байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн үнэлсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч “ХХ” ХХК нь хариуцагч “ХХХ” ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөр 910 154 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч компанийн эзэмшлийн HL870 маркийн ,17-03 УБ улсын дугаартай авто ачигчийн жолооч ХХ нь 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Өмнөговь аймгийн Цагаан хад гэх газар ажиллаж байхдаа ухрах хөдөлгөөн хийхдээ дохио өгөөгүйгээс “ХХХХ” ХХК-ийн эзэмшлийн 82-24 УНҮ улсын дугаартай авто машины араас мөргөж, 910 154 төгрөгийн хохирол учруулсан, уг хохирлыг нэхэмжлэгч нь “ХХХХ” ХХК-д 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр гэрээний дагуу нөхөн төлсөн үйл баримтад талууд маргаагүй.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх үндэслэлээ “...буруутай этгээдийг тогтоосон холбогдох мэргэжлийн байгууллагын гаргасан дүгнэлт тодорхойлолт байхгүй, ...нэхэмжлэгчид учирсан бодит хохирол тодорхойгүй...” гэж тайлбарлаж, шүүхийн шийдвэрт мөн энэ үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.

Хариуцагчийн тайлбар, гомдол үндэслэлгүй гэж үзнэ.

Учир нь хэрэг хянан шийдэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээ, үнэлгээний талаар шинжээч томилуулан дүгнэлт гаргуулах  хүсэлт гаргаагүй ба шүүх санаачилгаараа энэ ажиллагааг явуулах боломжгүй.

Хэрэгт авагдсан ослын хохирлын актын баримтаар даатгалын тохиолдол үүссэн болон уг тохиолдол бий болоход хариуцагч “ХХХ” ХХК-ийн ажилтан буруутай болох нь тогтоогдсон байна. /хх 18-23/

Ийнхүү нэхэмжлэгч “ХХ” ХХК нь Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэгт зааснаар хохирлын нөхөн төлбөрийг гэм хор учирснаас үүсэх үүргийг хариуцагч “ХХХХ” ХХК-иар нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.

Иймд хэрэгт авагдсан баримтын хэмжээнд нэхэмжлэлийг хангасан шүүхийн шийдвэр нотлох баримтад үндэслэгдсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2016/04145 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн   162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 27 050 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

      

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                              ШҮҮГЧИД                                            Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                         М.НАРАНЦЭЦЭГ