Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 209/МА2025/00003

 

*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

 

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Байгалмаа даргалж, шүүгч Р.Үүрийнтуяа, шүүгч Г.Мягмарсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны  11 дүгээр сарын 19-ний өдрийн 135/ШШ2024/01468 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******,

                   ******* нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “105,492,000 төгрөг гаргуулах тухай,

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага: "Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд *******гийн 63,427,393.23 төгрөг гаргуулах" тухай шаардлагатай,

Иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн  төлөөлөгч *******ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Мягмарсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахимаар/, хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд *******гийн өмгөөлөгч шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1.Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1....******* нь орон сууц худалдах, худалдан авах гэрээ, түүнд үндэслэн газар эзэмших эрхийн гэрээг *******тай байгуулсан. Энэ гэрээнд ******* гарын үсэг зураагүй, ******* зурж гэрээг байгуулж нотариатаар гэрчлүүлсэн. Улмаар уг гэрээний үндсэн дээр орон сууцны өмчлөх эрх болон газрын гэрчилгээг *******ад шилжүүлсэн. Уг гэрээг ******* хүлээн зөвшөөрч *******т орон сууцны үнийг Голомт банкнаас зээл авч шилжүүлсэн. Дээрх гэрээнүүдийг хүлээн зөвшөөрөх болсон учир нь *******д ******* нь тусалсан. Хэрвээ ******* Голомт банкнаас авхуулсан зээлийг 2 жилийн дотор төлсөн нөхцөлд *******д шилжүүлэх нөхцөлтэй байсан.

Гэвч ******* зээлийг төлөөгүй атлаа орон сууцанд амьдарсаар байсан тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар орон сууцыг *******гаас шаардаж, тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.  Гэвч ******* дээрх нэхэмжлэлийг хүчин төгөлдөр бус болохын тогтоолгох сөрөг нэхэмжлэл гаргасан. Тус шүүхээс үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүхээс ******* болон ******* нарын хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, *******ыг орон сууцны өмчлөгч болон газар эзэмшигчээр бүртгэсэн бүртгэлд өөрчлөлт оруулахыг ******* болон Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт даалгаж шийдвэрлэсэн.

******* шүүхэд гэрчийн мэдүүлэг өгөхдөө би *******ад худалдаагүй, *******д худалдсан гэж орон сууц худалдах худалдан авах гэрээг ч үгүйсгэж гэрчийн мэдүүлэг өгсөн. ******* нь *******тай худалдах худалдан авах гэрээг байгуулаагүй атлаа уг гэрээнд *******гаар гарын үсэг ******* гэж зуруулж хүчин төгөлдөр бус хэлцэл хийж *******аас 80,000,000 төгрөг шилжүүлэхэд түүнийг ******* өөрийн дансандаа хүлээн авсан.

 Шүүхээс дээрх гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож *******ын өмчлөлд шилжсэн орон сууц болон газар эзэмших эрхийг буцаан шилжүүлэх болсон тул ******* нь *******т шилжүүлсэн 80,000,000 төгрөгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу буцаан шаардаж, мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д заасны дагуу буцаан Голомт банкны зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөхдөө Э.Урангоогоос сарын 3 хувийн хүүтэй зээл авч 50,000,000 төгрөг авснаас учирсан хохирол өнөөдрийн байдлаар нийт хүү болох, 18,000,000 төгрөг төлсөн, өмгөөлөгчийн хөлс 5,000,000 төгрөг, Улаанбаатар хотоос Дархан луу шүүхийн маргааны улмаас 10 гаран удаа ирж буцах зардал болох 1,700,000 төгрөг, Голомт банкнаас 80,000,000 төгрөгийн зээл авахад 792,000 төгрөг зээлийн шимтгэл төлсөн зэрэг хохирол учирсан байна.

Учир нь үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх үндэслэл болсон гэрээ хүчин төгөлдөр бус болсон тул ******* нь 80,000,000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн байна. Мөн энэхүү гэрээнээс учирсан хохирол болох 25,492,000 төгрөг байна. Иймд *******ээс 105,492,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. /1-р  х.х 1-2 /

1.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа:

...Хариуцагч *******тэй 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээнээс учирсан хохирол 25,492,000 төгрөгийг ******* болон тухайн гэрээг баталсан тойргийн нотариатч ******* нарыг хамтран хариуцагчаар татуулах хүсэлт гаргасан. Учир нь *******ыг байхгүй байхад *******, *******, ******* нар үгсэн хуйвалдаж энэхүү худалдах, худалдан авах гэрээг байгуулж гэрээн дээр *******ын гарын үсгийг дуурайлган зурж тухайн гэрээг үндэслэн *******ын нэр дээр Голомт банкнаас зээл авсан бөгөөд тухайн гэрээнд ******* болон ******* нар энэ гэрээг хүчин төгөлдөр бус болохыг шүүхээр тогтоолгож өнөөдрийг хүртэл ******* үндэслэлгүй хөрөнгөжиж, ******* нь байргүй, газаргүй болсон ба өрийг авч үлдсэн байдалтай байна.

Мөн өнөөдрийг хүртэл Урангоо гэж хүнээс авсан зээлийн 3 хувийн хүүтэй 50,000,000 төгрөгийн үргэлжлэл явж байгаа. Тухайн учирсан хохирлыг нэмээд нийт хариуцагч *******т шилжүүлсэн 80,000,000 төгрөгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар *******ээс буцаан шаардаж байгаа. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д заасны дагуу *******, ******* нотариатч ******* нараас нийт 32,992,000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ. /1-р х.х 170 /

1.3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа:

Хариуцагч *******, *******, ******* нарын хамааралтай 2018 он 08 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан худалдах худалдан авах гэрээнээс учирсан хохирлыг ******* нь өнөөдрийг хүртэл Э.Урангоо гэх хувь хүнд зээлсэн мөнгө түүний хүүгийн өр төлбөрийг төлсөөр байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснээс хойш 3 сарын хүүгийн төлбөр болох 4,500,000 төгрөгийг нэмж нэхэмжилж байна.

Хариуцагч *******т шилжүүлсэн 80,000,000 төгрөгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу шаардаж байна.

Мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д заасны дагуу *******, *******, ******* нараас нийт 32,992,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. /1-р х.х 200 /

2. Хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын татгалзал, хариу тайлбарын агуулга:

...Талуудын хооронд 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” байгуулагдсан бөгөөд худалдагч ******* нь энэхүү гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөл, эзэмшлийг худалдан авагчид бүрэн шилжүүлсэн, өнөөдрийг хүртэл энэхүү үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөл, эзэмшил нь худалдан авагчид байсаар байна.

Мөн нэхэмжлэлд хавсаргаж өгсөн анхан шатны шүүхийн шийдвэрийн хуулбар, магадлалын хуулбар, Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоолын хуулбар зэргээс үзэхэд талуудын хооронд байгуулсан “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцсон шүүхийн шийдвэр байхгүй байгаа тул 80,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

Гэрээнээс учирсан хохиролд 25,492,000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй бөгөөд хариуцагч *******ийн ямар буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. /1-р х.х 71 /

3. Хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ий татгалзал, хариу тайлбарын агуулга:
            3.1. ...Шүүхээс хүчин төгөлдөр бус гэж тооцсоны улмаас талууд гэрээний дагуу өгөлцөж, авалцсан зүйлсийг харилцан буцаахтай холбоотойгоор шүүхэд маргаан үүсэж байна. Гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцсон үндэслэл нь талуудын хүсэл зоригоос хамааралтай байна.

Тодруулбал: ******* нь “газар болон үл хөдлөх хөрөнгийг *******ад бус *******д худалдсан” гэж хүсэл зоригоо илэрхийлсэн, ******* нь “өөрийн нэр дээр үл хөдлөх хөрөнгийг шилжүүлж, өөрийн нэр дээр Голомт банкнаас зээл авч өгөхийг *******д зөвшөөрсөн” гэж хүсэл зоригоо илэрхийлсэн, ******* нь “өөрийн худалдан авч буй газар, үл хөдлөх хөрөнгийг *******ын нэр дээр авч, зээлийн төлөлт дууссаны дараа өөрийн нэр дээр шилжүүлэн авахаар *******тай харилцан тохиролцсон” гэж хүсэл зоригоо илэрхийлсэн байна.

Нотариатч гэрээ, хэлцлийг гэрчлэхдээ хөндлөнгийн байр сууринаас гэрчилдэг бөгөөд дээрх гэрээний дагуу *******аас хувийн сууц, газрын үнэ болгож ямар нэгэн мөнгө төгрөг аваагүй, авах ч ёсгүй, ******* нь гэрээний нөгөө тал боглох *******ээс өөрт учирсан хохирлоо гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна. Иймд иргэн *******ын нэхэмжлэлийн шаардлагаас *******т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. /1-р х.х 189 /

3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг эс зөвшөөрч байна. Тус шүүхэд өмнө нь гаргасан хариу тайлбараа дэмжиж байна гэжээ. /1 хх 207 дугаар тал/

4. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.Ундаръяа нь шүүхэд гаргасан бие даасан шаардлага болон татгалзал, хариу тайлбартаа:

4.1. ...******* миний бие нь улсын бүртгэлийн Ү- дугаартай Дархан-Уул аймаг, ,,, тоот орон сууцыг *******ээс худалдаж авахаар харилцан тохиролцож, уг байрандаа 2016 оны 07 сарын 23-ны өдөр нүүн орсноос эхлэн 2018 оны 08 сарын 20-ны өдрийг хүртэл байрны урьдчилгаанд нийт 41,000,000 төгрөгийг хэсэгчлэн төлсөн.

Миний бие байрны үлдэгдэл төлбөрийг төрийн банкнаас зээл авч төлөхөөр хөөцөлдөхөд тухайн үед Хас банканд орон сууцны зээлтэй байсны улмаас банкууд надад зээл өгөхгүй байсан. Иймд өөрийнхөө нэр дээр зээл авч өгөөч гэж гуйхад ******* зөвшөөрсөн. Дээрх орон сууцыг барьцаалж, *******ын нэр дээр банкнаас зээл авахын тулд 2018 оны 08 сарын 10-ны өдөр худалдах худалдан авах гэрээгээр орон сууц өмчлөх эрхийг шилжүүлэхэд ******* ирж гарын үсэг зураагүй, *******ын өмнөөс ******* би Идэрбат гэж бичсэн. *******ын нэр дээр шилжсэн орон сууцыг барьцаалж, Голомт банкнаас 2010 оны 10 сарын 16-ны өдөр ЗГ тоот зээлийн гэрээгээр *******ын нэр дээр 79,200,000 төгрөгийг 20.8 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатай зээл гаргуулж авсан. Уг мөнгөнөөс 80,000,000 төгрөгийг *******т шилжүүлсэн.

Зээл ашиглалтын хугацаанд ******* нь *******ын нэр дээрх зээлийн төлбөрийг графикийн дагуу сар бүр 1,400,000 төгрөг буюу зээл, зээлийн хүүгийн хамт нийт 63,427,393.23 төгрөгийг 2022 оны 11 сар хүртэл төлөөд явж байсан. Гэтэл 2022.09.07-ны өдөр ******* нь *******д холбогдуулан уг байрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн үлдэгдэл төлбөр 69,211,077.15 төгрөгийг төлсөн. Орон сууц худалдаж авсантай холбоотой *******, ******* нарын хоородох маргааныг шүүх шийдвэрлэж хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсон. ...хэлцэлд оролцсон талууд шилжүүлсэн зүйлээ буцааж өгөх үүрэгтэй байдаг. Дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг үндэслэн Голомт банкны зээлээс шилжүүлсэн 80,000,000 төгрөгийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр, хохирол гэж 25,492,000 төгрөг, нийт 105,492,000 төгрөгийг *******ээс гаргуулахаар ******* нь шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Гэтэл дээр дурдсанаар *******ын нэр дээрх зээлийг төлөхийн тулд *******ын Голомт банк дахь зээлийн данс руу 2018.11.13-ны өдрөөс 2022.11.21-ний өдөр хүртэл хугацаанд 51 удаагийн гүйлгээгээр 63,427,393.23 төгрөгийг ******* би шилжүүлсэн байхад ******* нь өөрийн данс руу орсон 63,427,393.23 төгрөгийг тооцохгүйгээр *******т холбогдуулан нэхэмжлэл гаргасан нь миний эрх ашигт нөлөөлөхөөр байна. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасны дагуу *******аас миний шилжүүлсэн 63,427,393.23 төгрөгийг буцаан гаргуулахаар бие даасан шаардлага гаргаж байна гэжээ. /1-р х.х 110-111 /

4.2. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.Ундаръяа нь нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын хариу тайлбартаа:

...Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ийн 32,992,000 төгрөгийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар ******* надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. /1-р х.х 220 /

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь бие даасан шаардлагад гаргасан татгалзал, хариу тайлбарын агуулга:

Бие даасан шаардлага гаргасан *******гийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ. /1 хх 179 дүгээр тал/

6. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 56.6-д зааснаар хариуцагч *******гаас 792 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******ад олгож, хариуцагч *******, *******, ******* нараас гэрээнээс учирсан хохирол 32 200 000 төгрөг гаргуулах, нэхэмжлэгч *******аас 63 427 393,23 төгрөг гаргуулах хариуцагч *******гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч *******ын 80 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн урьдчилан 685410 төгрөг, хариуцагч *******гийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 475100 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс 557950 төгрөг, хариуцагч *******гаас 23550 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч *******ад олгож шийдвэрлэжээ.

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах гомдолдоо:

7.1. ...хариуцагч *******ийг буруутай юу, буруугүй юу гэх дүгнэлт хийгээгүй.

7.2. ...талуудын хооронд байгуулагдсан хэлцлийг хийхэд хүргэсэн Г.Ундаръяа нь буруутай гэж үзэх үндэслэлтэй байна гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн. Гэвч Г.Ундаръяаг зөвхөн 792,000 төгрөг төлөхөөр шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө гэж заасныг дутуу хэрэглэсэн.

7.3. ...Нотариат нь хууль зөрчиж үйлдэл хийсэн талаар талууд маргадаггүй бөгөөд хүлээн зөвшөөрч мэдүүлээд байхад нотлох баримтаар тогтоогдоогүй гэж анхан шатны шүүх үндэслэлгүй дүгнэсэн.

7.4. ...******* нь араггүй эрхэнд зээл авч Голомт банкны зээлийг хааж асуудлыг дордуулахгүйгээр харин ч өөрөө асуудлаа шийдээд өнөөдрийн зэрэгт хүргэж байхад шүүх нь сайн дураараа төлсөн гэж үзэх нь алдаатай буруу шийдсэн нь асуудлыг өнгөцхөн бодож шийдвэрлэсэн. Мөн тухайн шүүхийн танхимд шүүгч зээлийн хүүгийн талаар өдөр сараар нь таарч байгаа эсэхэд анхаарч нэг бүрчлэн тооцоолол хийгээд таарч байна гэсэн зүйл ярьснаас өөрөөр яагаад энэ зээлээ хаасан талаар нэг ч асуулт асуугаагүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж зээлийн гэрээнээс учирсан хохирол болох 25,500,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ. / 2 х.х 58-59 /

8. Хариуцагч талаас давж заалдах гомдолд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.

ХЯНАВАЛ:

9. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ийн гаргасан давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

10. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан үндэслэлгүй хөрөнгөжсөн үндэслэлээр 80,000,000 төгрөг, гэрээнээс учирсан хохирол 25,492,000 төгрөг нийт 105,492,000 төгрөг гаргуулахаар шүүхэд анх нэхэмжлэл гаргасан.

11. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад *******, ******* нарыг хамтран хариуцагчаар татан оролцуулж, хариуцагч *******, *******, ******* нараас гэрээнээс учирсан хохирол 32,992,000 төгрөгийг тэнцүү хэмжээгээр гаргуулахаар нэхэмжлэлийнхээ шаардлагыг нэмэгдүүлсэн.

12. Мөн ******* нь нэхэмжлэгч *******ад холбогдуулан 63,427,393.23 төгрөг гаргуулах тухай бие даасан шаардлагыг гаргасан.

13. Шүүх хуралдааны явцад хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь 80,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хүлээн зөвшөөрч, хариуцагч *******, *******, ******* нар нь гэрээнээс учирсан хохирол 32,992,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

14. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч *******ыг худалдах худалдан авах хэлцлийн дагуу байрны төлбөрт шилжүүлсэн 80,000,000 төгрөгийг *******ээс  шаардах эрхтэй,

Хариуцагч ******* нь байрны төлбөрт шилжүүлсэн 80,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй байна. 

14.1 Хүчин төгөлдөр болсон  Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 сарын 13-ны өдрийн 135/ШШ2023/00789 дугаар шийдвэр, Дархан Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 1 сарын 15-ны өдрийн 209/МА2024/00007 дугаартай магадлалаар ...үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах хүсэл зориг бүхий хэлцэл нь *******, ******* нарын хооронд амаар хийгдэж, ******* нь үл хөдлөх хөрөнгийн төлбөрийг төлөхөөр банкнаас зээл авах зорилгоор *******ын зөвшөөрснөөр орон сууц худалдах худалдан авах гэрээг *******, ******* нарын хооронд байгуулж, зээл авч, улмаар улсын бүртгэлд бүртгүүлсэн,

мөн тухайн орон сууц байрлах газрын газар эзэмших эрхийг шилжүүлсэн хэлцэл зэрэг нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчилж байгаа хүчин төгөлдөр бус хэлцлүүд гэж дүгнэн *******, ******* нарын хооронд 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж, түүний үр дагавар буюу хэлцлээр шилжүүлсэн газар эзэмших эрхийн гэрчилгээ, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож өөрчлөлт оруулан бүртгэхийг эрх бүхий байгууллагад даалгаж шийдвэрлэсэн байна. /1-р х.х 9-14, 88-96/

Дээрх шүүхийн шийдвэр, зохигчийн тайлбараас дүгнэвэл маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг ******* худалдан авч үнийг төлөх зорилгоор *******ын нэр дээр банкнаас зээл гаргуулж, /уг зээлсэн 80,000,000 төгрөгийг ******* рүү шилжүүлсэн байдаг/ Д.Алтанцэцэг, ******* нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл болох нь тогтоогдсон, ******* зээлийн төлбөрийг төлж байсан зэрэг үйл баримтууд тогтоогджээ.

14.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т “хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй...” гэж заасан.

Нэхэмжлэгч өөрийн эрхийг зөрчсөн этгээдийг иргэний хэрэгт хариуцагчаар татан оролцуулах эрхтэй байх бөгөөд түүнийг шүүх санаачилгаараа өөрчлөх, солих эрхгүй ч тухайн этгээд хариуцлага хүлээх үүрэгтэй эсэхийг хэрэг хянан хэлэлцсэний эцэст шүүх шийдвэрлэдэг.

14.3 Мөн хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх нэхэмжлэгчтэй эвлэрэн хэлэлцэх эрхтэй байдаг бөгөөд шүүх түүнийг баталгаажуулах үүрэгтэйгээс гадна хариуцагчийн хүсэл зориг бүрэн хангалттай илэрхийлэгдсэн байхыг заавал шалгах үүрэгтэй.  

15.Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага болох 80,000,000 төгрөгийг хариуцагч ******* хариуцан төлөх үүрэгтэй эсэхийг анхаараагүй улмаар нэхэмжлэлийн шаардлагаас 80,000,000 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрч байгаа нь хариуцагч *******ийн өөрийн хүсэл зориг мөн эсэх, *******ийн зөвшөөрөл нь бусдын эрх, ашгийг зөрчсөн эсэх талаар  нягтлан шалгаж дүгнэлт хийлгүйгээр хариуцагчийн зөвшөөрлийг баталгаажуулж шийдвэрлэсэн нь талуудын хуулиар олгосон эрхийг зөрчсөн гэж үзэхээр байна.

16. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ******* нь *******ад холбогдуулан 63,427,393.23 төгрөг гаргуулах тухай бие даасан шаардлагыг гаргасан байх бөгөөд тус шүүхийн шүүгчийн 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 135/ШЗ2024/02658 дугаартай захирамжаар *******г бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцуулахаар шийдвэрлэжээ. /1-р х.х 166-167/

17. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь *******, ******* нарыг хамтран хариуцагчаар татан оролцуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, тус шүүхийн шүүгчийн 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 135/ШЗ2024/03215 дугаар захирамжаар *******, ******* нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран хариуцагчаар татан оролцуулсан. /1-р х.х 176-177/

Улмаар *******гийн нэхэмжлэгч *******ад холбогдуулан гаргасан 63,427,393.23 төгрөг гаргуулах тухай бие даасан шаардлагыг тухайн маргаанд хамааралтай, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай нэгэн адил гэж үзэн адилтган шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

17.1 Учир нь: Бие даасан шаардлага гаргасан этгээд нь шүүхэд үүсгэгдсэн иргэний хэрэгт маргааны зүйлийн талаар шаардлага гаргаснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч болох бөгөөд түүний гаргасан шаардлагын зүйл нь зохигчдын маргааны зүйлтэй ижил байхыг шаардана. Өөрөөр хэлбэл *******гийн бие даасан шаардлага нь нэхэмжлэгч, хариуцагчийн хоорондох маргааны зүйлтэй ижил байхаас гадна, шаардлагын үндэслэл, зохигчдын хоорондох харилцааг анхаарах шаардлагатай байдаг.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, эвлэрэх эрхтэй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын эсрэг өөрийн шаардлагыг гаргах эрхтэй ба энэ сөрөг шаардлагыг шүүх үндсэн нэхэмжлэлтэй тооцогдох боломжтой байвал үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлэхээр хуульд заасан.

Үндсэн нэхэмжлэлтэй тооцогдох боломжтой гэдэг нь Иргэний хуулийн 238 дугаар зүйлд заасан харилцан шаардлага бүхий үүргийг тооцож дуусгавар болгох зохицуулалтад хамаарах нөхцөлийг хэлнэ.  

            Дээрх байдлаас үзвэл гуравдагч этгээдийн гаргасан бие даасан шаардлага, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь аливаа этгээдийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хүсэлт боловч эрх зүйн хувьд өөр хоорондоо ялгаатай, тусдаа ойлголтууд байхад *******гийн бие даасан шаардлагыг сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай нэгэн адил гэж үзэн адилтган шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29, 73 дугаар зүйлүүдэд заасантай нийцээгүй байна.

17.2 Мөн хамтран хариуцагч ******* нь 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргасан.

18. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д Шүүгч нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах дараах арга хэмжээг хэрэг үүсгэхдээ буюу үүсгэсний дараа захирамж гарган авах эрхтэй” гэж заасан.

Нэхэмжлэгч шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах хүсэлтийг гаргах эрх эдлэхийг хуульд заасан байхад шүүх хариуцагч *******гийн гаргасан дээрх хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн байна.

19. Дээрх байдлаас дүгнэж үзвэл анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй, талуудын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар үнэлж чадаагүй, *******гийн гаргасан бие даасан шаардлагыг сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай нэгэн адил гэж үзэн адилтган шийдвэрлэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн...” гэж үзэх үндэслэл бөгөөд шийдвэрийг өөрчлөх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

20. Давж заалдсан гомдолд дурдсанаас өөр үндэслэлээр буюу шүүхийн буруутай үйл ажиллагааны улмаас шийдвэрийг хүчингүй болгож байгаа тул нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 285,450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь : 

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны  11 дүгээр сарын 19-ний өдрийн 135/ШШ2024/01468 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

   2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 285,450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

   3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

   4. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Х.БАЙГАЛМАА    

                                            ШҮҮГЧИД                                      Р.ҮҮРИЙНТУЯА

                                                                                                         Г.МЯГМАРСҮРЭН