Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 63

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Оюунтунгалаг,

Улсын яллагч: Д.Ганчимэг,

Шүүгдэгч: С.Отгонсайхан,

Шүүгдэгч: Б.Билэгт,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Н.Энхтөр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харчин овогт Сугарын Отгонсайхан, Боржигон овогт Бямбасүрэнгийн Билэгт нарт холбогдох 1929000490032 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1988 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Дорноговь аймгийн Зүүнбаян суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, Халх, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 22 дугаар хороо, Хилчин 67-05 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд: 2010 онд ЭХТА-ийн 181 дүгээр зүйлийн 181.2.5, 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 7 сар хорих ял, 2018 онд ЭХТА-ийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Харчин овогт Сугарын Отгонсайхан /РД:ЕП88122011/,

Монгол улсын иргэн, 1988 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, Халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Батжих” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 22 дугаар хороо, Хилчингийн 27-18 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд: 2015 онд ЭХТА-ийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ял, 2018 онд ЭХТА-ийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, хэрэг харриуцах чадвартай. Боржигон овогт Бямбасүрэнгийн Билэгт /РД:УМ88071177/

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч С.Отгонсайхан, Б.Билэгт нар нь бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр нүүрс тээвэрлэлт хийлгэхээр итгэмжлэн хариуцуулсан “Таван толгой шин” ХХК-ийн эзэмшлийн 46-12 ӨМҮ услын дугаартай чирэгч, 05-79 ГЧ улсын дугаартай чиргүүлтэй тээврийн хэрэгслийн 46-12 ӨМҮ улсын дугаартай чирэгчийг завшсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Отгонсайхан мэдүүлэхдээ: ”Мэдүүлэг өгөхгүй.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Билэгт мэдүүлэхдээ: ”Мөн адил мэдүүлэг өгөхгүй.” гэв.

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 11-12-р хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ууганжаргалын: “...”Таван толгой шин” ХХК-ын эзэмшлийн 46-12 Өмү улсын дугаартай чирэгч, 05-79 ГЧ улсын дугаартай чиргүүлийг жолооч Сугар овогтой Отгонсайханд хүлээлгэн өгсөн. 2018 оны 11 дүгээр сарын 10-ны үед БНХАУ-аас Монгол улын хилээр унаж орж ирээд 5 удаа тээвэрлэлт хийж өгөөд Хятад улсруу орж тооцоогоо  хийнэ гэж хэлээд машин хүлээлгэж өгөөгүй сураггүй алга болсон. Би хамгийн сүүлд 2018 оны 12 дугаар сарын 21-ний 22 цаг 20 минутад “Эрдэнэс таван толгой” уурхайн зам дээр ачаагүй явж байгааг харсан. Тэгээд тэр өдрөөс хойш машин болон жолоочийг хараагүй” гэх мэдүүлэг / хх-ийн 23-24-р хуудас/

С.Энхжингийн гэрчээр өгсөн: “...Алтангэрэл ах надад зарах машин байна гэснээр би 2019 оны 01 дүгээр сарын эхээр яг өдрийг нь санахгүй байна нүүрс тээвэрлэлт явж байгаа засмал замын 5 дахь километр дээр очиж үзэхэд цагаан толгойтой улаан чиргүүлтэй Нордбенз маркийн машин байсан ба чирэгчийг нь дангаар нь зарна гэсэн. Алтангэрэл ах болохоороо би мөнгөгүй байна чи авах уу гэсэн. Ингээд машин зарна гэсэн хоёр залуутай уулзахад Отгонсайхан гэдэг залуу нь “ээжийн бие өвчтэй мөнгөний яаралтай хэрэг гарсан. Тэгээд хямд зарах болсон. Мөн машины түрээс нь дуусаад хувьд гарч байгаа юм, удахгүй бичиг баримт нь миний нэр дээр гарна. Тэгэхээр нь шилжүүлж өгнө” гэж ярьсан. Ингээд машиныг нь  би 8,000,000 төгрөгөөр авахаар тохироод Улаанбаатар орох түлшийг нь хийж өгөөд өөрөө замын унаагаар түрүүлээд хот явсан юм. Хотод очоод Отгонсайхны дансруу 6,000,000 төгрөгийг, Билэгтийн дансруу 2,000,000 төгрөгийг шилжүүлсэн ба машиныг Отгонсайхан, Билэгт хоёр Өлзийт хороонд айлын гадна аваачиж тавьсан байсан. Би Отгонсайхан, Билэгт нарыг эзнийх нь зөвшөөрөлгүйгээр хулгайн машин зарж байгаа гэж огт мэдээгүй, түрээсээр аваад тэр нь дууссан. Тэгээд зарж байгаа юм байна гэж ойлгосон...” гэх мэдүүлэг / хх-ийн 28-29-р хуудас/,

М.Баттулгын гэрчээр өгсөн: “...Энхжин “ахаасаа түрээсийн машин авсан. Чи надаас тэр машиныг нь авч тээвэрт явуулах уу” гэхээр нь “үзэж байгаад боломжийн машин байвал авъя” гэж хэлсэн. Тэгээд Энхжингийн хамт  Хан-Уул дүүргийн Өлзийт хороололд айлын хашаанд очиход Нордбенз маркийн чирэгч байсан. Тухайн машин боломжийн байхаар нь Энхжинтэй 12,000,000 /арван хоёр сая/ төгрөгөөр авахаар тохироод хэд хоногийн дараа Энхжингийн дансруу мөнгийг шилжүүлсэн... “Таван Толгой Шин” ХХК-ийн нэр дээр байсан. Энхжин надад хэлэхдээ “түрээсээ дуусгаад компанийн нэр дээрээс шилжүүлээд өгнө” гэхээр нь худалдан авсан” гэх мэдүүлэг / хх-ийн 30-31-р хуудас/,

Н.Алтангэрэлийн гэрчээр өгсөн: “...2019 оны 02 дугаар сарын 06-ны үед Отгонсайхан 99839595 дугаарын утсаар надруу залгаад “өөрийнхөө унаж явсан нүүрс тээвэрт явдаг 46-12 ӨМҮ улсын дугаартай Нордбенз маркийн машиныг зарах гэсэн юм” гэхээр нь “хүрээд ирэхгүй юу, ирэхээр чинь машиныг чинь үзье” гэж хэлсэн. Тэгээд Улаанбаатар хотоос 2019 оны 01 дүгээр сарын 07-ны үед байх яг хэдний өдөр байснаа санахгүй байна. Отгонсайхан, Билэгт нар ирсэн Отгонсайхны унаж байсан 46-12 ӨМҮ улсын дугаартай Нордбенз маркийн машиныг үзэхэд бичиг баримт нь шилжихгүй гэхээр нь бичиг баримт асуудалтай юм байна гэж бодоод авахаа больсон. Тэр үеэр Энхжин “Цагаан хад”-наас ирж уулзахаар нь Энхжинд зарах машин байгаа талаар хэлэхэд ямар машин байгааг сонирхоё гээд очиж үзээд Отгонсайхан, Энхжин нар тохироод авахаар болсон. Энхжин, Отгонсайхан, Билэгт нар Улаанбаатар хотруу 46-12 ӨМҮ улсын дугаартай Нордбенз маркийн машинаар явсан ... “Ээжийн би өвдөөд мөнгөний хэрэг гарчихлаа, машины түрээс дууссан зарах гэсэн юм” гэж ярьсан...” гэх мэдүүлэг / хх-ийн 34-р хуудас/,

Б.Баярсайхны гэрчээр өгсөн: “...Баттулга надруу залгаад “нилээн засвартай машин байна сонирхох уу” гэхээр нь хэр их засвартай юм бол үзье гэж тохироод уулзах болсон. Тэгээд Хан-Уул дүүргийн Өлзийт хороололд айлын хашаанд Баттулгын хамт очиход цагаан өнгөтэй Нордбез маркийн машин байхаар нь үзэхэд нэлээн засвар орохоор машин байсан. Кабин доторх нь замбараагүй байхаар нь асуухад өмнөх эзэн нь доторлогоо хийх гэж байгаад тийм болгосон гэж хэлсэн. Тэгээд 12,000,000 төгрөгөөр авахаар болж тохироод би мөнгийг 3 хоногийн дараа Баттулгын дансанд шилжүүлсэн” гэх мэдүүлэг / хх-ийн 40-45-р хуудас/,

“Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 01/12 дугаартай дүгнэлт / хх-ийн 47-р хуудас/,

С.Отгонсайханы яллагдагчаар өгсөн мэдүүлэг / хх-ийн 58-60-р хуудас/,

Б.Билэгтийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг / хх-ийн 61-63-р хуудас/,

С.Отгонсайханы хувийн байдалтай холбогдох баримтууд /хх-н 67, 72, 101, 118-119 дугаар хуудас/,

С.Отгонсайханы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 64 дугаар хуудас/,

С.Отгонсайханы гарын арван хурууны дардас /хх-н 69 дугаар хуудас/,

Б.Билэгтийн хувийн байдалтай холбогдох баримтууд /хх-н 66, 73,100, 116-117, 166-167 дугаар хуудас/,

Б.Билэгтийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 65 дугаар хуудас/,

Б.Билэгтийн гарын арван хурууны дардас /хх-н 71 дугаар хуудас/,

С.Отгонсайханы эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаарх Ерөнхий прокурорын газрын эрүүгийн хэргийн төв архивын лавлагаа /хх-н 74-87 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Б.Билэгтийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаарх Ерөнхий прокурорын газрын эрүүгийн хэргийн төв архивын лавлагаа /хх-н 168-172   дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

1.Гэм буруугийн талаар

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч С.Отгонсайхан, Б.Билэгт нар нь бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр нүүрс тээвэрлэлт хийлгэхээр итгэмжлэн хариуцуулсан “Таван толгой шин” ХХК-ийн эзэмшлийн 46-12 ӨМҮ услын дугаартай чирэгч, 05-79 ГЧ улсын дугаартай чиргүүлтэй тээврийн хэрэгслийн 46-12 ӨМҮ улсын дугаартай чирэгчийг завшсан үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын эд хөрөнгөд халдаж хохирол учруулсан гэмт үйлдэл болох юм. 

Иймд шүүгдэгч С.Отгонсайхан, Б.Билэгт нарыг бүлэглэн, гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

2. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.

“Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” бөгөөд “Таван толгой шин” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Ууганжаргал нь “уг хэрэгт холбогдсон С.Отгонсайхан, Б.Билэгт нар машинаас алдагдсан 3 ширхэг дугуй, мотор халаагч 1 ширхэгийг  эргүүлж өгсөн, ...Одоо надад нэмж нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал байхгүй” /хх-ийн 142-143 дугаар хуудас/, иргэний нэхэмжлэгч Б.Баярсайхан нь “С.Отгонсайхан, Б.Билэгт нараас 8,000,000 төгрөгийн хохирол төлбөр гаргуулахаар нэхэмжилсэн” /хх-ийн 42-43 дугаар хуудас/, шүүгдэгч нар нь шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгчид учруулсан хохирлыг төлөхөө хүлээн зөвшөөрч мэдүүлсэн байх тул шүүгдэгч нарыг хохирол төлбөрийг төлж барагдуулсан, иргэний нэхэмжлэгчид учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулахаа илэрхийлсэн гэж үзэв.

3.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан үндэслэл болох үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн, хохирол хор уршгийг арилгасан, арилгахаа илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлуудыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, шүүгдэгчдийн хувийн байдлыг харгалзан үзэв.

Иймд улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар  гаргасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Отгонсайханд  8 /найм/-н сарын хугацаатай хорих ял оногдуулах, Б.Билэгтэд 8 /найм/-н сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналыг тус тус хянаад.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч С.Отгонсайханд  хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэх ял оногдуулах, Б.Билэгтэд хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэх ял оногдуулав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч С.Отгонсайхан, Б.Билэгт нарт тус бүрд нь тэнсэгдсэн 1 /нэг/ жилийн хугацаанд тус хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах”, 2.2-т заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө байхгүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, С.Отгонсайхан, Б.Билэгт нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд С.Отгонсайхан, Б.Билэгт нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Харчин овогт Сугарын Отгонсайханыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

- Шүүгдэгч Боржигон овогт Бямбасүрэнгийн Билэгтийг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Отгонсайханыг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэх,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Билэгтийг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэх ял тус тус оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч С.Отгонсайхан, Б.Билэгт нарт тус бүрд нь тэнсэгдсэн 1 /нэг/ жилийн хугацаанд тус хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах”, 2.2-т заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5, 6 дахь хэсэгт зааснаар С.Отгонсайхан, Б.Билэгт нар нь тэнсэгдсэн 1 /нэг/ жилийн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн бол тус шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг тайлбарласугай.

5. Шүүгдэгч С.Отгонсайхан, Б.Билэгт нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулвал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй С.Отгонсайхан, Б.Билэгт нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч “Таван толгой шин” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Ууганжаргал гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Отгонсайхан, Б.Билэгт нараас 8,000,000 /найман сая/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Баярсайханд олгосугай.

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд С.Отгонсайхан, Б.Билэгт нарт урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд С.Отгонсайхан, Б.Билэгт нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ӨЛЗИЙ-ОТГОН