| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Самандаабазарын Өлзий-Отгон |
| Хэргийн индекс | 144/2019/0057/Э |
| Дугаар | 64 |
| Огноо | 2019-06-04 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 64
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Оюунтунгалаг,
Улсын яллагч Д.Ганчимэг,
Шүүгдэгч Ч.Б /өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баяжих овогт Чимэддоржийн Бд холбогдох 1929000930042 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч Ч.Б нь хууль бусаар зохих зөвшөөрөлгүйгээр эмийн түүхий эд болох “Каффейн”-ыг худалдах, түгээх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Б мэдүүлэхдээ: “...2019 оны 02 дугаар сарын 25-нд хилээр гарч “Ганц мод” руу орж эмчид үзүүлээд өдөртөө эргэж гарч ирсэн. Эмчилгээний зардлаа нөхөх гээд “Ганц мод” гэх газраас жижиг цаасанд боосон 10 ширхэг ми-ми гэдэг нунтаг зүйлийг авч ирсэн. Тэгээд “Цагаанхад”-нд байх хугацаандаа бүгдийг нь зарсан.” гэв.
Эд зүйл хураан авсан тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 5-9, 18-21 дүгээр хуудас/,
Хураан авсан эд зүйл /Каффейн/-ыг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хх-н 24-25 дугаар хуудас/,
Гэрч Б.Дамдиндоржийн: “...Би Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Цагаанхад” гэх газарт он, сар, өдрийг нь сайн санахгүй байна. Жижиг саарал өнгийн машиныг “Таксинд явах уу” гээд “Оюутсүмбэрийн” хашаанд хүргүүлсэн. Хоёр суудлын голд сонингийн цаасанд хавтгайлж боосон зүйл байхаар нь асуусан чинь “Нойр хүргэдэггүй эм” гэхээр нь “Зарах уу” гэж асуусан чинь “Боодол нь 10,000 төгрөг” гэхээр нь сонирхоод нэг боодлыг худалдаж авсан” гэх мэдүүлэг /хх-н 626-27 дугаар хуудас/,
Ч.Бумдарийн гэрчээр өгсөн: “...Би Өмнөговь аймгийн “Гашуун Сухайт” хилийн боомтоор БНХАУ-ын “Ганц мод”-ны боомтоос танихгүй Хятад иргэнээс “Мими” гэх зүйл 10 ширхэгийг авсан... “Цагаанхад” гэх газарт гэртээ авч ирээд нүүрс тээврийн жолооч нарт нэг бүрийг нь 10,000 төгрөгөөр зарсан” гэх мэдүүлэг /хх-н 28-29 дүгээр хуудас/,
Гэрч Н.Мөнхбаяр, Ц.Сарантуяа нарын: “...Ч.Б нь Өмнөговь аймгийн Ханбогд сум Хайрхан баг “Цагаан хад” гэх газарт хувиараа такси үйлчилгээнд явдаг” гэх мэдүүлэг /хх-н 30-31, 32-33 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2154 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн нунтаг цагаан зүйлээс “Каффейн” /Caffiene/ илэрч байна” гэх дүгнэлт /хх-н 35 дугаар хуудас/,
Эрүүл мэндийн хөгжлийн төвийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 453 дугаартай “Монгол Улсын эмийн түүхий эдийн бүртгэлд БНХАУ-ын 2 үйлдвэрийн “Каффейн” бүртгэлтэй байна” гэх дүгнэлт /хх-н 37-38 дугаар хуудас/,
Ч.Бумдарийн яллагдагчаар өгсөн: “...Би 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Монгол улсын “Гашуун Сухайт” хилийн боомтоор дамжин БНХАУ-ын “Ганц мод” боомтруу орсон. Би эмчид биеэ үзүүлээд буцаад гарахдаа 10 ширхэг “МиМи” гэх зүйлийг 1 боодол нь 10 юань гэхээр нь 10 боодлыг 100 юанаар худалдан авч тэр өдөртөө БНХАУ-ын “Ганц мод” боомтоос буцаж Монгол улсын “Гашуу Сухайт” хилийн боомтоор хөхөвчиндөө нуугаад орж ирсэн. Би таксинд явж байхдаа хүн асуухаар нь “Цагаан хад”-д байрлах гэрээсээ авч өгч байсан. Нэг боодлыг нь 10,000 төгрөгөөр зарж байсан” гэх мэдүүлэг /хх-н 43-45, 46-47 дугаар хуудас/,
Ч.Бумдарийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах ял шалгуурын хуудас /хх-н 57 дугаар хуудас/,
Ч.Бумдарийн гадаад паспорт болон гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 51-52, 59-61 дугаар хуудас/,
Тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон жолоочийн үнэмлэхний хуулбар /хх-н 82 дугаар хуудас/,
Ч.Бумдарийн арилжааны банкнуудад хадгаламжийн данстай эсэх талаарх мэдээлэл /хх-н 54-57 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
Шүүгдэгч Ч.Б нь хууль бусаар, зохих зөвшөөрөлгүйгээр эм, биобэлдмэлд орох эмийн түүхий эд болох “Каффейн”-ыг импортолсон, худалдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2154 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн нунтаг цагаан зүйлээс “Каффейн” /Caffiene/ илэрч байна. Шинжилгээнд илэрсэн “Каффейн” /Caffiene/ нь НҮБ-ын конвенцид багтдаггүй болно. Монгол улсын хүн амын эмчилгээнд хэрэглэх мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийн жагсаалтад хамаардаггүй болно” гэх дүгнэлт /хх-ийн 35 дугаар хуудас/,
- Эрүүл мэндийн хөгжлийн төвийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 453 дугаартай “Монгол Улсын эмийн түүхий эдийн бүртгэлд БНХАУ-ын 2 үйлдвэрийн “Каффейн” бүртгэлтэй байна” гэх дүгнэлт, хавсралт /хх-н 37-38 дугаар хуудас/,
болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Ч.Бумдарийг гэм буруутайд тооцох эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
2. Хохирол, хор уршгийн талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.
Шүүгдэгч Ч.Бумдарийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь нийгэмд аюултай, хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээнд хамран сарниулдаг, улмаар хүний удмын санд нөхөж баршгүй гэм хортой бөгөөд хүний биед улиг муу зуршил болгодог нь нийгмийн хор аюул, уршигт тооцогдоно.
3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан үндэслэл болох анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн зэрэг нөхцөл байдлуудыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, шүүгдэгчдийн хувийн байдлыг харгалзан үзэв.
Иймд улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар, нээлттэй хорих байгууллагад хорих ял эдлүүлэх саналыг хянаад, шүүгдэгч Ч.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 3 дахь хэсгийн 3.3-т тус тус зааснаар тэнсэгдсэн хугацаанд зан үйлээ засах үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тус тус оногдуулж шийдвэрлэв.
2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Мөрдөгчийн тогтоолоор эд мөрийн баримтаар хурааж авсан “МиМи” гэх цагаан өнгийн нунтаг 10 грамм нунтаг бодисыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комиссд даалгах нь зүйтэй.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ч.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Баяжих овогт Чимэддоржийн Бумдарийг хууль бусаар эм, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл, үйлдвэрлэх, импортлох, худалдах, түгээх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ч.Бд хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 3 дахь хэсгийн 3.3-т тус тус зааснаар тэнсэгдсэн хугацаанд зан үйлээ засах үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тус тус оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5, 6 дахь хэсэгт тус тус зааснаар Ч.Б нь тэнсэгдсэн 1 /нэг/ жилийн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах талаар тайлбарласугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Мөрдөгчийн тогтоолоор эд мөрийн баримтаар хурааж ирүүсэн “МиМи” гэх цагаан өнгийн нунтаг 10 грамм бодисыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
5. Шүүгдэгч Ч.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, Ч.Бумдарийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Ч.Бд урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ч.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ӨЛЗИЙ-ОТГОН