Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2025/00088

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, шүүгч Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2024/03409 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******а,

Хариуцагч: *******, ******* нар,

 

130,500,000 төгрөг гаргуулах тухай үндсэн, автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******а, түүний өмгөөлөгч *******, *******, хариуцагч *******, түүний өмгөөлөгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

Хариуцагч ******* нь 2014 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр миний эзэмшлийн ******* УБЭ улсын дугаартай хар өнгийн Тоуоtа Land cruiser-200 маркийн автомашиныг 85,000,000 төгрөгөөр худалдан авч төлбөрийг 2014 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд бүх мөнгөө төлж дуусгах нөхцөлтэйгөөр МУ-ын Иргэний хуулийн 262-264 дүгээр заалтуудыг үндэслэн Автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан хүлээн авч явсан. Гэрээний 3-р заалтад ******* нь төлбөрөө төлж дуусгах хугацааг тодорхой зааж үүрэг хүлээсэн байдаг боловч төлбөрөө хугацаандаа төлөөгүйгээс гадна мөнгөө төлөхийг шаардсан удаа дараагийн шаардлагыг хүлээн авахгүй зугтааж гэрээний үүргээ зөрчсөөр байна. Иймд ******* нь гэрээний 3 дахь заалтыг зөрчиж төлбөрөө төлөхгүй хугацаа хэтрүүлсэн, мөн гэрээний 8 дахь заалтад хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг тооцно гэсэн нөхцөлийн дагуу олон хоног болж байгаа боловч ИХ-ийн 232-р зүйлийн 232.4-т зааснаар гэрээний дагуу төлөх алданги 42,500,000 төгрөг, үндсэн төлбөр 85,000,000 төгрөг, хохирсноос үүдэн гарсан зардалд буюу өмгөөлөгчийн ажлын хөлсөнд төлсөн 3,000,000 төгрөг, нийлбэр дүнгээр нийт 130,500,000 төгрөгийг иргэн *******ээс гаргуулж өгнө үү гэжээ. 

  

2.1. Хариуцагч *******ийн тайлбар, татгалзлын агуулга:

2014 оны 1 сард би Улаанбаатар хотоос аймаг руу явах ажилтай байсан юм. Тухайн үед манай найз ******* надтай утсаар холбогдож, Улаанбаатар хотоос *******аас land cruiser-200 маркийн машин аваад бариад ирэхийг хүссэн юм. Тухайн үед би *******атай холбогдоход дээрх машинаа *******т зарж байгаа тухайгаа хэлж, авто машин зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулах шаардлагатай гээд уг гэрээнд гарын үсэг зуруулсан. Би тухайн үед ******* *******а нар хоорондоо тохиролцож уг машиныг худалдаж авч байгаа юм байна гэж ойлгосон. Ингээд би найз той хамт уг машиныг бариад аймагт ирээд *******т хүлээлгэж өгсөн. Түүнээс хойш уг машинтай холбоотой асуудал надад хамаагүй. Уг зээлийн гэрээнд би гарын үсэг зурахгүй гэхэд *******а нь Улаанбаатар хотоос аймаг явах замд тээвэр авто замын газар болон Цагдаагийн газраас шалгадаг тул автомашин зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулах хэрэгтэй гэж намайг төөрөгдүүлж гарын үсэг зуруулсан. Миний бие дээрх машиныг өөрийнхөө өмчлөл, эзэмшилд шилжүүлээгүй, уг машиныг хувьдаа ашиглаагүй, уг машиныг худалдан авах хүсэл зориг надад байгаагүй, зөвхөн Б Ганболорын өмнөөс зээлээр авто машин худалдах, худалдан авах гэрээнд гарын үсэг зурж, уг машиныг Ганболорт хүлээлгэн өгсөн юм. Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

2.2. Хариуцагч *******ын тайлбар, татгалзлын агуулга:

Би аймагт барилга барьдаг байсан. Шалаа зээлээр авдаг, тодорхой мөнгийг нь өгдөг байсан. Ямар нэгэн гэрээ хэлцэл байхгүй аман хэлбэрээр нөхөрлөлийн журмаар явдаг байсан. Хамгийн сүүлд 2013 онд 200 унаад үүнийг зармаар байна гэж хэлсэн. Ямар үнэтэй вэ гэсэн тус дэмтэй байя гээд зараад өгье л гэж хэлсэн. Тус болох зорилгоор байнга л асуудаг байсан. Манай найз наашаа явахаар боллоо би *******а руу яриад нөгөө машинаа өгөөд явуулчих хүн амьтан нь үзүүлье гэж хэлсэн. Би 130,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хойд тал нь мөргөсөн сэвтэй замасктай юм байна 65,000,000 төгрөгт авъя гэж хөдөөний нэг хүн надтай тохирсон юм. Тэгээд би өөртэй нь утсаар яриад бодож үзье гэсэн. Тэгээд арай болохгүй юм байна 85,000,000 төгрөгөөрөө л тохирно гэж хэлсэн. Хавар нь ирээд бид хоёр уулзсан. 65,000,000 төгрөгт зарчихъя гээл ярианы завсраараа тийм л яриа болсон. Тэгээд ерөөсөө болохгүй болохоор нь би гэдэг хүнд өгөөд явуулсан. нь машинаа авсангүй гэж хэлсэн. Чи наад машинаа гараашинд хийгээд хадгалаад байж бай ах нь ирж байгаад учрыг нь олъё гэж би хэлсэн. Тэрнээс хойш би барааг нь олж хараагүй. Өнгөрсөн 7 дугаар 19-ний өдөр нөгөө машин чинь байрны гадаа байж байна гэхэд нь машинд дайгдаж ирээд машиныг авсан. Түлхүүр бичиг баримтыг нь Тахарын албанаас гэдэг байцаагч урт цагааны энд байж байхад ирж мэдүүлэг аваад машины зургийг аваад баталгаажуулаад авсан. ******* нь энэ хэрэгт ямар ч хамааралгүй салгаж өгөөч гэж хүсэж байна. Ярьж тохиролцож болно ойрын 10 жилийн хугацаанд худлаа яриад зугтаасан зүйл байхгүй гэжээ.

 

3. Хариуцагч *******ийн сөрөг нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

2014 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр *******атай байгуулсан 80 сая төгрөгөөр Ланд круйзэр-200 маркийн машин худалдах худалдан авах гэрээнд гарын үсэг зурсан шалтгаан нь тус машиныг ******* гэдэг залууд хүргэж өгөхөөр Улаанбаатараас, аймаг руу явах замд цагдаа зогсоогоод бичиг баримт шалгаж магадгүй тул ... саяхан худалдаж аваад явж байна гээд тус гэрээг үзүүлэхэд хэрэг болно... гэж хэлэхээр нь гарын үсэг зурсан. Надад тус машиныг худалдан авах шаардлага, хүсэл сонирхол огт байгаагүй. 2014 оны 01 дүгээр сарын 27-28-ны өдөр *******т машиныг хүлээлгэж өгсөн бөгөөд тухайн машиныг өөрөөр нэг ч удаа ашиглаж, эзэмшиж унаж байгаагүй. *******а, бид хоёрын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.4-т заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл юм. Иймд 2014 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр *******а, ******* бидний байгуулсан Автомашин худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар, татгалзлын агуулга:

Иргэн *******, ******* нар нь барилга барьдаг гэж анх надтай танилцаж *******а надаас барилгын материал авдаг, заримдаа зээлээр аваад мөнгийг нь дараа өгчихдөг байсан болохоор тэдэнд итгээд бараагаа өгөөд явуулчихдаг бизнесийн харилцаатай байсан юм. Тэгээд 2014 оны 01 сард ******* нь цагаан сар боллоо машинаа зарчхаач би зээлээр худалдаж авъя, мөнгийг нь 2014.06.01-ний дотор өгье гээд гуйгаад байсан ба ******* бас машинаа *******д зээлээр худалдчихаа гээд байнга гуйгаад байхаар нь өмнө нь зээлээр бараа аваад мөнгөө өгчихдөг байсан болохоор нь итгэж зөвшөөрөөд автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан дүрс бичлэг хийж автомашинаа *******д хүлээлгэн өгсөн. Иргэн *******, ******* нар бол найз нөхөд бөгөөд тэд үгээ нийлүүлж худал тайлбар мэдүүлэг өгч байгаа нь илт байгаа, гэхдээ тэдний өөрсдийнх нь өгсөн тайлбар мэдүүлэг нь хоорондоо зөрүүтэй байгаагаас тэд худлаа ярьж байгаа нь тодорхой харагдаж байна. Сөрөг нэхэмжлэлдээ: ...гэрээнд гарын үсэг зурсан шалтгаан нь тус машиныг Ганболорт хүргэж өгсөн, руу явах замд цагдаа зогсоож шалгах тул үзүүлэхэд хэрэг болно гэхээр нь гарын үсэг зурсан ... гэжээ, гэтэл тухайн үед бусдын автомашиныг жолоодож явахад итгэмжлэлтэй байх эсвэл өөрийн нэр дээр байх гэсэн зохицуулалт 2005 оноос хүчингүй болсон байсан, тиймээс замд цагдаа зогсооход үзүүлэхийн тулд гэрээ байгуулсан гэсэн тайлбар няцаагдаж байгаа юм. ******* нь гэрээ байгуулахдаа хүсэл зоригоо бүрэн илэрхийлж нотариатаар орж гэрээ байгуулж автомашиныг хүлээж аваад явсан, харин ******* тэдний хооронд үүссэн асуудал, ямар харилцаа тохиролцоотой байсан нь надад хамааралгүй юм. Тиймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, тайлбар нь бүхэлдээ үндэслэлгүй, ИХ-ийн 56-р зүйлийн 56.1.2, 56.1.4-т заасан үндэслэл байхгүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар нэхэмжлэгч *******ын гаргасан хариуцагч *******, ******* нарт холбогдох 130,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар хариуцагч *******ийн гаргасан автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 810,450 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 557,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 557,950 төгрөгийг гаргуулан хариуцагч *******д олгож шийдвэрлэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Нэхэмжлэгч *******а би 2014 оны 01 сарын 26-ны өдөр хариуцагч *******тэй, ******* нарын хүсэлтийн дагуу өөрийн автомашинаа тэдэнд зээлээр худалдсан бөгөөд ******* нь надтай зээлээр худалдах, худалдан авах гэрээ-г байгуулж миний автомашиныг дүрс бичлэгээр баримтжуулан авч явсан билээ.

Хариуцагч нар нь миний автомашиныг өөр хүнд өрөндөө өгсөн байгаа талаар, автомашин авсан хүн нь өрөндөө авсан талаар, автомашин олдохгүй нууж бултуулсан асуудлыг гэрчүүдээс нь асуухаар мэдэхгүй гэсээр сүүлд машин олдсон гээд олон асуудлууд өрнөсөн байхад шүүх ганцхан *******, ******* нарын худал тайлбарт нь үнэн гэсэн дүгнэлт өгч байгаа нь үндэслэлгүй байна. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтууд, гэрчүүдийн мэдүүлэг гээд бүх баримтуудыг харьцуулан үзэж дүгнэлт хийгээгүйд гайхаж гомдож байна.

Шүүх дүгнэхдээ Иргэний хуулийн 243-р зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ-нд хамаарч байна гэж үзсэн.

Харин миний тайлбарыг гуйвуулж өөрөөр тайлбарласан байна. Тодруулбал, ... ******* утсаар ярьж миний найз ******* наанаас чинь ирэх гэж байгаа юм байна, машинаа өгөөд явуулчих гэж хэлсэн, мөн ******* нь шүүхэд тайлбар гаргахдаа: *******а нь намайг төөрөгдүүлж гэрээ хийлгэсэн... гэх зэрэг худал тайлбаруудыг ямар ч нотолгоогүйгээр үнэн гэж үзээд гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцож байгаа нь хууль зөрчсөн гэж үзэж байна.

Мөн *******а нь тээврийн хэрэгслийн гэрчилгээнд өмчлөгчөөр тэмдэглэсэн байх тул түүнийг өмчлөгч гэж үзнэ, харин автомашины бодит эзэмшил *******ын эзэмшилд байгаа талаар талууд маргаагүй, иймд *******а төлбөр нэхэмжлэх эрхгүй гэж байгаа нь үнэхээр хуульд заасан бүхнийг зөрчиж байна. Зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан нь Иргэний хуульд заасан шаардлагыг хангуулах үүднээс нотариат дээр хамт очиж тайлбарлуулж хийгдсэн гэрээ, өөрөөр хэлбэл төлбөр төлөгдсөний дараа тээврийн хэрэгслийн гэрчилгээнд нэр шилжихээр тохирсон байсан, харин төлбөр төлөгдөхгүй байсан учраас нэр шилжүүлэгдэхгүй шүүх дээр олон жил маргаад явж байгаа юм.

Миний автомашин олдохгүй байсан тул би өөрөө олж шүүхэд гэрчээр дуудуулж мэдүүлэг авхуулсан, тэр хүн өрөндөө авсан гэдгийг ч хэлсэн. Мөн ******* нь би мөнгийг нь үндсэн төлбөрийг төлье гэж шүүх хуралдаануудад хэлдэг. Энэ бүхнийг шүүх яагаад тоож үнэлэхгүй хаяж байгаа нь сонин байна.

Иймд хэргийг бүхэлд нь хянан үзэж Хан-уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 сарын 26-ны өдрийн 183/ШШ2024/03409 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

7.1. Хариуцагч ******* болон түүний өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

Нэхэмжлэгчийн зүгээс анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагаа *******а, ******* нарын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээг үндэслэж, үүргээ биелүүлэхийг шаардсан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр байгаа тохиолдолд гэрээний үүргийг биелүүлэхийг шаардах эрхтэй. Гэвч Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар талуудын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр бус болох нь хэргийн оролцогчдын тайлбар, гэрчийн мэдүүлгээр нотлогддог.

Нэхэмжлэгчийн зүгээс тухайн автомашиныг *******т худалдах сонирхолтой байсан бөгөөд анх намайг ******* залилсан гэж Цагдаагийн байгууллагад хандсан. Хэрэг бүртгэлтийг хаасан тогтоолд нэхэмжлэгч *******ын гаргасан тайлбарыг дурдсан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын зүгээс Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт нөгөө этгээд хүсэл зоригийг нь хүлээж авснаар хүчин төгөлдөр болно гэж зохицуулсан. *******д Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар автомашиныг худалдаж авах хүсэл сонирхол байгаагүй. Мөн нэхэмжлэгчийн зүгээс автомашины төлбөрийг *******, ******* нарын хэнээс шаардаж байгаа нь тодорхойгүй. Нэхэмжлэгчийн зүгээс аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг баримталж, давж заалдах гомдлоо тайлбарладаг. аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн хэргийг буруу шийдвэрлэсэн учраас давж заалдах шатны шүүхээс дахин шийдвэрлүүлэхээр буцаасан үйл баримтыг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нь аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс өөрөөр шийдвэрлэсэн гэх тайлбар үндэслэлгүй. Иймд, нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэв.

 

7.2. Хариуцагч *******ын шүүх хуралдаанд гаргах тайлбар байхгүй гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч *******а нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 130,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ******* нь автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргажээ.

 

3. Хэрэгт цугларсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, дараах үйл баримт тогтоогдов.

 

3.1 *******а нь 2014 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр *******тэй зээлээр автомашин худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулж, Тоёото ланд круйзер 200 маркийн УБЭ тоот улсын дугаартай автомашиныг 85,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авагч тал автомашины төлбөрийг 2014 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд бүрэн төлж дууссаны дараа тээврийн хэрэгслийн гэрчилгээний нэрийг шилжүүлэн өгөхөөр харилцан тохиролцсон /1.х.х-ийн 4/,

 

3.2 Мөн ******* нь дээрх автомашиныг той хамт Улаанбаатар хотоос аймаг руу жолоодон *******т хүлээлгэн өгсөн байна.

 

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл, талууд тухайн хэлцлийн үр дагаврыг хүсэж буюу эрх, үүргийн хувьд харилцан холбогдохоор хүсэл зоригоо илэрхийлж гэрээ, хэлцэл байгуулна.

 

4. *******а нь цагдаагийн байгууллагад ...2014 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр ******* над руу яриад машинаа надад өгөөд явуулчихаа нотариатаар гэрээ хийлгээд, би өөрөө очиж чадахгүй ажил ихтэй завгүй байгаад байна тиймээс чи манай найз *******тэй гэрээ хийчих гэсэн. Би, *******тэй 2014 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр -ийн ЗДТГ-ын хажуугийн нотариатын газар худалдах, худалдан авах гэрээг төлбөр болох 85,000,000 төгрөгийг өгч барагдуулахаар хийсэн. Дараа нь 2014 оны 06 дугаар сарын 01-ний өдөр болоод мөнгөө *******оос асуухад энд баригдаж байгаа байр бага зэрэг асуудалтай байна гэх зэргээр хойшлуулсаар байгаад сүүлдээ утсаа авах нь хүртэл ховордсон. 2014 оны 06 дугаар сард түүнийг хотод ирчихсэн явж байхаар нь бид 2 хоол идэнгээ ярилцаад юу болж байгаа талаар асуухад хүндхэн байна, мөнгө төгрөг орж ирэхгүй байна, машины үнийн тал дээр бага зэрэг ярилцмаар байна гэхээр нь би тухайн үед гэрээ хийсэн, бүтэн гээд чи авсан гээд нэлээн удаан ярилцсан, тэгээд ******* эхнэртэйгээ сайн ярилцаад маргааш хариу өгье гэсэн ба маргааш нь утсаа аваагүй. Ингээд байж байгаад өнгөрсөн 7 хоногт миний машиныг авч ирж өгсөн, үзэж харахад бүх зүйл нь навсайсан болчихсон байсан. Тэгээд компанийнхаа нэг менежерээр өгч явуулсан байсан, би харин аваагүй... гэж мэдүүлжээ. /3.х.х-ийн 32/

 

Харин хариуцагч ******* нь ...2014 оны 1 сард би Улаанбаатар хотоос аймаг руу явах ажилтай байсан юм. Тухайн үед манай найз ******* надтай утсаар холбогдоод Улаанбаатар хотоос *******аас Ланд круйзер 200 маркийн машин бариад ирэхийг хүссэн юм. Ингээд би найз той хамт уг машиныг бариад аймаг уруу явсан. аймагт ирээд уг машиныг *******т хүлээлгэж өгсөн. Түүнээс хойш машинтай холбоотой асуудал надад хамаагүй. Миний бие дээрх машиныг өөрийн өмчлөл, эзэмшилд шилжүүлэн аваагүй, хувьдаа ашиглаагүй, худалдан авах хүсэл зориг надад байгаагүй, зөвхөн *******ын өмнөөс зээлээр авто машин худалдах, худалдан авах гэрээнд гарын үсэг зурж, түүнд хүлээлгэн өгсөн юм... гэсэн хариу тайлбар өгсөн. /1.х.х-ийн 82/

 

Мөн тухайн автомашиныг Улаанбаатар хотоос аймаг руу *******ийн хамт унаж ирсэн гэрч Ц.Пүрэвдорж нь ...******* нь УБЭ тоот улсын дугаартай Тоёото ланд круйзер 200 маркийн автомашиныг аймагт *******т хүргэж өгөх үүрэгтэй байсан. *******д энэ автомашин ямар ч хамааралгүй...******* нь энэхүү автомашиныг Улаанбаатар хотоос аймаг руу бариад хүргээд өг гуйсны учир ******* нь уг машиныг барьж хүргэж өгсөн... гэж мэдүүлжээ. /1.х.х-ийн 112, 113/

 

Үүнээс гадна хариуцагч ******* нь цагдаагийн байгууллагад ...*******а хойноос утасдаад байдаг байсан. Тэгэхээр би явах явуулчихгүй юу би ганц нэг хүнд үзүүлье гэсэн манай найз *******д унуулаад наашаа явуулчих гээд хооронд нь уулзуулсан ба *******а над руу яриад би юмаа зүгээр өгч явуулалтай биш нэг гэрээ хийчих үү гэхээр нь тэг гэсэн, ...хэдээр өгөх юм бэ гэтэл 85,000,000 төгрөгөөр зарна гэж байсан... гэсэн тайлбар өгсөн байна. /3.х.х-ийн 33/

 

Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгч *******а нь энэхүү тээврийн хэрэгслийг хариуцагч *******д худалдаагүй, зохигч нарт анхнаасаа худалдах, худалдан авах хүсэл зориг байгаагүй болох нь тогтоогдож байна.

 

5. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д дараахь хэлцэл хүчин төгөлдөр бус байна гээд 56.1.2-т дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж заажээ. Тодруулбал, талууд хэлцлийн үр дагаврыг хүсээгүй боловч хэлцэл хийсэн мэтээр гадаад илэрхийллийг бий болгох зорилгоор ийнхүү гэрээ байгуулсан тохиолдолд тухайн гэрээ нь анхнаасаа хүчин төгөлдөр бус байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч *******а болон хариуцагч ******* нарын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаагүй буюу дүр үзүүлсэн хэлцэл байгуулсан гэсэн үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 

Иймд, нэхэмжлэгч *******а нь хариуцагч *******д холбогдуулан хүчин төгөлдөр бус гэрээний үүргийг шаардах эрхгүй тул энэ талаарх түүний давж заалдах гомдлыг хүлээн авахгүй.

 

6. Хэрэгт цугларсан баримтаар хариуцагч ******* нь гэрчээр 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр өгсөн мэдүүлэг болон 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа УБЭ тоот улсын дугаартай Тоёото ланд круйзер 200 маркийн автомашиныг ******* нь худалдан аваагүй, харин нэхэмжлэгч *******а нь худалдах гэж байсан учир миний бие түүний автомашиныг бусдад худалдан борлуулахад туслах зорилгоор Улаанбаатар хотоос аймаг руу хүргүүлсэн гэжээ. /1.х.х-ийн 101-106, 3.х.х-ийн 42/

 

Гэвч хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******ын автомашиныг бусдад худалдан борлуулахаар өөрийн эзэмшилд авсан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар нотлоогүй.

 

7. Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1-д Дараахь үндэслэлээр гэрээг байгуулсанд тооцно гээд 196.1.1-д эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэж тус тус заасан.

 

Тодруулбал, энэхүү магадлалын 4-т дурдсан нэхэмжлэгч *******ын цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэг, хариуцагч *******ийн тайлбар, гэрч Ц.Пүрэвдоржийн мэдүүлэг зэргээс үзвэл хариуцагч ******* нь УБЭ тоот улсын дугаартай Тоёото ланд круйзер 200 маркийн автомашиныг худалдан авсан байна.

 

Нөгөө талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үзлэг хийсэн баримтаар хариуцагч ******* нь автомашиныг гэрч М.Өнөрбатаар Улаанбаатар хот руу буцаан хүргүүлж хадгалсан гэх газарт тухайн автомашин байгаагүй, гэрч ын мэдүүлэгт тэрээр хариуцагч *******оос авлагатай учир түүний зөвшөөрлөөр 2019 онд автомашиныг барьцаалан эзэмшиж байгаа, хариуцагч нь одоо өөрийн эзэмшилд буцаан авсан зэргээс дүгнэвэл нэхэмжлэгч *******а болон хариуцагч ******* нарын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагджээ. /1.х.х-ийн 221, 2.х.х-ийн 222-224/

 

8. Хэдийгээр тус автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээний нэрийг нэхэмжлэгч *******а нь хариуцагч *******ын нэр дээр шилжүүлээгүй боловч хариуцагч нь автомашиныг хүлээн авсан байх тул Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2.1-д өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн эзэмшилд шилжүүлснээр гэж зааснаар автомашины өмчлөх эрхийг шилжүүлэн авсан гэж тооцно.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч ******* нь дээр дурдсан хуулийн 248 дугаар зүйлийн 248.2-т Худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцно гэж зааснаар автомашиныг хүлээн авсан байна.

 

9. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

 

Иймд, нэгэнт нэхэмжлэгч *******а нь худалдах, худалдан авах гэрээний дагуу хариуцагч *******т тээврийн хэрэгслийг шилжүүлэх үүргээ биелүүлсэн, хариуцагч нь төлбөрийг төлөөгүй байх тул хариуцагчаас 85,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, тус тээврийн хэрэгслийн гэрчилгээний нэрийг хариуцагчид шилжүүлэн өгөхийг нэхэмжлэгчид даалгах нь зүйтэй.

 

10. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэж, 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж тус тус заажээ.

 

Нэхэмжлэгч *******а болон хариуцагч ******* нарын хооронд бичгээр байгуулсан хэлцэл байхгүй учир алдангид нэхэмжилсэн 42,500,000 төгрөг холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь дээрх хуулийн заалтад нийцнэ.

 

Тодруулбал, Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д Хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж болно гэж зааснаар хариуцагч *******ийг 2014 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хариуцагч *******ыг төлөөлж нэхэмжлэгч *******атай худалдах, худалдах авах гэрээг бичгээр байгуулсан гэж дүгнэхэд учир дутагдалтай байна.

 

Зохигч нарын тайлбараас үзвэл хариуцагч ******* нь тухайн автомашиныг зөвхөн хариуцагч *******т хүргэж өгөх үүрэгтэй байсан, нэхэмжлэгч *******а болон ******* нарын хоорондын тохиролцооны талаар бүрэн мэдээлэлгүй буюу ямар хэлцэлд төлөөлж байгаа нь тодорхойгүйгээс гадна худалдах, худалдан авах гэрээг бусдад /замын цагдаа/ тус автомашиныг худалдан авсан мэт харагдуулах зорилгоор байгуулжээ.

 

Иймд, нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийн шаардлагаас алданги 42,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ.

 

11. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан.

 

Хууль зүйн туслалцаа авахтай холбоотой зардал нь тэгш эрхтэй гэрээний талуудын хувьд зайлшгүй зардалд хамаарахгүй. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ..., өөрийгөө өмгөөлөх... гэж зааснаар хууль зүйн туслалцаа авах эсэх нь тухайн хэргийн оролцогчийн эрх юм.

 

Иймд, дээрх үндэслэлээр хариуцагч *******оос 85,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 45,500,000 төгрөг болон хариуцагч *******д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2024/03409 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1-т тус тус заасныг үндэслэн хариуцагч *******оос 85,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******ад олгож, Тоёото ланд круйзер 200 маркийн УБЭ тоот улсын дугаартай автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээний нэр шилжүүлэхийг нэхэмжлэгч *******ад даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 45,500,000 төгрөг болон *******д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

 

2 дахь заалт нэмж, уг заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг үндэслэн ******* болон *******а нарын хооронд 2014 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоосугай гэж,

 

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг 3 гэж, 3 дахь заалтыг 4 гэж дугаарлалтыг тус тус өөрчилж,

 

тогтоох хэсгийн 3 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус заасныг үндэслэн улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 810,450 төгрөг, хариуцагч *******ээс төлсөн 557,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******оос 582,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******ад, нэхэмжлэгчээс 557,950 төгрөг гаргуулж хариуцагч *******д тус тус олгосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,368,400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

 

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

 

Б.МАНДАЛБАЯР