| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2019/0506/э |
| Дугаар | 565 |
| Огноо | 2019-06-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Даваасүрэн |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 565
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
нарийн бичгийн дарга: Л.Ундармаа;
улсын яллагч: П.Даваасүрэн;
шүүгдэгч: П.Д, түүний өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Пүрэвсүрэнгийн Дд холбогдох эрүүгийн 1909010460288 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1987 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 8, эцэг, эх, эгч, дүү нарын хамтаар Баянгол дүүргийн 16 дугаар хороо, ...................... оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 106 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 3 жил 7 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 236 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 25 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, мөн хугацаагаар хяналтын хугацаа тогтоосон, ....................... регистерийн дугаартай, Бааст овогт Пүрэвсүрэнгийн Д.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Яллагдагч П.Д нь 2019 оны 03 дугаар сарын 05-нд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо “Ногоон урлан” хотхонд хохирогч Э.Анандын биед зүүн нүдний дээд, доод зовхи, баруун чамархай, цээжний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний алимны дотор салстын цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжпэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Д мэдүүлэхдээ: 2019 оны 03 дугаар сарын 05-ны шөнө Баатарчулуун, Ананд, Отгондорж бид 4 Баатарчулууны гэрт буюу “Ногоон урлан “хотхонд архи уусан юм. Архи ууж байгаад би Анандтай маргалдсан. Ананд намайг тухайн үед хэл үгээр доромжилж байсан. Ингээд Анандтай муудалцаад гэрээс гараад явсан юм. Гадаа байж байгаад буцаж гэрт орж ирээд Анандтай зодолдсон юм шиг байна лээ. Энэ талаар сайн санахгүй байгаа юм. 7 хоногийн дараа цагдаагийн байгууллагаас дуудаад “та Ананд гэж хүнийг зодсон байна” гэсэн. Би “өмгөөлөгчтэй мэдүүлэг өгнө” гэж хэлээд гарч яваад Анандтай утсаар ярихад “чи намайг цохисон” гэж хэлсэн. Мөн Отгондоржоос болсон асуудлыг утсаар асуухад “та 2 зодолдоод байсан” гэж надад хэлсэн. Тухайн үед миний нүүр хавдсан байсан, найзууд учир цагдаа сэргийлэхийн асуудал болно гэж бодоогүй явсан. Би Анандад 500.000 төгрөг эмчилгээний зардалд нь өгсөн бөгөөд надад “гомдол санал байхгүй” гэж хэлсэн. Хийсэн хэрэгтээ харамсаж байна гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Э.Анандын мэдүүлэг /хх-ийн 5-6/, П.Дгийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 15-16/, 2019 оны 3 дугаар сарын 12-ний өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн № 3131 дугаартай дүгнэлт /хх-ийн 10/, хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 1/, Э.Анандын Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 3/, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 9/, П.Дгийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 17-30/, шинээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 236 дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч П.Д нь 2019 оны 03 дугаар сарын 05-ны шөнө Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутагт байрлах “Ногоон урлан” хотхонд иргэн Э.Анандыг шалтгаангүйгээр зодож, хөнгөн гэмтээсэн үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:
хохирогч Э.Анандын /хх-ийн 5-6/: “...Найз Баатарчулууны гэрт П. Дтай архи ууж байгаад Доржоо гараад явсан. Тэгээд би унтаж байтал хаалга дуугархаар нь очиж тайлтал намайг шууд зодоод эхэлсэн. Миний 2 нүд хөхөрсөн, зүүн талын хавирга өвчтэй байна...” гэх мэдүүлгээр,
П.Дгийн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 15-16/: “...Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ногоон урлан” хотхонд байрлах найз Баатарчулууны гэрт өөрийн найз Анандтай архи ууцгааж байгаад тухайн газраас гараад явсан. Тэгээд буцаад найзынхаа гэр рүү ороод би өөрийн найз Анандын нүүрэн тус газар нь 2-3 удаа цохисон, тэгээд буцаад гарч яваад гэртээ харьсан...Анандыг яагаад цохисноо санахгүй байна...Баатарчулууны гэрээс гараад хүмүүстэй маргалдах шиг болсон тэгээд уурандаа Анандыг цохисон байх...” гэх мэдүүлгээр,
Э.Анандын биед “зүүн нүдний дээд, доод зовхи, баруун чамархай, цээжний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний алимны дотор салстын цус хуралт” бүхий мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, шинэ, шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсныг тогтоосон 2019 оны 3 дугаар сарын 12-ний өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн № 3131 дугаартай дүгнэлт /хх-ийн 10/ зэрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, өөрийг нь зодсон хүнийг хохирогч шууд заасан, хохирогч, шүүгдэгч нар болсон асуудлын талаар хэн аль нь (тодорхой шалтгаангүйгээр зодсон болохыг) мэдүүлсэн, хохирогч нь шүүгдэгчид зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Хохирогчийг зодож, үйлдэлээсээ учирч болох хор уршгийг ухамсарлан ойлгож, учрах хор уршгийг урьдаас мэдсэн, улмаар уг хор уршигт зориуд хүргэсэн буюу хохирогчийг хөнгөн гэмтээсэн П.Дгийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй.
Хэрэг учрал болоход П.Д, Э.Ананд нараас өөр бусад гэрт байсан хүмүүсийг хэрэгт гэрчээр байцаалгах, хохирогч өөр хүнд зодуулсан байж болзошгүй зэрэг өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй. Шүүгдэгч нь хохирогчийг хаалга онгойлгож өгөхөд ямарч шалтгаангүйгээр зодсон болохыг хохирогч мэдүүлсэн, түүний мэдүүлгийн эх сурвалжийг баталж “...Баатарчулууны гэрээс гараад хүмүүстэй маргалдах шиг болсон тэгээд уурандаа Анандыг цохисон...” гэж П.Д мэдүүлэгтээ нэгэнт дурьдсан байх бөгөөд Э.Анандын биед хэн, яаж гэмтэл учруулсан нь мөрдөн байцаалтаар шалгаж тогтоох хэргийн үйл баримтад хамааралтай эрх зүй, гэм буруугийн шинжтэй асуудал тул тухайн үед гэрт байсан хүн бүрийг бүгдийг байцаах нь үр дүнгүйгээс гадна хохирогч тухайн үед өөрийг нь зодсон хүнийг танихааргүй хэт согтсон байсан гэж дүгнэх боломжгүй.
Шүүхийн шинжилгээний байгууллагын эрх бүхий албан тушаалтан шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлтийг хүлээн авч, шинжээчийн мэргэжил, ажлын дадлага, туршлага, мэргэшсэн байдал, эрдмийн зэрэг, цол, ажлын ачаалал зэргийг харгалзан тухайн хэрэгт хувийн сонирхолгүй шинжээчид шинжилгээ хийлгэхээр даалгадаг тул мөрдөгч “шинжилгээ хийлгэх тухай” тогтоолд урьдчилж шинжээчийн нэрийг бичих боломжгүй юм. Ийм учраас “Э.Анандын биед гэмтлийн зэрэг тогтоох зорилгоор” шинжээч томилсон тогтоолд “шинжээч гарын үсэг зураагүй” гэх өмгөөлөгчийн гомдол хууль зүйн үндэслэлгүй болохыг дурьдаж байна.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан “гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн” зэргийг мөрдөн шалгах ажиллагаагаар нэмж тогтоолгох тухай хүсэлт, гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч П.Дгийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлын төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Хохирогч Э.Анандын “...Миний бие П.Дтай эвлэрч ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болсон...” гэсэн хавтаст хэргийн 33 дугаар талд авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч П.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч П.Д нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 236 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 25 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллагдаж, мөн хугацаагаар хяналтын хугацаа тогтоосон хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн тул эдлээгүй үлдсэн ял дээр шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэмж нэгтгэхээр тогтов.
Ингэж ял оногдуулахдаа П.Дгийн эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 25 хоногийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шинээр үйлдсэн гэмт хэрэгт нь оногдуулсан торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож буюу 30 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын хэмжээг 1 жил 6 сар 55 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоов.
Мөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан П.Дд оногдуулсан дээрх хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Бааст овогт Пүрэвсүрэнгийн Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Дг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4, 6.9 дүгээр зүйлийн 2, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасныг журамлан шүүгдэгч П.Дгийн эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 25 хоногийн хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож буюу 30 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын хэмжээг 1 жил 6 сар 55 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Дд оногдуулсан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Шүүгдэгч П.Д урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч П.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Дд авсан цагдан хорих таслан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ