| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 183/2024/03943/И |
| Дугаар | 210/МА2025/00105 |
| Огноо | 2025-01-13 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 210/МА2025/00105
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Т.Гандиймаа, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2024/04368 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: *******
Хариуцагч: *******
Нэхэмжлэлийн шаардлага: 20,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ******* /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1 ******* нь Тайланд Улсаас эм авч ирж зарах санал тавьсны дагуу би 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 10,000,000 төгрөг, 03 дугаар сарын 24-ний өдөр 10,000,000 төгрөг, нийт 20,000,000 төгрөгийг түүнд шилжүүлсэн. Гэвч хариуцагч нь эм өгөх хүмүүс мөнгийг нь авсан, өгөх боломжгүй гэсэн хариу хэлсэн. Иймд хариуцагчаас 20,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1 2024 оны 03 дугаар сард *******д Тайланд Улсаас зөвшөөрөл шаарддаггүй эм, түрхмэл барааг бөөний үнээр худалдан борлуулах санал тавьсны дагуу хүлээн зөвшөөрч хамтран ажилласан. Улмаар өөрийн болон ******* мөнгөөр эм, түрхмэл худалдан авч, бараагаа авч ирсэн боловч туршлагагүй байсан тул зуучилдаг хүмүүст өгч заруулахаар болсон.
2.2 Гэтэл удалгүй эмийн олон нийтийн сонсгол болж дүрэм, журам өөрчлөгдөж бараануудыг зарах боломжгүй болсон. Энэ бол бизнесийн эрсдэл бөгөөд бараа зарагдахгүй болж байгаа дүрмийн өөрчлөлтийн нэмэлт зөвшөөрөл хөөцөлдөж байгаа. Зөвшөөрөл гарсан тохиолдолд эм зарагдах боломжтой. Бизнесийн эрсдэлээс шалтгаалж бид эрсдэл хүлээж байна гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
3.1 Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 205 дугаар зүйлийн 205.1-т тус тус зааснаар хариуцагч *******аас 20,000,000 төгрөг гаргуулж *******д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 257,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.
4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1 Уг хэрэгт холбоотой гэрчүүдийг шүүх хуралд дуудан оролцуулаагүй. Улмаар гэрчүүд байхгүйгээс болж хэргийг бүрэн дүүрэн шийдвэрлээгүй.
4.2 Нэхэмжлэгч болон хариуцагчид бизнесийн хамтрагчид бөгөөд мөнгө зээлсэн, зээлдүүлсэн үйл ажиллагаа явагдаагүй. Бизнесийн эрсдэлээс болоод хоёулаа мөнгөө алдсан байхад нэг талын буруу болох учиргүй гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:
5.1 Би дансаар шилжүүлсэн мөнгөө буцаан авах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч бусад хүмүүстэй ямар холбоотой болохыг би хэлж мэдэхгүй байна. Миний хувьд мөнгөө эргүүлэн авмаар байна гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ад холбогдуулан 20,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд үндэслэлээ ...******* нь Тайланд Улсаас эм авч ирж зарах санал тавьсны дагуу нийт 20,000,000 төгрөгийг түүнд шилжүүлсэн. Гэвч хариуцагч нь ...эм өгөх хүмүүс мөнгийг нь авсан, өгөх боломжгүй гэж хэлсэн тул 20,000,000 төгрөг буцаан гаргуулах гэж тодорхойлсон. Хариуцагч нэхэмжлэлийг ...Тайланд Улсаас хамтарч эм, эмийн бүтээгдэхүүн Монгол Улсад оруулж ирж, борлуулахаар хамтран ажилласан тул эрсдэлийг хамтран хариуцна гэж үгүйсгэн маргажээ.
3. Нэхэмжлэгч *******гөөс 2024 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 10,000,000 төгрөг, 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 10,000,000 төгрөг, нийт 20,000,000 төгрөгийг хариуцагч *******ад шилжүүлсэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон, зохигч энэ талаар маргаагүй. /хх 5-6/
4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дахь хэсэгт заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн, хэлцлийг хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт нийцээгүй байна.
4.1 Учир нь, зохигчийн тайлбараас үзвэл талууд гадаад улсаас Монгол Улсад эм, эмийн бүтээгдэхүүн импортолж, улмаар худалдах борлуулахаар хамтран ажиллахаар тохиролцсон нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарч байна. Өөрөөр хэлбэл, Зөвшөөрлийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар уг хуулийн зорилтын нэг нь хүн амын эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй үйл ажиллагааг эрхлэхэд эрх бүхий этгээдээс зөвшөөрөл олгохтой холбогдох нийтлэг харилцааг зохицуулахад оршиж байх бөгөөд мөн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 13.18, 13.19 дахь хэсэгт тус тус зааснаар эм хэрэглэгдэхүүн импортлох-ханган нийлүүлэх болон эм худалдах үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх талаар заажээ.
4.2 Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтаар хариуцагчийг дээрх хуульд заасан шаардлагыг хангасан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул талуудын хооронд байгуулсан хамтран ажиллах хэлцлийг хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус гэж давж заалдах шатны шүүх дүгнэнэ.
4.3 Талуудын хооронд байгуулсан хэлцэл нэгэнт хүчин төгөлдөр бус тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, хариуцагч эм, эмийн бүтээгдэхүүнийг импортлох, худалдан борлуулах тусгай зөвшөөрөлтэй этгээд биш атлаа нэхэмжлэгчээс 20,000,000 төгрөгийг авсан байх тул түүнийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзнэ. Энэ нөхцөлд мөн зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас 20,000,000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй тул хариуцагчийн талууд хамтран ажилласан тул эрсдэлийг хамтран хариуцна гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангахгүй.
5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас гэрчээр *******, ******* нарыг асуулгах хүсэлт гаргасныг шүүгчийн 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 183/ШЗ2024/018804 дугаар захирамжаар хангаж шийдвэрлэсэн. Улмаар шүүхээс хариуцагчид шүүх хуралдааны тов мэдэгдэж, гэрчийн хаягийг асуухад би хагалгаанд орох гэж байна. Би гэрчийн хаягийг олж чадахгүй байна гэх хариултыг өгсөн байна. Ингээд шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШЗ2024/22311 дугаар захирамжаар дээрх захирамжид өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн байна.
Мөн хариуцагчийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн гэрч асуулгах хүсэлтийг шүүгчийн мөн өдрийн 183/ШЗ2024/23112 дугаар захирамжаар хариуцагч нь гэрч нарын хувийн мэдээллийг ирүүлээгүй, шүүхээс гэрч нартай холбоо барих боломжгүй нөхцөл байдал үүсэж байна гэх үндэслэл зааж хангахаас татгалзаж шийдвэрлэснийг буруутгахгүй. Иймд хариуцагчийн гэрчүүдийг шүүх хуралд дуудан оролцуулаагүй гэх давж заалдах гомдлыг хангахгүй.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2024/04368 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтын 476 дугаар зүйлийн 476.1, 205 дугаар зүйлийн 205.1-т тус тус гэснийг 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА
М.БАЯСГАЛАН