Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 566

 

 

 

 

 

 

 

 

    2019       06          10                                     2019/ШЦТ/566

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Л.Ундармаа;

улсын яллагч: Г.Ганбагана;

шүүгдэгч: Э.Т (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Эрдэнэнямын Тт холбогдох эрүүгийн 1909016290500 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1999 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Оргил сервис” ХХК-д авто машины эд анги засах туслах ажилтай, Дорнод аймаг, Гурванзагал сум, 3 дугаар баг, Сүмийн булаг тоотод оршин суух бүртгэлтэй,  ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Сүхбаатар дүүргийн ........................... түр  оршин суух, урьд ял шийтгэлгүй, ................. регистерийн дугаартай, Улиад овогт Эрдэнэнямын Т.

 

            Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

 

Яллагдагч Э.Т нь Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чили” зочид буудалд 2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө иргэн Х.Түмэннаст, С.Жанчивсэнгэ нартай “мөрлөж гарлаа” гэх шалтгаанаар маргалдан, зодож хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Т мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул нэмж мэдүүлэг өгөхгүй гэв.

 

   Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч С.Жанчивсэнгэ /хх-ийн 14-16/, хохирогч Х.Түмэннаст /хх-ийн 17-20/ нарын мэдүүлэг, Э.Тын гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ий 5-8, 21-23/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4779 тоот дүгнэлт /хх-ийн 28/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4778 тоот дүгнэлт /хх-ийн 32/, Э.Тын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 42-43, 46-46, 48-50/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Э.Т нь Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чили” зочид буудалд 2019 оны 04 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө иргэн Х.Түмэннаст, С.Жанчивсэнгэ нартай “мөрлөж гарлаа” гэх шалтгаанаар маргалдан, улмаар тэднийг зодож хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

хохирогч С.Жанчивсэнгийн /хх-ийн 14-16/: “...Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Чили” зочид буудалд 2019 оны 04 дүгээр сарын 13-наас 14-ний өдрийн 00 цаг өнгөрч байх үед найз Түмэннаст, Лхагвасүрэн, Пүрэвдулам нарын хамтаар орж “Чили” зочид буудлын 311 тоот өрөөг авч архи уугаад хоорондоо юм яриад сууж байж байсан юм. Тэгээд Лхагвасүрэн, Түмэннаст нар нь ОО орох гээд өрөөнөөс гарсан. Удалгүй хүмүүсийн орилох чимээ гарсан, тэгээд би өрөөнөөс гараад хартал Түмэннастыг бөөн хүмүүс тойроод зогссон, Түмэннаст амаа дараад хүрээд ирэхээр нь юу болсон талаар асуухад 170 см өндөртэй, шар царайтай, хар өнгийн куртиктэй, дотуураа цагаан өнгийн цамц өмсчихсөн залуу болох Э.Т нь манай найз Түмэннастыг “цохисон” гэж хэлээд заагаад байсан. Тэгэхээр нь би нөгөө залуучууд дээр очоод Э Таас “яагаад манай найзыг цохиж байгаа юм бэ” гэж асуусан чинь Э.Т нь шууд миний нүүрэн тус газарт гараараа цохиод авсан. Тэгэхээр нь би хамараа гараараа дараад доошоо тонгойсон чинь намайг өшиглөж газарт унагааж дээрээс дэвсэж эхэлсэн. Удалгүй Э.Тын найзууд нь Э.Т бид хоёрыг салгасан. Тэгээд би өрөөлүүгээ ороод цагдаа дуудсан юм. Э.Таас Х.Түмэннаст бид хоёрт 360.000 төгрөг эмчилгээний мөнгө авсан байгаа...” гэх мэдүүлгээр,

 

хохирогч Х.Түмэннастын /хх-ийн 17-20/: “...Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Чили” зочид буудалд 2019 оны 04 дүгээр сарын 13-наас 14-ний өдрийн 00 цаг өнгөрч байхад найз Жанчивсэнгэ, Лхагвасүрэн, Пүрэвдулам нарын хамтаар орж “Чили” зочид буудлын 311 тоот өрөөг авч амарсан юм. Амрах хугацаанд “Соёрхол” нэрийн 0.75 грамм архи найз нарын хамтаар уугаад, хоорондоо юм яриад буудлын өрөөнд сууж байтал Лхагвасүрэнтэй хамт буудлын өрөөнөөс гарч ОО орох гээд явтал 170 см өндөртэй, шар царайтай, хар өнгийн куртик өмсчихсөн залуу Э.Т нь миний хажуугаар нэг найзын хамтаар зөрөөд гарахдаа мөрлөөд гарсан тэгэхээр нь юм хэлээгүй. Э.Т луу хараад зогссон чинь Э.Т нь шууд миний нүүрэн тус газарт гараараа цохиод авчихсан юм. Тэгтэл Э.Тын найзууд өрөөнөөс гарч ирсэн. Лхагвасүрэн намайг Э.Т бид хоёрын дундуур орж ирээд салгаад намайг өрөө лүү оруулсан юм...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Г.Лхагвасүрэнгийн /хх-ийн 24-26/: “...Түмэннастын хамтаар хоёулаа буудлын доторх нийтийн ОО-ын өрөөний хаалгаар орж байх үед бид хоёрын өөдөөс үл таних 2 залуу зөрөөд гарахдаа Түмэннастыг мөрлөөд авчихсан чинь үл таних залуу Түмэннастыг гараараа нүүрэн тус газарт нь цохиод авахаар нь солир нүдтэй залуугийн цугтаа явж байсан үл таних залууд “найз чинь манай найзыг цохисон шүү” гэж хэлсэн чинь миний өөдөөс юм хэлэхгүй байсан. Тэгснээ Түмэннастыг цохисон гэх залуу буудлын нэг өрөө рүү гүйж орсноо хэдэн залуучууд гаргаж ирээд Түмэннаст руу дайраад эхэлсэн. Харин би өндөр залуутай юм яриад зогсож байсан. Тэгтэл Жавчинсэнгээ нь Түмэннастын эхнэрийг дагуулсан өрөөнөөс гарч ирээд нөгөө хэд дээр очсон юм...” гэх мэдүүлгээр,

 

Э.Тын яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 5-8, 21-23/: “...2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр миний төрсөн өдөр болж байсан юм. Орой 21 цагийн үед Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах караоке дотор найзуудын хамтаар байж байсан юм. Тэгээд оройхон 23 цагийн үед байсан газраасаа гараад “Чили” зочид буудалд найз Алтангэрэл, Золхүү, Самбуу нарын хамтаар өрөө авч орсон. Удалгүй ОО орох гээд Золхүүгийн хамтаар буудлын өрөөнөөсөө гараад буудлын нийтийн ОО орох гээд явтал ОО-ын өрөөний үүднээс үл таних хоёр залуу миний хажуугаар зөрж гарсан, гарахдаа нэг үл таних залуу нь намайг мөрлөөд гарсан тэгэхээр нь би “яаж байна” гэж хэлсэн чинь одоо нэрийг нь мэддэг болсон Түмэннаст “зүгээр байгаарай банди минь” гэж хэлэхээр нь би Түмэннастын нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохисон чинь манай найз Алтангэрэл нь дундуур орж салгасан. Тэгээд Түмэннасттай хэрүүл маргаан хийгээд байж байтал, Жавчинсэнгээ намайг хэл амаар доромжлоод дайраад байхаар нь өөрийнхөө гараараа нүүрэн тус газарт нэг удаа гараараа цохиод авчихсан юм. Тэгээд намайг найзууд маань салгасан. Удалгүй Самбуу намайг буудлаас авч гараад гэрт хүргэж өгсөн юм..." гэх мэдүүлгээр

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 4779 дугаар дүгнэлтэд /хх-ийн 28/: “...Х.Түмэннастын биед уруул шарх, зүүн зовхи, мөр, бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэж дүгнэснээр,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүлээнгийн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 4778 дугаар дүгнэлтэд /хх-ийн 32/: "...С.Жанчивсэнгийн биед хамрын нуруу, хүзүүнд цус хуралт, 1 шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой ба шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэснээр болон хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

            Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь хохирогч нарыг ялимгүй зүйлээр шалтгалан зодсон болохыг шүүгдэгч, хохирогч, гэрч нар хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, хохирогч нар нь бусдад зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогч нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар хоёр хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан Э.Тын санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж үйлдсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Ийнхүү шүүгдэгч Э.Тын “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж үйлдсэн” гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Хохирогч С.Жанчивсэнгэ, Х.Түмэннаст нар нь “хохирлын мөнгө болох 360.000 төгрөг авсан, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгч Э.Тыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурдаж байна.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно. 

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Улиад овогт Эрдэнэнямын Тыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дах заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Тыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар

шүүгдэгч Э.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нарт төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Тт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.МӨНХ-ЭРДЭНЭ